Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/362

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Анужин,

Хохирогч: *******,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос *******-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205001591137 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Хөвсгөл аймгийн Ц суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, краны оператор мэргэжилтэй, "*******” ХХК-д операторч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дүгээр хороо, ... байрны .... тоотод түр оршин суудаг, /РД: / урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *******- нь 2021 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, ******* хотхоны ... байрны ... давхарт хохирогч *******-г “оршин суугчдын амгалан тайван байдал алдагдууллаа, амрах хэрэгтэй байна” гэх шаардлага тавихад нь түүний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч *******-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. ЦГДЦГ ЦХ-2, шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 6 тал/,

2. Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 13-17 тал/,

3. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн “...Хар өнгийн хүрээтэй хар өнгийн 2 гуятай гуя хэсэг хугарч гэмтсэн, хөдөлсөн зүйлгүй шил байна. Шилний баруун талын өндөр 3.5 см, урт нь 6 см байх бөгөөд шил хэсэг нь халтартаж заваарсан байна. Шилний баруун нүдний хэсэг нь 3.5 см урттай цуурсан ташуу цуурсан байна...” тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 18, 19-20, 21-22 тал/,

4. Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо ******* хотхоны 85в байрны ... тоот гэртээ ганцаараа байсан. Тус өдрийн шөнийн 22 цагийн үед манай дээд айл шуугиад хүмүүс орилоод байхаар нь гайгүй болчих байх гэж бодоод чимээгүй хүлээсэн. Тэгээд 23 цагийн үед унтахаар орондоо ороод хэвтсэн чинь дээд айл чимээгүй болохгүй байхаар нь шөнийн 01 цагийн үед дээд давхарт гараад ... тоот айлын хаалгыг цохисон чинь үл таних эмэгтэй хүн хаалга тайлахаар нь тэр эмэгтэйд хандаж танайх чимээ их гаргаад байна чимээгүй болоод өг гэсэн чинь сүртэй юм бэ гэж хэлээд над руу уурласан. Нөхөр нь босож ирээд над руу уурлаад байхаар нь Зөрчлийн тухай хуулиа мэдэж байгаа биз дээ, болохгүй бол цагдаа дуудна шүү гэж хэлээд гэртээ орсон. Гэртээ орж ирээд 30 минут орчим хүлээсэн чинь дээд айл чимээгээ багасгахгүй орилж, чимээ их гаргаад байхаар нь дахиж тус айлын хаалгыг цохих үед үл таних эмэгтэй хаалга тайлсан чинь нөхөр нь хутга гартаа барьсан байдалтай хүрч ирээд над руу уурлаад харааж зүхээд байхаар нь чимээгүй болоод өгөөч гэж гуйсан чинь өөдөөс уурлаад үл таних залуу миний толгой нүүр хэсэг рүү 2 удаа цохихоор нь гэр рүүгээ ороод цагдаа дуудсан. ...Миний шилийг хагалсан 180.000 төгрөг, мөн эмчилгээ хийлгэсэн мөнгөө гаргуулж авна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* хотхоны 85в байрны өөрийн амьдарч байгаа ... тоотод байхад 22 цагаас хойш дуу чимээ их гараад унтаж амрахад хэцүү байсан. Шөнийн 01 цаг өнгөрч байхад чимээгүй байгаач гэж нэг удаа сануулсан. Түүнээс болж маргаан үүсэж ийм асуудал болсон. Тэгээд цагдаа дуудсан. Энэ хүн орон сууцны байранд амьдарч байгаа гэдгээ ухамсарлах ёстой. Шөнө оройн цагаар хүн амрах ёстой. Амарч унтаж чадахгүй байх нь бусдад маш их хорлолтой зүйл. Би маш их гомдолтой байна. ...Мөрдөгч, прокурор шүүгдэгч талаас хохирол төлье гэж байна. Та яах вэ гэж надаас асуусан. Миний хувьд шүүх хуралдаанаар гарсан шийдвэрийн дагуу хохирлоо авъя гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

5. Гэрч А.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 15-ны шөнө гэртээ байж байсан чинь манай гэрийн хаалга үл таних хүн цохисон. Би хаалга тайлсан чинь нүдний шилтэй үл таних эрэгтэй хүн зогсож байсан. Тэр хүнээс юу болсон талаар асуухад танайх шуугиад байна, чимээгүй бай гэж хэлээд явсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа манай хүү, охин хоёр орон дээр орсон байсан чинь манай хаалга цохисон. Би очиж тайлсан чинь өмнө нь ирсэн нүдний шилтэй үл таних эрэгтэй хүн зогсож байсан би тэр хүнээс дахин юу болсон талаар асуусан чинь унтмаар байна, танайх шуугиад байна гэж зандарч уурлаж хэлэхэд мах идээд сууж байсан С-  нэг гартаа хутга нэг гартаа махаа бариад босоод над дээр хүрч ирэхээр нь нөхрөөсөө мах хутгыг нь хурааж аваад гал тогоо байх хэсэгт ирсэн. Нөхөр С-  үл таних хүнтэй маргаж байсан чинь үл таних эрэгтэй манай нөхрийг заамдаж аваад нөхрийг цохиж байх шиг харагдсан. Тэгсэн манай нөхөр үл таних эрэгтэйн нүүрний зүүн хэсэг рүү нь гараараа цохихоор нь би дундуур нь орж салгасан. Үл таних эрэгтэй газар унасан нүдний шилээ аваад цааш явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 615 дугаартай “...*******-н биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 49-50 тал/,

7. “Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №БГ2-22-657 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 72.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 54-55 тал/,

8. Шүүгдэгч *******- ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 22 цагийн үед би гэртээ эхнэр С- , хүү А , охин А нарын хамт байхад манай гэрийн хаалгыг хүн цохисон, эхнэр С-  хаалга тайлсан чинь үл таних эрэгтэй хүн “танайх чимээ их гаргаад байна, дахиж чимээ гаргах юм бол цагдаад дуудлага өгнө шүү” гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд би хоёр хүүхдээ тоглохыг нь болиулаад хэсэг хугацаа өнгөрсний дараа би мах идээд сууж байсан чинь дахиж хаалга цохиход нь манай эхнэр хаалга тайлсан чинь нөгөө үл таних хүн “танайх чимээ их гаргаад байна, цагдаад дуудлага өглөө шүү” гэж хэлэхээр нь “манай хоёр хүүхэд унтаж байна, чимээ гаргаагүй” гэж эхнэрийг хэлэхэд үл таних хүн манай эхнэр рүү уурлаад байхаар нь би идэж байсан мах, хутга хоёртойгоо гэрийн үүд хэсэгт очсон. Би үл таних залууд хандан “манайх чимээ гаргаагүй байна, чи яагаад байгаа юм бэ, согтуу байгаа юм уу” гэж хэлсэн чинь би эрүүл байна гэж хэлээд миний цамцнаас барьж авахаар нь би үл таних залуугийн нүүр хэсэгт нь гараараа цохисон чинь тэр хүн дуугүй яваад өгсөн. ...Хийсэн зүйлдээ маш ихээр гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулах гээд хоёр удаа гэрт нь очсон боловч хаалгаа тайлж өгөөгүй. Мөрдөгчөөр дамжуулж хэлүүлсэн боловч шүүх хурлын үеэр уулзъя гэсэн. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Нүдний шилний мөнгийг нэхэмжилсэн хэмжээгээр төлнө...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос шинээр гарган өгсөн амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар, хохирол төлбөрийн талаарх баримтын эх хувиуд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******- ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 74-75 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 81 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 82 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 83 тал/, Оюу толгой ХХК-ийн “...Пүрэвсүрэнгийн С-  нь ******* ХХК-д 2019 он 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажилд орсон бөгөөд одоогоор Босоо амны оператор албан тушаал дээр 1020 ам.долларын цалинтай ажиллаж байна...” гэх албан бичиг /хх-ийн 84 тал/, хүүхдийн төрсний гэрчилгээ, түр оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 85-87 тал/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-ийн 88-101 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******- ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 29-30 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *******- нь 2021 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Баянгол дүүргийн *** дүгээр хороо, ******* хотхоны ******* байрны 16 давхарт хохирогч *******-г “оршин суугчдын амгалан тайван байдал алдагдууллаа, амрах хэрэгтэй байна” гэх шаардлага тавихад нь түүний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Энэ нь хэрэт авагдсан хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...над руу уурлаад харааж зүхээд байхаар нь чимээгүй болоод өгөөч гэж гуйсан чинь өөдөөс уурлаад үл таних залуу миний толгой нүүр хэсэг рүү 2 удаа цохихоор нь гэр рүүгээ ороод цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,

Гэрч А.С- ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр үл таних эрэгтэйн нүүрний зүүн хэсэг рүү нь гараараа цохихоор нь би дундуур нь орж салгасан...” гэх мэдүүлэг,

хохирогч *******-н биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 615 дугаартай “...*******-н зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.  

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан. 

Иймд хохирогч *******-н биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, баруун сарвуунд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 615 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирогч *******-н эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах дээрх гэмтэл нь шүүгдэгч *******- ийн хохирогчийг цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Шүүгдэгч *******- нь хохирогч *******-г цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч *******- ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******- хохирогч *******-н зүй ёсны шаардлагыг буюу шөнийн цагаар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан үйлдлийг таслан зогсоох тухай шаардлагыг хүлээн аваагүй, улмаар үл ойлголцож маргалдсан зүй бус харилцаанаас үүдэж тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бий болсныг тэмдэглэх нь зүйтэй. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *******- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудаар тэрээр ******* ХХК-д ажилладаг, эхнэр 2 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ******* *** дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... байрны ... тоотод түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь тогтоогдож байна.

Мөн шүүхээс шүүгдэгч *******- т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******- ийн үйлдсэн гэмт хэрэг хөнгөн ангилалд хамаарч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдал, улсын яллагчийн “...800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь түүний үйлдэлд тохирно гэж дүгнэж, *******- т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймээс шүүгдэгч *******- т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч *******-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 615 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд хуулбар /14-17 тал/-аар, шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт эх хувиар гаргаж өгсөн бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлэхэд 130.000 төгрөгийн үзлэг хийсэн баримт, 305.000 төгрөгийн нүдний шилний баримт давхардаж авагдсан, бусад нотлох баримтууд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байна.

Дээрх нотлох баримтад шүүх дүгнэлт хийхэд, хохирогч *******-н үзлэг, оношилгоо, эм тарианы зардал, цохиулахад хагарсан гэх харааны нүдний шилний үнэ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон 890.200 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан хор уршигт тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар шүүгдэгч *******- ээс дээрх 890.200 төгрөгийг гаргуулж, хохирогч *******-д олгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хүрээтэй, 1 ширхэг хагархай нүдний шил нь цаашид ашиглагдах боломжгүй болсон байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *******- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******- т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******- ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******- т 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******- т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******- т сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******- ээс 890.200 /найман зуун ерэн мянга хоёр зуу/-н төгрөг гаргуулж, хохирогч *** /РД:***/-д олгосугай.

6. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *******- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хүрээтэй, 1 ширхэг хагархай нүдний шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******- т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА