Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/01764

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/01764

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байр, 4 дүгээр орцны подвальд байрлах “Түшээ” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 34 дүгээр байрны 26 тоотод оршин суух, Хантайшир овогт Пүрэвийн Мөнхжаргалд холбогдох,

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон зардал 735,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Түшээ” СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.Гэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Түшээ” СӨХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон гүйцэтгэх захирал Г.Гэрэлийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус СӨХ-ны үйлчилгээнд байдаг 34 дүгээр байрны 26 тоотын оршин суугч П.Мөнхжаргал нь 2014 оны 6 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл 34 сарын СӨХ-ны төлбөр 735,500 төгрөгийг төлөөгүй болно. Уг суугч төлбөрөө төлөөгүйн улмаас бусдад учруулсан хохирол нь сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, сангийн засвар хийх хуримтлалгүй болгож, хөрөнгийн хомсдолд оруулж байна. Иймд хариуцагч П.Мөнхжаргалаас 735,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч П.Мөнхжаргалын шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие 2013 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 34-26 тоот орон сууцыг худалдан авч амьдрах болсон. СӨХ-ны төлбөрөө цаг тухайд нь төлдөг байсан. Гэтэл тус СӨХ-ны үйл ажиллагаа муу, цэвэрлэгээ байхгүй, бохир заваан, цахилгаан шат 24 цагаар ажилладаггүй, гэрэлтүүлэг байхгүй, камерын хяналтгүй тул төлбөрөө төлөхөө больсон. СӨХ-ны үйлчилгээгээ сайжруулсан үед төлбөрөө төлөх болно. Үндэслэлгүйгээр төлбөрийг нэмэгдүүлснийг буулгах шаардлага хүргүүлж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Түшээ” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ нь хариуцагч П.Мөнхжаргалд холбогдуулан 2014 оны 6 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөр 735,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

 

Хариуцагч П.Мөнхжаргал нь “... буяны ажилд явах болсон тул шүүх хуралдааныг миний эзгүйд хийхэд татгалзах зүйлгүй” гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч нотолсон баримтыг хавсаргаагүй байх тул хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д “Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийн тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэжээ. Иймд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь хуульд харшлахгүй гэж үзлээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн агуулга бүхий хариу тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд татгалзлын үндэслэлээ “... СӨХ нь үйлчилгээ муу, цэвэрлэгээ байхгүй, бохир заваан, цахилгаан шат 24 цагаар ажилладаггүй, гэрэлтүүлэг байхгүй, камерын хяналтгүй тул СӨХ-ны төлбөрийг төлөхгүй” гэж тайлбарлажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4.-т зааснаар “орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна.” гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д “орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг” хэлнэ гэж тус тус заасан байх ба дээрх заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай байшингийн сууц өмчлөгч нь заавал сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.

 

Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 34 дүгээр байрны 26 тоотын оршин суугч, өмчлөгч нь хариуцагч П.Мөнхжаргал мөн эсэх,  тухайн орон сууц нь “Түшээ” СӨХ-д харьяалагддаг эсэхэд талууд маргаагүй байх тул хариуцагч нь тус СӨХ-ны гишүүн байна. 

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж хуульчилжээ.

 

Хариуцагч П.Мөнхжаргал нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний төлбөрт нийт 735,500 төгрөгийг төлөөгүй нь Төрийн банкны Бичил тооцооны төвийн ахлах мэргэжилтэн н.Амарзаяагийн “34-26 тоотын СӨХ-ны төлбөрийн төлөгдөөгүй үлдэгдэл” гэх баримт, хариуцагчийн “... СӨХ нь үйлчилгээ муутай, цэвэрлэгээ байхгүй, бохир заваан, цахилгаан шат 24 цагаар ажилладаггүй, гэрэлтүүлэг байхгүй, камерын хяналтгүй тул СӨХ-ны төлбөрийг төлөхгүй” гэх тайлбараар нотлогдож байна.

 

Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Нөгөөтэйгүүр, СӨХ-ны үйл ажиллагаа доголдолтой, шаардлага хангахгүй байгаа нь хариуцагчийг дээрх төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүйгээс гадна үйл ажиллагаа нь доголдолтой байгааг нотлох баримт хэрэгт авагдаагүй. 

 

Иймд хариуцагч П.Мөнхжаргалаас 735,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Түшээ” СӨХ-нд олгох нь зүйтэй гэж үзлээ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч П.Мөнхжаргалаас 735,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Түшээ” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 22,210 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                            М.МӨНХТӨР