Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/332

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Анхбаяр,

Хохирогч: ******* ,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос *******-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000000165 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ........ авто инженерийн ангийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо цайз ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух /РД: / улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б-н овогт Б-ны О.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2022 оны 1 дүгээр сарын 23-ны шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* зочид буудлын ******* тоот өрөөнд хохирогч *******г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь зүүн шанаа, зүүн чихний дэлбэнд шарх, зүүн шанаа, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний алим, зүүн хацарт цус хуралт, хамар, баруун сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

2. Хохирогч *******н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн танил О-  намайг ууж байна хүрээд ир хамт архи ууя гэхээр нь би найз охин О-н хамт очсон. Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х нэртэй зочид буудлын 2 давхарт ******* тоот өрөөнд ороод хоёр шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи нэг 2.5 литрийн том пиво аваад зургуулаа хувааж ууж байгаад хамт байсан хоёр хүн явчихсан. О- , О- , Р  бид нар хамт буудалд үлдсэн. Намайг унтаж байхад маргаан болоод шуугиад байхаар нь сэрээд харахад О-  манай найз охин руу орилж хашгираад байхаар нь би болиоч ээ гэж хэлээд О- г аваад ор луугаа дагуулаад эргээд явж байхад О-  0.75 литрийн соёрхол нэртэй архины шилээр миний толгойны зүүн чих хэсэг рүү цохиход нь би газар уначихсан. О-  миний дээрээс хоёр стаканаар мөн толгойны зүүн чих хэсэгт цохиод гараараа зүүн нүд хэсэг рүү цохисон. Би цусаа тогтоогоод босоод цагдаа юм уу, эмнэлэг дуудчихаа гэхэд дуудахгүй байсан. ...Гомдолтой байна гоо сайхан эмчилгээний зардал зэргээ гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 43 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн үед бүгд уусан байсан бөгөөд би ******* ийг гөлөг минь гэж хэлсэн байсан. Тэгтэл араас архины шилээр цохисон. Цагдаа дуудах гэтэл миний гар утсыг булаагаад авсан. Би үхлээ шүү дээ цагдаа дуудаач гэсэн. Буудлын ресепшин цагдаа дуудаж өгсөн. Тэгээд намайг эмнэлэг аваад явсан. ...Баримттай 1.489.000 төгрөг нэхэмжилж байна. мөн нүүрний сорвио арилгуулмаар байна. Насаараа зүүн чихэндээ оёдолтой болж байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

3. Гэрч ******* гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр найз залуу М-н хамтаар гадуур явж байсан. ...Бид зургаа нийлээд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй зочид буудалд орсон. Бид зургаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд Т нь гэнэт ахаа та яагаад байгаа юм гээд хэрүүл маргаан хийж байгаад Төгсөө нь архины шил аваад М-н толгой руу цохиод дахин ширээн дээр байсан аяга аваад толгой руу нь цохисон. М-н чихнээс цус маш их гараад чих нь урагдсан байсан бөгөөд цагдаагийн байгууллагад хандаж гэмтлийн эмнэлэг орж оёдол хийлгүүлсэн. ...О-  над руу дайраад хэл амаар доромжилсон М намайг өмөөрөөд О- өд манай найз охин яаж байгаа юм бэ гэсэн. М архины шил, стаканаар М-г цохиж уг гэмтлүүдийг учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19, 21 тал/,

4. Гэрч С.Р ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө О- М, О-  бид нар хамт Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй зочид буудлын ******* тоот өрөөнд архи уугаад сууж байсан. Архи уугаад дуусаж байсан тэгэхэд О-  О- г хэл амаар доромжлоод дайраад байсан. Тэгэхэд М орон дээр хэвтэж байгаад босож ирэхэд О-  М рүү стакан шидсэн. Тэгэхэд толгой хэсэгт нь оноод дахин нэг стакан шидсэн. Тэгэхэд чих орчим нь оносон. Тэгээд ор луугаа алхаж байхад нь О-  0.75 литрийн архины шилээр М-г чих орчим цохисон. М-н чих хэсгээс их цус гарсан. О-  цохихоо больсон тэгээд цагдаа дуудаад цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн газар авч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 1344 дугаартай “...*******н биед зүүн шанаа, зүүн чихний дэлбэнд шарх, зүүн шанаа, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний алим,  зүүн хацарт цус хуралт, хамар, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 тал/,

6. Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 29-31 тал/,

7. Шүүгдэгч ******* ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Р тэй уулзаж байтал Р  М ахыг дуудсан. Бид нар М ах болон найз нартай нь уулзаад Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй зочид буудлын ******* тоот өрөөнд ороод хоёр 0.75 литрийн соёрхол нэртэй архи бүгдээрээ хувааж уусан. Тэгээд М ахын найз нар нь гараад явсан. Р , М ах, түүний найз охин бид нар үлдээд сууж байгаад би М ахын найз охинтой маргасан байсан. М намайг найз яагаад байгаа юм гээд алгадахаар нь би ширээн дээр байсан шилэн стакан аваад шанаа хэсэгт нь цохисон тэгэхэд цус гарсан тэгээд Р  намайг татаж салгаад М ах цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Би хохирлыг бүрэн төлж барагдуулна. Өмнө хохирогчтой холбогдож чадаагүй. ... Би эхний уулзсан өдрөө өвчин намдаах эм авч уугаарай гээд 100.000 төгрөг өгсөн. Дараа нь 50.000 төгрөг өгсөн. Өнөөдөр 200.000 төгрөг өгье гээд авч ирсэн, үүнийгээ өгсөн...” гэх мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гарган өгсөн 200.000 төгрөг хүлээн авлаа гэх бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 тал /зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* өөс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 15-16 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар ******* нь 2022 оны 1 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* зочид буудлын ******* тоот өрөөнд хохирогч *******г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь зүүн шанаа, зүүн чихний дэлбэнд шарх, зүүн шанаа, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний алим, зүүн хацарт цус хуралт, хамар, баруун сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч *******н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...О-  0.75 литрийн соёрхол нэртэй архины шилээр миний толгойны зүүн чих хэсэг рүү цохиход нь би газар уначихсан. О-  миний дээрээс хоёр стаканаар мөн толгойны зүүн чих хэсэгт цохиод гараараа зүүн нүд хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг,

гэрч ******* гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Төгсөө нь архины шил аваад *******ийн толгой руу цохиод дахин ширээн дээр байсан аяга аваад толгой руу нь цохисон. ...М архины шил, стаканаар *******ийг цохиж уг гэмтлүүдийг учруулсан...” гэх мэдүүлэг,

гэрч С.Р ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М орон дээр хэвтэж байгаад босож ирэхэд О-  М рүү стакан шидсэн. Тэгэхэд толгой хэсэгт нь оноод дахин нэг стакан шидсэн. Тэгэхэд чих орчим нь оносон.  Тэгээд ор луугаа алхаж байхад нь О-  0.75 литрийн архины шилээр М-н чих орчим цохисон. М-н чих хэсгээс их цус гарсан. О-  цохихоо больсон...” гэх мэдүүлэг, хохирогч *******өнх-Эрдэнийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 1344 дугаартай “...*******н биед зүүн шанаа, зүүн чихний дэлбэнд шарх, зүүн шанаа, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний алим, зүүн хацарт цус хуралт, хамар, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт зэрэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан. 

Иймд хохирогч *******н биед зүүн шанаа, зүүн чихний дэлбэнд шарх, зүүн шанаа, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний алим, зүүн хацарт цус хуралт, хамар, баруун сарвуунд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 1344 дугаартай дүгнэлт үндэслэлтэй.

Хохирогч *******н эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч ******* ийн хохирогчийг цохиж, архины шил, стакан шидсэн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул түүнийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******г цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ******* ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2022 оны 1 дүгээр сарын 23-ны шөнө гэж тодорхойлсон байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нар 2022 оны 1 дүгээр сарын 03-ны шөнө үйлдэгдсэн талаар мэдүүлсэн, энэ нь хэрэгт авагдсан 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч ******* , гэрч ******* , С.Р , шүүгдэгч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирлын баримтуудаар нотлогдож байх тул 2022 оны 1 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө гэмт хэрэг гарсан болохыг зөвтгөн шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Шүүхээс шүүгдэгч ******* өд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудаар тэрээр ... сургуулийн төгсөх курсийн оюутан, Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо цайз ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн .. дугаар хороо, Гаалийн ..тоотыг түрээслэн амьдардаг, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ял шийтгэлгүй байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч ******* ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах...” санал, хохирогч ******* эс “...эрүүгийн хариуцлагын талаар тодорхой саналгүй...” гэжээ.  

Иймд шүүгдэгч ******* ийн үйлдсэн гэмт хэрэг хөнгөн ангилалд хамаарч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь түүний үйлдэлд тохирно гэж дүгнэж, ******* өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймээс шүүгдэгч ******* өд оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч *******н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 1344 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтас хэргийн 30-31 дэх талд 1.481.086 төгрөгийн баримтыг гарган өгсөн байна.

Хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтуудаас хавтас хэргийн 30 дахь талд Сэрсандимэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 724.676 төгрөгийн баримтын хувьд Эрүүл мэндийн даатгалаас 615.975 төгрөг төлөгдөж, хохирогч бодитоор 108.701 төгрөгийг төлсөн байна.

Иймд энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******* д учирсан нотлох баримттай хохирлыг шүүх 865.111 төгрөг /1.481.086-615.975/-өөр тогтоож шийдвэрлэсэн бөгөөд үүнээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд 150.000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт 200.000 төгрөг тус тус нөхөн төлж барагдуулжээ.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн үлдэгдэл төлбөр болох 515.111 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар шүүгдэгч ******* өөс гаргуулж, хохирогч ******* д олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн хохирогч *******  нь “цаашид эмчилгээ хийлгэмээр байна, нүүрний сорвио арилгуулмаар байна” гэж мэдүүлж байх боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул шүүх хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлах нь зүйтэй.      

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ******* өд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б-н овогт Б-ны О- ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* өд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* өд сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* өөс 515.111 /таван зуун арван таван мянга нэг зуун нэг/ төгрөг гаргуулж, хохирогч Б-н овогт Б-ны М /РД:/-д олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол, хор уршигт тооцож 350.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч *******  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас цаашид гарсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА