Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/119

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Т.Солонго,

            Улсын яллагч Ш.Баярбилэг,

            Шүүгдэгч  Х.О, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан,

            Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Х-ын От холбогдох 1702001220076 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 00 тоотод амьдардаг, төрөөс авсан гавьяа шагналгүй,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 74 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Х-ын О (РД:хх000000),

нь Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “метамфетамин”-ын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0.0794 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага наран 9-4 тоот гэртээ болон биедээ хадгалсан, уг бодисоо 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянбүрд орчим найз Ж.Ганболдод өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.О-аас мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. 2015 онд хэрэглэснээс хойш хэрэглээгүй байж байгаад амбаараас хуучин цамцаа гаргаж өмсөхөд халаасанд нь байсан. Тэгээд багын найз Ганболдтой тааралдаад түүнд соруулсандаа харамсаж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй. Том хүүхэд маань их сургуульд сурч байгаа, ялыг тэнсэж өгнө үү гэв.

Мөрдөн байцаалтад Х.О яллагдагчаар мэдүүлэхдээ: "..би 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрээсээ гарахдаа гадаа хүйтэн байсан учир гаднах амбаараасаа зузаан хувцас авч өмсөх санаатай ороход өмсөлгүй нэлээн удсан ноосон урт малгайтай цамц байсныг аваад өмссөн юм. Тэгээд найз болох Ганболдыг дуудан намайг хороололд хүргээд өг гээд Ганболдтой хамт хороолол явж байхад би цамныхаа халаасыг уудлан үзэхэд гялгар уутай мөс гэх нэршилтэй мансууруулах бодис, мөн үзүүр хэсэг нь хагарсан байдалтай тарианы усны шил зэрэг эд зүйлс гарч ирсэн юм. Эдгээр зүйлс яагаад миний халаасанд байсан гэвэл би 2015 оны 10 дугаар сард мансууруулах бодис хууль бусаар олж авч хадгалсан гэж Эүүгийн хуулийн тусгай ангийн 192.1 дэх зүйл ангиар 4 сарын баривчлах ял авсан юм. Тэр үед би энэ ноосон цамцыг өмсөж байсан ба тэгэхэд л энэ халаасанд хийгээд мартаад амбаарт хийсэн байх гэж бодож байна. Тэгтэл Ганболд наадах зүйл чинь юу юм би хэрэглэж үзье гэхээр нь сонирхуулах гээд хэрэглэж үзсэн..." гэжээ.

 

Гэрч Ж.Ганболдоос мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Од гартаа тарианы усны шил хуйлсан мөнгө барьчихсан байсан. Тэгээд тэрүүгээрээ сорж хэрэглээд байсан, тэгээд намайг нэг сорчих гэхээр нь би сорсон. Надад хэнээс хаанаас авсан гэдгээ хэлээгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөлөх бодисын 2 дугаар жагсаалтад багтсан бодисыг урвуулан ашиглахыг хориглосон байхад шүүгдэгч Х.О нь дээрх конвенцийн жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0.0794 гармм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага наран 9-4 тоот гэртээ болон биедээ хадгалж, уг бодисоо 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянбүрд орчим өөрөө хэрэглэсэн болон найз Ж.Ганболдод өгсөн болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Ж.Ганболдын гэрчээр мэдүүлсэн ...Од гартаа тарианы усны шил хуйлсан мөнгө барьчихсан байсан. Тэгээд тэрүүгээрээ сорж хэрэглээд байсан тэгээд намайг нэг сорчих гэхээр нь би сорсон. Надад хэнээс хаанаас авсан гэдгээ хэлээгүй” гэх мэдүүлэг,  

“Х.О-ын өмдний зүүн халааснаас 2,5*2 см хэмжээтэй гялгар уутанд хийсэн дотроо цагаан өнгийн талстлаг зүйлтэй эд зүйл, мөн өмдний баруун халааснаас “цианокобаламин” гэсэн бичиглэлтэй үзүүр хэсэг нь хагарсан дотроо цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны шилтэй хамт цагаан өнгийн тамхины асаагуур гаргаж ирэв” гэх Х.О-ын биед 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл,

“Х.О-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх тест ашиглахад тестийн үр дүн метамфетамин, амфетаминий төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг заасан” гэх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэл, 

“Х.О-ын биед үзлэг хийж хураан авсан 2,5*2 см хэмжээтэй гялгар ууттай цагаан өнгийн талстлаг метамфетамины агууламжтай байж болзошгүй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг урьдчилан тандаж нийлэг тунгалаг өнгийн гялгар ууттай бодис мэт зүйлийг гялгар уутны гадна талаас нь Trunarc багжийг зааврын дагуу ашиглахад “метамфетамин” гэх бодис илэрсэн” гэх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис мөн эсэхийг тандах багаж ашиглаж тогтоосон тэмдэглэл,

“Х.О РД:хх000000 гэсэн хаягтай шээснээс метамфетамины илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно” гэх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017-06-12-ны өдрийн 11204 дугаартай дүгнэлт,

“¹1 гэсэн дугаартай гялгар уутанд хийсэн гялгар ууттай цаган өнгийн талстлаг зүйл, ¹1 гэсэн дугаартай гялгар уутанд хийсэн хагарсан тарины шил зэргээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. ¹1 гэсэн дугаартай гялгар уутанд хийсэн гялгар ууттай цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 0.1906г, цэвэр жин нь 0.0794 г байна” гэх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 11205 дугаартай дүгнэлт,

“Х.О нь сэтгэцэд нөлөөт эм бодисын донтой эсхүл хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017-12-04-ний №1050 тоот дүгнэлт, хэрэгт хавсарган ирүүлж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн эд мөрийн баримт, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

 

Иймд шүүгдэгч Х.О-ыг хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Х.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тэрээр сэтгэцэд нөлөөт эм бодисын донтой эсхүл хамааралтай болоогүй байгааг харгалзан ялыг хөнгөрүүлсэн болно. Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн боловч тэрээр 2016 онд шүүхийн шийтгэх тогтоолоор энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан тул түүнд энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэх боломжгүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Х.О-ын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулшгүйгээр баривчлагдсан 2 хоног, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 4 хоног, нийт 6 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. 

 

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “2 үйлдлээс бүрдэж байна. хадгалсан хэрэглэсэн гэх. Хавтаст хэрэгт авагдсанаар нотлогдон тогтоодохгүй байна. хадгалсан гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Хэрэглэсэн гэх үйлдэл дээр шүүгдэгч маань гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж маргаж байгаа ба прокурорын яллах дүгнэлтэд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “метамфетамин”-ын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0.0794 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага наран 9-4 тоот гэртээ болон биедээ хадгалсан гэж тогтоожээ. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3-т гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна, мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж тус тус заасан тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн авах хууль зүй үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Х-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.О-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.О-т энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.О-ын цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн гялгар ууттай 0.0794 грамм мөс мэт зүйл, үзүүр хэсэг нь хагарсан цианокобаламин гэсэн бичигтэй тарианы усны шил зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Шүүгдэгч Х.О нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7.Хэрэгт хавсаргаж ирүүлсэн бичлэг бүхий СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ