Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2014/0426

 

 

“Х” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч

Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор ”Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч”Х” ХХК-ийн захирал Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:"...”Х” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2001 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 388 тоот захирамжаар эрх олгогдож, 2007 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 202 тоот захирамжаар шинээр баталгаажуулан, кадастрын зураг хийлгэсэн газрыг Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд эзэмшдэг юм. Гэтэл тус компанийн кадастр хийлгэсэн эзэмшлийн авто машины зогсоолын талбайг давхцуулан 720 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн А/1050 тоот захирамжаар “Х” ХХК-д олгосон байна.

 Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн А/1050 тоот захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан “тус компанийн кадастр хийлгэсэн эзэмшлийн авто машины зогсоолын талбайг давхцуулан 720 м.кв газрыг ... “Х” ХХК-д олгосон байна гэсэн нь ойлгомжгүй байна.

Кадастрын зураглал ба Газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.14, 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар газрын улсын бүртгэлд иргэн, аж ахуй нэгж байгууллагын эзэмшил газрыг бүртгэх бөгөөд нэхэмжлэлийн эзэмшлийн 302 м.кв газар нь газрын улсын бүртгэлд нэгж талбарын 18645311143158 дугаартайгаар нэхэмжлэгч компанийн нэр дээр бүртгэгдсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” А/1050 захирамжаар “Х” ХХК-д эзэмшүүлсэн 720 м.кв газар нь”Х” ХХК-ийн эзэмшил газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй, нэхэмжлэгч компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

... Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд маргаан бүхий актыг хүчингүй болгохыг шаардах эрхгүй этгээд буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул Захиргааны хэрэг хянан ( шийдвэрлэх хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, 74 дүгээр зүйлийн 74.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг буцаах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн захирал н.Ч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Манай “Х” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн А/1050 захирамжаар Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Ийст төвийн хойно 720 м.кв газар эзэмшиж байна.

Уг газар нь манай компанид Газрын тухай хуулийн дагуу олгогдсон газар эзэмшин эрхийн гэрчилгээтэй, аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан, кадастрын мэдээллийн санд 18645311163189 дугаартайгаар 302 м.кв-аар мэдээллийн санд бүртгэгдсэн, энэ газартай манай эзэмшлийн газар давхцаагүй, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

Манай компанид газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн А/1050 дугаар захирамж нь”Х” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн дүгээр сарын 15-ны өдрийн 405 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ”Х” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн А/1050 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн Засаг даргаас “Х” ХХК-д олгосон 720 м.кв газрыг 2013 оны 12 дугаар сарын 3- ны өдрийн А/1050 тоот захирамжаар манай компанийн зочид буудлын үүднээс 2-3 м зайтай 18645311163189 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрх олгож үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж, зочид орох гарах, гал команд, эмнэлгийн машин орох гарах боломжгүй болгосныг зөв гэж үзсэн нь хууль бус юм.

Тухайн газрыг өмнөх эзэмшигч “А” ХХК барилга барих хүсэлтийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандаж байсан “Х” ХХК-ийн 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн “Манай компанийн барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан уг зогсоолыг оруулан барилгын хашаа татах болсон...” гэсэн албан бичгээр илэрхийлсэн. Нийслэлийн Онцгой байдлын газрын 2014.4.16-ны 10/34 тоот улсын байцаагчийн дүгнэлтээр галын аюулгүй байдлыг зөрчсөн гэсэн байхад “Х” ХХК-ийн үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй газарт байхад барилга бариагүй ”Х” ХХК-ийн эрх ашгийг хөндөөгүй гэсэн нь заавал барилга барьсан бол эрхийг зөрчсөн, бариагүй бол зөрчөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй болно. Гэтэл “Х” ХХК нь хашаагаа бариад эхэлсэн бөгөөд маргаан гарсан учраас хашаа барих ажлаа түр зогсоосон байгаа.

Барилга барих эрхийн үндэс нь үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх болж байгаа учир бид тухайн газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох хүсэлтэй байгаа юм.

Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт, энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно."

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт “Хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулахад дэд бүтцийн хангамж, хөгжлийн чиглэл, ариун цэвэр, эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдлын шаардлага, газар зохион байгуулалт, хот байгуулалтын төлөвлөгөөг үндэслэнэ.” гэж зааснаар Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах байтал 2004 онд “А” ХХК-ийн 0,015 га газрыг эзэмшиж байсан газрыг нь шилжүүлэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 360 тоот захирамжаар 720 м.кв газар эзэмшүүлэн “Х” ХХК-д 2013.12.3-ны өдрийн А/1050 тоот захирамж газар эзэмших эрх шилжүүлсэн нь ”Х” ХХК-ийн зочид буудлын үүдийг хааж бизнесийн үйл ажиллагаанд саад учруулж байна.

Засаг дарга нь газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхдээ газар эзэмшүүлэхэд тавигдах үндсэн шаардлагыг хангасан эсэхэд хяналт тавих үүргээ биелүүлсэнгүй.

Одоо уг газрыг “Х” ХХК эзэмшиж байгаа тул бид эзэмших эрхийг нь хүчингүй болгох шаардлага гаргасан.

Эрх мэдэлтэй хүн гадаадын хөрөнгө оруулалттай компанид газар ашиглуулах байтал эзэмшүүлэн Монгол Улсын хуулийг уландаа гишгэж байхад шүүх харгалзан үзсэнгүй.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж, нэхэмжлэлийн шаардлагын агуулга буюу захиргааны актыг хууль бус гэж үзсэн үндэслэлүүд нь ямар баримтаар хэрхэн няцаагдаж байгаа талаар дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь нэхэмжлэлийн агуулгадаа “... манай зочид буудал руу үйлчлүүлэгч орох, гарах гарцгүй, хаалганаас 1-3 м зайтай байгаа. Одоо барилга бариагүй хэдий ч газар эзэмших зориулалт нь үйлчилгээнийх байгаа учир гурван жилийн дараа барилга барихыг үгүйсгэхгүй. Галын аюулгүй байдал зөрчигдөж байна...” гэж дурдан, Нийслэлийн онцгой байдлын газрын ... дүгнэлт, автомашины зогсоолоор ашиглаж буй газрын кадастрын зураг зэргийг нэхэмжлэлдээ хавсарган ирүүлжээ.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн дээрх үндэслэлүүдэд дүгнэлт өгч, хавсаргасан баримтыг дүгнэлгүй, “нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшил газрын кадастрын зурагт 2006 оноос өөрчлөлт ороогүй, нэхэмжлэгчийн газартай давхцаагүй, маргаан бүхий газарт ямар нэгэн объект, хашаа баригдсан зүйлгүй, барилгын ажил явагдсан шинжгүй байгаа нь үзлэгээр нотлогдсон ба маргаан бүхий газар нь автомашины зогсоол бүхий байдалтай, нэхэмжлэгчийн эзэмшиж буй газарт байрлах зочид буудлын орц, гарцыг хаасан зүйлгүй байна” гэж үзэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэжээ.

Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргаж байгаа газрыг 2004 оноос хойш “А” ХХК эзэмшиж байсан гэх боловч газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүйгээс тухайн газрыг нэхэмжлэгч ”Х” ХХК нь автомашины зогсоолын зориулалтаар ашиглаж байсан нь тогтоогджээ.

Хариуцагч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.2-т заасны дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ шилжүүлэхийг хүссэн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхийг шалгах үүрэгтэй.

Түүнчлэн хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь газар эзэмших эрхийг шилжүүлэн шийдвэрлэсэн хэдий ч Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулахад дэд бүтцийн хангамж, хөгжлийн

 

/&

чиглэл, ариун цэвэр, эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдлын шаардлага, газар зохион байгуулалт, хот байгуулалтын төлөвлөгөөг үндэслэнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч болон “А” ХХК-д анх газар эзэмшүүлэх үеийн нөхцөл байдлаас тухайн газар орчмын барилгажилт, үйлчилгээний барилга байгууламжийн нягтаршил өөрчлөгдсөнтэй уялдаж газар зохион байгуулалтын болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт орсон эсэх, анхны зориулалт, хэмжээгээр газрыг шилжүүлэн эзэмшүүлэх нь уг төлөвлөгөөнд нийцэх эсэх, нэгэнт баригдаад үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлчилгээний барилга байгууламжийн орц гарц, автомашины зогсоол, нийтийн эзэмшлийн зам талбай зэрэг үйл ажиллагаагаа явуулахад нь зайлшгүй шаардлагатай газар байгаа эсэх, галын аюулгүй байдлын шаардлага хангаж байгаа эсэх зэргийг нягтлан шалгаж шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа "... нэхэмжлэгч”Х” ХХК болон “А” ХХК-д хэн алинд нь газар эзэмшүүлэх үед газар зохион байгуулалтын төлөвлөгөө, дуудлага худалдааны зарчмаар газрыг эзэмшүүлээгүй, нөхцөл байдал нь ижил учраас бид хууль зөрчөөгүй” гэж тайлбарлах боловч энэ нь захиргааны актыг зөв гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлд холбогдох баримтуудыг цуглуулан нотлох баримтуудыг харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнэлт хийж хэргийг дахин шийдвэрлэх шаардлагатай,

Шүүх нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд хэрэгт ач холбогдолтой гэж үзэж 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1/4997 дугаар албан бичгээр шаардсан атлаа “хэрэгт ач холбогдолгүй” гэх үндэслэлээр гаргаж өгөөгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт хөтлөгдөн хэрэгт ач холбогдолтой нотлох баримтаа цуглуулаагүй нь ЗХХШТХ-ийн 31.1, 31.5-д заасныг зөрчсөнийг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуунаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогоос буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                    ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН.

 

                    ШҮҮГЧИД:                                      Д.БАТБААТАР

                                                                            Д.БААТАРХҮҮ

                                                                            С.МӨНХЖАРГАЛ