Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/333

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.БолорТ-  даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнэ,

Шүүгдэгч: *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2205005391189 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл 2, охины хамт ....... тоотод оршин суух /РД:/, урьд ял шийтгэлгүй, *******.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *******  нь 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хорооллын ******* байрны орчим хохирогч *******-тэй нь үл ойлголцон маргалдаж улмаар түүний биед баруун гарын дунд хурууны 2-р үенд цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын дунд хурууны хумс хугарсан шарх, баруун гарын долоовор, зүүн шуу, зүүн ядам хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *******  нь 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хорооллын ******* байрны орчим хохирогч *******-тэй нь үл ойлголцон маргалдаж, улмаар түүний биед баруун гарын дунд хурууны 2-р үенд цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын дунд хурууны хумс хугарсан шарх, баруун гарын долоовор, зүүн шуу, зүүн ядам хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:  

  1. БГДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4 тал/,
  2. Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би

“*******” СӨХ-н гүйцэтгэх захирлаар 2013 оны 1 дүгээр сараас эхлэн ажиллаж байна. Болсон асуудлын талаар гэвэл 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* байрны гаднах автомат хаалгыг ******* улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл ухарч байгаад мөргөөд хаалгыг гэмтээсэн. Тэгээд гараад очиход тухайн тээврийн хэрэгслийн жолооч болон жижүүр Т-  нар хаалгыг оролдоод байхаар нь “битгий оролдоод бай, яагаад оролдуулаад байгаа юм бэ, чи утсаа авахгүй юмаа” гээд жижүүр Т-  руу шаардлага тавьж, би жолооч хүүхэнд нь “битгий оролд, би засна” гэхэд тухайн эмэгтэй нь би засна, чамд ямар хамаатай юм бэ гэхээр нь орхичих наадахаа битгий оролд гэж хэлсэн чинь тухайн эмэгтэй чи хэн юм бэ, хөгшин авгай минь зайл гэж хэлэхээр нь жижүүр эмэгтэй Т- д хандан чи өөрөө эвдүүлсэн юм чинь өөрөө засуулаарай гэж хэлээд буцаад явж байсан чинь нэг хүүхэн араас хүрч ирээд жирэмсэн хүүхнийг яагаад байгаа юм гэхээр нь чамтай яримааргүй байна, чамтай ярих шаардлага байхгүй, чи дуугүй бай гэж хэлсэн чинь тухайн үл таних хүүхэн нь энэ чинь манай дүү, жирэмсэн хүүхэд дээрэлхээд байх юм гэж хэлэхээр нь би түүнд хандан наадах чинь машин барьж байгаа насанд хүрсэн хүн байна, жирэмсэн гэдгийг би мэдээгүй, жирэмсэн байлаа гээд хаалга мөргөдөг юм уу гэж хэлсэн. Тухайн үл таних хүн “би саяхан дүүгээ алдаад удаагүй, 7 хонож байна гэхээр нь би түүнд хандан “тэр чинь надад ямар хамаатай юм, чамтай яримааргүй байна тэр хүнтэй чинь ярина” гэж хэлсэн. Гэтэл надад хандан “чи үхэл хагацал үзээгүй болохоор ингэж байгаа юм уу” гэхээр нь “би үхэл хагацал үзсэн, тэрийг чинь хүн болгон үзнэ, чи ч үхнэ, би ч үхнэ, бүгд үхнэ” гэж хэлсэн чинь тухайн эмэгтэй нь миний зүүн чих рүү нэг удаа алгадахаар нь би өөрийгөө хамгаалах гээд гараа өргөхөд миний гарыг үеэр нь барьж байгаад эргүүлээд гараас маажсан. ...Тухайн эмэгтэй миний баруун зүүн гарыг удаа дараа мушгиж хумсаараа маажсан. Мөн миний зүүн чих рүү нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

3. Гэрч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Жижүүр Т-  эгч автомат хаалгыг онгойлгоод би машинтайгаа хаалгаар гараад зам руу орох гэхэд урдаас машин ирж байсан тул зам тавьж өгөхөөр ухрах үйлдэл хийхэд машины арын камерт ард саад харагдаагүй бөгөөд ухарч байхад юм мөргөх чимээ гарсан. Тэгээд машинаасаа буугаад үзэхэд машины жолооч талын арын гупер хэсгээр хаалгыг мөргөсөн байсан. Харин хаалга нь гүйдэг замаасаа бага зэрэг гарч хазайсан байсан. Жижүүр эгч Т- тай хамт хаалгыг зам руу нь оруулахаар оролдож байтал холоос нэг залуу хашгираад ууртай ирээд жижүүр эгч Т- г харааж загнасан. Би тухайн залуугаас уучлалт гуйгаад “би энэ хашааг мөргөсөн хүн нь байна, та Т- г загнах хэрэггүй, би хохирлыг нь төлье, ингэж уурлах хэрэг байна уу” гэж хэлсэн. Тухайн залуу нь намайг “чиний төлнө гэж юу байдгын гээд намайг хараагаад, салаавч гаргаад хараагаад байсан. Би машин руугаа ороод даатгалаа дуудах гээд бичиг баримтаа хайж байтал СӨХ-ийн дарга гэх эмэгтэй хүрч ирээд уурлаад “Т-  чи утсаа авахад яадаг юм, чамайг камераар хараад байхад яасан их утсаар дуудуулдаг юм” гээд загнаж уурлаад байсан. Би эгч С-  руу залгаж дуудсан... би машин дотроо суугаад даатгал руу залгахаар сууж байгаад машиныхаа толинд харахад эгч ******* , СӨХ-н дарга гэх эмэгтэй хоёр гар гараасаа барилцаад зууралдаад зогсож байсан. Би машинаасаа буугаад очиход СӨХ-н дарга гэх эмэгтэй цаанаас хогийн шүүр барьж ирээд эгч рүү цохих гэж дайраад цохиод дахиад зууралдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,

4. Гэрч -гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр жижүүр дээр байхад ******* нь “Т-  эгчээ хаалгаа онгойлгоод өгөөч” гэхээр нь би хаалгаа удирдлагаар нь онгойлгоход *******  нь машинтайгаа гарч яваад төд удалгүй ******* нь ухарч байгаад хаалга мөргөчихсөн. Би Н яаж байгаад мөргөчихвөө гэхэд урдаас ирж байсан машинд зам тавих гэж байгаад санаандгүй мөргөчихлөө гэж хэлсэн. Цаанаас СӨХ-ийн дарга Ш-н хүү нь ирээд “Яагаад хаалга мөргөчихдөг- юм бэ” гэхэд ******* нь “чамд ямар хамаатай юм, янзлаад өгье” гэж хэлсэн. Тэгээд удалгүй ******* дарга ирээд “яагаад хаалга эвдээд, оролдоод байгаа юм наад мотор нь эвдэрчихвэл яах юм бэ” гэхэд ******* чи юу юм, юун сүртэй юм бэ” гээд хэрүүл маргаан болсон. ******* дарга надад хандан “чи өөрөө эвдлүүлсэн юм чинь чи өөрөө засуулаарай” гэж хэлээд цаашаа явсан бөгөөд *******-н эгч С-  нь гарч ирээд *******-н араас нь очоод “хөөш чи яагаад жирэмсэн хүүхэн рүү дайраад байгаа юм” гээд хэрүүл маргаан болсон. Би тухайн үед гэр рүүгээ ороод байж байтал нэг мэдэхэд *******  ******* нар нь хоорондоо маргалдаад зодолдоод байхаар нь би гүйж гараад боль гэж тэр хоёрт хэлсэн. Шүрхүү дарга намайг цагдаа сэргийлэх дууд гэхээр нь би утсаараа цагдаа руу залгаж байтал *******  нь ******* даргыг алгадаад, гараас нь мушгиад байсан. Би утсаар цагдаа дуудаад яриад байж байтал дарга хогийн шүүр аваад ******* той барьцалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2809 дугаартай “...*******-н биед баруун гарын дунд хурууны 2-р үенд цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын дунд хурууны хумс хугарсан шарх, баруун гарын долоовор, зүүн шуу, зүүн ядам хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 тал/,

6. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хохирогчийн баталгаа /хх-ийн 66 тал/,

7. Шүүгдэгч *******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо ******* байрны 52 тоотод миний төрсөн дүү ******* нь ирсэн. ******* нь жирэмсэн байсан бөгөөд эмчийн хяналтанд орох гэж ирсэн боловч эмч нь цайндаа орсон байхаар нь талийгаач дүү *******-н буяны ажлын зэдүүдийг авах гэж ирсэн. Манай ******* нь 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан. Манай дүү ******* нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны *******-52 байрнаас ээжийнхээс зэднүүд авчаад гараад явсан. Удалгүй ******* нь залгаад “аниа би гаднах хаалгыг машинаараа мөргөөд хаалга нь замаасаа гарчихлаа яах уу гэж залгасан. Би дүүгийн араас хувцсаа өмсөөд гарахад тухайн байрны гадна хаалганы хажууд байрны СӨХ-н дарга нь юм уу нэг эмэгтэй, мөн жижүүр эмэгтэй нар манай дүү рүү орилж хашгираад загнаад байсан. Би тухайн эвдэрсэн гэх хаалгыг нь хараад тэр орилдоод уурлаад байсан хүмүүс рүү “энэ хаалгыг чинь янзалж болохоор юм байна” гэж хэлсэн чинь СӨХ-н дарга гэх эмэгтэй нь “чаддаг юм бол та нар одоо янзлаад өг, чадахгүй шүү дээ та нар” гээд зайтай зогсоод байхаар нь би ойртож очоод “та битгий орилж хашгираад бай, дүү маань жирэмсэн байгаа, айчихна, саяхан бид нар үхэл хагацал үзээд сэтгэл санаа тогтворгүй байна” гэж хэлсэн чинь СӨХ-н дарга гэх эмэгтэй нь “хохь чинь, та нар өшөө олон үхэл үзээрэй” гэж хэлэхээр нь би “яасан муухай бузартай хар хэл амтай балай авгай бэ” гэж хэлээд тухайн эмэгтэйг түлхээд нэг удаа хальт алгадахад тухайн эмэгтэй нь над руу гараа сарвайхаар нь гарны сарвуунаас атгаад түлхчихсэн. Тэгсэн нөгөө эмэгтэй нь юм хайгаад гүйгээд яваад удалгүй гартаа хогийн шүүр барьж ирээд над руу цохих гээд далайгаад байхаар нь би шүүрийг нь салгаж авах гээд ноцолдсон. ...Тухайн байранд миний ээж О нь амьдардаг. Би хааяа ээжийндээ ирдэг бөгөөд хаалга нь хэрэг болсон өдрөөс хойш зүгээр ажиллаж байгаа. Тухайн хаалга нь удирдлагаар онгойж, хаагддаг бөгөөд ямар ч эвдрэл гэмтэл гараагүй ажиллаж байгаа бөгөөд хаалганы засварын 253.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байгаа. Манай дүү ******* нь тухайн хаалгыг санаатай эвдэж гэмтээгээгүй. Машинаараа ухарч байгаад санаандгүй мөргөсөн асуудал байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч *******-н эрүүл мэндэд учирсан хохирол нь миний буруутай үйлдлээс болсон. Тухайн үед би хохирогчид “...битгий орилж хашгираад бай наад хүн чинь жирэмсэн байна айчихна, бид саяхан дүүгээ алдаад хэцүү байна...” гэхэд ******* нь “...өшөө олон үхэл үзээсэй...” гэж хэлсэн. Тэгээд би сэтгэл санаа тогтвортгүй байсан учир хямраад хохирогчийн биед халдсан үйлдэл гаргасан. Прокурортой ял тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлтэй дэмжиж байна...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******н хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 52 тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 53 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 54 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 55 тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******н гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 27 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч *******  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч *******- , гэрч ******* ,  нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2809 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч *******н үйлдлийн улмаас хохирогч *******- гийн биед баруун гарын дунд хурууны 2-р үенд цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын дунд хурууны хумс хугарсан шарх, баруун гарын долоовор, зүүн шуу, зүүн ядам хуруунд зулгаралт учирсан болох нь тогтоогдож байна.   

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 2809 дугаар дүгнэлт үндэслэлтэй. 

Шүүгдэгч *******  нь хохирогч *******- г цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгчийн хохирогчийг цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч *******- гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Иймд шүүгдэгч *******н 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хорооллын ******* байрны орчим хохирогч *******- тэй нь үл ойлголцон маргалдаж улмаар түүний биед баруун гарын дунд хурууны 2-р үенд цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын дунд хурууны хумс хугарсан шарх, баруун гарын долоовор, зүүн шуу, зүүн ядам хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч *******г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

Хохирогч, шүүгдэгч нарын бие биеэ үл хүндэтгэсэн, үл ойлголцсон харилцаа, нийгэмд тогтсон зан суртахууны хэм хэмжээнд халдсантай холбоотойгоор тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бүрдсэн гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *******  нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *******  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 68-69 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ******* д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч *******н хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.   

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч *******  нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч *******- гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2809 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч хавтас хэргийн 66 дахь талд “...Энэ хэрэгт цаашид гомдол, санал байхгүй...” гэж гэсэн байх тул шүүгдэгч ******* ос гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *******  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ******* д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* д сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *******  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******-  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТ-