Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/562

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Б.Чинзориг,

шүүгдэгч Ш.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ш.Лийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208010530217 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун түрүү давааны ** дугаар гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Дунд Нарангийн **дугаар гудамж, *** тоотод түр оршин суух,

урьд Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 173 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 275 дугаар зүйлд зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан, Б овогт Ш-ын Л (РД:*******).

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.Л нь 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 07 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын замд “Nissan Wingroad” маркын ***УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан “Toyota Prius 30” маркын ***УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тус тээврийн хэрэгслийн зорчигч Т.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Х.Төмчлөлийн тээврийн хэрэгсэлд 5,994,250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ш.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Үлдсэн хохирлоо төлж амжаагүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу” гэв.

 

Эрүүгийн 2208010530217 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Г:2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 07 цаг 20 минутын орчим би нөхөр Тын эзэмшлийн Тоёота Приус-30 маркын ***УНК улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн машинтай дүү Г, охин О нарын хамт гэрээсээ гараад 42 дугаар сургуулийн зүг Тахилтын замаар явж байсан. Тахилтын 1 дүгээр автобусны буудал руу өгсөж байтал эсрэг урсгалд явж байсан нэг машин огцом дараад урсгал сөрж ирээд миний машины урдаас мөргөсөн. Би манараад 5 орчим минут бууж чадаагүй. Тэнд байсан хүмүүс түргэн дуудаад намайг машинаас буулгасан. Тухайн үед Г урд суудлаа мөргөсөн, Оийн толгойноос цус гараад байсан. Түргэн ирж бид гурвыг үзээд гэмтлийн эмнэлэгт очиж зураг авхуулах шаардлагатай гэж зөвлөөд явсан. Мөргөсөн машины жолооч бууж ирээд хаалга онгойлгоод “яаж байна, юу болж байна, түргэн дуудах уу” гэж байсан. Саадыг тойрч гарах гэж байгаад осол гаргасан гэж хэлсэн. Охин О толгойдоо 4 оёдол тавиулсан, Г үзлэг хийлгээд цээжний зургаа авхуулсан. Би үзлэг хийлгээд толгойн зургаа авахуулсан. Тэгээд охиныхоо гарыг шохойдуулаад шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би, дүү Г нар биеийн байдал гайгүй, хугарч бэртсэн зүйлгүй учир шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Оийн эмчилгээний зардалд 55,200 төгрөгөөр эм тариа авсан. Жолооч Л 86,000 төгрөгөөр эм тариа авч өгсөн. Бид хоёр 240,000 төгрөгөөр зураг авхуулсан өөр зардал гаргаагүй. Машинд үнэлгээгээр 5,994,250 төгрөг гарсан ба уг үнэлгээг би хүлээн зөвшөөрч байгаа. Харин үнэлгээний 300,000 төгрөгийг жолооч Л гаргасан. Нийт 6,289,450 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.03.04-ний өдрийн 3633 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Т.Оийн биед баруун шуу ясны хугарал, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

“Мастер үнэлгээ” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 2022.02.14-ний өдрийн 8095 дугаартай тайланд: “Toyota Pruis-30” маркын авто машинд үнэлгээгээр 5,994,250 төгрөгийн хохирол тогтоов” гэжээ. (хавтаст хэргийн 73-79 дахь тал),

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022.04.13-ны өдрийн 400 дугаар магадлагаанд: “1. Nissan Wingroad маркын ***УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ш.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Toyota Pruis-30 маркын ***УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ (хавтаст хэргийн 97-98 дахь тал),

зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хх-6-8), иргэний нэхэмжлэгч Х.Тмэдүүлэг (хх-33), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-85), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-89), жолоодох эрхийн лавлагаа (хх-83), иргэний оршин суугаа хаягийн лавлагаа (хх-84), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй тодорхойлолт (хх-87), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-112, 113), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” тогтоол (хх-120), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-119) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг,

улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 173 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ш.Л нь 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 07 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын замд “Nissan Wingroad” маркын ***УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан “Тоёота Приүс-30” маркын ***УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тус тээврийн хэрэгслийн зорчигч Т.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Х.Төмчлөлийн тээврийн хэрэгсэлд 5,994,250 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Э.Г ...Тахилтын 1 дүгээр автобусны буудал руу өгсөж байтал эсрэг урсгалд явж байсан нэг машин огцом дараад урсгал сөрж ирээд миний унаж явсан машины урдаас мөргөсөн...” гэх мэдүүлэг (хх-31-32), шүүх эмнэлгийн 3633 дугаар “1. Т.Оийн биед баруун шуу ясны хугарал, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх шинжилгээ (хх-23-24), Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 400 дугаар “1. Nissan Wingroad маркын ***УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ш.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 12.3. гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа (хх-97-98) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ш.Лийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа саад тойрон гарах үйлдэл хийхдээ эсрэг урсгал руу орж тээврийн хэрэгслийг мөргөн хохирогч Т.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд 295,200 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохирол төлөгдөөгүй.

Мөн иргэний нэхэмжлэгч Т.Тын тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр 5,994,250 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохиролд 5,000,000 төгрөг төлөгдсөн, насанд хүрээгүй хохирогчийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нартай шүүгдэгч Ш.Л нь “Үлдэгдэл нийт 1,289,450 төгрөгийг 2022 оны 05 сарын 01-ний өдөр өгөхөөр тохиролцсон” байх боловч одоогоор төлөгдөөгүй, насанд хүрээгүй хохирогчийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын “Үлдэгдэл хохирлоо авбал гомдол саналгүй” гэх хүсэлт (хх-112, 113)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Ш.Лоос 1,289,450 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Г, иргэний нэхэмжлэгч Т.Т (Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын *** дугаар гудамж, ** тоотод оршин суух, РД****) нарт олгохоор шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Ш.Л нь 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 07 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын замд “Nissan Wingroad” маркын ***УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, мөн дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан “Тоёота Приүс-30” маркын ***УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тус тээврийн хэрэгслийн зорчигч Т.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Х.Төмчлөлийн тээврийн хэрэгсэлд 5,994,250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 1 сарын хугацаагаар шүүхээс тогтоосон чиглэлээр буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах саналтай...” гэж,

шүүгдэгч “Хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Ш.Л “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулахаар талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (жолооч тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж эсрэг урсгалд орж тээврийн хэрэгслийг мөргөн зорчигчид гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирлын баримтаар Э.Г, Т.О Т.Г нарын эмчилгээний зардалд 295,200 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Тын тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр 5,994,250 төгрөгийн хохирол учирсныг тус тус нэхэмжилсэн, хохиролд 5,000,000 төгрөг төлөгдсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас “үлдэгдэл 1,289,450 төгрөгөө авбал гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд шүүгдэгч Ш.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1 сарын хугацаагаар шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Л цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Ш-ын Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Лийг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Л зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Лоос 1,289,450 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Х.Т (Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ** дугаар гудамж, *** тоотод оршин суух, РД:***) нарт олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Л цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Лид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР