Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2021/0072

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2021/0072

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Нэхэмжлэгч: И ХХК 

Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл,

Гуравдагч этгээд: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

Нэхэмжлэлийн шаардлага: ...Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4 дүгээр хурлын дүгнэлтийн 19-д И ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И" ХХК нь 2009 оноос Монгол Улсад аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж бөгөөд энэ салбарын үйл ажиллагааг хөгжүүлж, хувь нэмэр оруулах, аялал жуулчлалын салбарыг нэг стандарт төвтэй болгох зорилгоор 2015 оноос БОАЖЯ-тай хамтран ажилласан. Ийнхүү Аялал жуулчлалын хөгжлийн төв барих төслөө тус яаманд танилцуулж, төслийг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн аманд аялал жуулчлалын зориулалттай 0.44 га газар эзэмших зөвшөөрлийг БОАЖЯ-аас авснаар төслийг эхлүүлсэн. Манай компани Аялал жуулчлалын хөгжлийн төв"-ийн барилгыг барихаар байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэн батлуулж, 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ/2017/14-31 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар авч, барилгын эскиз эх загвар/зураг хийлгэн Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд суулгаж, холбогдох бүх техникийн нөхцөлүүдийг эрх бүхий байгууллагуудаас гаргуулсны үндсэн дээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас /хуучин нэрээр/ барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авсан байсан юм Гэтэл Т.Н гэх иргэнээс И" ХХК-д олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, эх зургийг шалгаж хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг Хот байгуулалт, хөгжлийн газарт гаргасан байх ба үүний дагуу НМХГ-аас Хот байгуулалт, хөгжлийн газарт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр "Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай" 02-03/405 дугаар албан бичгийг хүргүүлж, Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар, барилгажилт мэргэжлийн зөвлөлөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4 дүгээр хурлын дүгнэлтээр манай компанид олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд хөндсөн шийдвэр гаргасан байна.

Бид дээрх зөвлөлийн 4 дүгээр хурлын хууль бус дүгнэлтийн талаар хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 09/535 дугаар албан бичгээс мэдсэн бөгөөд уг албан бичигт зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4 дүгээр хурлаар ... И" ХХК-д аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилга барихаар олгосон 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ/2017/14-31 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгосныг үүгээр мэдэгдэж байна гэсэн. Иймээс тус зөвлөлийн 04 дүгээр хурлаас гарсан дүгнэлтийн И" ХХК-д холбогдох хэсгийг хэд хэдэн үндэслэлээр эсэргүүцэж, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандаж байгаа болно.

Зөвлөл өөрийн чиг үүрэг үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан тухайд Хот байгуулалт, хөгжлийн газрын газар барилгажилтын зөвлөл нь маргаан бүхий асуудлыг хурлаар хэлэлцэн шийдвэрлэж архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох эрх хэмжээгvй. Учир нь "архитектур төлөвлөлтийн даалгавар" нь барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахын өмнө эрх бүхий байгууллагаас олгодог шаардлага /зөвшөөрөл/ бөгөөд барилгын зураг төслийн талаар тусгайлсан харилцааг Барилгын тухай хууль, Хот төлөвлөлтийн тухай хууль болон МУ-ын ЗГ-ын 2010 оны 108 дугаар тогтоолын хавсралт "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-ээр тус тус зохицуулж байна. Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д зураг төсөл, хайгуул, шинжилгээний ажлыг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах гэж зааснаар уг чиг үүргийг Улаанбаатар хотын ерөнхий архитекторт олгосон. Бүр тодруулбал, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-ийн 3.1-д ...нийслэлийн барилга, хот байгуулалт, газрын харилцааны асуудал хариуцсан нэгж нь дараах асуудлыг тусгасан архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулна" гэж, 3.4-д "Архитектур төлөвлөлтийн даалгаврыг аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална" гэж тус тус зааснаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн ерөнхий архитектор болох Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга баталж олгодог. Харин эдгээр эрх зүйн актуудад архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох асуудлыг тусгайлан зохицуулаагүй байх бөгөөд хууль болон хэм хэмжээний актаар Хот байгуулалт, хөгжлийн газрын "Газар, барилгажилт мэргэжлийн зөвлөл"-д ийм чиг үүрэг олгогдоогүй байна. Тусгайлсан зохицуулалтгүй байгаа үед аливаа захиргааны актын эрх зүйн үр дагаврыг хүчингүй болгох эсэх асуудлыг түүнийг баталсан байгууллага, албан тушаалтан хариуцдаг байтал зөвлөл"-ийн 2020 оны 01 дүгээр хурлын дүгнэлт нь "И" ХХК-д олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан эцсийн шийдвэр болох нь Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 09/535, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 03/1049 дугаар албан бичгүүдээс тодорхой ойлгогдож байна. Гэтэл тус зөвлөлийн үйл ажиллагаа нь нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 20-ны дvрэм шинэчлэх, бүрэлдэхүүн салах тухай А/609 дүгээр захирамжийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн дүрэм"ээр зохицуулагдаж байх ба дүрмийн 1.1-д ...зөвлөл нь... асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт, зөвлөмж гарган, ...Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын шийдвэр хууль ёсны байх эрх зүйн үндсийг хангахад оршино гэж, 2.1.3-д хот байгуулалтын баримт бичиг, дэд бүтцийн төлөвлөлт, барилга байгууламж, тохижилтын асуудлыг хэлэлцэж санал дүгнэлт гаргаж, Ерөнхий архитектороор шийдвэрлүүлэх гэж тус тус зааснаас үзвэл зөвлөл нь архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох, эцсийн шийдвэр гаргах эрхтэй этгээд биш болох нь мөн илэрхий байна.

Иймд Зөвлөлийн 2020 оны 04 дүгээр хурлын дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д "тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, мөн зүйлийн 47.1.6-д ирэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд алдах хуульд заасан үндэслэл байгаагүй-д гэж тус тус зааснаар илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан байна.

Зөвлөлийн дүгнэлт нь хуульд үндэслээгүй тухайд: Зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр хурлын дүгнэлт нь ямар ч хууль тогтоомж, холбогдох хэм хэмжээнд үндэслэн гараагүй байх бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмыг ноцтой зөрчсөн шийдвэр юм.

Хуульд үндэслэх зарчмын дагуу хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд болон шууд бусаар хөндөж буй аливаа шийдвэр нь ямагт эрх зүйн үндэслэлтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан шийдвэр гаргахад заавал өөрт нь хуулиар эрх олгосон зохицуулалтыг бичгээр гаргасан шийдвэрт үндэслэх зайлшгүй тусгах ёстой байтал энэ зарчмыг хэрэгжүүлээгүй.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д Бичгээр гаргасан захиргааны актад дараах шаардлагыг хангасан байна гэж, 40.2.3 "захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүй, үндэслэлийг заах," 40.3-д "Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэж тус тус заасан шаардлагыг хангаагүй хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Түүнчлэн, тус эрх зүйн үндэслэлгүй шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль сахих сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдгийг дахин харуулж байна

"И" ХХК-ийн хууль ёсны итгэлийг захиргаа хамгаалаагүй тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д "хууль ёсны итгэлийг хамгаалах буюу захиргааны үйл ажиллагаанд зайлшгүй баримтлах тусгай зарчмыг тодорхой заасан. Гэтэл захиргаа дээрх маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа И" ХХК-ийн хууль ёсны итгэлийг хамгаалах талаар ямар ч арга хэмжээ аваагүй бөгөөд шийдвэр нь мөн үр нөлөөтэй байж чадаагүй "И" ХХК нь МУ-ын аялал жуулчлалын салбарт бодитой хувь нэмэр оруулах "Аялал жуулчлалын хөгжлийн төв-ийг барьж байгуулах, улмаар холбогдох захиргааны байгууллагад хүлээлгэн өгч, хамтарч ажиллах туйлын тодорхой ашиг сонирхолтойгоор 2017 оноос төслийг хэрэгжүүлж "Аялал жуулчлалын хөгжлийн төв"-ийн барилгын ажлыг эхлүүлэх хүртэл холбогдох бүхий л зөвшөөрлийг хууль ёсны дагуу авч байсан.

Үүний дагуу манай компани нийтдээ 1,289,751,000 /нэг тэрбум хоёр зуун наян есөн сая/ төгрөгийн зардал гаргасан байгаа бөгөөд одоо ч маргаантай асуудал эцэслэн шийдэгдсэний дараа "энэхүү төслийг хэрэгжүүлнэ гэсэн хууль ёсны ашиг сонирхол дуусгавар болоогүй. Иймээс захиргааны байгууллага "И" ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхол, түүнийгээ хэрэгжүүлнэ гэсэн итгэлд хууль бусаар халдсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Мөн зөвлөл" нь 2020 оны 4 дүгээр хурлаар нийтдээ 63 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээс "И ХХК-ийн асуудлыг дүгнэлтийн 19-д шийдэж зөвшөөрсөн тэмдэглэгээтэй дүгнэлт /63 асуудалд бүгдэд нь зөвшөөрсөн дүгнэлт/ гаргасан. Дүгнэлтээр "И" ХХК-ийн зүгээс өөрсдөө архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан мэт"-ээр ойлгогдож байна.

Гэвч "И ХХК-ийн хувьд ийм хүсэлт огт гаргаж байгаагүй бөгөөд төслийг хэрэгжүүлж Аялал жуулчлалын хөгжлийн төв-ийн барилгыг барих ашиг сонирхол үргэлжилсээр байгаа болно.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар: "И" ХХК-ийн зүгээс шийдвэрийг эсэргүүцэж 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Засаг дарга С.А-д "хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах тухай 03/3 дугаар албан бичгээр гомдол гаргасан боловч Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 03/1049 дугаар албан бичгээр өмнө ирүүлсэнтэй адил агуулга бүхий "... зөвлөлийн 04 дүгээр хурлаас даалгавар, загвар зургийг зургийг хүчингүй болгосон шийдвэр гарсан болно гэсэн хариу хүргүүлснийг бид 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Монгол шуудангаар гардаж авсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн "захиргааны акт хүчингүй болгуулах гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4 дүгээр хурлын дүгнэлтийн 19-д "И ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... И" ХХК 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 06/10 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар хүсэх тухай албан бичиг тус газарт өгснийг судлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/87 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй газрын 0.44 га талбайд аялал жуулчлалын зориулалттайгаар ашиглахыг зөвшөөрсөн №0160746 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээг үндэслэн "И" ХХК-д 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ2017/14-31 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгож, загвар зургийг баталж өгсөн.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам, Бурхантай хөшөө орчмын ногоон байгууламж бүхий газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга барих/,Хот байгуулалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх түүх, соёлын дурсгалт барилга байгууламж бүхий газар нутаг болон тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд хот байгуулалтын үйл ажиллагааг хязгаарлана гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02-03/405 дугаартай албан бичгээр тус газарт мэдэгдсэн тул "И ХХК-д аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилга барихаар олгосон 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ/2017/14-31 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох асуудлаар сонсох ажиллагаа хийхээр болж уг сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасны дагуу тайлбарыг албан бичгээр авах мэдэгдлийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 09/445 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

Уг компанийн хариу тайлбар болон холбогдох материалыг тус газрын Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 04 дүгээр хурлаар хэлэлцүүлэн хурлаас 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ/2017/14-31 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон дүгнэлт гарсан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ/2017/14-31 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон хурлын дүгнэлт нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02-03/405 дугаартай албан бичгийг үндэслэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Манай газарт 2020 оны 01 дүгээр сард хандсан иргэний гомдлын дагуу улсын ахлах байцаагч үндсэн чиг үүргийн хүрээнд хяналт шалгалтыг хийж Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь /энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих/, Хот байгуулалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх /түүх соёлын дурсгалт барилга байгууламж бүхий газар нутаг болон тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд хот байгуулалтын үйл ажиллагааг хязгаарлана/ заалтуудын хэрэгжилтийг хангуулах утга бүхий 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02-03/405 тоот албан бичгээр хандсан болно. Уг албан бичгийн дагуу авсан арга хэмжээ нь тухайн Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар барилгажилтын зөвлөлийн хурлын шийдвэр бөгөөд уг шийдвэр нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд эсэхийг шүүх байгууллага тогтоох үүрэгтэй. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь иргэний гомдлын дагуу хийгдсэн хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлын дагуу зөвшөөрөл байгууллагад гаргасан шийдвэрээ эргэн харж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж, хариу мэдэгдэх агуулга бүхий бөгөөд дээрхи шийдвэрийг хүчингүй болгох эсэх нь Хот байгуулалт, хөгжлийн газрын бүрэн эрхийн асуудал байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И ХХК-иас тус шүүхэд хандан Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4 дүгээр хурлын дүгнэлтийн 19-д И ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлд холбогдуулан гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, маргаан бүхий газар хийсэн шүүхийн үзлэг зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

1. Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4 дүгээр хурлаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Бурхантай хөшөө орчмын ногоон байгууламж бүхий газар И ХХКнд аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар барилга барихаар олгосон 2017 оны МЗХ/2017/14-31 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, Зөвлөл өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар хууль бус шийдвэр гаргасан хэмээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс "И ХХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ/2017/14-31 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон хурлын дүгнэлт нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02-03/405 дугаартай албан бичгийг үндэслэсэн хэмээн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь иргэний гомдлын дагуу хийсэн хяналт шалгалтын дагуу гаргасан шийдвэрээ эргэн харж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж, хариу мэдэгдэх агуулга бүхий албан бичгийг Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн бөгөөд дээрхи шийдвэрийг хүчингүй болгох эсэх нь Хот байгуулалт, хөгжлийн газрын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал хэмээн тус тус тайлбарлан маргаж байна.

2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан хэмээн, Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитектор нь хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дүрмийн дагуу дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ, 10.1.3-т зураг төсөл, хайгуул, шинжилгээний ажлыг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах хэмээн, Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Засгийн газар барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 32.1.7-д барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийг батлах, 32.1.8-д барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийг батлах хэмээн тус тус хуульчилсан бөгөөд

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм[1]-ийн 3.4-т Архитектур төлөвлөлтийн даалгаврыг аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална хэмээн, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/609 дүгээр захирамжаар батлагдсан Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн дүрэм-ийн 2.1-т Зөвлөл нь... дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ, 2.1.3-т хот байгуулалтын баримт бичиг, дэд бүтцийн төлөвлөлт, барилга байгууламж, тохижилтын асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргаж, Ерөнхий архитектороор шийдвэрлүүлэх хэмээн тус тус заажээ.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаар, нэхэмжлэгч И ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 0.44 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхтэй болж, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 0160746 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас авч, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2017/083 дугаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг байгуулсан.

Нэхэмжлэгчээс 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт /хуучин нэрээр/ хандан хүсэлт гаргасан дагуу Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын дарга 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр И ХХК-ийн аялал жуулчлалын цогцолбор-ын МЗХ2017/14-31 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан.

Улмаар иргэн Т.Н-аас гаргасан гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02-03/405 дугаар Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичгээр Хот байгуулалт, хөгжлийн газарт хандан ...дээрх байршилд олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалж... хуулийн хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг авч, хариуг 2020 оны 02 дугаар сарын 5-ны дотор ирүүлэхийг мэдэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын дэргэдэх Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4 дүгээр хуралдааны 19 дэх асуудлаар И ХХК-ийн аялал жуулчлалын цогцолбор-ын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ2017/14-31 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэн, хүчингүй болгосон дүгнэлтийг гаргаж, энэ талаарх мэдэгдлийг Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 09/535 дугаар албан бичгээр И ХХК-нд хүргүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05а/7246 дугаар албан бичиг, 0160746 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээ, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн огноо бүхий 2017/083 дугаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ, 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн огноо бүхий МЗХ2017/14-31 дугаар И ХХК-ийн аялал жуулчлалын цогцолбор-ын архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02-03/405 дугаар албан бичиг, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын дэргэдэх Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4 дүгээр хуралдааны тэмдэглэл болон Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 09/535 дугаар албан бичиг холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

Үүнтэй холбогдуулан шүүх Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг болон Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-ийн 3.4-т нийслэлийн ерөнхий архитектор эрхлэн шийдвэрлэхээр тогтоосон асуудлыг шийдвэрлэн И ХХК-ийн аялал жуулчлалын цогцолбор-ын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ2017/14-31 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын дэргэдэх Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4 дүгээр хуралдааны И ХХК-нд холбогдох дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан илт хууль бус актын шинжийг агуулсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны акт хэмээн үзэж, түүнийг илт хууль бус болохыг тогтоон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна хэмээн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын дэргэдэх Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4 дүгээр хуралдааны И ХХК-ийн аялал жуулчлалын цогцолбор-ын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ2017/14-31 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон дүгнэлтийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА

 

 

 

 

 

 

 

 


[1] https://www.legalinfo.mn/law/details/14275?lawid=14275