Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/00215

 

Спирт Бал Бурам трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, танхимын тэргүүн шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 08ы өдрийн 101/ШШ2019/01984 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 18ы өдрийн 1704 дүгээр магадлалтай,

 

Спирт Бал Бурам трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Мөнххан трейд ХХК-д холбогдох,

 

69.366.146 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Серикбай, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Спирт Бал Бурам трейд ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мөнххан трейд ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 18/154 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, бүтээгдэхүүн нийлүүлсэн. Уг гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний тооцоог 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр нийлсэн, 59.366.146 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан. Гэрээний 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу бүтээгдэхүүний төлбөрийг сар бүрийн 25-ны дотор төлөх ёстой боловч Мөнххан трейд ХХК нь энэ үүргээ биелүүлээгүй тул гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүрэгтэй. Алдангид 29.683.073 төгрөг нэхэмжилсэн боловч 10.000.000 төгрөг болгон багасгасан. Иймд хариуцагчаас үндсэн төлбөр 59.366.146 төгрөг, алданги 10.000.000 төгрөг нийт 69.366.146 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Мөнххан трейд ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: манай компанийн хувьд тодорхой хэмжээний бүтээгдэхүүн зээлээр Спирт Бал Бурам трейд ХХК-иас авч байсан. Тус компанийн санхүүгийн ажилтантай харилцан тохиролцож алданги тооцохгүйгээр тодорхой хэмжээгээр төлөхөөр болсон. Гэтэл энэхүү харилцан тохиролцсоноо зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08ы өдрийн 101/ШШ2019/01984 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч Мөнххан трейд ХХК-иас 69.366.146 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Спирт Бал Бурам трейд ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Спирт Бал Бурам трейд ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 603.196 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мөнххан трейд ХХК-иас 504.780 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Спирт Бал Бурам трейд ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18ы өдрийн 1704 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/01984 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 505.000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 сарын18-ны өдрийн дугаар 1704 магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна.

Тус хэргийн шүүх хуралдааныг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр товлосон хэдий ч товыг хариуцагчийн төлөөлөгчид мэдэгдэлгүйгээр, хэргийг хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэлэлцэж хариуцагчийн мэтгэлцэх зарчмыг шүүх хэрэгжүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2.хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх... гэж зохицуулсан хэдий ч анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг товыг хуулийн дагуу итгэмжлэл авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа төлөөлөгчид мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг шийдвэрлэсэн. 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 18/154 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үндсэн төлбөр 59.366.146 төгрөг алданги 10.000.000 төгрөг нийт 69.366.146 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагчаас гаргуулахаар анхан болон давж заалдан шатны шүүхээс шийдвэрлэсэн. Дээрх төлбөр нь тооцоо нийлсний дагуу гарсан 59.366.146 төгрөг бөгөөд, талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу авах төлбөр биш юм. Хариуцагчийн зүгээс 59.366.146 төгрөгийг төлөхөд маргаагүй ба уг төлбөрийг гэрээний дагуу бус өмнө нь тооцоо нийлсний дагуух төлбөр тул төлөхөд маргаагүй. Харин алдангийг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 18/154 тоот гэрээний дагуу авах ёстой мэтээр дүгнэж, алдангийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Спирт бал бурам трейд ХХК нь Мөнххан трейд ХХК-с 69.366.146 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа худалдах-худалдан авах гэрээний төлбөр 59.366.146 төгрөг, алданги 10.000.000 төгрөг гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

1.Зохигчийн хооронд 2018 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр байгуулагдсан зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хариуцагч тухайн сард татан авсан барааны төлбөрийг сарын 9, 25-ний өдрүүдэд бэлнээр болон дансаар төлөхөөр харилцан тохирчээ /хэргийн 8-10 дугаар тал/.

 

Хоёр шатны шүүх уг гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т нийцсэн байна.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

Талууд 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тооцоо нийлж, Мөнххан ХХК нь бүтээгдэхүүний үнэ 59.966.146 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг зөвшөөрч, эрх бүхий этгээд гарын үсгээ зурж, баталгаажуулжээ /хэргийн 42 дугаар тал/.

 

Нэхэмжлэгч дээрх гэрээ, тооцоо нийлсэн баримтыг нэхэмжлэлийн үндэслэлд дурдан, шаардлагаа тодорхойлсон, зохигчид мэтгэлцсэн байна.

 

2. Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6.хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан.

 

Хариуцагч төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр гэрээний 7.1-т заасан, нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шаардлага, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэл, тайлбараа нотолж чадаагүй байна.

 

Хариуцагчийн хүсэлтээр анхан шатны шүүх хуралдаан 5 удаа хойшлогдсон, 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид мөн оны 7 дугаар сарын 04-ний өдөр мэдэгджээ /хэргийн 63 дугаар тал/.

 

Иймд ...шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, ...тооцоо нийлсний дагуу гарсан төлбөр нь 2018 оны 4 сарын 01-ний өдрийн гэрээний төлбөр биш, алданги төлөхгүй гэх гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08ы өдрийн 101/ШШ2019/01984 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18ы өдрийн 1704 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 175.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Г.ЦАГААНЦООЖ

 

  Д.ЦОЛМОН