Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 406

 

 

 

 

 

 

2019             5               2                                           2019/ДШМ/406

 

                                                      Г.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунжаргал, түүний өмгөөлөгч Ц.Монгол,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Ад холбогдох 1803008200430 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С овгийн Г-ын А, 1993 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто гридрийн операторч мэргэжилтэй, “Наранбулаг Хан” ХХК-д авто гридрийн операторч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ....... газар оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

 

Г.А нь согтуугаар 2018 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 04 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Яармагийн гүүрний хойд замд “Toyota premio” загварын, ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 9.2-т заасныг зөрчсөнөөс явган зорчигч Б.Цыг мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт,

мөн дүрмийн 2.5, а, б, в-д заасныг зөрчин дээрх зам тээврийн осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Тээврийн прокурорын газраас: Г.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С овогт Г-ын Аг “Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд, Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, С овогт Г-ын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/жилийн хугацаагаар хасаж, 04 /дөрөв/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг журамлан Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялыг, торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 01 /нэг/ хоногоор дүүцүйлэн тооцсон 90 /ер/ хоног буюу 03 /гурав/ сарын  хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 04 сар 01 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 04 жил 04 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ад оногдуулсан 04 /дөрөв/ жил 04 /дөрөв/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан 04 жил 04  сарын хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Г.Агаас гэм хорын хохиролд 20.079.277 /хорин сая далан есөн мянга хоёр зуун далан долоо/ төгрөг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 21-61 тоотод оршин суух хаягтай Тугчин овогт Болдын Ариунжаргалд /РД:......../ олгож, нэхэмжлэлээс үлдэх 58.249.473 /тавин найман сая хоёр зуун дөчин есөн мянга дөрвөн зуун далан гурав/ төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн 33-29 СЭА улсын дугаартай, №01954137 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ бүхий ГАгийн эзэмшлийн Тоёота Премио загварын тээврийн хэрэгслийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх зорилгоор, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №944041 дугаартай үнэмлэх баримтыг түүнд оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг тухайн байгууллагад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий СD нэг ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, Г.А нь цагдан хоригдоогүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Г.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие уг хэрэгт холбогдсон цагаасаа эхлээд гэмээ ойлгож, ухаарч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэгт шалгагдаж эхэлсэн цагаасаа, мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтын шатанд хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруутай гэдгээ дахин дахин хүлээн зөвшөөрч байна. Талийгаачийг санаатай биш, санамсар болгоомжгүй, өөрийн хайхрамжгүй байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ мөргөж харамсалтайгаар амь насыг нь хохироосон энэ үйлдэлдээ би одоо болтол харамсаж, шаналж байна. Согтууруулах ундаа болон хууль бус үйлдэл хийж болдоггүй юм байна гэдгийг хоригдож байх хугацаандаа ойлгон ухамсарлаж байна. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг минь харгалзан үзэж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Агийн өмгөөлөгч Д.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн зүгээс шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Г.Агийн буруутай үйлдлээс гадна хохирогчийн буруутай үйлдэл осол гарах шалтгаан болсон байгааг харгалзан үзсэнгүй. Мөн шүүгдэгч Г.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн нөхцөл бололцоогоороо хохирлын тодорхой хэсгийг төлж байсан бөгөөд шүүх хуралдааны явцад шүүхээс тогтоож өгөх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг анхан шатны шүүхээс харгалзан үзсэнгүй. Амь хохирогчийн бага насны хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 13.574.499 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хохирогч нь осол гарах үед ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй бөгөөд хувиараа таксинд явдаг байсан гэдэг. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хохирогчийн орлогыг тодорхойлох ямар нэгэн баримт байхгүй, хүн амын орлогын албан татвар төлөгч биш, түүний олж байсан орлогыг тодорхойлох боломжгүй, орлогын баримтууд хэрэгт авагдаагүй байхад тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хасаж гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч Г.Ад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан ялын доод хэмжээгээр оногдуулж, мөн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан торгох ялыг 3 сарын хорих ялд дүйцүүлэн тооцож, нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 4 сарын хугацаагаар тогтоож, шийтгэх тогтоолын 6 дахь заалтын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 13.574.499 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунжаргалын өмгөөлөгч Ц.Монгол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.А нь бусдын амь насыг хохироочихоод шүүхээс оногдуулсан ял шийтгэл хүндэдсэн гэж давж заалдах гомдол гарган, хохирол төлөхөөс зайлсхийж байгаад гомдолтой байна. Ер нь хохирогч талаас шүүгдэгчийн ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэж байгаа. Давж заалдах шатны шүүх сэтгэл санааны хохирлоос тодорхой хэмжээний мөнгийг гаргуулж өгнө үү. Амь хохирогчийг хөдөлмөр эрхэлдэггүй байсан гэж яриад байна. Тэрээр эгчийнхээ нэр дээр зээл аваад хувиараа таксинд явдаг байсан нь нотлогдсон. Хамгийн гол нь нийгмийн даатгал болон татвар төлдөг байсан гэх баримт байхгүй. Тийм учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэмжийн зөрүү тооцож нэхэмжилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлаар өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хөнгөрүүлэх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид 4 жил 4 сарын хорих ял оногдуулсан. Миний хувьд ял шийтгэлийг нь хөнгөрүүлэх үндэслэл байхгүй, хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байгаа. Хүний амь нас эрсдээд, хүүхэд нь өнчирж, аавыгаа нэхээд, эхнэр нь хөдөлмөрийн чадваргүй байхад 13.000.000 төгрөгтэй холбоотой хэрүүл маргаан хийгээд, 4 жил 4 сарын хорих ялыг их байна гэж яаж хэлж чадаж байна вэ. Надад үнэхээр хэцүү байна. ...” гэв.

 

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээх саналтай байна. Г.А “би болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргасан”, өмгөөлөгч Д.Тунгалаг “зам тээврийн осол гарахад явган зорчигчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн учраас ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, жолооч Г.А тухайн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь холбогдох баримтаар тогтоогдсон. Жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодно гэдэг нь санаатай үйлдэл. Харин зам тээврийн осол гаргасныг болгоомжгүй гэж үзнэ. Шүүх явган зорчигчийн буруутай үйл ажиллагаа байсныг харгалзан ял шийтгэлийг оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч Г.А нь согтуугаар 2018 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 04 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Яармагийн гүүрний хойд замд “Toyota premio” загварын, .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7 дахь заалт “...Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. ...”, гэж тус тус заасныг зөрчсөнөөс явган зорчигч Б.Цыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг,

мөн дүрмийн 2.5, а, б, в-д заасан “...Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх. ...” гэж заасныг тус тус зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Г.Агийн яллагдагчаар өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын 27-ны орой 19-20 цагийн үед Буяннэмэхтэй 1 шил 0.75 литрийн “Эден” архи хувааж уусан, ...тэгээд машинаа жолоодоод Яармагийн гүүр даваад явж байтал замын хойд талд байдаг цэнхэр хашааны үзүүрээс нэг хүн эсрэг урсгалын том машины урдуур гарч ирсэн. Би тэр хүнийг замын голд зогсчих байх гэж бодоод тулаад иртэл эсрэг урсгалын машины гэрлийн гялбаанд ороод гараараа хаагаад зам руу хартал тэр хүн машины урдуур орж ирээд мөргүүлсэн. Би тэр хүнийг мөргөөд айсандаа зогсолгүй цааш нилээн яваад эхний гэрлэн дохиотой уулзвараар баруун эргээд бетон арматурын зогсоолд ороод зогссон. ...” /1хх 197-198/,

гэрч Б.Буяннэмэхийн “...2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ажил тарсны дараа би А руу залгаад бид хоёр пабад орж 0.75 литрийн “Эден” гэдэг архи хувааж уусан, ...бид хоёр архиа ууж дуусаад шөнийн 00 цаг өнгөрч байхад пабаас гараад гэр гэрлүүгээ салаад явсан. ...”  гэх мэдүүлгүүд /1хх 117/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2151 дугаартай “...Талийгаач Б.Цын биед баруун зулай ясны цөмөрсөн хугарал, баруун зулай ясны цөмөрсөн хугарлаас баруун чамархай, суурийн дунд хонхор луу чиглэсэн шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархайн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, цээжний баруун, зүүн талын олон хавирганы хоёрлосон хугарал, цээжний зүүн хөндий дэх цусан хураа /1.0 л/, зүүн уушгины бүрэн авчилт, баруун уушгины дээд дэлбэнгийн няцрал, цус хуралт, элэгний язрал, зулайн хуйханд шарх, дух, хамрын нуруу, цээж, хэвлийн, ар нуруу, хамрын нуруу, зүүн бугалга, баруун, зүүн тохой, зүүн сарвуу, гуя, баруун, зүүн өвдөг, зүүн тахим, баруун, зүүн тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын гэмтлийн үед үүсэх боломжтой. Талийгаачийн биед учирсан гавал тархины гэмтэл болон цээжний битүү гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл болно. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны 06 цаг 20 минутын үзлэгээр нас бараад 2-4 цаг болжээ. Талийгаачийн цусанд 2.9 промилли, ходоодны шингэнд 6.9 промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /1хх 137-138/,

            Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 712 дугаартай “...“Toyota premio” загварын, 33-29 СЭА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2, 2 дугаар бүлгийн 2.7, 2.5, а, б, в-д  заасныг тус тус зөрчсөн. ...” байна гэх дүгнэлт /1хх 180-181/,

жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 13/,

камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх  26/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний лабораторийн 5671, 5675 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1хх 142-147/, /1хх 154-157/,

хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 2-11/ болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Жолооч Г.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин явган зорчигч Г.Цыг мөргөж, түүний амь насыг хохироож, ослын газраас тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй байх, осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх, ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэсэн мөн дүрмийг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Аг  авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Уг осол гарахад жолооч болон явган зорчигчийн аль аль нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн буруутай боловч осол гарахад жолоочийн буруутай үйлдэл шууд нөлөөлсөн, гол буруутай  гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нар нь “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү..., тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 13.574.499 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч Г.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 4 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Харин “...тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 13.574.499 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна...” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын тухайд, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т “нас барагчийн 8 нас хүрээгүй хүүхэд...”-ийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс, орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/ гэм хор учруулсан төлбөр авах эрхийг, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т төлбөр гаргуулах хэмжээ, 508 дугаар зүйлийн 508.4.1-4.4-т гэм хор учруулсны төлбөрийг нөхөн төлөх хугацаа, нөхцөлүүдийг тус тус тодорхойлон заажээ.

 

Амь хохирогч Б.Ц нь хувиараа такси үйлчилгээнд явж орлого олдог байсан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй учир түүнийг цалин орлоготой байсан гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, амь хохирогч нь орлого олж, олсон орлогоосоо татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Амь хохирогч Г.Цын 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Ц.Хатанболд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгон сар бүр 155.000 төгрөгийн тэтгэмж авч байгаа болох нь хэргийн 110 дугаар талд авагдсан тэжээгчээ алдсаны тэтгэврийн дэвтрээр тогтоогдов.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунжаргалын хүүхэд асарсны зардал буюу гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар тооцож үзэхэд, тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /2018 онд 240.000 төгрөг/ болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн хооронд зөрүү гарахгүй байгаа тул тэтгэмжийн зөрүү 13.574.499 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, амь хохирогч нь цалин хөлс, орлогогүй байсан тул 2018 оны Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240.000 төгрөгийг /гэр бүлийн 3 гишүүнд хувааж/=нэг гишүүнд 80.000 төгрөг ногдох ба амь хохирогч болон хөдөлмөрийн чадвартай этгээдэд нийт 160.000 төгрөг ногдож, 240.000-160.000-155.000 /тэжээгчээ алдсаны тэтгэмж/=-75.000 төгрөгийн хасах үлдэгдэл гарч байгаа нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн хооронд зөрүү гарахгүй байна гэж үзэв.

 

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэхгүй тул хасаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Мөн сэтгэл санааны гэм хор учруулсны нөхөн төлбөр 50.000.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч мөн хуулийн 230.2-т “гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан. Гэтэл Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцож арилгах талаар зохицуулаагүй тул 50.000.000 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхисон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. 

 

Анхан шатны шүүх баримтын хүрээнд шүүгдэгчээс гэм хорын хохиролд 20.079.277 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэснээс дээрх үндэслэлээр 14.574.499 төгрөгийг хасаж, шүүгдэгч Г.А нь 10.000.000 төгрөг төлсөн байх тул үлдэгдэл 1.504.778 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан, шүүгдэгч Г.Агийн өмгөөлөгч Д.Тунгалагийн “...тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 13.574.499 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Г.А болон түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын давж заалдах гомдлын “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Г.Агаас гэм хорын хохиролд 20.079.277 /хорин сая далан есөн мянга хоёр зуун далан долоо/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 21-61 тоотод оршин суух хаягтай Тугчин овогт Болдын Ариунжаргалд /РД:ЧС84021908/ олгож, нэхэмжлэлээс үлдэх 58.249.473 /тавин найман сая хоёр зуун дөчин есөн мянга дөрвөн зуун далан гурав/ төгрөгийн шаардлагыг хангахгүй орхисугай. ...” гэснийг  “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Г.Агаас гэм хорын хохиролд 1.504.778 /нэг сая таван зуун дөрвөн мянга долоон зуун далан найм/ төгрөг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунжаргалд олгож, нэхэмжлэлээс үлдэх 72.824.971 төгрөгийг хангахгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ талаархи баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалагийн давж заалдах гомдлын “...тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 13.574.499 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэсэн хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Г.А болон түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын давж заалдах гомдлын “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН