Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар  2022/ШЦТ/541

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч О.Эрхэмбаяр,

шүүгдэгч З.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч З.Лхагвасүрэнг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208000000783 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, Зүүн баян уулын** дугаар гудамж, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Ш овогт З-ын Л (РД:*****).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.Л согтуурсан үедээ 2022 оны 4 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Зүүн баян уулын ** дугаар гудамж, ** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.С-ыг “архи уулаа гэж хэллээ” гэж маргалдан зүүн гарын шуу руу өшиглөж эрүүл мэндэд нь зүүн шуу ясны доод булуунд далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч З.Лхагвасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Буруу үйлдэл хийсэндээ гэмшиж байна, миний буруу. Ялыг зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 2208000000783 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч М.С-ын: “2022 оны 4 дүгээр сарын 04-ний орой 17 цагийн үед би ажлаа тараад гэртээ ирэхэд нөхөр З.Л архи уусан согтуу байсан. Намайг ирэнгүүт хэл амаар доромжилж хэрүүл маргаан өдөж эхэлсэн. Нөхөр гэрээс гарч хашаанд том хүү Л.Т-тэй маргалдаж байгаад хүү хашаанаас гараад явахаар нь би гэр лүүгээ ороод жижиг өрөөнийхөө хаалгыг хаагаад татаж байхад нөхөр Л.Л хаалгыг татан онгойлгож баруун хөлөөрөө миний зүүн гарын шуу хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Миний гар тэр дороо хавдсан, цагдаа дуудсан. Тэгээд Гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн чинь зүүн гарын шуу хэсэг хугарсан байна гээд гипс тавьсан. Нөхөр архи уухаараа намайг элдэв янзаар хэлж доромжилдог. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.04.11-ний өдрийн 5408 дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “1. М.С-ын биед зүүн шуу ясны доод булуунд далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

Шүүгдэгч З.Л-гийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, Зүүн баян Уулын ** дугаар гудамж, ** тоот гэртээ ганцаараа архи ууж байсан. 14 цагийн үед санагдаж байна, эхнэр, хүү Т болон бэр Н гурав ирсэн. Би санаа зовоод архиа нуугаад далд хийсэн. Эхнэр, хүүхэд хоёр маань “архи уулаа” гэж уурлаад байсан. Би хүүхэдтэй хэрүүл маргаан хийж байсан чинь гараад явсан. Харин эхнэр жижиг өрөөнийхөө хаалгыг хаагаад орохоор нь би ороод зүүн гар хэсэгт нэг удаа өшиглөчихсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-23), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-43), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-26), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-25), жолоочийн лавлагаа (хх-27), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-28-30), дансны дэлгэрэнгүй хуулга (хх-31-39), АСАП сангийн лавлагаа (хх-40-42), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэрвлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-62, 63), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-69), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-68) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч З.Л согтуурсан үедээ 2022 оны 4 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Зүүн баян уулын ** дугаар гудамж, ** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.С-ыг “архи уулаа гэж хэллээ” гэж маргалдан зүүн гарын шуу руу өшиглөж эрүүл мэндэд нь зүүн шуу ясны доод булуунд далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч М.С-ын “...Гэртээ ирэхэд нөхөр З.Л архи уусан согтуу байсан. Намайг гэрт ирэнгүүт хэл амаар доромжилж хэрүүл маргаан өдөж эхэлсэн. ...би жижиг өрөөнийхөө хаалгыг хаагаад татаж байхад нөхөр татан онгойлгож баруун хөлөөрөө зүүн гарын шуу хэсэг рүү 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-6), шүүх эмнэлгийн 5408 дугаар “1. М.С-ын биед зүүн шуу ясны доод булуунд далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх шинжилгээ (хх-17-18), шүүгдэгч З.Л-гийн  “...эхнэр, хүүхэд хоёр маань “архи уулаа” гэж уурлаад байсан. ...Эхнэр жижиг өрөөнийхөө хаалгыг хаагаад орохоор нь би ороод зүүн гар хэсэгт нэг удаа өшиглөчихсөн...” гэх мэдүүлэг (хх-52) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч З.Лхагвасүрэнгийн согтуурсан үедээ, “архи уулаа гэж хэллээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаа хүн болон эхнэр М.С-ын зүүн гарын шуу хэсэгт өшиглөж хугалан хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.С-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Одоо бид хоёр эвлэрсэн, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх хүсэлт (хх-62)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч З.Л согтуурсан үедээ 2022 оны 4 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Зүүн баян уулын ** дугаар гудамж, ** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.С-ыг “архи уулаа гэж хэллээ” гэж маргалдан улмаар зүүн гарын шуу хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь зүүн шуу ясны доод буланд далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байх тул 3,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Ялыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч З.Л нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 3,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч ахуйн хүрээнд буюу гэртээ ганцаараа архи уусан, гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох эхнэр, хүүхэд нь “архи уулаа” гэх шаардлага тавихад хохирогч эхнэрийн зүүн гарын шуу руу нэг удаа өшиглөж эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Бид хоёр эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч З.Лхагвасүрэнг 3,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг 12 (арван хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.Л цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт З-ын Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч З.Л-г 3,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,400,000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Л- 3,400,000 төгрөгөөр торгох ялыг 12 (арван хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Л торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.Лцагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Л авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР