| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2022/0657/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/663 |
| Огноо | 2022-05-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/663
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: П.Золбаяр,
улсын яллагч: Р.Мягмардорж,
шүүгдэгч: С.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 0000000000 тоот хэргийг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц м овогт С-ын Б /РД:............../
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр *****аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4. эхнэр 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Хөтөл 0-0 тоотод оршин суух, урьд шийтгэлгүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч С.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 18-ны шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сснгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Э-ын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн эрүүл мэндэд нь “зүүн 6,9-р хавирганы хугарал, зулайн хуйханд цус хуралт, зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч С.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 18-ны шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сснгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт 105 дугаар сургуулийн хойно байрлах гарцны хажууд хохирогч О.Э-ын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн, өшиглөж дэвсэх зэргээр эрүүл мэндэд нь “зүүн 6,9-р хавирганы хугарал, зулайн хуйханд цус хуралт, зулгаралт, цээжинд цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-6-р хуудас/
-Хохирогч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...4-5 хүмүүстэй маргалдаж муудалцаад эхлэхээр нь бид нар зам гарч очоод салгаж болиулсан юм. Тэгтэл нэг халамцуу өндөр туранхай залуу хувцсаа тайлж шидээд цээжээ нүцгэлж орилж чарлаж бид нарын араас гүйж ирээд намайг барьж аваад газар унагааж цээж болон зүүн хавирга хэсэгт 2-3 удаа өшиглөөд автал хавирга эвгүй болоод явчихсан, хажуунаас хүмүүс салгаж болиулахаар нь тухайн залуутай хамт явж байсан эрэгтэйд хандаж миний хавирга эвгүй болчихлоо эмнэлэгт үзүүлмээр байна гэж хэлтэл намайг цохисон залуу надад 200.000 төгрөг өгөхөөр гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлж зураг авахуулаад эмнэлгийн цагдаа надтай уулзаж юу болсон юм гэж асуухаар нь болсон зүйлийн талаар хэлтэл бүртгээд авчихсан...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй Б-оос эмчилгээний зардалд 450.000 төгрөг бэлнээр гаргуулж авсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-р хуудас/,
-Гэрч X.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хажуугаар 4-5 залуу 1 эмэгтэй хүмүүс зөртөл нэг халамцуу залуу нь хажуугаар гарахдаа манай нөхрийн цээж рүү түлхээд шанаа хэсэгт нэг удаа цохиод авсан тэгэхдээ гэмтэл учруулаагүй, манай нөхөр уурлаж хувцсаа тайлж дээгүүрээ цээж нүцэглээд тухайн залуутай барилцаж автал дахин 2 залуу нэмэгдэж ирээд маргалдаж муудалцахаар нь бид нар хажуунаас нь салгаж болиултап намхан туранхай халамцуу залуу намайг хэл амаар доромжилж хараатал манай нөхөр Б уурлаж намайг өмөөрч тухайн залууг барьж аваад газар унагаж байгаад цээж хэсэгт нь өшиглөх шиг болохоор нь очиж салгаж аваад явцгаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-р хуудас/,
-Гэрч А.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...нэг халамцуу залуу Б-жийг хөөе гэж хэлээд цээж рүү нь түлхээд шанаа хэсэгт нэг удаа цохиод авах шиг болтол Б уурлаж хувцсаа тайлж дээгүүрээ нүцэглээд тухайн залуутай барилцаж автал дахин 2 залуу нэмэгдэж ирэхээр нь би болон тэнд байсан хүмүүс дундуур нь орж салгаж болиулаад хоёр тийшээ болтол намхан туранхай залуу Ч-г хэл доромжилж хараатал манай найз Б араас нь гүйж очиж газар унагаж байгаад цээж хэсэгт нь 2-3 удаа өшиглөхөөр нь би очиж салгатал тухайн залуу амьсгалж чадахгүй хэцүү байна эмнэлэгт үзүүлмээр байна гэж хэлэхээр нь 200.000 төгрөгийг Б өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-р хуудас/,
-Гэрч З.-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...замын эсрэг талд 4-5 хүмүүс чанга яриад яваад байхаар нь би ганцаараа зам гарч очоод дуу чимээгээ багасгаач гэж хэлтэл өндөр туранхай залуу надтай маргалдаад эхэлтэл Г, Э нар хажууд хүрч ирээд салгаж болиултал тухайн залуу хувцсаа тайлж цээжээ нүцэглээд орилж чарласан тэгээд бид нар доошоо алхаад явж байтал араас гүйж ирээд Э ахыг барьж аваад газар унагааж байгаад цээж орчимд 2-3 удаа өшиглөхөд хамт явсан хүмүүс нь салгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/,
-Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б ганцаараа зам гарч гүйгээд тухайн залуустай маргалдаад нэг өндөр залуутай барилцаад авахаар нь Э ах бид хоёр зам гарч гүйж очиж салгаж болиулж доош уруудаад явж байтал тухайн залуу араас цээж нүцгэлсэн байдалтай хүрч ирээд Э ахыг барьж аваад газар унагаж байгаад цээж хэсэгт нь 2-3 удаа өшиглөөд автал түүнтэй хамт явж байсан хүмүүс ирж салгаад автал Э ах хавирга эвгүй болчихлоо гэж хэлээд бид нар гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлж зураг авахуулсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-р хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганзоригийн 2022 онь 04 дүгээр сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:
“...1. О.Э-ын биед зүүн 6,9-р хавирганы хугарал, зулайн хуйханд цус хуралт, зулгаралт цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-38-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч С.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...4-5 залуу, нэг эмэгтэй хүмүүс зөрөх үед 1 халамцуу залуу бид нарын хажуугаар гарахдаа миний цээж рүү түлхээд шанаа хэсэгт нэг удаа цохиод авахаар нь миний уур гэнэт хүрээд цамцаа тайлж дээгүүрээ цээж нүцэглэж байгаад тухайн залуутай барилцаад автал цаанаас нь 2 залуу нэмэгдэж ирээд надтай 3 залуу маргалдаж муудалцаж цохилцож автал хажуунаас хүмүүс салгаж болиулахаар нь би орилж нэг нэгээрээ зодолдох уу гэж хэлээд тухайн залуусын араас нь хөөж байгаад нэг туранхай жижигхэн биетэй залууг нь барьж байгаад газар унагаад цээж хэсэгт нь 2-3 удаа баруун хөлөөрөө өшиглөөд авсан чинь хажуунаас хүмүүс салгаж болиулаад ийм л зүйл болоод өнгөрсөн миний биед хэн нэгэн гэмтэл шарх учруулаагүй...” гэж /хавтаст хэргийн 73-74-р хуудас/ байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 49-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 50-р хуудас/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 51-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 52-р хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 53-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 54-р хуудас/, 2020.05.11-ний өдөр төрсөн охин Б.А, 2016.12.12-ны өдөр төрсөн хүү Б.Э нарын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 55-56-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 57-59-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 60-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 30-р хуудас/, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-р хуудас/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар руу хандсан албан бичиг /хавтаст хэргийн 32-р хуудас/, Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж үйлчилгээ авсан төлбөрийн мэдээлэл /хавтаст хэргийн 34-р хуудас/, ахлах прокурор Б.Н-ыг томилсон албан тоот /хавтаст хэргийн 78-р хуудас/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарын хүсэлт /хавтаст хэргийн 79-р хуудас зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганзоригийн 2022 онь 04 дүгээр сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд “6,9-р хавирганы хугарал, зулайн хуйханд цус хуралт, зулгаралт цээжинд цус хуралт” гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч С.Б-ийн үйлдэл нь хохирогч О.Э-ыг газар унагааж, цээж болон хавирга хэсэгт 2-3 удаа өшиглөж цохиж байгаа үйлдэл нь хууль зүйн хувьд “шууд санаатай” үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Б-ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч О.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Б.Н нь 2022 оны 4 дүгээр сард хохирогч О.Э-д Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний 209.000 төгрөгийн зардал гарсан тул шүүгдэгч С.Б-оос гаргуулахаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байна.
Шүүгдэгч С.Б-ийг гэм буруутай болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зааснаар иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг шүүгдэгч төлөх үүрэгтэй.
Мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1.”Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж заасан
Иймд хохирогч О.Э-ын Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний авсаны зардал болох 209,000 төгрөгийг шүүгдэгч С.Б-оос гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр 209.000 төгрөгийг гаргуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно...” гэх дүгнэлттэй шүүгдэгч С.Б нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүлийн байдал /эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг/-ыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.
Мөн түүнчлэн шүүгдэгч С.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн шинж байдал олон удаа хохирогчийн цээжин тус газар өшиглөж дэвсэж байгаагаас учрах нийгмийн хор аюулын хэр хэмжээ эрүүгийн хариуцлага оногдуулахад нөлөө үзүүлнэ.
Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 1.400.000 (нэг сая дөрвөн зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц м овогт С-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 1.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 (нэг сая дөрвөн зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар С.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Б-оос 209,000 /хоёр зуун есөн мянга/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА