Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 416

 

                        Б.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 624 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Бт холбогдох эрүүгийн 1908003340136 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн   Б.Б, 1991 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зэвсэгт хүчний харьяа Төв аймгийн Зуунмод суманд байрлах 016 дугаар ангид нярав, жолооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................./,

Б.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 4-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 01-26 тоотод байрлах нийтийн байранд оршин суух иргэн Б.Уийн орон байранд хууль бусаар нэвтэрч, “Samsung S-6” загварын гар утас, загвар тодорхойгүй Хятад гар утас, Хаан банкны виза картыг хулгайлж, виза картнаас 1.500.000 төгрөгийг авч, нийт 1.698.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Б.Уийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрх, үүргийг танилцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасныг сануулж мэдүүлэг /хх-17-22/ авсан байна. Уг мэдүүлэгт “...Гэрээсээ эд зүйлсээ алдсан. Гэртээ өөрийн төрсөн дүү Г , мөн хамт ажиллаж байсан залуу болох И  нарын хамт амьдардаг. ...” гэжээ.

Гэтэл шүүх хуралдаанд “...Тухайн үед Б.Б надтай цуг манайд хамт амьдарч байсан. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Б.Б манайд амьдарсан. Түүнд гэрийн түлхүүрээ өгсөн, тэрээр нэвтрэх эрхтэй, хууль бусаар нэвтэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж мэдүүлэг өгөв.

Иймд хохирогч Б.У нь дээрх байдлаар зөрүүтэй мэдүүлэг өгч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн эсэх талаар мөрдөн шалгах тодорхой ажиллагааг хийх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүссэн.

... Хохирогчийн өгсөн зөрүүтэй мэдүүлгийг шалгаж тогтоосноор шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхүйц байдлыг буюу Эрүүгийн хуульд заасан шүүгдэгчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдалд, түүнчлэн гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөр байгааг дурдах нь зүйтэй байна. Мөн дээрх асуудалтай холбогдуулан шүүгдэгч, хохирогч нарын хувийн байдлыг тогтоох ажиллагааг хийвэл зохино. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Р.Очирсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна”, 4 дэх хэсэгт “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана” гэж хуульчилсан байна. Гэтэл шүүхээс шийтгэх тогтоол гаргаж, хэргийг прокурорт буцаасан, мөн тухайн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.Бын нэрийг Б.Баяржаргал гэж өөрөөр бичсэн, уг шийтгэх тогтоолын захирамжлах хэсгийн 4 дэх заалтад “Прокурор энэхүү шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

2. Шүүгдэгч Б.Б нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, 1.698.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь хэрэгт цугларсан хохирогч Б.Уийн ”...2019 оны 1 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө “Samsung S-6” загварын гар утас, Хаан банкны виза карт алдсан. Миний виза картнаас 1.500.000 төгрөг авсан байна. Би гэртээ төрсөн дүү Гандэлгэр, мөн хамт ажиллаж байсан залуу болох Итгэлзаяа нарын хамт амьдардаг...” гэх мэдүүлэг /хх 19/, Б.Бын биед үзлэг хийж, эд зүйл хураан авч, хохирогчид эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-16/, Б.Уийн Хаан банкны депозит дансны хуулга /хх 7/, эд зүйлийн үнэлгээ /хх 27/, яллагдагч Б.Бын ”...Би Уугантөгсийг 2012 оноос хойш таньдаг болсон. Бид хоёр гэрээт цэргийн албанд хамт ажиллаж байгаад найз нөхөд болсон юм. Би 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 10 жилийн ангийн хүүхдүүдтэй уулзаад бага зэрэг архи уусан. Энэ үедээ би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад машин мөргөөд мөнгө төлөхөөр болсон. Ингээд 2019 оны 1 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 03 цаг өнгөрч байхад Уугантөгсийн гэрт мөнгө зээлэхээр очсон. Тэдний хаалга нь онгорхой байсан бөгөөд Уугантөгс дүүтэйгээ унтаж байсан, би өрөө лүү нь ороод хэсэг сууж байгаад сэрэхгүй болохоор нь курткиний халааснаас нь Хаан банкны виза картыг нь аваад дэрнийх нь хажууд байсан 2 ширхэг гар утсыг нь авсан. Тэндээс гараад Саппорогийн Хаан банкны АТМ орж, картнаас нь 1.500.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх 39/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх ба шүүхээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Б.Бын гэм буруутай эсэхийг хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 624 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.                                                    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Б.Бт холбогдох хэргийг прокурорт буцаасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 624 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх “Б.Бт холбогдох хэрэгт хохирогч Б.Уийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь зөрүүтэй байх тул түүний уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг нэмж шалгуулахаар” хэргийг прокурорт буцаахдаа шүүгчийн захирамж гаргах байтал шийтгэх тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх эсхүл цагаатгах хэлбэртэй байна” гэсэн заалтыг ноцтой зөрчжээ.    

Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Б.Бт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон тогтоогдсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Иймд прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 624 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 624 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН