| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2021/0183/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/192 |
| Огноо | 2021-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
Шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2107 00000 0152 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 18-ны өдөр ******* төрсөн, эрэгтэй, ******* настай, халх, ******* боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ******* оршин суух бүртгэлтэй,
Урьд Баянхонгор аймгийн прокурорын газрын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 5/50 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1793 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 440 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж байсан,
/РД: *******/, ******* овогт *******гийн *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тоотод байхдаа Б.той чи хүүхдэдээ нууж мөнгө өглөө гэх шалтгааны улмаас маргалдаж баруун гарын сарвуун тус газарт хутгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хамаарагдан холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Хүүхэдтэй мөнгө өгчихөөд ирлээ гэсэн. Тэгээд уурласан чинь намайг алгадсан. Тэгээд уурлаад хутгаар гар луу нь зоосон. Хутгаар мах шулж байгаад шургуулганд хийсэн байсан. Миний буруу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Улсын яллагч нь шүүгдэгчийн гэм бурууг нотлуулах зорилгоор шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтууд:
Шүүгдэгч Т.******* яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 17 цагинй үед тоотод Б.ийн хамтаар гэрт нь хуушуур хийгээд байж байсан. Тэгээд удалгүй Б. бид хоёр түүний хүүхэддээ нууж өгсөн мөнгөнөөс болж хоорондоо хэрэлдэж муудалцсан юм. Тухайн үед Б.од "чамд мөнгө байхгүй гээд байсан байж байшд" гэж хэлсэн чинь надад "би чиний цагддаг хүн чинь биш шүү" гээд надруу уурлаж миний нүүрлүү 2-3 удаа алгадчихаад буцаад яваад өгөхөөр нь миний уур хүрээд түүнрүү ширээн дээр байсан нэг юм аваад шидээд оноогүй. Яг юу шидсэнээ одоо сайн санахгүй байна. Тэгсэн чинь Б. дахиж над руу уурлаж хүрч ирээд "чи муу араас юу шидээд байгаа юм бэ" гэж хэлээд дахиад миний нүүрлүү хэд хэдэн удаа алгадаад байхаар нь уур хүрээд тухайн уед ширээн дээрээс хуушуурны мах татаж байсан хутга аваад түүнийг айлгах санаатай далайсан чинь Б.ын гарын алгыг нь зоож зүссэн юм. Өөрөөр түүний биед халдсан зүйл байхгүй....Дээрх гэмтлийг би Б.ийн биед учруулсан юм.... Б. намайг нүүрлүү нь минь гараараа олон удаа алгадсанаас өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Алгадах үед миний биед өөр ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй.... Бид хоёр хоёулаа эрүүл байсан... Би Б.ийг таньдаг болоод удаагүй учир тийм зүйл ерөөсөө байхгүй... Тухайн үед Б.од алгадуулсан уурандаа л бие барьж чадалгуй түүний биед халдаж гэмтэл учруулах болсон юм... Би бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх болно....” /хх-44/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 380 дүгээр шинжээчийн дүгнэлтэд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-04/,
Эд мөрийн баримтаар хураасан тэмдэглэл /хх-05/, зэрэг нотлох баримтуудыг,
Хохирогч Б.ын гомдол санал , нэхэмжлэх зүйл байхгүй гэж бичсэн хүсэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар нь шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруу дээр маргахгүйгээр түүний хувийн байдлыг хөнгөрүүлэх зорилгоор хэлэлцүүлсэн
Хохирогч Б.ын мэдүүлэг, хүсэлт ,
Хохирогчид хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлын талаарх бичгэн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт Шүүгдэгчийн гэм буруугийн талаар эрүүгийн хэргийн нотлох баримтуудаас талуудын хэлэлцүүлсэн Хохирогч Б. нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд гэрт ирсэн хойноо Т.******* надтай "чи хүүхэддээ нууж мөнгө өглөө" гэх шалтгаанаар хэрүүл хийж бид хоёрын дунд маргаан болсон. Надтай хэрэлдэх үеэр Т.******* эхлэж над руу хөрөө ирэлдэг жижиг төмөр шидээд оноогүй тэгэхээр нь би түүнээс "чи яаж байгаа юм бэ" гэхэд надад "яадаг юм" гээд жижиг хутга бариад надруу далайхаар нь түүнийг нь гараараа хаатал миний баруун гарлуу хутгаараа зоочихсон...”гэх мэдүүлэг, Шүүгдэгч Т.*******ийн шүүхэд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгсэн чинь Б. дахиж над руу уурлаж хүрч ирээд "чи муу араас юу шидээд байгаа юм бэ" гэж хэлээд дахиад миний нүүрлүү хэд хэдэн удаа алгадаад байхаар нь уур хүрээд тухайн үед ширээн дээрээс хуушуурны мах татаж байсан хутга аваад түүнийг айлгах санаатай далайсан чинь Б.ын гарын алгыг нь зоож зүссэн юм. Өөрөөр түүний биед халдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 380 дүгээр шинжээчийн дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтаар хураасан тэмдэглэл , Хохирогч Б.ын гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтууд нь нэг үйл баримтын талаар зөрүүгүй байдлаар тогтоогдсон, үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байдлыг шүүх хянаад шүүгдэгч Т.*******ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тоотод байхдаа хохирогч Б.ыг чи хүүхдэдээ нууж мөнгө өглөө гэх шалтгааны улмаас маргалдаж байхдаа шүүгээнээс хутгыг авч түүний өөдөөс хутга далайн улмаар баруун гарын сарвуун тус газарт нэвт хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь тогтоогдож байна.
Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдэхдээ маргалдах явцдаа шүүгээнээс хутгыг авч хутгалсан ухамсарт үйлдлийг нь шүүх Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ” өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн , хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан түүнийг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзлээ.
Мөн энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч , хохирогч нарын гэр бүлийн харилцаатай ч харилцан үл хүндэтгэсэн харилцаанаас үүдэлтэй байна.
Шүүгдэгч Т.*******т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон хууль ёсны эрхийг хязгаарлаагүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Т.*******т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.*******т холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд тухайн зүйлд заасан торгох ялыг, шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн эрүүл мэндийн улмаас ажил хийлгэх боломжгүй нөхцлийг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсхүл торгох ялыг доод хэмжээгээр оногдуулахаар тус тус дүгнэлтүүдийг гаргажээ.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “ хохирогчийн зүй бус харилцаанаас үүдэлтэй гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон шүүгдэгчийн эрүүл мэндийн хувьд 5 сартай жирэмсэн хувийн байдлыг харгалзан үзээд түүнд тухайн зүйлд заасан торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ял зэргээс сонгож 500 нэгжтэй тэнцэх буюу 500000 төгрөгийн торгох ял шийтгэлийг оногдуулж, оршин суух тодорхой хаяг, ажил эрхэлдэггүй байдлаас хамааран уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.*******ийн цагдан хоригдсон 2 хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож түүнд 30.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.******* нь хохирогчийн хүсэлтийг үндэслэн түүнийг бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ийн цагдан хоригдсон 2 хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож түүнд 470.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т оногдуулсан 470000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Т.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 26 сантиметр урттай шар , улаан өнгийн оруулгатай иштэй 1 ширхэг хутгыг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүц эл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД