Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/349

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтлөн,

Улсын яллагч Д.Батзаяа,

Хохирогч Ц.С- ,

Шүүгдэгч О.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С овогт О-н М-т холбогдох эрүүгийн 2205000001259 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хүнсний ногоо борлуулалтын түгээгч ажилтай, ам бүл ..., эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ... дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоотод түр оршин суудаг /РД:/, урьд ял шийтгэлгүй, С овогт О-н М.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.М- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн Нарангийн 11 дүгээр гудамжны 614-р худгийн урд 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр маргалдаж иргэн Ц.С- гийн биед халдаж баруун гараараа зүүн эрүү шанаа хэсэгт цохисон, толгойгоороо хамар хэсэгт нэг удаа мөргөж, чулуугаар зүүн чихний дээд хэсэг чамархай руу нь цохиж тархи доргилт, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, хэвлий, нуруунд зулгаралт, хамарт цус хуралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч О.М-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хохирогч Ц.С- гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр М-н гэрийн ойролцоо өөрийн машинтайгаа очиж уулзсан. Ингээд бид хоёр машинд сууж юм ярьж байгаад маргалдаж эхэлсэн. М-  баруун гараа атгаж байгаад миний зүүн эрүү шанаа хэсэгт нэг удаа цохисон. Бид хоёр машинаас буугаад би баруун гараа атгаж байгаад М- ийн зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Гэтэл М-  миний хувцаснаас татаж байгаад толгойгоороо миний хамар руу нэг удаа мөргөсөн. Улмаар миний хамраас цус гарсан. Энэ үед М- ийн хувцаснаас заамдаж аваад хашаанд шахсан. М-  хашаанаас салаад намайг урагш дугтарсан. Би доошоо тонгойж байхад М-  зам тавьдаг чулуу аваад миний зүүн чихний дээд хэсэг чамархай руу нэг удаа цохисон. Улмаар миний ухаан балартаж унасан. Үүнээс хойш юу болсон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...М-  бид хоёр сайн найзууд юм. Бид хоёр уулзаагүй байж байгаад би М- ийнд очоод архи уусан. Маргаанаас болоод ийм асуудал гарсан. Одоо эвлэрсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би 350.000 төгрөг шүүгдэгчээс авсан...” гэх мэдүүлэг,

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 5172 дугаартай “...Ц.С- гийн биед тархи доргилт, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, хэвлий, нуруунд зулгаралт, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2022.03.26-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 тал/,

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн гаргасан хүсэлт, баталгаа /хх-ийн 41, 42 тал/,

 

4. Шүүгдэгч О.М- ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тогтоолтой холбоотой санал хүсэлтгүй. Хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ажлаа тараад 14 цагийн үед гэртээ ирээд хэвтэж байтал С  орж ирээд бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад манай гэрээс гарч дахин нэг шил архийг С гийн тээврийн хэрэгсэлд хувааж ууж байгаад бид хоёр үл ойлголцлоос болж маргалдаад ...зодолдож эхэлсэн. С  намайг боогоод унагаахад би гарт таарсан чулуугаараа С гийн толгой хэсэг рүү нэг удаа цохиж холдуулаад С г орхиод явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 350.000 төгрөг өгсөн. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн хохирол төлбөр төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М- ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 тал/, жолоочийн эрхийн лавлагаа /хх-ийн 31 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 32 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 33 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 34 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 37-40 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.М- өөс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 9 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч О.М- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн Нарангийн 11 дүгээр гудамжны 614-р худгийн урд 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр маргалдаж иргэн Ц.С- гийн биед халдаж баруун гараараа зүүн эрүү шанаа хэсэгт цохисон, толгойгоороо хамар хэсэгт нэг удаа мөргөж, чулуугаар зүүн чихний дээд хэсэг чамархай руу нь цохиж тархи доргилт, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, хэвлий, нуруунд зулгаралт, хамарт цус хуралт бүхий гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Энэ нь хэрэгт авагдсан хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Ц.С- гийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 5172 дугаартай дүгнэлт, шүүгдэгч О.М- ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

 

Иймд хохирогч Ц.С- гийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, хэвлий, нуруунд зулгаралт, хамарт цус хуралт гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 5172 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл, хохирогч Ц.С- гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч О.М- ийн хохирогчийг цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч О.М- нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч О.М- ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч, шүүгдэгч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас бие хянах, өөрийгөө зөв удирдан авч явах чадвар алдагдсантай холбоотой байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч О.М- нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч О.М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. /хх-ийн 41 тал/ 

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 46 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг О.М- т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч О.М- т хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.    

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч О.М- нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.С- гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 5172 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтас 42 дахь “...М бид хоёр хэн хэндээ гомдолгүй болно...” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байхгүй. 350.000 төгрөг хохирол хор уршигт тооцож авсан...” гэж тус тус мэдүүлсэн шүүгдэгч О.М-өөс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.М- т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт О-н М- ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ийг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.М-т сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.С гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА