| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2021/0139/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/156 |
| Огноо | 2021-10-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Г.Баясгалан,
Хохирогч Д.Нарантуяа,
Шүүгдэгч Д.Жалбуу нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалайр овогтой Дашийн Жалбууд холбогдох эрүүгийн 2107 00000 0193 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Их ам 13-09 тоотод амьдардаг боловч, иргэний үнэмлэхийн лавлагаагаар УБ хот, Налайх дүүрэг 2-р хороо, Дамдин гудамж 3 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй,
РД:НД73080477, Жалайр овогт Дашийн Жалбуу.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Д.Жалбуу нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн орчимд Налайх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Их амын 13-09 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Д.Нарантуяагийн толгойн тус газарт төмрөөр цохиж духанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Жалбуу нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Тийм, би сайн мэдэхгүй байна. Толгой руу нь төмрөөр цохисон. Төмрөөр цохисондоо Гэмшиж байна. ” гэв.
Хохирогч Д.Нарантуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гомдол байхгүй. Манай хүн харваад 4 жил болсон .санах чадвар муу, группийн мөнгө 280 000 төгрөг авдаг. Ажлын чадваргүй хүн. Тэр өдөр худын талын хүн хөдөөгөөс ирээд архи уусан. Манай хүн архи уугаад согтуу эрүүл мэдэгдэхгүй хүн гэнэт дайраад учиргүй уурласан. Хүмүүс явснаас хойш гэнэт уурлаад хаалга түгждэг төмрөөр намайг цохисон. Цус гарахгүй байхад 2 дүү маань цагдаа дуудсан байсан. Тамхи байна уу гэж босож ирээд гар хөл нь түргэн хөдлөөд намайг цохисон. Өмнө нь намайг цохиж зодож байгаагүй. Миний зүүн нүдний гэмтэл нь нүүрс оруулж байгаад хаалга салхинд цохиулаад гэмтсэн гэв.
Шүүгдэгч Д.Жалбуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Их ам 13-9 тоотод эхнэр Нарантуяагийн хамт байж байсан. Тухайн өдөр манай гэрт манай эхнэрийн найз гэх хүн хөдөөнөөс ирж бид хоёртай цуг 0.75 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уусан. Ингээд нэг анзаарсан манай эхнэрийн найз нь байхгүй явчихсан бололтой эхнэр бид хоёр л гэртээ үлдсэн байсан. Тэгээд 19 билүү 20 цагийн үед манай эхнэр Д.Нарантуяа намайг “согтчихсон байна чи унт” гээд байхаар нь би “унтахгүй” гэж түүнтэй маргалдаж эхэлсэн. Тэгээд гэнэт миний уур хүрээд гэрийн хаалганы тэнд байсан жижиг төмрөөр Д.Нарантуяагийн толгой руу нь 1 удаа цохисон. Тэгсэн Д.Нарантуяагийн толгойноос цус гарч, намайг шууд цагдаад дуудаад өгчихсөн. Тэгээд намайг шууд эрүүлжүүлчихсэн. Өөр надад энэ хэргийн талаар хэлж ярих зүйл алга....” /хх-32/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №442 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-01/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-02-03/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-05/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-16-17/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа /хх-33/,
Шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт, гомдолгүй, саналгүй гэх бичгээр гаргасан хүсэлт /хх-59-60/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Жалбуу нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн орчимд Налайх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Их амын 13-09 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Д.Нарантуяагийн толгойн тус газарт төмрөөр цохиж духанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Хохирогч Д.Нарантуяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”.... Манай нөхөр согтчихоод унтаж амаргүй, хэрүүл хийх гээд байхаар нь унтуулах санаатай зууралдаж байтал гэрийн хаалга түгждэг нарийхан төмрөөр миний толгой руу цохиод цус гаргачихаар нь цагдаад дуудлага өгсөн...”гэх мэдүүлэг, Шүүгдэгч Д.Жалбуу мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай эхнэр Д.Нарантуяа намайг “согтчихсон байна чи унт” гээд байхаар нь би “унтахгүй” гэж түүнтэй маргалдаж эхэлсэн. Тэгээд гэнэт миний уур хүрээд гэрийн хаалганы тэнд байсан жижиг төмрөөр Д.Нарантуяагийн толгой руу нь 1 удаа цохисон. Тэгсэн Д.Нарантуяагийн толгойноос цус гарч, намайг шууд цагдаад дуудаад өгчихсөн...”гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №442 дугаар шинжээчийн дүгнэлт, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Жалбууд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна гэж үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Жалбууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Жалбууд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал болгосныг шүүгдэгч нь сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд торгох ялыг тохиролцсоны дагуу оногдуулж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирогч Д.Нарантуяа нь шүүгдэгч Д.Жалбууд гомдолгүй, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Жалбуу нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөлөг саарал өнгөтэй, 60 см урттай төмөр 1 ширхэгийг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жалайр овогт Дашийн Жалбууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жалбууд 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жалбууд оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Жалбуу нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар тооцсон мөнгөлөг саарал өнгөтэй, 60 см урттай төмөр 1 ширхэгийг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Жалбууд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД