Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/100

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч А.Амарсанаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,

Хохирогч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Со овогт *******д холбогдох эрүүгийн 2026000000074 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэнулсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан Со овогт ******* /РД: *******/;

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 12-04 тоотод байрлах иргэн *******ын хувийн сууцанд буюу хүн байнга амьдрах зориулалттай гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 139.200 /нэг зуун гучин есөн мянга хоёр зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Нилээн орой ангийнхаа найз Төмөрхуягийнд орж архи уусан. Тэгээд гарсан чинь энэ айл цоожтой байсан. Би хашааг нь даваад орсон. Энэ айлын эзэнтэй нь би эгч, дүү хоёрын хүүхэд. Байшинд нь орох гэсэн цоожтой байсан. Гэр нь бас цоожтой байсан. Гэр дээр нь гараад тоононы рамыг нь аваад тооноор нь орсон гарч ирэхдээ хөргөгчнөөс нь мах, сүү авсан. Тэгээд гэр лүүгээ орсон. Сүүг нь уусан. Дараа нь зуныхаа байшинд ороод унтсан. Дараа нь дахиж ороогүй. Би энэ айлын хашааг нь сунгаж нойл барьж өгсөн. Зуны байшинд нь шат хийж өгсөн. Хохирлыг нөхөн төлнө... ” гэв.

 

            Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сард манай нөхөр эмнэлэгт хэвтсэн. Би тэр үед хүүхэдтэйгээ хадамынд байсан. 2019 оны 11-ээс 12-нд шилжих шөнө гэртээ очиход тооноор хүн ороод гэр ухаад бурхан тахил нураагаад эд зүйл авсан байсан. Хадамд хэлээд цагдаа дуудсан. Учирсан хохирол 139.200 төгрөг нэхэмжилж байна... ” гэв.

 

Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 12-04 тоотод байх хашаанд хадам аав ээжийн хамт байдаг. Өнөөдөр буюу 11 цагийн орчим гэртээ ганцаараа очтол хашааны гүйдэг том хаалга онгорхой, гэрийн нэг тоононы рам нь хаалганы дээр байж байсан. Тэгээд гайхаад гэрийн цоожоо онгойлгоод үзтэл зуух яндан зэрэг газар унагаачихсан. Бурхан тахил тараагаад тавьчихсан, тоононы нэг рам нь байхгүй байсан. Би тэр үед тооноор хулгайч орж гэж бодоод хөлдөөгчинд байсан эд зүйлсээ үзтэл байхгүй байсан. Хонины шулчихсан мах яс, өвчүүний мах, чаначихсан битүүлэгний дал, хавирга, чөмөгнүүд буюу эдгээр яснууд ойролцоогоор 5 кг орчим байсан. Мөн 1 литрийн цагаан савтай милко нэртэй сүү, тасалсан гурил 500 гр, хөлдөөсөн 2 кг орчим бууз зэрэг эд зүйлсийг хулгайлсан байсан . Авдар сав бол онгойгоогүй юм шиг байсан. Харин манай гэрийн төслийн Өлзий зуухыг яндан ордог хэсгээр нь задалсан байсан. Одоогоор тэр зуухыг ямар ч ашиглах боломжгүй болсон тул тус зуухыг бас нэхэмжилмээр байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-33 дугаар хуудас/,

 

Гэрч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би урд өмнө гэр бүл байсан юм. 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шүүхээр салсан. Түүнээс хойш манай хашаанд зуны модон байшинд амьдарч байгаа. Өчигдөр орой 22 цагийн орчим хашаандаа орж ирсэн. Цагаан хайрцагтай сүү гэсэн литрийн савтай зүйл барьчихсан уугаад манайд орж ирсэн. Орж ирэхдээ бол нилээн согтуу байсан. Тэр үедээ маргалдаад цагдаа дуудаад өгч явуулсны дараа маргааш өглөө нь хальт ороход орон дээр нь ууттай махны юм харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******ийн яллагдагчаар мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн орчим гэрээсээ гараад хойно Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн “Хангай” дэлгүүрийн арын гудамжинд байх Төмөртогоогийнд орж архи ууж байгаад тэднийхээс гараад Арвайхээр сумын 8 дугаар багийн Шар дэлгүүрийн арын ар талын гудамжинд байх Бямбаа гэх найзындаа ороод бас архи уусан. Тэндээсээ гараад Бямбаагийн арын гудамжинд байх миний танил Цэрэнсамдин гэх хүний хүү Баадайгийн гэрт нь орох гэтэл хашааны хаалга гэр нь цоожтой байсан. Тэгэхээр хашааны том гүйдэг хаалгыг нээгээд хашааны дотор ороод зүүн талын хэсэгт нь байх том цагаан байшинг тойрч үзэхэд бас цоожтой байсан. Тэр байшингийн баруун талд байх 5 ханатай монгол гэрийн урд нь очоод хаалганы хажуу талаас гэр дээр нь гараад тоононы яндан байгаагийн зүүн талын рамыг нь өргөтөл сул байхаар нь нээгээд хажуу тийш нь тавьсан. Тус гэрийн тооноор нь гэр дотор ороод зүүн талд нь байсан босоо цагаан хөлдөөгчөөс нь ууттай махнууд, сүү зэрэг эд зүйлс авсан санаж байна. Би тухайн үед нилээн согтуу байсан учир зарим зүйлийг санахгүй байна. Тэдгээр зүйлсийг аваад зуухан дээр нь гишгэж байгаад орж ирсэн тооноороо буцаад гарсан. Гарахдаа тэр айлаас хулгайлсан эд зүйлсээ эхлээд тооноороо гаргаж байгаад араас нь гарсан. Гараад шууд урагшаа гэр рүүгээ явсан. Хулгайлсан эд зүйлсийн заримыг нь гэртээ тавьсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-19 дүгээр хуудас/,

 

Эд зүйл түр хураан авсан, эд зүйлд үзлэг хийсэн, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, /хх-ийн 22-25 дугаар хуудас/,

 

Тодорхой газар оронд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-29 дүгээр хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн үнэлгээний тайлан /хх-ийн 44-47 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Криминалистикийн шинжээч цагдаагийн дэслэгч М.Өлзийжаргалын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 46  дугаартай: “...Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 3 ширхэг гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн *******ийн гутлын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд хүргүүлсэн *******ийн гутлын улны мөртэй “1,3” гэж дугаарласан 2 ширхэг гутлын мөр ерөнхий онцлог шинж тэмдэгээрээ тохирч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-54 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 59, 61-68, 71-73, 76-77, 82-85 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 217 дугаартай Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 89-92/ зэрэг болно.

 

Шүүгдэгч ******* нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 12-04 тоотод байрлах иргэн *******ын хувийн сууцанд буюу хүн байнга амьдрах зориулалттай гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 139.200 /нэг зуун гучин есөн мянга хоёр зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Үүнд: Хохирогч *******ын шүүхийн  хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн ”... Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 12-04 тоотод байх хашаанд хадам аав ээжийн хамт байдаг. Өнөөдөр буюу 11 цагийн орчим гэртээ ганцаараа очтол хашааны гүйдэг том хаалга онгорхой, гэрийн нэг тоононы рам нь хаалганы дээр байж байсан. Тэгээд гайхаад гэрийн цоожоо онгойлгоод үзтэл зуух яндан зэрэг газар унагаачихсан. Бурхан тахил тараагаад тавьчихсан, тоононы нэг арам нь байхгүй байсан. Би тэр үед тооноор хулгайч орж гэж бодоод хөлдөөгчинд байсан эд зүйлсээ үзтэл байхгүй байсан. Хонины шулчихсан мах яс, өвчүүний мах, чаначихсан битүүлэгний дал, хавирга, чөмөгнүүд буюу эдгээр яснууд ойролцоогоор 5 кг орчим байсан. Мөн 1 литрийн цагаан савтай милко нэртэй сүү, тасалсан гурил 500 гр, хөлдөөсөн 2 кг орчим бууз зэрэг эд зүйлсийг хулгайлсан байсан . Авдар сав бол онгойгоогүй юм шиг байсан. Харин манай гэрийн төслийн Өлзий зуухыг яндан ордог хэсгээр нь задалсан байсан. Одоогоор тэр зуухыг ямар ч ашиглах боломжгүй болсон тул тус зуухыг бас нэхэмжилмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-33/, гэрч *******ийн “...Өчигдөр орой 22 цагийн орчим хашаандаа орж ирсэн. Цагаан хайрцагтай сүү гэсэн литрийн савтай зүйл барьчихсан уугаад манайд орж ирсэн. Орж ирэхдээ бол нилээн согтуу байсан. Тэр үедээ маргалдаад цагдаа дуудаад өгч явуулсны дараа маргааш өглөө нь хальт ороход орон дээр нь ууттай махны юм харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/, шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-19/, Эд зүйл түр хураан авсан, эд зүйлд үзлэг хийсэн, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, /хх-ийн 22-25/, тодорхой газар оронд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-29/,  Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн үнэлгээний тайлан /хх-ийн 44-47/, “...Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 3 ширхэг гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн *******ийн гутлын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд хүргүүлсэн *******ийн гутлын улны мөртэй “1,3” гэж дугаарласан 2 ширхэг гутлын мөр ерөнхий онцлог шинж тэмдэгээрээ тохирч байгааг тогтоосон” Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Криминалистикийн шинжээч цагдаагийн дэслэгч М.Өлзийжаргалын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 46  дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-54/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

 

Шүүгдэгч Со овогт *******д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч Со овогт *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь *******д  2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 3 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгч ******* нь хохирогч *******д 139.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн үнэлгээний тайлан /хх-ийн 44-47 дугаар хуудас/-аар нотлогдож байгаа бөгөөд тус хохирлыг нөхөн төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******ээс 139.200 төгрөг гаргуулж хохирогч Шийлэгдуламд олгохыг,

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эрэгтэй хүний хос гутал 1 ширхэгийг шүүгдэгч *******д буцаан олгохыг,  хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй  болохыг тус тус дурдсугай.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх  нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.7, 1.8, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Со овогт *******ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Со овогт *******ийг хоёр жил хоёр сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 3 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлиын 510.1-д зааснаар шүүгдэгч *******ээс 139.200 төгрөг гаргуулж хохирогч *******д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эрэгтэй хүний хос гутал 1 ширхэгийг шүүгдэгч *******д буцаан олгосугай.

 

7. Хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй  болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.