| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2018/00373/И |
| Дугаар | 471 |
| Огноо | 2018-02-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 471
| 2018 оны 02 сарын 28 өдөр | Дугаар 183/ШШ2018/00471 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, энэбишийн гудамж, ***********тоотод оршин суух, С.Б /РД:**********/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, ************ тоотод оршин суух, Э.Б /РД:***********/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 9 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жамц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Б нь Э.Бын олон удаа гуйсны дагуу 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр өөрийн төрсөн охины данснаас 7 000 000 төгрөгийг авч 2 сарын хугацаагаар зээлүүлсэн. Зээлийн дагуу Э.Б нь зээлсэн мөнгөө 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 9 000 000 төгрөг болгож өгөхөөр тохиролцсон. Гэвч Э.Б нь тохиролцсон хугацаандаа мөнгөө өгөхгүй, удаа дараа шаардахад удахгүй өгнө хэмжээ хариу хэлж, утсаа авахгүй зугтаасаар өнөөдрийг хүрсэн байна. Иймд хариуцагч Э.Баас 9 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Б шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Э.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч С.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 7 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 9 000 000 төгрөг болгож өгөхөөр харилцан тохиролцож талууд зээлийн гэрээнд гарын үсэг зурж, гэрээг бичгээр байгуулсан байна.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж, гэрээ байгуулснаа баталгаажуулсан нь эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д хамаарах, зээлийн гэрээний харилцаа үүсгэсэн хүчин төгөлдөр хэлцэл мөн байна.
Талуудын хооронд байгуулсан 2015.08.17-ны өдрийн зээлийн гэрээгээр талууд зээлийн хүүг 2 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцож, гэрээг бичгээр хийсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасантэй нийцэж байх тул нэхэмжлэгч гэрээний дагуу харилцан тохиролцсон хүүгээ нэхэмжлэх эрхтэй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Баас зээлийн гэрээний үүрэгт 9 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2 дах хэсэгт заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Шүүх 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчид 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр мэдэгдэж, мэдэгдэх хуудсанд хариуцагч гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дуггаар зүйлийн 282.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Баас 9 000 000 /есөн сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Бд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Баас 158 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ