Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогтбаярын Урангуа |
Хэргийн индекс | 188/2022/0672/Э |
Дугаар | 2022/ШЦТ/669 |
Огноо | 2022-05-24 |
Зүйл хэсэг | 27.10.2.3., |
Улсын яллагч | Ч.Батбаатар |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/669
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: П.Золбаяр,
улсын яллагч: Ч.Батбаатар,
шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Д-нд холбогдох эрүүгийн 00000000000 тоот хэргийг 2022 оны 0 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт М-ын Д /РД:0000000000/,
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр, *** аймгийн ****** ширээт суманд төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт, Сонинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Толгойтын 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Д нь Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Шинэ замын хойд талын Цалгин хүнсний дэлгүүрийн зүүн замд 2022 оны 03 дугаар сарын 26-ны өглөө 08 цаг 27 минутын орчимд “Ниссан Винграуд” маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч М.Д нь Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Шинэ замын хойд талын Цалгин хүнсний дэлгүүрийн зүүн замд 2022 оны 03 дугаар сарын 26-ны өглөө 08 цаг 27 минутын орчимд “Ниссан Винграуд” маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б-ыг мөргөж эрүүл мэндэд нь “ баруун талд зулай яснаас доош дух, баруун суурийн бага далавч хүрсэн шугаман хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх цусан хураа, баруун хацар ясны зөрүүгүй далд хугарал, баруун шаант, тахилзуур ясны зөрүүтэй ташуу далд хугарал, нүүрэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд зулгаралт, баруун тохой, шуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтлүүд бүхий хүнд хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:
-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-9-р хуудас/,
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 14-р хуудас/,
-Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 26-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Цалгин хүнсний дэлгүүр орж ойр зуурын идэх юм аваад дэлгүүрээс гараад гарцгүй газраар замынхаа баруунаас зүүн чиглэлд зам гарахдаа хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан автомашинуудыг өнгөрөөгөөд хогын машины ардуур гараад урдаасаа хойшоо явж байсан жижиг саруул өнгийн автомашины урдуур амжаад зам гарна гээд гүйгээд явж байтал автомашин хурдтай орж ирээд урд хэсгээр намайг мөргөөд зам дээр унасан...мөргөсөн жолооч талаас эмчилгээний зардалд 1.090.000 төгрөг төлсөн... Цаашид гарах эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилнэ…” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Б 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...манай охин Золбаяр намайг намайг эмнэлэгт хэвтэж байхад хувиасаа 848.000 төгрөг гаргасан. Би сарын 650.000 төгрөг цалинтай ажил хийж байсан. 6 сарын цалин болох 3.900.000 төгрөг, охин эмчилгээнд гаргаж өгсөн 848.000 төгрөг нийтдээ 4.748.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21-р хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000 дугаартай:
1. Ирүүлсэн Лазер мед эмнэлгийн 2022.03.26-ны болон 2022.04.04-ний өдрийн гэх толгойн компьютер томографийн шинжилгээнүүдээр баруун талд зулай яснаас доош дух, баруун суурийн бага далавч хүрсэн шугаман хугарал, баруун хацар ясны зөрүүгүй далд хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Б.Б-ын биед баруун талд зулай яснаас доош дух, баруун суурийн бага далавч хүрсэн шугаман хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх цусан хураа, баруун хацар ясны зөрүүгүй далд хугарал, баруун шаант, тахилзуур ясны зөрүүтэй ташуу далд хугарал, нүүрэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд зулгаралт, баруун тохой, шуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирчээ.
2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
4. Уг гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /73-76-р хуудас/,
-Мөрдөгчийн магадлагаа:
1. Nissan Wingroad маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М овогтой Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Б овогтой Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “Явган зорчигч нь явган хүний буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх /хавтаст хэргийн 91-92-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч М.Д-гийн яллагдагчаар өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 26-ны өглөө 08 цаг өнгөрч байхад би эхнэр И-гийн хамт Эрхэмбаяр гэдэг хүний нэр дээр байдаг Nissan Wingroad маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолоодоод гэрээсээ гараад Хилчин хотхон орох гээд Сонгинохайрхан дүүргийн 5 хороонд байрлах Цалгин нэртэй хүнсний дэлгүүрийн зүүн талын замд урдаас, хойшоо чиглэлтэй 40 гаран км цаг хурдтай явж байхад явган зорчигч эмэгтэй ертөнцийн зүгээр замынхаа баруун талаас гарцгүй газраар замаар руу гэнэт гүйгээд ороод ирэхээр нь би жолоогоо баруун гар тийш нь дарсан боловч амжилгүй тухайн эмэгтэйг автомашины баруун урд дугуй хэсгээр мөргөөд тухайн эмэгтэй автомашинд мөргөгдөөд замын хажуу талын шидэгдээд унасан. Би автомашинаа зогсоогоод машинаас буугаад мөргөсөн эмэгтэйг өргөж автомашины хойд талын суудал суулгаад эхнэр Ичинхорлоо нь 103-т өөрийнхөө утсаар дуудлага өгсөн. 103-ийн автомашины эмч ирээд мөргүүлсэн эмэгтэйгийн биеийн байдлыг үзээд гэмтлийн эмнэлэг авч явах шаардлагатай гэхээр нь 103-ийн автомашинд гэмтсэн эмэгтэй, манай эхнэр нар гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэгт очоод тухайн хүнийг үзүүлэхэд баруун хөлийн шилбэ яс хугаралтай, өөр хугарал, гэмтэл байхгүй, толгойны баруун талын чамархай, баруун зулай хэсэгт цус хуралттай, нүүрний баруун тал нь нэлэнхүйдээ хавдартай байсан.Тэр өдрөө гэмтлийн эмнэлэгт хэвтсэн....” гэж /хавтаст хэргийн 101-р хуудас/ байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлын хувьд: жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 120-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 121-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 122-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 123-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 124-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 125-р хуудас/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 126-р хуудас/, 2015.04.20-ний өдөр төрсөн охин Д.Э, 2007.11.02-ны өдөр төрсөн хүү Д.Т, 2010.10.22-ны өдөр төрсөн Д.А, 2000.06.01-ний өдөр төрсөн охин Д.С, 2002.05.16-ны өдөр төрсөн хүү Д.А нарын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 127-131-р хуудас/, 50%-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хавтаст хэргийн 132-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 133-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Б-ын биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүнд зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т хэсэгт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэсэн үйлдлийн шинжтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч М.Д нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг тус тус заалтыг зөрчсөн нь 256 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 91-92-р хуудас/-аар тогтоогдсон.
Иймд энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.Д-г “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Б.Б нь 4 800 000 авсан одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.Д-г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгч М.Д-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлж ирээгүй болно...” гэх дүгнэлттэй шүүгдэгч М.Д түүний өмгөөлөгч нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч М.Д-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.0 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн” 1.4 “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан” /гарцгүй газраар зорчиж, дүрэм зөрчсөн/ гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүлийн хувьд эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг, 50%-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Харин шүүгдэгч М.Д-гийн хувьд дээрх хөнгөрүүлэх болон бусад нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгчийн үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, талуудын ял тохиролцсон байдал зэргийг тус тус харгалзан хуулинд заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Д-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд “оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тус тус тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг …хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шүүгдэгчид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг тайлбарлах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг дурдав.
Эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч М.Д-гийн 000000 дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М-ын Д-нг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч М.Д-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч М.Д-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 “тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тус тус тогтоож, албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч М.Д нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн болон тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч М.Д-нд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүний 000000 дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлсүгэй.
7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА