Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/484

 

      2022        05          30                                    2022/ШЦТ/484

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч М.Ц  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тогоруутан овгийн М.Ц т холбогдох эрүүгийн 2111014311092 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тогоруутан овгийн М.Ц, 1998 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Маркетинг мэргэжилтэй, Мобиком групп-д багийн ахлагч ажилтай, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 40-30 тоотод оршин суух /иргэний үнэмлэхийг хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн 5 дугаар баг, 28 дугаар гудамж 9 тоот/, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ц  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 5-аас 6-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайчи Гайчи’’ караокед хохирогч Б.Б тэй маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч М.Ц  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Б тэй маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлд баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр манай ажлын хамт олон Тэрэлж рүү амралтад яваад тэндээсээ 21 цагийн орчимд хотод орж ирээд Чингэлтэй дүүргийн 1 хороо Мөнгөнзавъяа худалдааны төвийн хажууд байдаг Сайчи-Гайчи нэртэй караокед 12, 13 хүн орсон. Ороод 2 шил Эдэн нэртэй 0,75 литрийн архи, пиво, ундаа зэрэг эд зүйлс аваад 3 цаг орчим дуулж сууцгаасан юм. Тэгээд тарах дөхөөд би Нарангарав /99297186/ тай хамт 00 орох гээд өрөөнөөс гараад явж байтал 00-ийн хажууд байх тамхины өрөөн дотор Т , Ц , М , У , Ө  нар байсан ба М , Т  2 хоорондоо маргалдчихсан байдалтай өөд өөдөөсөө хараад зогсож байсан харин Ц , У , Ө  3 сандал дээр сууж байсан. Тэгэхээр нь Нарангарав бид 2 М , Т  2-г юу болоод байгаа юм бэ хоорондоо учраа олчих гэж хэлсэн чинь Ц  нь сандал дээрээс босч ирээд над руу чи одоо юу гээд байгаа юм бэ гээд дайрахаар нь бид 2 хувцаснаасаа зууралдаад авсан юм. Тэр үед би түүний биенд нь огт хүрээгүй үснээс нь барьж авсан харин Ц  миний баруун гарын долоовор хурууг хазчихсан. Тэгсэн Нарангарав бид 2-н дундуур орж салгаад намайг хааж зогсоод та нар одоо больцгоо гэж хэлсэн. Тэгсэн чинь Т , У  2 гараад явчихсан харин Ц , М , Ө  мөн М гийн найз залуу Намхайжамцан нар над руу дайраад ээлжлээд миний бие рүү хүрээд байсан мөн Ө  над руу дайраад намайг хараагаад миний хувцаснаас татаад байхаар нь чи одоо яах гээд байгаа юм бэ гээд бид 2 зууралдаж байгаад салцгаасан. ...Тухайн хэрүүл маргаан болсон үед бол Ц , Ө  нар миний биед хадсан, Ц  нь намайг гараараа цохиж, үсдэж, миний долоовор хурууг хазсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

- Гэрч О.Т гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б  гаднаас ороод ирчихсэн байж байгаад Ц , Б  2 хоорондоо зодолдоод байхаар нь тухайн тамхины өрөөнд байсан хүмүүс Ц , Б  хоёрыг салгачхаад тооцоо хийсэн үү гэж текнээс асуучхаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

- Гэрч Э.Ө ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 5-аас 6-нд шилжих шөнө би ажлынхаа газрын хамт олонтой тухайн караокед орсон юм, тэгээд дуулаад бөөнөөрөө сууж байтал Т  ирээд надад Уранаа эгч чамайг дуудаж байна гэсэн чинь Ц  хажуу талд сууж байгаад бид хоёр дуу дуулах гэж байна яасан ядаргаатай юм бэ Өлзий ямар Урнаа эгчийн өмч юм уу гээд Урнаа, Т  хоёр хоорондоо тухайн үед жоохон маргалдаад өнгөрсөн юм. Тэгээд би Т , Ц  хоёртой тамхины өрөө рүү яваад ортол тухайн өрөөнд Урнаа эгч, М  зэрэг хүмүүс байсан. Тэгээд Ц  Урнаа эгчтэй муудалцаж маргалдаж байгаад учраа олчихлоо гээд бид нар гарах гэтэл Б  хаалга таглаад зогсчихсон та нар эндээ учраа олоод гар ороод хэрэлдэж муудалцаад тайван ч суулгахгүй гэсэн чинь Ц  бид нар учраа олчихсон байна, гармаар байна гээд Б ийн гарыг нь холдуулах гээд татсан чинь Б  шууд Ц ыг үсдэж аваад сандал дээр дараад зодолдоод эхлэхээр нь тэр өрөөнд байсан хүмүүс Б , Ц  хоёрыг салгах гээд тал талаас нь татаж байгаад салгасан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81-82 дахь тал/,

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10958 дугаартай “...Б.Б ийн баруун чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун долоовор хурууны 1-р үенд шарх, баруун нүдний гадна хажуу хэсэг, өвчүү, зүүн суга, нуруунд зулгаралт, баруун зүүн бугалганы дотор дээд хэсэгт цус хуралтууд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

- Шүүгдэгч М.Ц ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Намайг үсдээд дарж байхад миний нүүрэн дээр гар нь байсан учраас би хазсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 97-98 дахь тал/,

- шүүгдэгч М.Ц ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 49 дэх тал/, шүүгдэгч М.Ц ын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтас хэргийн 106 дахь тал/, хохирогч Б.Б ийн хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтас хэргийн 105 дахь тал/,  Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 191 дугаар хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хавтаст хэргийн 103 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Ц ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч М.Ц т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч М.Ц т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч М.Ц т оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Б.Б  нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч М.Ц ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч М.Ц ын нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тогоруутан овгийн М.Ц ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч М.Ц  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ц т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН