| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/04139/И |
| Дугаар | 102/ШШ2018/00529 |
| Огноо | 2018-02-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2018/00529
| 2018 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2018/00529 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, шүүгч А.Сарантуяа, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дугаар хороо, ...дүгээр гудамж, ... тоотод оршин суух, ... овогт ...ын ... /РД.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байр, ... тоотод оршин суух, ... овогт ...гийн ... /РД: .../-т холбогдох,
Гэм хорын хохиролд 1,659,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, иргэдийн төлөөлөгч Т.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбарт: С.Г нь өөрийн эзэмшлийн 53-99 УБЧ улсын дугаартай, Тоёота приус загварын автомашинаар 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу 25 дугаар эмийн сангийн уулзварын зүүн талын гэрлэн дохион дээр улаан гэрлээр зогсож байхад О.Э нь 00-98 УНП улсын дугаартай, Лексус 470 загварын автомашинаар Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасныг зөрчиж, миний машины араас мөргөж осол гаргасан. Энэхүү ослоос учирсан хохирлыг “Ашид билгүүн” ХХК нь 1,041,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, машинд зорчиж явсан С.Бямбажав нарын эрүүл мэндийн шинжилгээ хийлгэсэн, эмчилгээний зардалд тохирсон үнэлгээ биш юм.
Баянгол дүүргийн замын цагдаагийн тасаг ослыг шалгаад 100 хувь О.Эын улмаас зам тээврийн осол гарсан болохыг тогтоосон. С.Гийн эд хөрөнгөд учирсан хохирлыг шинжээч “Ашид билгүүн” ХХК нь 1,041,000 төгрөгөөр үнэлсэн боловч нийт 2,629,860 төгрөгийн хохирол учруулсан, О.Э нь төлбөрөө төлөхгүй, утсаа авахгүй зугтааж байгаа юм. С.Г нь өөрийн машиндаа 1,420,000 төгрөгийн сэлбэг худалдаж авсан, засварын зардалд 560,000, үнэлгээний төлбөрт 48,000 төгрөг, эрүүл мэндийн буюу томографийн зураг авахуулахд 180,000 төгрөг, такси дуудаж явсан зардалд 114,860 төгрөг, нотариатын зардалд 16,800 төгрөг, О.Эыг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 300,000 төгрөг төлсөн. Иймд О.Эаас 2,629,860 төгрөгөөс даатгалаас төлөгдсөн 1,041,000 төгрөгийг хасаад 1,659,060 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О.Эын шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тын гаргасан тайлбарт: Миний бие 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн нутаг, 25 дугаар эмийн сангийн уулзвар дээр 53-99 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн нь үнэн, тухайн үед би цагдаа болон даатгалд мэдэгдсэн. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон төлбөрийг 1,041,000 төгрөгийг даатгалын байгууллагаас бүрэн төлсөн, хохирол санал гомдолгүй гэсэн учир би цагдаа дээрээс үнэмлэх бичиг баримтаа авсан. Тухайн осол болох үед миний бие жирэмсэн байсан бөгөөд С.Г нь мөнгөө авсны дараа түүний эхнэр Бямбажав гэх хүн өдөр болгон утсаар залгаж “танай 2 хүүхэд чинь Орчлон сургуулийн формтой байсан тэгэхээр танайх боломжтой л айл байна лээ шдээ, одоо бие үзүүлээд ахиад мөнгө нэхэх болно, эсүүл нэмээд мөнгө өгчих” гэх зэргээр дарамтлах болсноос болоод би дутуу төрсөн. Мөн намайг зугтааж алга болсон мэтээр миний нэр хүндэд халдаж эрэн сурвалжлуулж, хилийн хориг тавиулснаар миний ажил хэрэгт ноцтой хохирол учруулсан үйлдэл болсон. Харин томографикт харуулсан гэх 180,000 төгрөгийг төлөх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч О.Эд холбогдуулж гэм хорын хохиролд 1,659,060 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хариуцагч “... зам тээврийн ослын улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн” гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч О.Э нь 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 25 дугаар эмийн сангийн гэрлэн дохионы уулзвар дээр 00-98 УНП улсын дугаартай, “Лексус 470” загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11-т заасныг зөрчсөний улмаас уулзвар дээр зогсож байсан 53-99 УБЧ улсын дугаартай С.Гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг араас нь мөргөж хохирол учруулсан болох нь зохигчдын тайлбарт, Баянгол дүүргийн Замын цагдаагийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 13-ний өдрийн 3316 тоот тодорхойлолт, “Ашид билгүүн” ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1332 дугаар “Автомашин техникийн үнэлгээний тайлан” зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч нь осол болон гэм буруугийн талаар маргаагүй боловч ослын улмаас 1,041,000 төгрөгийн хохирол учирсан ч нэгэнт төлөгдсөн зардлыг давхардуулан төлөх үндэслэлгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 499 дугээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч хохирлоо шаардах эрхтэй. Ослын улмаас С.Гийн эзэмшлийн 53-99 УБЧ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд “Ашид билгүүн” ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1332 дугаар автомашин техникийн үнэлгээний тайланд дурдсанаар баруун хойд гэрэл, гуперийн дотор төмөр тахийж, гуперийн тогтоогч хагарч, урд гупер хагарч, копут хонхойсон эвдрэлийг засах, сэлбэг худалдан авах зардалд нийт 1,041,000 төгрөгийн хохирол учирсан талаар дүгнэлт гаргасан бөгөөд, энэ хохирлыг “Ард даатгал” ХХК-иас 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр С.Гийн 499170269 тоот данс руу шилжүүлж, учирсан хохирлыг барагдуулсан байхад нэхэмжлэгч нь даатгалын байгууллагаас төлөгдсөн зардлыг давхардуулан нэхэмжилсэн.
Өөрөөр хэлбэл кузов засварын зардалд 560,000 төгрөг, капут, урд болон хойд гупер, хойд гэрэл, багаж худалдан авахад 1,420,000 төгрөг зарцуулсан гэж төлөгдсөн зардлыг дахин гаргуулахаар нэхэмжилснийг хангах боломжгүй байна. Мөн нэхэмжлэгч нь автомашинаа засвартай байх хугацаанд “УБТТС” ХХК-ийн таксигаар зорчсон гэх кассын баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, гарын үсэггүй, хэн зорчсон болох нь тодорхойгүй, мөн О.Эыг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь өмгөөлөгч авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Харин нэхэмжлэгч С.Г, тээврийн хэрэгсэл дотор тухайн өдөр зорчиж явсан Ц.Бямбажав нар Улсын клиникийн 3 дугаар төв эмнэлэгт компьютер томографид үзүүлэхэд 180,000 төгрөг зарцуулсан болох нь баримтаар тогтоогдсон, энэ зардлыг төлөхийг хариуцагч зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хангах нь зүйтэй байна.
Иймд хариуцагчаас О.Эаас нийт 180,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Гт олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,479,060 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Эаас 180,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,479,060 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6,050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР
ШҮҮГЧ А.САРАНТУЯА
Г.СОЛОНГО