| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2021/0184/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/194 |
| Огноо | 2021-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Г.Баясгалан,
Хохирогч Б.Отгонцэцэг,
Гэрч Д.Алтанцэцэг, О.Отгондорж,
Шинжээч Ө.Шаарийбуу, С.Төгсбуян,
Шүүгдэгч А.Бердгүль, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн урьдчилсан хэлэлцүүлгээр,
Налайх, Багахангай дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шыбарайгыр овогт Ахатхааны Бердгүльд холбогдох эрүүгийн 2107 00000 0185 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жижиг дунд үйлдвэрийн цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Налайх дүүргийн 4-р хороо, Алтайн 1-10 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй,
РД:УД95073101, Шыбарайгыр овогт Ахатхааны Бердгүль.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Бердгүль нь 2021 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Угалзан цамхаг" тоосгоны үйлдвэрийн байран дотор Б.Отгонцэцэгтэй гараараа чичиж түлхлээ гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний үснээс зулгааж , нүүрийг нь маажих, гараараа баруун, зүүн нүдрүү нь цохих, өшиглөх зэргээр зодож "тархины доргилт, зүүн хацар зөөлөн эдийн гэмтэл, зүүн гарын бугалганд цус хуралт" бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдан холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогч болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон оролцогчид гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:
Шүүгдэгч А.Бердгүл нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Орой 07 цагт ажлаасаа буугаад гэртээ байж байтал Б.Отгондорж намайг ирж авсан. Маргааш нь миний төрсөн өдөр болох гэж байсан. 2021 оны 07 дугаар сарын 30-ны орой 07 цагт гэрээс ирж авсан бөгөөд бид хоёр орой нь цуг явж байгаад үйлдвэр лүү очсон. Оройн 09 цаг өнгөрөөд 10 гээд үйлдвэр дээр очсон. Тогооч хүүхэн бид гурав цуг сууж байсан бөгөөд төрсөн өдрийн юм гээд вино, 0.5 литрийн соёрхол задалсан. Хоорондоо маргалдаагүй байсан. Тэгсэн Отгонцэцэг орж ирээд элдвээр хэлээд намайг барьж авахад би үснээс нь зулгаасан гэв...” гэв.
Хохирогч Б.Отгонцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Би 2021 оны 07 дугаар сарын 30-ны шөнө хадам дүү дээрээ 01 цаг болж байхад очсон. ... Тэгээд би орой нь хадам дүүгээс нөхрийгөө асуух гэж Угалзан цамхагт очсон. Намайг очиход тэр хоёр согтуу байсан. Эгчээ миний төрсөн өдөр болж байна гэхэд нь надад хамаагүй би дүүтэйгээ уулзах гэж ирлээ гэсэн. Тэгээд над руу чичлээд дайрсан. Чамд огт хамаа байхгүй би дүүтэйгээ уулзах гэж ирсэн болохоор над руу битгий чичилж дайраад бай гэж хэлсэн. Над руу дайраад үсдэж авахаар нь би чамд гэм хортой хүн биш шүү гэсэн. Намайг учиргүй цохиж нүдээд байхаар нь чи одоо хүн аллаа болъё гэхэд хадам дүү бид хоёрыг салгаад гараад явсан. Гараад явсны дараа нь над руу учиргүй дайрч ус буцалгагч авч шидэж, нүүр амыг минь маажсан. Би энэ хүнээс нэг ч төгрөг гуйж аваагүй. Би өнөөдөр гомдолтой байгаа. Надаас уучлал гуйгаагүй. 1.200.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Төлбөрөө би чамаар төлүүлнэ гэдгээ хэлсэн бөгөөд хүнээс нэг ч удаа яаж байна гэж асуугаагүй. Би Бердгүлээс эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин гэж нийт 1200000төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Шинжээч Ө.Шаарийбуу нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Би 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс С.Төгсбуян эмчийн оронд сэлгэн ажилласан. 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүрэгт ажиллах хугацаанд А.Бердгүлийн биед үзлэг хийхэд шилэн хүзүү хөшиж өвдөнө. Бүтэн биеийн үзлэг хийхэд ил харагдах шарх, сорви байхгүй байсан бөгөөд эмнэлгийн баримт бичиг хавсаргаагүй байсан. 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Б.Отгонцэцэгийн биед үзлэг хийхэд толгой өвдөнө, дотор муухайрна, нүд бүрэлзэнэ, зүүн талын хацар цохисон хэсгээр хөндүүрлэнэ. Үзлэгээр зүүн хацар хавдсан, зүүн талын гарын бугалгын дотор дунд хэсэгт 8 харьцах 6 хэмтээтэй шарх, хүрэн өнгийн цус хуралттай, 07 дугаар 31-ны өдрийн компьютер томограффийн шинжилгээгээр хоёр талын нүдний ухархай, хамрын хянга ясны зүүн талын болон зүүн хацар орчимд хавантай гэсэн бөгөөд яаралтай тусламжийн хуудасны онош нь тархины доргилт, их биеийн мөчдийн зөөлөн эдийн гэмтэл гэх оноштой. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх тархины гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гаргасан. компьютер томограффийн шинжилгээгээр тархины доргилт онош оношлогдохгүй байх боломжтой..” гэв.
Шинжээч С.Төгсбуян нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Тархи доргих гэмтэл хүний тархины үйл ажиллагааны өөрчлөлт бөгөөд хүний тархи тэнцвэр олох, хөдлөх гэх мэт үйл ажиллагааг зохицуулдаг. Мөн тэр бүхний үйл ажиллагааны өөрчлөлт болно. Харин Компьютер томографаар юуг оношлох вэ гэхлээр тархи, гавал дотор байгаа ямар нэг эзлэхүүнтэй өөр бүтэцтэй зүйлүүд байна уу үгүй юу гэдгийг хардаг болохоос биш тархины эсүүдийн хоорондох мэдрэлийн зохицуулалт, янз бүрийн дааврын өөрчлөлт зэргийг оношлохгүй. Тархи доргих гэмтлийг заавал Компьютер томограффаар баталгаажуулах шаардлага байхгүй бөгөөд зөвхөн Компьютер томографаар тархи доргих гэсэн оношийг заавал тавих шаардлагагүй. Тархины доргилт үүссэн нөхцөлд Компьютер томограффаар бага зэргийн хаван илэрч болно. Гэхдээ энэ хаван өөр өчнөөн олон өвчний үед илэрдэг тул зөвхөн хаванг харчхаад тархи доргилт гэж үзэж болохгүй олон шалтгаантай. Уг зааварчилгаа дээр 2.4.2-т буюу ямар хэмжээнд хүрвэл хөдөлмөрийн чадвар алдалт 5 хувь болох гэдэг зааварчилгаа байгаа. Түүнд зовхины хоёр тал нэг нь унжих, өргөгдөх, салганах чичрэх буюу хүнд зэргийн тархи доргилттой үед 5 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай болоод үлдэц хор уршгаар нь хувилж байгаа. Хөнгөн зэргийн тархи доргилт буюу үснээс зулгааж сэгсчиж байгаа хөдөлгөөнөөс үүсэх тархи доргилт бол энгийн явцдаа 4 долоо хоногт эдгэрэх боломжтой байгаа учраас үүнийг үлдэц хор уршгаар нь 2.4.1 буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамруулж үздэг. Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөгч Энхбаясгалангийн тушаалаар 08/шэ/08 дугаартай нэмэлт шинжилгээ гаргасан. Тогтоолтой хамт гэхээр шинжээч өөрийн санаачилгаар нотлох баримтыг бүрдүүлэх хориотой байдаг. Хүний авчирсан гэрэл зураг авч дүгнэлтэд тусгаж нотлох баримтын хэмжээнд үнэлэх хориотой. Иймд гэрэл зургуудыг зөвхөн мөрдөгчийн зөвшөөрлөөр авч гэрэл зурагт дүгнэлт гаргадаг. 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр авхуулсан гэрэл зураг болоод эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудсанд нэмэлт шинжилгээ гаргая гэсэн тогтоолыг ирүүлсний дагуу 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэмэлт шинжилгээг дээрх асуултад хариулахаар гаргасан байна. Дүгнэлтэд А.Бердгүлийн биед гэрэл зурагт авагдсанаар хүзүү, цээж, хэвлий, баруун зүүн гуя, баруун зүүн шилбэнд гэмтэл тогтоогдлоо. Гэрэл зурагт авагдсан цус хуралт гэмтлүүд нь 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Налайх эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч болон шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй тул хэзээ үүссэнийг нарийн тодорхойлох боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан...” гэв.
Гэрч Д.Алтанцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө над руу үйлдвэрийн нэг хүн залгаад танай эгч чинь зодуулчихсан байна хүрээд ир гэсэн. Намайг очтол манай эгч баюун гэх зүйлийн хажууд ганцаархнаа хэвтэж байсан. Манай эгч нэлээн цустайгаа хутгалдсан, босох чадваргүй толгой нь эргэсэн байдалтай байсан. Тухайн үед миний эгчийн дэргэд хэн ч байгаагүй бөгөөд би Цагдаад дуудлага өгсөн. Манай эгчийг зодсон гэх А.Бердгүлийг хайж ажилчдынх нь амрах өрөөнд очсон боловч хэн ч байгаагүй бөгөөд хамаг юм энэ тэнд шидэгдсэн будаг шунх нь ил байсан. Тэр үед би цагдааг иртэл эгчтэйгээ цуг байж байсан чинь Б.Отгондорж гээд хүн ирсэн. Ирэнгүүт нь юу болсныг асуутал ингэсэн тэгсэн гэж хэлсэн. Тун удалгүй А.Бердгүл хүрээд ирсэн. Тэгээд цагдаа хүлээгээд байж байтал хаашаа явсан нь мэдэгдэхгүй тэр хоёр алга болсон байсан. Би цагдаатай хамт ажилчдынх нь нойл, амрах өрөөгөөр хоёр цагдаатай хамт хайж яваад амрах өрөөнд нь очиж авсан. Тэгээд намайг эмнэлэг рүү эгчийгээ аваад явж бай гэж хэлсэн...” гэв.
Гэрч О.Отгондорж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....2021 оны 07 дугаар сарын 30-ны шөнө Б.Отгонцэцэг, А.Бердгүл бид хоёр дээр үйлдвэрт ирсэн. Б.Отгонцэцэгийг орж ирэхэд А.Бердгүл өнөөдөр миний төрсөн өдөр болж байна гэхэд Б.Отгонцэцэг урдаас нь янхан эгч Ундраа чинь хаана байна гэж хэлээд үсдэлцсэн. Тэгээд би салгачхаад гарч Б.Отгонцэцэгийн дүү Алтанцэцэг рүү залгасан. Буцаад орж ирэхэд үсдэлцэж байсан. Би Б.Отгонцэцэг эгчийг салгаад гаргаад явуулсан. А.Бердгүл бид хоёр араас нь хаашаа явсан бэ гээд гарахад манаачийнд орсон байсан. Манаачийнд орчихсон байж байхад нь дүү нь ирчихсэн байсан. Удахгүй цагдаа нар ирсэн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн гэм бурууг нотлохоор дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.
Хохирогч Б.Отгонцэцэг нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07
дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө би 01 цагийн үед өөрийн нөхөр О.Бадрахыг хаана байгаа талаар асуухаар нөхрийнхөө төрсөн дүү болох О.Отгондоржтой уулзахаар Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Угалзан Цамхаг тоосгоны үйлдвэр дээр очсон юм. Тэгээд би О.Отгондоржийн амьдардаг өрөө рүү ортол Бердгүл гэх хүүхэн Отгондорж хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн, бага зэрэг согтсон байдалтай байж байсан. Өрөөнд нь бас нэг танихгүй эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд тасарчихсан байдалтай унтаж байсан. Тэр хүүхэн эргэн тойронд нь юу болж байгааг мэдэх чадваргүй, намайг орж ирснийг ч мэдээгүй. Тэгээд би Отгондоржтой уулзах гэтэл Бердгүл гэх хүүхэн “чи яах гэж байгаа юм” гэхээр нь би “дүүтэйгээ юм ярих гэж байна, хөндлөнгийн хүнд хамаагүй” гэтэл наадахаа аваад rap" гэж Отгондоржид хэлээд над pyy хуруугаараа чичээд байхаар нь “чамд ер нь ямар хамаатай юм, би дүүтэйгээ л юм ярих гэж ирсэн" гэж хэлтэл "нөхөртөө хаягдсан гичий" гэх мэтэр ёс бус үгээр намайг доромжлоод байхаар нь “би чамд доромжлуулахгүй шүү” гээд цээж рүү зөөлөн түлхсэн юм. Тэгээд миний үснээс зулгааж орон дээр дарж унагаагаад, над руу ус буцалгагч, өөр бусад эд зүйлсийг авч шидээд байсан. Тэгээд “одоо больё” гээд хэлтэл миний нүүрийг хумсаараа маажаад, нүүр, гар, луу цохиод, миний гуя руу өшитөсөн. Дараа нь миний үснээс зулгаагаад өрөөнийхөө үүд хэсэгт аваачихаар нь би түлхчихээд өрөөнөөс нь зугатааж гараад би үйлдвэрийн манаачийн өрөө рүү ороод цагдаа дуудаад өгөөч гэтэл Отгондоржоо гээд манай дүүг дуудаад гараад явсан. Дараа нь би хажуу талын байшинд байх Чадраа гэж хүнд хэлж байгаад дүү Алтанцэцэгийг дуудуулж, цагдаад дуудлага өгүүлсэн......."/хх-05-08/гэх мэдүүлэг,
“....Би ямар ч хана мөргөөгүй, толгойгоороо унасан юм мөргөсөн зүйл юу ч байхгүй, харин өрөөн дотроо Бердгүль намайг орон дээрээс үснээс зулгааж газраар чирч байсан. Би тухайн үед Бердгүльд хуурай эгч Ундраагаа дууд миний нөхөртэй ууж идээд явдаг гэсэн гэж хэлсэн нь үнэн.... Би огт Бердгүлийг зодож цохисон зүйл огт байхгүй. Намайг үснээс зулгааж зодоод байхаар нь харилцан үснээс нь зулгаасан. Тэгээд болихгүй намайг зодоод байхаар нь зугатаж гарахдаа түлхэж холдуулаад гараад гүйсэн. Тухайн үед хажууд хэн ч байгаагүй, Отгондорж хаачсаныг мэдэхгүй. Сүүлд нь асуухад Отгондорж хүн дуудахаар явсан гэж байсан... Газар унасан эсэхийг мэдэхгүй, би цээж хавьд нь гараараа нэг удаа түлхээд гарч зугатсан.... Би түүнтэй муудалцахаар очоогүй. Нөхөр бид 2 жаахан таарамгүй тусдаа амьдарч байсан болохоор ахынх нь талаар дүүгээс нь асууж тодруулах зүйл байгаад очсон юм....” /хх-90/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч А.Бердгүль мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн үед манай найз залуу Отгондорж намайг гэрээс ирж аваад Налайх ддүүргийн 3-р хороонд үйл ажиллагаа явуулдаг Угалзан цамхаг тоосгоны үйлдвэрийн ажилчдын байранд ирж миний 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр болох төрсөн өдрийг тэмдэглэхээр болоод манай найз залуу Отгондорж манай үйлдвэрийн тогооч Сарангэрэлийн хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байсан юм. Тэгтэл 00 цагийн үед бид нарын байсан өрөөнд Отгондоржийн төрсөн ахынх нь эхнэр Б.Отгонцэцэг нь орж ирэхээр нь Отгондорж "та юу хийж яваа юм" гээд хэлтэл Отгонцэцэг өөдөөс нь "чи түрүүнээс хойш утсаа авахгүй" гэх мэтээр үглээд байсан. Тэгснээ над руу хараад "чи энд юу хийж яваа юм, чи хасаг янхан минь" гэх мэтээр намайг хараагаад "миний нөхрийг гаргаж өг, муу хасаг янхан минь" гээд байсан. Тэгэхээр нь би Б.Отгонцэцэгийн үснээс зулгаагаад, зөрүүлээд миний үснээс зулгаатал Отгондорж бид хоёрыг салгачихаад ах дүү нар луу нь би гар утас луу нь залгаж дуудна гээд өрөөнөөс гарсан. Тэгээд бид хоёр дахиж бие биенийхээ үснээс зулгаагаад би Б.Отгонцэцэгийг гурваас дөрвөн удаа цохиж, хөл рүү нь хоёроос гурван удаа нь өшиглөсөн. Отгонцэцэг ч бас намайг цохиж, өшиглөсөн. миний хэвлий хэсэг рүү 6-7 удаа цохиж өшиглөсөн, дараа нь миний гар луу цохисон. /хх-48-49/ гэх мэдүүлэг,
“.... Отгонцэцэг миний хөл гар цээж хэвлий хэсэгт олон удаа өшиглөсөн. Гаргаж өгсөн гэрэл зураг дээрх миний биед учирсан олон гэмтлийг Отгонцэцэг зодож учруулсан. Тэгээд бас Отгонцэцэг надаас нөхрөө толгойгоороо хэд хэдэн удаа хана мөргөөд цохиод байсан...” /хх-100/ гэх мэдүүлэг,
Гэрч О.Отгондорж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Манай ахын эхнэр болох Б.Отгонцэцэг нь орж ирсэн...А.Бердгүльд хандаж "орчуулагч Ундраа янхан чинь хаана байна" гээд үсдэлцээд эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад Б.Отгонцэцэгийг авхуулахаар гэрийнхэн рүү нь залгахаар өрөөнөөс гарсан юм. Тэгээд утсаа авахгүй байхаар нь буцаад өрөө рүүгээ ортол Б.Отгонцэцэг, А.Бердгүль хоёр дахиад үсдэлцчихсэн байхаар нь дахиад салгасан...Намайг орж ирэхэд тэр хоёрын үс нь арзайчихсан, Б.Отгонцэцэгийн нүдний доод хэсэгт маажуулсан бололтой шалбарчихсан байсан. Тэр хоёр бие биетэйгээ зодолдоод...хоорондоо ноцолдохдоо өрөө дотор нэлээн унасан байх шиг байсан..." /хх-10-11/ гэх мэдүүлэг,
Гэрч Г.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө би тоосгоны үйлдвэрийн хамгийн үүдний манаачийн байранд унтаж байхад хүн хаалга балбаад байхаар нь нээхэд Отгонцэцэг гэгч нь үс гэзэг нь сэгсийчихсэн аймаар юм орж ирээд авраачээ гээд орилохоор нь би айсандаа гараад явчихсан. Тэгээд Отгонцэцэг манаачийн байрнаас гараад урагшаа явчихаар нь би байрандаа орж унтсан. Манай тоосгоны үйлдвэр дээр байнга согтуу ирдэг болохоор нь тоогоогүй... Ямар нэг зүйл хэлээгүй, согтуу хашгираад орж ирсэн. Үс гэзэг нь сэгсийчихсэн байсан. Отгондорж гээд дүүтэйгээ муудалцсан юмуу гэж би дотроо бодсон....” /хх-92/ гэх мэдүүлэг,
Гэрч Х.Чадраабал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө хэдэн цагийг мэдэхгүй байна. Хамгийн урд талын манаачийн байрандаа унтаж байтал сэгсийсэн хүн орж ирээд муухай орилохоор нь би айж цочирдсон. Тэгтэл Отгонцэцэг муухай орилж байснаа миний утсаар хүнтэй яриад гараад явсан. Нойрмог байсан болохоор юу гээд байгааг нь ойлгоогүй. Согтуу байх шиг байна лээ. Тоосгоны үйлдвэр дээр хэзээ ирсэн. Хэнтэй уусан талаар нь юу ч мэдэхгүй... Согтуу хашгираад орж ирэхээр нь харахад үс гэзэг нь сэгсийчихсэн байсан...” /хх-93/ гэх мэдүүлэг,
Гэрч Д.Алтанцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 07 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнийн 01 цаг дөхөж байхад манай эгч Отгонцэцэг над руу залгаад эгч нь хүнд зодуулчихлаа. Угалзан цамхаг дээр хүрээд ир гэхээр нь би машинтайгаа очиход үйлдвэрийн хашаанд тоногны хажууд босож чадахгүй байна гээд хэвтэж байсан. Хэн зодсон гэхэд Дүдү зодсон гэхээр нь тэр хүний өрөөнд нь ороход байхгүй дотор нь согтуу эмэгтэй унтаж байсан. Тэгээд буцаж эгч рүүгээ очоод аваад явсан... Нүүр нь цус болчихсон байсан. Үс гэзэг нь зулгаалгасан бололтой арзайсан, хөл нь доголсон байсан...” /хх-96/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 420 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм бурууг үгүйсгэж улсын яллагчийн шинжлэн судалсан Гэрч Отгондорж, шүүгдэгч Г.Бердгүль, гэрч Ганбаатар, Чадраабал нарын мэдүүлгүүдийг давхар судлуулахаас гадна дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэрч Т.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Хэдний өдрийг нь санахгүй байна. Мөн нэрийг нь мэдэхгүй, 20 гаран насны казак охин 2021 оны 08 дугаар сарын эхээр манайд согтуу орж ирээд “ахаа би хүнд зодуулсан юм. Та миний биеийн зургийг аваад өг” гэхээр нь би зөвшөөрч...нөгөө охин хувцасаа тайлж биеийнхээ энд тэнд хөхөрсөн зургийг авхуулсан. Би хэд хэдэн зураг авч угааж өгөөд явуулсан... Одоо санаж байгаагаар биеийн энд тэнд хөл гар, цээж, хөхөрсөн байсан...” /хх-98/ гэх мэдүүлэг,
Шинжээч Ө.Шаарийбуу мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “....би дээрх 425 дугаартай дүгнэлт гаргахдаа хохирогчийн биеийг үзэж зовиур, эмнэлгийн яаралтай тусламж хуудас зэргийг үндэслэж дүгнэлтийг гаргасан ” гэх мэдүүлэг /хх-105/,
Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх тухай 2021 оны 08 дугаар сарын 04 ны өдрийн №39 тоот прокурорын зөвшөөрөл /хх-27/,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр шинжээчийн дүгнэлтэд:
Хохирогч Б.Отгонцэцэгийн биед хийсэн Компьютер томограффийн шинжилгээ /хх-110/,
А.Бердгүлийн биед үүссэн гэмтлийг авсан гэх Гэрэл зургийн үзүүлэлт /хх-30-31/,
Б.Отгонцэцэгийн биед үзлэг хийсэн Яаралтай тусламжийн хуудас , тусламжийн хуудас /хх-24-25/,
А.Бердгүлийн биед үзлэг хийсэн яаралтай тусламжийн хуудас /32-33/,
Хохирогч Б.Отгонцэцэгийн хохирлын баримтууд /хх-54-56/,
Хохирогч Б.Отгонцэцэгт бусдын биед халдсан гэж Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан Шийтгэлийн хуудас /хх-111/,
Шүүгдэгч А.Бердгүлийн ажил эрхэлдэг, орлоготой талаарх бичгэн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцуулахаар ял сонсгож , яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг нотлуулахаар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчийн үйлдлийн талаар судалсан нотлох баримтууд болох Хохирогч Б.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би О.Отгондоржийн амьдардаг өрөө рүү ортол Бердгүл гэх хүүхэн Отгондорж хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн, бага зэрэг согтсон байдалтай байж байсан. ...би Отгондоржтой уулзах гэтэл Бердгүл гэх хүүхэн “чи яах гэж байгаа юм” гэхээр нь би “дүүтэйгээ юм ярих гэж байна, хөндлөнгийн хүнд хамаагүй” гэтэл наадахаа аваад rap" гэж Отгондоржид хэлээд над pyy хуруугаараа чичээд байхаар нь “чамд ер нь ямар хамаатай юм, би дүүтэйгээ л юм ярих гэж ирсэн" гэж хэлтэл "нөхөртөө хаягдсан гичий" гэх мэтээр ёс бус үгээр намайг доромжлоод байхаар нь “би чамд доромжлуулахгүй шүү” гээд цээж рүү зөөлөн түлхсэн юм. Тэгээд миний үснээс зулгааж орон дээр дарж унагаагаад, над руу ус буцалгагч, өөр бусад эд зүйлсийг авч шидээд байсан. Тэгээд “одоо больё” гээд хэлтэл миний нүүрийг хумсаараа маажаад, нүүр, гар, луу цохиод, миний гуя руу өшиглөсөн. Дараа нь миний үснээс зулгаагаад өрөөнийхөө үүд хэсэгт аваачихаар нь би түлхчихээд өрөөнөөс нь зугатааж гараад би үйлдвэрийн манаачийн өрөө рүү ороод цагдаа дуудаад өгөөч гэтэл Отгондоржоо гээд манай дүүг дуудаад гараад явсан. Дараа нь би хажуу талын байшинд байх Чадраа гэж хүнд хэлж байгаад дүү Алтанцэцэгийг дуудуулж, цагдаад дуудлага өгүүлсэн.... гэх мэдүүлэг, Гэрч О.Отгондорж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Манай ахын эхнэр болох Б.Отгонцэцэг нь орж ирсэн...А.Бердгүльд хандаж "орчуулагч Ундраа янхан чинь хаана байна" гээд үсдэлцээд эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад Б.Отгонцэцэгийг авхуулахаар гэрийнхэн рүү нь залгахаар өрөөнөөс гарсан юм. Тэгээд утсаа авахгүй байхаар нь буцаад өрөө рүүгээ ортол Б.Отгонцэцэг, А.Бердгүль хоёр дахиад үсдэлцчихсэн байхаар нь дахиад салгасан...Намайг орж ирэхэд тэр хоёрын үс нь арзайчихсан, Б.Отгонцэцэгийн нүдний доод хэсэгт маажуулсан бололтой шалбарчихсан байсан. Тэр хоёр бие биетэйгээ зодолдоод...хоорондоо ноцолдохдоо өрөө дотор нэлээн унасан байх шиг байсан гэх мэдүүлэг, Гэрч Г.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө би тоосгоны үйлдвэрийн хамгийн үүдний манаачийн байранд унтаж байхад хүн хаалга балбаад байхаар нь нээхэд Отгонцэцэг гэгч нь үс гэзэг нь сэгсийчихсэн аймаар юм орж ирээд авраачээ гээд орилохоор нь би айсандаа гараад явчихсан. гэх мэдүүлэг, Гэрч Х.Чадраабалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Хамгийн урд талын манаачийн байрандаа унтаж байтал сэгсийсэн хүн орж ирээд муухай орилохоор нь би айж цочирдсон. Тэгтэл Отгонцэцэг муухай орилж байснаа миний утсаар хүнтэй яриад гараад явсан. Нойрмог байсан болохоор юу гээд байгааг нь ойлгоогүй. Согтуу байх шиг байна лээ..гэх мэдүүлэг, Гэрч Д.Алтанцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 07 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнийн 01 цаг дөхөж байхад манай эгч Отгонцэцэг над руу залгаад эгч нь хүнд зодуулчихлаа. Угалзан цамхаг дээр хүрээд ир гэхээр нь би машинтайгаа очиход үйлдвэрийн хашаанд тоногны хажууд босож чадахгүй байна гээд хэвтэж байсан. Хэн зодсон гэхэд Дүдү зодсон гэхээр нь тэр хүний өрөөнд нь ороход байхгүй дотор нь согтуу эмэгтэй унтаж байсан. гэх мэдүүлэг, Шүүгдэгч А.Бердгүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тэгтэл 00 цагийн үед бид нарын байсан өрөөнд Отгондоржийн төрсөн ахынх нь эхнэр Б.Отгонцэцэг нь орж ирэхээр нь Отгондорж "та юу хийж яваа юм" гээд хэлтэл Отгонцэцэг өөдөөс нь "чи түрүүнээс хойш утсаа авахгүй" гэх мэтээр үглээд байсан. Тэгснээ над руу хараад "чи энд юу хийж яваа юм, чи хасаг янхан минь" гэх мэтээр намайг хараагаад "миний нөхрийг гаргаж өг, муу хасаг янхан минь" гээд байсан. Тэгэхээр нь би Б.Отгонцэцэгийн үснээс зулгаагаад, зөрүүлээд миний үснээс зулгаатал Отгондорж бид хоёрыг салгачихаад ах дүү нар луу нь би гар луу нь залгаж дуудна гээд өрөөнөөс гарсан. Тэгээд бид хоёр дахиж бие биенийхээ үснээс зулгаагаад би Б.Отгонцэцэгийг гурваас дөрвөн удаа цохиж, хөл рүү нь хоёроос гурван удаа нь өшиглөсөн. Отгонцэцэг ч бас намайг цохиж, өшиглөсөн. миний хэвлий хэсэг рүү 6-7 удаа цохиж өшиглөсөн, дараа нь миний гар луу цохисон. гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №420 дугаар шинжээчийн дүгнэлтэд: Б.Отгонцэцэгийн биед Тархины доргилт, зүүн хацар зөөлөн эдийн гэмтэл, зүүн гарын бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт, Б.Отгонцэцэгийн биед үзлэг хийсэн Яаралтай тусламжийн хуудас зэргээр:
2021 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Угалзан цамхаг" тоосгоны үйлдвэрийн байран дотор хохирогч Б.Отгонцэцэгийн “ чамд хамаагүй, хасаг янхан минь” гэж шүүгдэгчид хандан хэлж түлхсний улмаас шүүгдэгч А.Бердгүль нь хохирогчийн үснээс зулгааж орон дээр унагах, хумсаараа нүүрийг нь маажих, гараараа баруун, зүүн нүдрүү нь цохих, өшиглөх зэргээр халдаж хохирогчид "тархины доргилт, зүүн хацар зөөлөн эдийн гэмтэл, зүүн гарын бугалганд цус хуралт" бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн хохирогчийн эсрэг хийсэн үйлдэл нь өөрийгөө хохирогчоос хамгаалах зорилготой хийгдсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “аргагүй хамгаалалт” хийсэн гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулсныг шүүх хянаад хохирогч Б.Отгонцэцэгийн шүүгдэгчийн цээж рүү түлхсэн үйлдэл нь Эрүүгийн хуулинд заасан нийгэмд аюултай, санаатай үйлдлийн шинжгүй бөгөөд шүүгдэгч А.Бердгүлийн зүгээс аргагүй хамгаалалт зайлшгүй хийх бодитой гэмт халдлага байгаагүй гэж үзлээ.
Мөн хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг шинжээч нар нь тогтоохдоо түүний биед хийсэн КТГ-ийн шинжилгээг зөв үнэлээгүй, тархи доргилтын шинж оношлогоогоор тогтоогдоогүй байхад хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол гэж тооцсон нь үндэслэлгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шинжээч Ө.Шаарийбуугийн өгсөн :”... Б.Отгонцэцэгийн биед үзлэг хийхэд толгой өвдөнө, дотор муухайрна, нүд бүрэлзэнэ, зүүн талын хацар цохисон хэсгээр хөндүүрлэнэ. Үзлэгээр зүүн хацар хавдсан, зүүн талын гарын бугалгын дотор дунд хэсэгт 8 харьцах 6 хэмжээтэй шарх, хүрэн өнгийн цус хуралттай, 07 дугаар сарын 31-ны өдрийн компьютер томограффийн шинжилгээгээр хоёр талын нүдний ухархай, хамрын хянга ясны зүүн талын болон зүүн хацар орчимд хавантай гэсэн бөгөөд яаралтай тусламжийн хуудасны онош нь тархины доргилт, их биеийн мөчдийн зөөлөн эдийн гэмтэл гэх оноштой. компьютер томограффийн шинжилгээгээр тархины доргилт онош оношлогдохгүй байх боломжтой гэсэн мэдүүлэг, шинжээч С.Төгсбуян нарын өгсөн:”... Тархи доргих гэмтлийг заавал Компьютер томограффаар баталгаажуулах шаардлага байхгүй Тархины доргилт үүссэн нөхцөлд Компьютер томограффаар бага зэргийн хаван илэрч болно. Хөнгөн зэргийн тархи доргилт буюу үснээс зулгааж сэгсчиж байгаа хөдөлгөөнөөс үүсэх тархи доргилт бол энгийн явцдаа 4 долоо хоногт эдгэрэх боломжтой байгаа учраас үүнийг үлдэц хор уршгаар нь 2.4.1 буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамруулж үздэг гэсэн мэдүүлгүүд нь урьд гаргасан шинжээчийн дүгнэлтүүдтэй зөрүүгүй, анхны тусламжийн хуудас, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримттай нийцэж байх тул шинжээч нарын дүгнэлтүүдийг бүхэлд нь үндэслэлтэй гэж үзэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирогчийн эрүүл мэндийн хөнгөн хохирол учраагүй гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Мөн шүүгдэгч Бердгүлийн биед учирсан гэмтлийг бүрэн тогтоогоогүй, мөрдөгчийн заасан хугацаанд шинжээч үзлэг хийгээгүйгээс мөрдөн шалгах ажиллагаа дутуу явуулсан, хугацаа хэтэрсэн эрхийн актаар шинжилгээ хийсэн гэж дүгнэлтээ танилцуулсныг шүүх хянаад хэрэгт авагдсан Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 425 дугаар шинжээчийн дүгнэлтэд: А.Бердгүлийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Гэмтэл тогтоогдоогүй тул бусад асуултад хариулах шаардлагагүй гэх дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: А.Бердгүлийн биед гэрэл зурагт авагдсанаар хүзүү, цээж, хэвлий, баруун зүүн гуя, баруун зүүн өвдөг, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэрэл зурагт авагдсан цус хуралтууд нь 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн НаЭМТ-н мэс заслын эмчийн үзлэгт огт бичигдээгүй байх тул хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна.гэх дүгнэлтүүдийг үндэслэн Бердгүлийн биед үзлэг шинжилгээг бүрэн хийгдсэн, шүүгдэгчийн биед учирсан гэмтэлд нь хохирогч Б.Отгонцэцэгийг буруутган зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэсэн зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу явуулсан байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч А.Бердгүлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.Бердгүльд холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар талуудын дүгнэлтийг хянан үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцож түүнд тухайн зүйлд заасан ял шийтгэлүүдээс торгох ялыг сонгож оногдуулан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдлаа.
Хохирогч Б.Отгонцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмчилгээний зардал 224116 төгрөг, унааны зардал 30000 төгрөг, ажилгүй байсан үеийн хохирол 945884 төгрөг нийт 1200000 төгрөгийг нэхэмжлэлийг шүүгдэгчид холбогдуулан гаргасныг шүүх хянан үзээд эмчилгээний зардал 224116 төгрөг, унааны зардал 30000 төгрөгийн шаардлагыг хэрэгт авагдсан зарлагын баримтуудыг, ажилгүй байсан үеийн хохирлыг ажлын 1 өдрийн хөлсийг 35000 төгрөгийг хөлсийг 2021 оны 07 дугаар сарын 31 ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 18 ны өдөр хүртэл ажлын 12 өдрөөр тооцон 420000 төгрөгийг хөлсөөр ажиллуулдаг ажил олгогчийн тодорхойлолтыг үндэслэн нийт 674116 төгрөгийн шаардлагыг хангаж, илүү нэхэмжилсэн 525884 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Шүүхийн шатанд шүүгдэгч , хохирогч нар нь шүүхээс тогтоосон гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 674.116 төгрөгийг хүлээн зөвшөөрч шүүгдэгч А.Бердгүль нь хохирогч Б.Отгонцэцэгт бэлэн бусаар төлж барагдуулсан болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шыбарайгыр овогт Ахатхааны Бердгүлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бердгүльд 450 /дөрвөн зуу тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бердгүльд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД