| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/03832/И |
| Дугаар | 00234 |
| Огноо | 2018-01-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 00234
| 2018 оны 01 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2018/00234 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг *******,************** орцонд байрлах, ”****”сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг *******,*******, Жалханц хутагт гудамж 41 дүгээр байрны 161 тоотод оршин суух, К.Е-д холбогдох,
Дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 724,420 төгрөг гаргуулах,
1,600,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “****”сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч Ж.Энхтуяа, хариуцагч К.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “****”сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус 41 дүгээр байрны оршин суугчид 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан бүх гишүүдийн хурлаас Өсөх-Удам сууц өмчлөгчдийн холбоог өөрчлөн байгуулах шийдвэр гарган "Шинэ-Эхлэл 41" сууц өмчлөгчдийн холбоо болгон үйл ажиллагаагаа 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлснээр хуулийн дагуу үүрэг нь тус "Ш41" сууц өмчлөгчдийн холбоонд шилжиж ирсэн. Хуучин “Өсөх-Удам” сууц өмчлөгчдийн холбооноос эрчим хүчний 1,506,580 төгрөг, цахилгаан шатны 3,000,000 төгрөг, ус дулааны 298,000 төгрөг, хүн амын орлогын албан татварын 2,700,000 төгрөг, Нийгмийндаатгалын шимтгэлийн 480,000 төгрөг, нийт 7,984,580 төгрөгийн өртэй хүлээн авч, одоогоор өр 4,504,580 төгрөгийн төлбөрийг барагдуулаад байна. Тус гишүүн төлбөрөө төлөөгүйн улмаас сууц өмчлөгчдийн холбоонд өр бий болгож, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хуримтлалгүй болгож, сууц өмчлөгчдийн холбооноос төлөвлөсөн цаг үеийн засвар тохижилтын ажлуудын хугацааг алдагдуулж, амьжиргааны доод түвшингээр цалинжиж, цаг хугацаагүй ажилладаг орцны жижүүрийг үнэ хөлсгүй зарж, байрны засвар үйлчилгээний төлбөрийг бусдаар төлүүлж, төлбөрөө төлдөг гишүүдийн эрх ашгийг хохироож сууц өмчлөгчийн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд хариуцагч К.Е-ээссууц өмчлөгчдийн холбооны төлбөр 738,420 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг нийт 742,420 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч ”****”сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн *******ны 41 дүгээр байрны сууц өмчлөгч К.Е нь тус байранд амьдрахдаа сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө 2012 оноос хойш 58 сарын 738,240 төгрөг төлөөгүй К.Е нь Шинэ эхлэл 41 сууц өмчлөгчдийн холбоонд дулаан алдалтын талаар огт гомдол гаргаж байгаагүй. Дулаалгын ажлын асуудлыг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж байж, бүх гишүүдийн хурлаар төлбөрийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16.4.1-д дундын өмчлөлийн зарим эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээ нь тодорхой сууц өмчлөгчийн ашиг сонирхолд бусдынхаас илүү нийцэж байгаа бол илүү өндөр төлбөр гаргахаар заасан байдаг. Сууц өмчлөгч К.Е нь өөрийн эрх ашигт илүү нийцсэн дулаалгын засварын 1,600,000 төгрөгийн зардлаа бүхэлд нь сууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжилсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Шинэ Эхлэл 41 сууц өмчлөгчдийн холбоо нь 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс үйл ажиллагааг эхэлсэн ба хуучин “Өсөх-Удам” сууц өмчлөгчдийн холбооноос 8,0 сая гаруй төгрөгийн өр шилжиж ирсэн, 1 жил 8 сар ажиллах хугацаандаа 4,9 сая төгрөгийн өрийг барагдуулж, бүх орцыг нь Лед гэрэлтэй болгож, 2 тогны хулгайг таслан зогсоосон, Мөн хогийн бункерийн эвдэлж гаргасан 42 нүхийг бөглөж, онгорхой амуудыг төмөр хийцээр засварлуулж таг хийж, гагнуулан ариутгал хийж, 2 орцны дунд 1 жижүүр үйлчлэгч ажиллуулж, гадна дотор цэвэрлэгээг тогтмол хийлгэж, мөн гадна тохижилт, дээврийн урсгал засвар, 6 орцны үүдний фасад, түүний дээврийг засварлуулсан зардалд К.Еийн оролцоо байгаагүй болно. 2016 он, 2017 оны ажлын болон санхүүгийн тайлан, нотлох зураг баримтыг хавсаргав. Тус 41 дүгээр байрны оршин суугчид төлбөрөө төлдөггүй айлуудын талаар ихээхэнгомдолтой байдаг ба алданги тооцооч, шүүхэд хандаач, шударгаар төлбөрөө төлж байгаа айлын эрх ашиг зөрчигдөж байна гэсэн санал байнга гаргадаг. 41 байр нийт 212 өрхтэй 6 орцтой, орц болгоноос зарим айлууд ихээхэн төлбөрийн үлдэгдлийн асуудалтай байдаг. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нь лифт 4,500, жижүүр 2,000, цэвэрлэгээ 2,500, ДӨЗҮХТ-2,800-4,200 төгрөг /байрны м.кв-аас шалтгаалан/ байдаг. Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр зардлыг хувиарлах талаар Иргэний хуулийн 147 дугаар зүйл, сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд тодорхой заасан байдаг. Тус 41 дүгээр байр нь ашиглалтанд орсоноос хойш 36 жил болсон элэгдэл ихтэй болсон бодит байдлыг бодолцохгүй, өмчлөгч нь цаг тухайд нь үүргээ биелүүлж төлбөрөө төлөөгүй өр үүсгэж сууц өмчлөгчдийн холбоог ажиллах боломжоор хангаагүй, төлбөр төлөхгүйн тулд шалтаг хайж сууц өмчлөгчдийн холбоог буруутгаж муутгаж байгаа нь сууц өмчлөгчдийн холбооны гишүүний хувьд үүргээ биелүүлээд хяналт тавих эрхээ хэрэгжүүлэх талаарх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч К.Есөнбек шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 41 дүгээр байрны сууц өмчлөгчдийн холбоо болох “Шинэ Эхлэл” сууц өмчлөгчдийн холбоо нь надаас 742,420 төгрөг нэхэмжилжээ. Би одоогоор буюу нэхэмжлэл гаргасан хугацаа болох 2017 оны 11 сар хүртэлх 718,200 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд үүний 600,600 төгрөг нь “Өсөх-Удам” сууц өмчлөгчдийн холбоо, үлдсэн 117,600 нь “Шинэ Эхлэл” сууц өмчлөгчдийн холбооны төлбөр юм. Эдгээр төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй, ашгийн бус, орон сууцанд суугч иргэдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал,нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай" хуулинд заасан эрх үүргээ биелүүлэх ёстой юм. Иймд хуульд заасан эрх үүргээ биелүүлээгүй, биелүүлдэггүй “Өсөх-Удам” сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг нэхэмжилж байгаад гайхаж бас төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би 2009 оноос тус байранд оршин сууж байгаа бөгөөд цаг тухайд нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлдөг байсан. Тухайн үеийн “Өсөх-Удам” сууц өмчлөгчдийн холбоо нь сар бүр төлбөр авдаг боловч эрх, үүргээ биелүүлдэггүй, ажил хийдэггүй, хурлаа хийдэггүй, тайлангаа тавьдаггүй, төлсөн мөнгөө юунд зарцуулсан нь тодорхойгүй, орц цэвэрлэдэггүй маш бохир, зарим саруудад жижүүр ч байдаггүй (жижүүрийн цалинг нь тогтмол өгдөггүй учир тогтдоггүй), лифт үргэлж гацдаг ажилдаггүй (заримдаа 7 хоногоор, сараар ажилладаггүй), шатаар өгсөх замд гадны орон гэргүй, согтуу хүмүүс үргэлж байдаг, бие засдаг, хонодог, шөнө оройн цагаар хүүхэд эмэгтэйчүүд гэртээ орж гарахдаа айдастай байдаг байсан. Ийм байдлаар оршин суугчдыг хохироосоор ирсэн учир 2012 оны 10 дугаар сараас эхлэн сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөхөө зогсоосон болно. Ганц би биш олон оршин суугчид үүнээс болж төлбөр төлөхөө зогсоосон гэж бодож байна. Үүнийг одоогийн сууц өмчлөгчдийн холбооны удирдлагууд ч гэсэн мэдэж байгаа байх гэж бодож байна. Тухайн үед “Өсөх-Удам” сууц өмчлөгчдийн холбооны дарга гэх н.Туул нь тус байрны оршин суугчдын дундын өмч болох орц болгоны 00 тоотуудыг түрээсэлсэн, хувьдаа завшсан зэрэг үйлдлүүд мөн “Өсөх-Удам” сууц өмчлөгчдийн холбооны удирдлагуудыг томилсон гэх хурлын шийдвэрийг шүүхэд нэхэмжлэл гарган хүчингүй болгуулсан зэрэг маргаанууд гарч байсан. Тус сууц өмчлөгчдийн холбоо нь оршин суугчид буюу сууц өмчлөгчдийн холбооны гишүүдэд тайлан тавьсан удаагүй бөгөөд, хурлаа ч хийдэггүй байсан. Иймээс “Өсөх-Удам” сууц өмчлөгчдийн холбоо 2009 хойш ажлын болон санхүүгийн тайланг харах хүсэлт гаргасан болно. “Шинэ эхлэл” сууц өмчлөгчдийн холбоо нь өмнөх “Өсөх-Удам” сууц өмчлөгчдийн холбооныудирдлагуудаас яагаад ажил хийгээгүй, айлуудын төлсөн төлбөрийг юунд зарцуулсан, ийм олон айл төлбөр төлөхгүй болсон шалтгаан, хийсэн ажлын тайланг нэхэж, хариуцлага тооцохын оронд, тэдний оршин суугчдад үзүүлээгүй, үйлчилгээнийхээтөлбөрийг оршин суугч биднээс нэхэж байгаад гомдолтой байна. 2016 онд Шинэ Эхлэл сууц өмчлөгчдийн холбоо гэдэг нэртэй болсон, шинэ удирдлагатай болсон гэж мэдсэн ба ажил хийж эхэлж байсан тул төлбөрөө төлөөд явсан. 2017 оны 3 сар хүртэл төлсөн. 2016 оны 11 сард орцны хаалганд кодтой цоож хийсэн бөгөөд цоожны төлбөрийг айлуудад хувааж гаргуулж байсан юм. Тухайн үед цоожны төлбөр болох 19920 төгрөгийг “Шинэ-Эхлэл” сууц өмчлөгчдийн холбооны дансанд шилжүүлсэн ч 2016 оны 11 сарын сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт цоожны төлбөрийг нэмж бичсэн байсан. Энэ талаар дараа нь сууц өмчлөгчдийн холбооны даргад хэлэхэд нягтлантай ярь гэсэн. Нягтлан ярихад 2016 оны 11 сарын төлбөрийг төлчих, дараагийн сараас хасаад бичье гэсэн болохоор төлсөн юм. Гэвч дараа сараас төлбөр хасагдаагүй учир энэ байдлыг тодруултал төлбөр төлөлтөө зогсоосон. Мөн 2017 оны 6 сарын төлбөр нэмэгдэж гарсан байсан бөгөөд яагаад нэмэгдсэн талаар бид мэдээгүй, дараа нь лифтийг 24 цагаар ажиллуулдаг болсон учир нэмсэн гэж сонссон. Гэвч төлбөрийг хэзээ, ямар хурлаар хуралдаж ямар тооцоолол дээр үндэслэж нэмсэн нь тодорхойгүй байсан учир үлдэгдэл төлбөрөө одоог хүртэл төлөөгүй болно. Энэ талаар тодруулах, баримт гаргуулахаар хүсэлт гаргасан болно” гэжээ.
Хариуцагч К.Е шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Өсөх-Удам” сууц өмчлөгчдийн холбоо, "Шинэ-Эхлэл 41" сууц өмчлөгчдийн холбоо нь "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай" хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т зааснаар мэргэжлийн байгууллагатай хамтарсан урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийгээгүйн улмаас, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлээгүй, хийх ёстой ажлаа зохион байгуулаагүй ба байрны гадна хананы дулаалга, чигжээсний засварын ажлыг олон жил дараалан хийгээгүйгээс байрны дотор хана нь байнга цантаж, мөөгөнцөртөж, тайван амьдрах боломжгүй болсон тул 2016 оны 10 сард иргэнН.Чулуунбаатар гэдэг хүнтэй тохиролцож гадна дулаалга, засварын ажлыг 1,600,000 төгрөгөөр хийлгэсэн болно. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар сууц өмчлөгчдийн холбоо орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах үүрэгтэй бөгөөд сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн түхай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар орон сууцны байшингийн гадна хана дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаардаг тул Н.Чулуунбаатараар хийлгэсэн засварын зардал болох 1,600,000 төгрөгийг "Шинэ эхлэл 41" сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч К.Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч тал ямар нэгэн хэмжээгээр үйлчилгээ авсан гэж байна, тэр төлбөрийг төлж болно. Би нэхэмжилж байгаа төлбөрөөс жижүүрийн төлбөр, лифтний яваагүй төлбөрийг хасуулна. 400 төгрөгийн тайлбарыг би сайн ойлгохгүй байна, хэрвээ банкны шимтгэл гэж байгаа бол задаргаа нь дээрээс яагаад харагдахгүй байгаа юм. Дандаа 400 төгрөг дутуу гараад байдаг шүү дээ. Иргэд энэ төлбөрийг сайн мэдэхгүй болохоор өгчихдөг байх. Би лифтний тэг зогсолт буюу огт яваагүй 04 дүгээр сарын 18-ныөдрийг хасах, жижүүрийн тухайд хэрвээ нийгмийн даатгал төлсөн бол өгч болж байна, гэхдээ төлөөгүй гэж бодож байна. Ер нь бол жижүүр тогтмол байгаагүй. Цэвэрлэгээ 2,500 төгрөг байгаа бөгөөд энэ төлбөрийг төлнө, харин жижүүрийг зөвшөөрөхгүй. Би 2014 оны 10 дугаар сараас хойш төлбөрийн тухайд ярьж байна. Хэрэгт жижүүрийн нийгмийн даатгал төлсөн баримт байхгүй бөгөөд би жижүүрийг харж байгаагүй. Би өөрөө жижүүр байхгүйн улмаас хохирч байсан. Гэхдээ жижүүр зарим сард муу ажлаад зарим сард хэтэрхий сайн ажилласан” гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Шинэ эхлэл 41" сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч К.Е-дхолбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд нийт 742,420 төгрөг гаргуулах, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөд өөрийн зардлаар хийсэн засварын үнэ 1,600,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч “Шинэ эхлэл 41" сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч “Шинэ эхлэл 41" сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч К.Е-ээс2012 оны 10 дугаар сараас 2017 оны 07 дугаар сар хүртэл хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой төлбөр нийт 738,420 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч “...“Өсөх-Удам” сууц өмчлөгчдийн холбоо нь засвар үйлчилгээний ажлаа хийж байгаагүй, “****”сууц өмчлөгчдийн холбоо нь өмнөх “Өсөх-Удам” сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нэхэмжлэх эрхгүй” гэж маргасан боловч сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасны дагуу заавал сууц өмчлөгч сууц өмчлөгчдийн холбоо гишүүн байхаас гадна дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэг хүлээнэ.
Дундын өмчлөлийн зардлыг бүх гишүүдийн хурлаас тогтоох бөгөөд “****”сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүд 2015 оны 10 сарын 24-ний өдрийн хурлаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг “Өсөх-Удам” сууц өмчлөгчдийн холбоонд мөрдөж байсан тарифаар хавсралтад зааснаар төлөхөөр шийдвэрлэсэн байна. /хх-ийн 89, 91 дүгээр тал/
Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/945 дугаар захирамжаар Баянгол дүүргийн *******ны 41 дүгээр байрны “****”сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/08 дугаар захирамжаар “****”сууц өмчлөгчдийн холбоог байгуулсантай холбоотой “Өсөх-Удам” сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг хүчингүй болжээ. /хх-ийн 76, 77 дугаар тал/
“Өсөх-Удам” сууц өмчлөгчдийн холбоог өөрчлөн байгуулах замаар “****”сууц өмчлөгчдийн холбоог байгуулсан байх тул “Өсөх-Удам” сууц өмчлөгчдийн холбооны эрх үүрэг нь “****”сууц өмчлөгчдийн холбоонд шилжинэ. Хэрэв сууц өмчлөгч “Өсөх-Удам” сууц өмчлөгчдийн холбоонд төлөх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон төлбөрийг төлөөгүй бол “****”сууц өмчлөгчдийн холбоо шаардан авах эрхтэй.
Харин нэхэмжлэгч 2012 оны 10 дугаар сараас 2014 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны төлбөрийг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаанд гаргаагүй байна.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй”, хариуцагч үүргийг зөвшөөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хугацааны төлбөрийг хангах үндэслэлгүй.
Нэхэмжлэлийн шаардлагаас 2014 оны 11 дүгээр сараас 2017 оны 07 дугаар сар хүртэл 33 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон төлбөр буюу 479,900 төгрөгөөс хариуцагч 2016, 2017 оны төлбөрт 211,440 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул хариуцагч үлдэх 252,110 төгрөгийг төлөх үүрэгтэй. /хх-ийн 29-31 дүгээр тал/
Иймд хариуцагч К.Е-ээс252,110 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “****”сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 486,310 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч нийтийн зориулалттай орон сууцны байшингийн гадна хананы дулаалга, чигжээсний засварын ажлыг хийгээгүйгээс амьдрах боломжгүй болсон тул өөрийн зардлаар завсар үйлчилгээ хийсэнтэй холбоотой гарсан зардал 1,600,000 төгрөгийг “****”сууц өмчлөгчдийн холбоо хариуцна гэж шаардлагаа гаргасан байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6-д заасны дагуу орон сууцны байшингийн гадна хананы засвар үйлчилгээг сууц өмчлөгчдийн холбоо гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.
Харин хариуцагч нь өөрийн дангаар өмчлөх орон сууцны гадна ханыг Н.Чулуунбаатар гэх иргэнээр дулаалах ажил хийлгэсэн байна. /хх-ийн 54 дүгээр тал/
Уг дулаалгын ажил нь Иргэний хуулийн 146.1-д заасан дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хийсэн засварт хамаарч байх тул 1,600,000 төгрөгийг нэхэмжлэгч “****”сууц өмчлөгчдийн холбоо хариуцах үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгч “****”сууц өмчлөгчдийн холбооноос 1,600,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч К.Еийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 146 дугаар зүйлийн 146.1, 148 дугаар зүйлийн 148.1.3-д заасны дагуу хариуцагч К.Е-ээс252,110 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “****”сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 486,310 төгрөгт холбогдох хэсгийг, нэхэмжлэгч “****”сууц өмчлөгчдийн холбооноос 1,600,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч К.Еийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “****”сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,368 төгрөгийг, хариуцагч К.Е-ээсулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8,210 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР