Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2014/0425

 

 

 “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Д, хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Үнэлгээний хорооны төлөөлөгч Ц.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Үнэлгээний хорооны төлөөлөгч Ц.А-ийн гаргасан давж заалдах гомдлоор, “У” ХХК- ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга, тус сумын Засаг даргын 2014 оны А/79 дүгээр захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “У” ХХК нь Сайншанд сумын төвийн 4 багт гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажлын НТШ ХА-08/2014 тендерт оролцсон. Энэ тендерт манай компаниас гадна “Б” ХХК, болон “Ю” ХХК нь тендерт оролцсон. Манай компанийг тендерийн материалын бүрдүүлэлт шаардлага хангаагүй, санхүүгийн тайлан хангалтгүй гэсэн шалтгаанаар шалгаруулаагүй гэсэн байна.

Гэтэл манай компанид өгсөн тендерийн баримт бичгийн гуравдугаар нүүрийн тендер шалгаруулах өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 1.1-н 5 дугаар заалтын шаардлага хангаагүй компанийг шалгаруулсан. Мөн манай компанийг тендерийн материалын үнийг дахин тушаагаагүй гэсэн байсан ба уг мөнгийг дахин тушаах талаар зөвлөөгүй.

Уг тендерийн техникийн тодорхойлолт дээр нэг гэрлийн шон 8 метрийн өндөртэй 250в хүчин чадалтай гэрэл байна гэж заасан. Гэтэл эрчим хүчний аюулгүй ажиллагааны журамд 2.5 метрээс дээш өндөрт ажиллах бол шугам сүлжээний угсралт хийх тусгай зөвшөөрөлтэй компани байхаар заасан байдаг. Уг тендерт шалгарсан “Б” ХХК нь Эрчим хүчний яамны тусгай зөвшөөрөлгүй, уг тендерийн ажил үйлчилгээ буюу гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажлын туршлагагүй гэж үзэж байна. Энэ бүгдээс харахад манай компани “Б” ХХК нарын ижил төстэй үйл ажиллагааны ажлын туршлагыг харгалзаж үзээгүй, манай компанийн санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг харгалзаж үзээгүй гэж үзэж байна.

Иймд Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын Үнэлгээний хорооны шийдвэр болон Сайншанд сумын Засаг даргын 2014 оны 04 дүгээр 11-ны өдрийн А/128 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Төвийн 4 багт гудамжны гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажлын тендерийг 2014.03.21-28-ны өдөр нээлттэй зарласан тендерт “Б” ХХК 49.927.728 төгрөг, “У” ХХК 49.547.416 төгрөгийн үнийн саналтай оролцсон. Дээрх 2 компанийн тендерийн материалыг үнэлгээний хороо нягтлан шалгаад тендерийг үнэлж дүгнэхэд шаардлага хангасан материал ирүүлээгүй учир тус тендерийг хүчингүй болгон дахин зарласан.

Уг тендерийн материалд цахилгааны тусгай зөвшөөрөл заагаагүй болно. Тус тендерт шалгарсан “Б” ХХК нь ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн 2.1.1, 1.2, 2.2 буюу 2.1.2-д Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөг бүтээсэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил /1-5 давхар хүртэл/ гэсэн тусгай зөвшөөрөлтэй мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 болон 12 дугаар зүйлийн 12.1-ийг үндэслэл болгон шалгаруулсан гэжээ.

Хариуцагч Үнэлгээний хорооноос шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төвийн дөрвөн багт гудамжны гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажлын тендерт оролцогчдоос гүйцэтгэгчийг шалгаруулах ажлын хэсэг томилогдон ажилласан ба тус тендерт оролцсон компанийн тендерийг үнэлж дүгнэхэд “У” ХХК нь уг ажлыг хийж гүйцэтгэх төсвийг мэргэшсэн төсөвчнөөр хийлгэж баталгаажуулаагүй, тендерийн материалыг гарын үсэг зурж баталгаажуулаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр М.Л-г томилсон боловч гарын үсэггүй, захиалагчийн хяналтын зардал болох 2 хувийг төсөвт тусгаагүй, машин техник нь тус компанийн эзэмшилд байгааг тодорхойлсон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбаргүй байсан тул Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар тус тендерийг хүчингүй болгон дахин зарлахаар шийдвэрлэсэн. Ингээд 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд дахин зарлахад “Б” ХХК нь 49.927.728 төгрөг, “У” ХХК нь 49.547.416 төгрөг, “Ю” ХХК 48.600.000 төгрөгийн үнийн саналтай оролцсон. Тус тендерт шалгарсан “Б” ХХК нь ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн 2.1.1, 2.1.2, 2.2. буюу 2.1.2-д Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөг бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил /1-5 давхар хүртэл/ гэсэн тусгай зөвшөөрөлтэй, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 /орон нутгаас хамгийн их ажиллах хүч авсан/, тендерийн материалын үнэ болох 25000 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тушаасан, техникийн тодорхойлолтын дагуу тендерийн материалын иж бүрдлийг хангасан, нийлүүлэх бүтээгдэхүүний танилцуулга дэлгэрэнгүй буюу зургаар хавсарган ирүүлснийг үндэслэл болгон шалгаруулсан.

“У” ХХК нь тендерт шалгараагүй шалтгаан нь Тендерийн материалын үнэ дахин тушаагаагүй, мөн төсвийг мэргэшсэн төсөвчнөөр хийлгээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр М.Л-г томилсон боловч гарын үсэггүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувийг ирүүлээгүй, 16 дугаар зүйлийн 16.1.6 дахь заалтуудыг хангаагүй гэж үзэн тендерт шалгараагүй болно.

Дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд тендерийн материалын шаардлагад цахилгааны тусгай зөвшөөрөл заагаагүй болно гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 17 дугаар зүйлийн 17.1, 24 дүгээр зүйлийн 24,1, 27 дугаар зүйлийн 27.3, Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д заасныг баримтлан “У” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сайншанд сумын 4 багт гудамжны гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажлын НТШ ХА-08/2014 тоот тендерт “Б” ХХК- ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэр, Сайншанд сумын Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн А/128 дугаартай гэрээ байгуулах тухай захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “У” ХХК-ийн захирал ажилтай Т.Д-ийн нэхэмжлэлтэй,“Үнэлгээний хорооны шийдвэр болон Сайншанд сумын Засаг даргын 2014 оны А/128 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлд холбогдох захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн гомдол гаргаж байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Сайншанд сумын 4 багт гэрэлтүүлэг нэмэгдүүлэх НТШ ХА08/2014 дугаартай ажил”-ын гүйцэтгэгчээр “Б” ХХК-ийг шалгаруулсан хариуцагч Үнэлгээний хорооны үйл ажиллагаа болон тус хорооны 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг буюу нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул Үнэлгээний хорооны 2014 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгохоор үндэслэсэн байна

“У” ХХК нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54.1. “Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана” гэж заасны дагуу гомдол гаргаагүй.

Нэхэмжлэгч “У” ХХК-ны захирал ажилтай Т.Д нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т Тендерт оролцогч тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын таваас доошгүй хоногийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болно гэж заасны дагуу захиалагчаас мэдээлэл авах эрхээ эдлээгүй байна. Иймд захиалагч байгууллага “Материалын үнэ тушаах” тухай сануулах үндэслэл байхгүй.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Сайншанд сумын 4 багт гудамжны гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажлыг “Б” ХХК-аар гүйцэтгүүлэх гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн сумын Засаг даргын 2014 оны А/128 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлийн талаар дурджээ.

Тус “У” ХХК нь гомдол гаргаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 54.5 “Нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс тендер шалгаруулалтыг зогсоолгүйгээр үргэлжлүүлэх шаардлагатай гэж захиалагч шийдвэрлэснээс бусад тохиолдолд гомдол ирснээс хойш захиалагч гэрээ байгуулах эрх олгож болохгүй” гэх заалтыг үндэслэн ажлыг гүйцэтгүүлсэн.

“У” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.2 “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно” гэж заасны дагуу шийдвэрлүүлээгүй байж тус шүүхэд гомдол гаргасан байна. Энэ нь тус хуулийн 56.1-т заасны дагуу гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно” гэх заалтыг хангаагүй байж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулийн дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана” гэж заасан.

Хуулийн дээрх заалтаас үзвэл тендер шалгаруулалт нэгэнт явагдаж дууссан буюу захиалагч шалгарсан этгээдтэй гэрээ байгуулан гарын үсэг зурснаас хойш уг тендер шалгаруулалтын талаарх гомдлыг шууд шүүхэд гаргахаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь Сайншанд сумын Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 11- ний өдрийн “Гэрээ байгуулах тухай” маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5/06 тоот албан бичгээр аймгийн Засаг даргад хандаж, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хариуг хүлээн авснаар шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул хариуцагчийн “...тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдлоо гаргах ёстой байсан”, “...Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандан гомдлоо шийдвэрлүүлээгүй хэр нь шүүхэд хандсан” гэх гомдол үндэслэлгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтаас үзвэл тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан бүх нөхцөл буюу тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлага тэр дундаа техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг хангасан эсэх нь шаардлагад нийцэх эсэхийг тодорхойлох, улмаар гэрээ байгуулах эсэхэд нөлөөлөхүйц чухал шалгуур байна.

Хариуцагч талаас “...анхнаасаа тендерийн баталгаа, тусгай зөвшөөрөл шаардаагүй” гэж маргаж байгаа ч Сайншанд сумын дөрвөн багт гудамжны гэрэлтүүлэг нэмэгдүүлэх 2014 оны 03 дугаар сарын 21-нээс 03 дугаар сарын 28-ны хооронд зарлагдсан эхний тендерийн захиалагч нь тус тендерийн баримт бичгийн 5 дугаар хуудасны “Шалгуур үзүүлэлт” хэсэгт “шаардлагатай тусгай зөвшөөрөл” гэж заасан байсан нь “...Тусгай зөвшөөрлийн хувьд тендерийн баримт бичигт анх заасан, “У” ХХК-д худалдсан тендерийн баримт бичигт тусгагдсан. Үнэлгээний хорооны эхний хурлаар тусгай зөвшөөрөл шаардахгүй байя гэсэн санал гарч, дахин хуралдаад тусгай зөвшөөрөл шаардлагагүй гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ бол миний дангаар гаргасан шийдвэр биш” гэх гэрчийн мэдүүлэг1-ээр тогтоогдож байна. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтууд болох тендерийн баримт бичгийг боловсруулах, техникийн тодорхойлолт бэлтгэх асуудлуудыг хэлэлцсэн Үнэлгээний хорооны №1, N92, №3 дугаар хуралдааны тэмдэглэлүүд[1] [2]-д тусгагдаагүй тул хариуцагчийн төлөөлөгчийн “Үнэлгээний хороо тендерийн баримт бичигт анхнаасаа тусгай зөвшөөрөл заахгүй гэж хурлаараа шийдвэрлэсэн” гэх тайлбар үндэслэлгүй.

Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “хуулийн этгээд дараах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ”, 12.1.3-д “цахилгаан дамжуулах” гэж заасан.

Сайншанд сумын 4 багт гудамжны гэрэлтүүлэг нэмэгдүүлэх буюу “8 метрийн өндөртэй гэрлийн шон хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тус тендерийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа захиалагч нь эхний тендер шалгаруулалтад “шаардлагатай тусгай зөвшөөрөл” гэж зааж байснаа хоёр дахь удаа зарласан тендер шалгаруулалтад шаардлагатай тусгай зөвшөөрөл гэснийг хасаж, улмаар “цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөг бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөлтэй “Б” ХХК-ийг шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар “...шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасантай нийцээгүй төдийгүй мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэсэн журмыг мөрдлөг болгосон гэж үзэх боломжгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “...сонирхогч этгээдийг тендер

шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангана” гэж тендер шалгаруулалтын журмыг тогтоож, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Тендерт оролцогчдод тендерт бэлтгэж ирүүлэх хангалттай, ижил хугацаа олгоно” гэж захиалагчийн үүргийг, 22 дугаар зүйлийн 22.3-т “Тендерт оролцогч тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын таваас доошгүй хоногийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болно” гэж тендерт оролцогчийн эрхийг тодорхойлон заасан.

Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, гэрч А.М-ийн мэдүүлэг3 зэргээс үзэхэд анхны тендер хүчингүй болж, “У” ХХК тендерт шалгараагүй тухай албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн нь тогтоогдоогүй, дахин тендер зарлагдсаныг нэхэмжлэгч тал хоёр дахь тендер нээхийн өмнөх өдөр буюу 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мэдсэн байх тул Үнэлгээний хороо нь тендер шалгаруулалтад оролцогчид хуульд заасан хугацааны дотор мэдээлэл авах эрхээр хангах журмыг хэрэгжүүлээгүй, түүнчлэн захиалагч нь тендерийн товыг зарлан мэдээлэх, тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, ижил хугацаа олгох үүргээ зохих ёсоор хангалттай биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймээс “тендерт ирүүлсэн баримт нь шаардлага хангаагүй” гэж нэхэмжлэгчийг буруутгасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-т “техникийн болон бусад нөхцөл шаардлагыг хангаж байгаа хамгийн бага үнэ санал болгосон тендерт оролцогчид энэ хуулийн 29.1- д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох” гэж заасан. Гэтэл тендерийн сонгон шалгаруулалтыг явуулсан Үнэлгээний хорооны шийдвэр үйл ажиллагаа нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн төдийгүй тендерийн баримт бичигт заагдсан техникийн нөхцөл шаардлагыг хангаагүйн зэрэгцээ бусад оролцогчдоос хамгийн өндөр үнийг санал болгосон “Б” ХХК-ийг шалгаруулсан нь дээр дурдсан хуулийн заалтыг зөрчиж байх тул Сайншанд сумын Засаг дарга нь 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн сумын төвийн 4 багийн гудамжны гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажлыг гүйцэтгүүлэх гэрээ байгуулах тухай А/128 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Үнэлгээний хорооны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧИД:                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

                             Д.БАТБААТАР

Н.ХОНИНХҮҮ