| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2022/0653/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/679 |
| Огноо | 2022-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/679
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,
улсын яллагч: Н.Ундрах,
шүүгдэгч Б.Э /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.Э-т холбогдох эрүүгийн 2108028700686 тоот хэргийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Б-ийн Э /РД:................/,
Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ***** аймагт төрсөн ***настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ханбогд кашмерт ажилладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Хилчин 0-0 тоотод оршин сууж байгаа, урьд
-2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
-2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 422 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Орбитын 0 дугаар гудамж 0 тоотод оршин суух хохирогч О.Ө-ийн хүзүүн тус газарт нь гараараа дарж газарт хагарсан байсан шилэн дээр толгой, нүүр хэсгээр нь унагаан эрүүл мэндэд духанд шарх, цус хуралт зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Орбитын 0 дугаар гудамж 0 тоотод оршин суух хохирогч О.Ө-ийн хүзүүн тус газарт нь гараараа дарж газарт хагарсан байсан шилэн дээр толгой, нүүр хэсгээр нь унагаан эрүүл мэндэд духанд шарх, цус хуралт зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:
-Хохирогч О.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цагийн орчимд би өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Орбит 00-00 тоотод өөрийн 3 хүүхдийн хамтаар байж байсан. Тэгтэл манай хашаанд байх Баяржаргалын гэрт нь Э гэх залуу ирсэн байсан. Тэгээд уг Э гэх залуу нь надад хандаж ганц пиво хувааж ууя гэж хэлэхээр нь би үгүй гэтэл зүгээрээ зүгээр танилцангаа ганц пиво уучихъя гэхээр нь би манай гэрт уухгүй би хувцас угааж байна гэж хэлээд бид хамтдаа 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво хувааж уусан. Тэгээд Э гэх залуу нь чи хувцас угааж байгаа юм чинь миний өмд фудволк зэргийг угаагаад өгөөч гэхээр нь би зөвшөөрч хувцасыг нь угааж өгсөн. Тэгээд бид дахин 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво 2-ийг хувааж уусан. Тэгээд авсан 2 пиво хувааж уугаад дуусах гэж байтал манай 3 хүүхэд гадаа гарч ирээд тоглож байсан. Тэгээд би 3 хүүхдээ гэртээ ор гэж хэлээд байж байтал Э гэх залуу миний араас гарыг минь хөшөөд хүзүүнээс дараад авсан. Тэр үед газар байсан шилэн дээр миний нүүр хэсэг хүрч зүсэгдсэн. Тэгээд би яаж байгаа талаар Э гэх залуугаас асуухад би яасан юм гээд байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгтөл Э нь зугтаад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-18-р хуудас/,
-Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би гэрээс гарахад Ө-гийн толгойноос цус гарчихсан, ...Ө надад Э-ийг заагаад “Тэр залуу намайг дарж унагаасан” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23-р хуудас/,
-Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн үед ээж байшингийнхаа үүдэнд юм угаагаад би дүүтэйгээ хамт гадаа тоглоод байж байсан. Тэгсэн манай хашааны хажуу айлыг нүүлгэж ирсэн үл таних ах "Өмд пудволк" угаагаад өгөөч гэхээр нь зөвшөөрөөд угааж өгсөн. Тэгсэн тэр ах гараад пиво авчирч ирээд ээж тэр хоёр байшингийн урд ууж суусан. Тэгээд би дүүтэйгээ хөөцөлдөж тоглож байсан чинь ээж "гэрлүүгээ ор" гэж хойноос барьж авах гээд хөөцөлдсөн. Байшингийн ар талд овоолсон өндөр шороо байдаг ба би тэрнийг даваад байшингийн бүтэн тойроод гүйгээд ирсэн чинь ээж шорооны наана зогсчихсон тэр үл таних ах хойно нь зогсчихсон хүзүүн дээр 3 удаа доошоо дараад байшингийн завсар байсан шилнүүд дээр толгойг нь дарсан. Тэгээд ээжийн духнаас нь цус гарч харагдахаар нь би "цагдаа дуудна" гэсэн чинь тэр ах зугтаад явчихсан. Тэгээд би дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:
“...1.“О.Ө-ийн биед духанд шарх, цус хуралт, зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
2. Дээрх шарх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэл, олон удаагийн үйлдлээр, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
5. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх шарх, тархи доргилт гэмтлүүд нь тус тус эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
-Шүүгдэгч Б.Э яллагдагчаар өгсөн: “...миний бие танил эмэгтэйг үнсэх зорилгоор гарыг хөшиж байгаад түлхэн нүүрээр нь шилэн дээр унагаан гэмтэл учруулсанаа хүлээн хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэж /хавтаст хэргийн 46-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Хувийн байдлын хувьд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 63-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 64-р хуудас/, урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ /хавтаст хэргийн 65-р хуудас/, гэрлэсний лавлагаа /хавтаст хэргийн 66-р хуудас/, 2020.07.30-ны өдөр төрсөн хүү Э.Б, 2017.11.01-ний өдөр төрсөн охин А.Э нарын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 67-68-р хуудас/, тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа /хавтаст хэргийн 69-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49-р хуудас/, зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Э нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай дүгнэлтээр хохирогч О.Ө-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон, шүүгдэгч Б.Эрдэнэсүмбэрийн үйлдэл нь шалтаг шалтгаангүйгээр хохирогч О.Ө-ийн хүзүүн тус газар нь гараараа дарж газар хагарсан байсан шилэн дээр толгой нүүр хэсгээр унагааж байгаа нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Э-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч О.Ө нь “эмчилгээний зардал 240.200 төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүсч байна” гэж мөрдөн шалгах ажиллагаанд баримтуудыг хэрэгт өгсөн байна.
Шүүгдэгч Э Б.Э-ийг гэм буруутай болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зааснаар хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг шүүгдэгч төлөх үүрэгтэй.
Мөн дээрх хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж зааснаар хохирогч О.Ө-т учирсан хохирол буюу эрүүл мэндэд учирсан хохирлын бодит зардал болох 240,200 төгрөгийг шүүгдэгч Б.Э-ээс гаргуулан хохирогчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно...” гэх дүгнэлттэй шүүгдэгч Б.Э нь мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.
Учир нь торгох ял шийтгэл нь түүний ажил хөдөлмөр эрхэлдэг эсэх нь тодорхойгүй байх тул биелэгдэх боломжгүй гэж үзсэн болно.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулав.
Хэрэв шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг тогтоолоор сануулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Харин шүүгдэгч Б.Э-т 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцнэ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.0 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-т 600 /зургаан зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Э-т сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э-ийн цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэн ялын найман цагаар тооцож /7х8/, 56 цагийг эдлэх ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 544 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээр тогтоосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Э-ээс 240,200 төгрөгийг гаргуулан хохирогч О.Ө-т олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.0 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА