Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 407

 

 

 

 

 

 

 

2019             5              2                                            2019/ДШМ/407

 

Ц.Уад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч Л.Батаа,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Шинэбаярын нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Уын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1806005301084 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Ц-ийн У, 1994 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн ......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:....../,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 390 дугаартай шүүгчийн захирамжаар  7 жил 4 сар 6 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн;

 

Шүүгдэгч Ц.У нь: 1. 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр иргэн Д.Баярсайханы 10 настай хүү Б.Нэмэхбаярыг хуурч, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 167-11 тоотод буюу гэрт нь нэвтэрч, алтан нуухтай, шүрэн толгойтой, халтар манан хөөргийг хулгайлан авч, 2.530.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Г.Отгоны 10 настай дүү н.Азжаргалыг хуурч, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 53-1 тоотод буюу гэрт нь нэвтэрч, 4 ширхэг мөнгөн аяга зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Отгонжаргалын 10 настай хүү Б.Анандыг хуурч, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Баянмонгол” хорооллын 403-76 тоотод буюу гэрт нь нэвтэрч, “Samsung A5” загварын гар утсыг хулгайлан авч, 384.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр иргэн Ж.Энхжаргалын 10 настай хүү Б.Даваажаргалыг хуурч, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 136-5 тоотод буюу гэрт нь нэвтэрч, монетон хос бөгж, молор эрдэнийн чулуутай ээмэг, бөгж зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2017 оны 10 дугаар сард иргэн Б.Алтанцэцэгийн 10 настай ач хүү Д.Мягмардашийг хуурч, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 426-18 тоотод буюу гэрт нь нэвтэрч, бөгж, ээмэг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 10.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Д.Цэрэндэжидийн 10 настай хүү н.Сумъяабазарыг хуурч, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Монгол хотхоны 66с-152 тоотод буюу гэрт нь нэвтэрч, 3 ширхэг мөнгөн аяга, бөгж зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 971.100 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэн П.Алтанцэцэгийн 9 настай охин Б.Нандин-Эрдэнийг хуурч, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 35-19 тоотод буюу гэрт нь нэвтэрч, ээмэг, бөгж, гинж зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 1.014.800 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэн П.Энхцэцэгийн 9 настай Ч.Нандин-Эрдэнийг хуурч, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 9-180 тоотод буюу гэрт нь нэвтэрч, ээмэг, аяга, бөгж зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 670.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр иргэн Б.Нямдаваагийн бага насны 2 хүүхдийг хуурч, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Саруул тэнгэр 2” цогцолборын 102 дугаар байрны 37 тоотод буюу гэрт нь нэвтэрч, ээмэг, бөгж, зүүлт зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 1.379.700 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр иргэн Н.Найдангийн 10 настай хүү Н.Билгүүнийг хуурч, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Монгол хотхоны 66д байрны 33 тоотод буюу гэрт нь нэвтэрч, 4 ширхэг мөнгөн аягыг хулгайлан авч, 610.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Н.Сармандахын 10 настай хүү Д.Жавхланбаяр, 5 настай хүү Д.Дэлгэржавхлан нарыг хуурч, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 44-81 тоотод буюу гэрт нь нэвтэрч, ээмэг, бөгж, хөөрөг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 886.100 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр иргэн Д.Ууганцэцэгийн 10 настай Д.Халиуныг хуурч, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 64-46 тоотод буюу гэрт нь нэвтэрч, бэлэн 340.000 төгрөгийг хулгайлан авч, 340.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр иргэн С.Алтансүхийн 8 настай хүү А.Ханжигүүрийг хуурч, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг “Парк таун” хотхоны 214-75 тоотод буюу гэрт нь нэвтэрч, бэлэн 300.000 төгрөг, ээмэг, бөгж зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр иргэн Г.Алтаннарын 11 настай охин Б.Мишээлийг хуурч, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 126-158 тоотод буюу гэрт нь нэвтэрч, ээмэг, бөгж, кулон зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 1.877.400 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр иргэн С.Батгэрэлийн 11 настай хүү Б.Дэлгэрбуянг хуурч, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 466-1501 тоотод буюу гэрт нь нэвтэрч, 1 ширхэг алтан бөгжийг хулгайлан авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэн М.Мөнхбатын 11 настай хүү М.Тэнгисийг хуурч, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 40-90 тоотод буюу гэрт нь нэвтэрч, 1 ширхэг мөнгөн аягыг хулгайлан авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэн Д.Ганцэцэгийн 8 настай хүү Б.Энх-Отгоныг хуурч, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ-Өргөө хорооллын 603-11 тоотод буюу гэрт нь нэвтэрч, ээмэг, бөгж зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 1.187.500 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр иргэн Э.Уянгын 10 настай охин Ц.Аминзулыг хуурч, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 20-174 тоотод буюу гэрт нь нэвтэрч, ээмэг, гинж зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 1.649.000 төгрөгийн хохирол учруулсан,

19. 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Х.Азжаргалын 8 настай төрсөн дүү Б.Мөнхжаргалыг хуурч, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 502-108 тоотод буюу гэрт нь нэвтэрч, ээмэг, гинж зүүлт зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

20. 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Б.Нямбаярын 8 настай охин Т.Хүслэнг хуурч, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 111-59 тоотод буюу гэрт нь нэвтэрч, ээмэг, гинж, зүүлт зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

21. 2018 оны 5 дугаар сард иргэн Б.Баяраагийн 8 настай хүү Б.Одбаярыг хуурч, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 1-54 тоотод буюу гэрт нь нэвтэрч, 2 ширхэг бөгж хулгайлан авч, 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

22. 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их монгол хотхоны 904 дүгээр байрны орчим иргэн С.Ууганбаярын “Хаан банк”-ны картыг 7 настай У.Баярбаясгалан, 4 настай н.Ирмүүн нараас илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, уг картыг уншуулан, 500.000 төгрөг авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Ц-ийн Уыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Уыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.Уад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ял дээр 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 /найм/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Уад оногдуулсан 8 /найм/ жил 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Уын цагдан хоригдсон 271 хоногийг эдлэх ялаас хасаж тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Уаас нийт 33.429.500 төгрөг гаргуулж, хохирогч Д.Баярсайханд 2.530.000 төгрөг, хохирогч Г.Отгонд 380.000 төгрөг, хохирогч Ж.Энхжаргалд 1.600.000 төгрөг, хохирогч Б.Отгонжаргалд 384.000 төгрөг, хохирогч Б.Алтанцэцэгт 10.650.000 төгрөг, хохирогч Д.Цэрэндэжид 971.100 төгрөг, хохирогч П.Алтанцэцэгт 1.014.800 төгрөг, хохирогч Х.Чулуунбатад 670.000 төгрөг, хохирогч Б.Нямдаваад 1.379.700 төгрөг, хохирогч Н.Сармандахад 886.100 төгрөг, хохирогч Н.Найданд 610.000 төгрөг, хохирогч Д.Ууганцэцэгт 340.000 төгрөг, хохирогч С.Алтансүхэд 900.000 төгрөг, хохирогч Г.Алтаннарт 1.877.400 төгрөг, хохирогч С.Батгэрэлд 500.000 төгрөг, хохирогч М.Мөнхбатад 250.000 төгрөг, хохирогч Д.Ганцэцэгт 1.187.500 төгрөг, хохирогч Э.Уянгад 1.649.000 төгрөг, хохирогч Х.Азжаргалд 1.050.000 төгрөг, хохирогч Б.Нямбаярт 1.900.000 төгрөг, хохирогч Б.Баяраад 2.200.000 төгрөг, хохирогч С.Ууганбаярт 500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Уртнасанд 1.150.000 төгрөгийг тус тус олгож, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Уад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, өөрт холбогдох хэргийн хохирогч нараас чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Би уг гэмт хэрэгт холбогдох болсон шалтгаанаа анхан шатны шүүх хуралдаанаар мэдүүлэх хүсэлтээ байсан боловч өмгөөлөгчийн зөвлөснөөр мэдүүлэг өгөөгүй юм. Шүүх хуралдаанд би улсын өмгөөлөгч Н.Ганбатын хамт оролцсон. Гэмт хэрэгт холбогдох болсон шалтгаан миний хамтран амьдрагч болох Д.Батцэнгэлтэй  холбоотой. Би өмнө нь хорих 407 дугаар ангид ял эдэлж байхдаа Д.Батцэнгэлтэй танилцаж байсан. 2015 онд 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жил 9 сарын хорих ялыг биеэр эдлээд 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан. Тэр үед Д.Батцэнгэл нь  тус ангийн аж ахуйд ял эдэлж байсан бөгөөд намайг суллагдсанаас хойш 28 хоногийн дараа суллагдаад надтай холбогдсон. Тухайн үед би ялаа эдэлж дуусаад чин шударгаар хөдөлмөрлөж, ажил хийхээр төлөвлөн, 3 хүүхэдтэй айлд хүүхэд асрагчийн ажилд орохоор ярьж тохирсон байсан. Д.Батцэнгэлтэй уулзсанаас хойш түүнээс шууд хамааралтай болсон. Д.Батцэнгэл бид хоёр 2018 оны 4 дүгээр сар хүртэл хамт амьдарч бидний дундаас 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр охин төрсөн. Дахин гэмт хэрэг хийхийг хүсээгүй боловч Д.Батцэнгэлийн дарамт шахалт, хүчирхийллийн улмаас гэмт хэрэг үйлдсэн минь үнэн. Гэмт хэрэг үйлдэж тэр хүний дарамтад байхдаа хуулийн байгууллагад шууд хандаагүй дээ маш их харамсаж байна. Би өөрийн энэ байдлаа миний хэргийг хариуцан шалгаж байсан мөрдөгч, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтсийн ахмад н.Сод-Эрдэнэд хэлсэн боловч Д.Батцэнгэл олдохгүй байсан учраас хамтад нь шалгаагүй. Одоо Д.Батцэнгэлийг эрэн сурвалжилж байгаа. Д.Батцэнгэл нь намайг мөнгө олж ир гэж дарамталж, мөнгөгүй болохоороо зоддог байсан. Би хөгжлийн бэрхшээлтэй болохоор эсэргүүцээд дийлдэггүй. Намайг хохирогч нарын гэрийн гадаа машинаар хүргэж өгөөд өөрөө гадаа нь хүлээж байгаад шууд машиндаа суулгаад авч явдаг, хэн нэгэнд хандах боломж өгдөггүй байсан. Миний гэмт хэрэг хийж олсон мөнгийг бүгдийг нь Д.Батцэнгэл авдаг байсан. Намайг дөнгөж төрөөд 20 хоногтой нялх биетэй байхад цагдан хорьсон. Би хийсэн зүйлдээ маш ихээр гэмшиж байсан учир өөрийн энэ хэргийг шалгаж байгаа мөрдөгч н.Сод-Эрдэнэд бичгээр хүсэлт гарган, өөрийн хүсэлтээр илрүүлээгүй, тогтоогдоогүй байсан 10 үйлдлээ нэмж тогтоолгож, зарим нэг хохирлыг барагдуулахад туслалцаа үзүүлсэн. Иймд миний бусдад учруулсан хохирол болох 33.429.500 төгрөгийг Д.Батцэнгэлийн хамтаар төлүүлэх, мөн Д.Батцэнгэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна. Би 4 хүүхэд төрүүлсэн. 3 хүүхэд аавтайгаа байдаг, сүүлд төрсөн хүүхдээ хүнд үрчлүүлсэн. Хэдийгээр би хөгжлийн бэрхшээлтэй ч тэднийхээ төлөө амьдрах чин хүсэлтэй. Өөрийн хувийн байдлаас болж бусдын дарамтад орж дахин ийм гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Надад оногдуулсан 8 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.  ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Уын өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатнаас өмгөөлөгчөөр оролцож байна. Ц.У гомдолдоо Батцэнгэлийн талаар дурддаг боловч түүнийг гэрчээр асуусан зүйл байхгүй, АСАП сангаар эрэн сурвалжлах ажиллагаа зарлаад орхисон байдаг. Ц.У хувийн байдлын тухайд 4 хүүхэд төрүүлсэн гэдэг боловч 3 дугаар хавтас хэргийн 186 дугаар талд амбулатороор үзүүлсэн, эм тариа авсан гэх баримтаас өөр баримт хавтас хэрэгт байдаггүй. Цагдан хоригдохоос 20 гаруй хоногийн өмнө хүүхдийг нь хүнд үрчлүүлээд цагдан хоригдсон гэдэг. Ц.У нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрөө хүсэлт гаргаж 10 үйлдлээ нэмж тогтоолгосон. Гэм буруугийн талаар маргадаггүй. Хамгийн гол нь Батцэнгэл гэх хүнийг шалгаж өгөөч гэж хэлдэг. Өмгөөлөгчийн зүгээс хувийн байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж  өгнө үү. ...” гэв.

 

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.У нь урьд 3 хүүхэд төрүүлсэн гэх асуудлыг өнөөдөр л сонсож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэд хэдэн удаа уулзахад энэ талаар огт яриагүй. Д.Батцэнгэлтэй холбоотой асуудлаар хоёр удаа мэдүүлэг өгөхөд нь байлцсан. Д.Батцэнгэлийг сэжиглэх үндсэн шалтгаан нь Анхбаяр гэх мөрдөгчийн дэргэд эд зүйл өгсөн гэж мэдүүлэг. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж мөрдөгч Анхбаярыг гэрчээр асуухад энэ нөхцөл байдал тогтоогдоогүй учраас Д.Батцэнгэлтэй бүлэглэсэн, Д.Батцэнгэл ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт уруу татсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял шийтгэл оногдуулсан тул хэвээр үлдээх саналтай. Дэглэм өөрчлөх, ял шийтгэл багасгах нь шүүхийн эрх хэмжээний асуудал. ...” гэв.

     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч Ц.У нь 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүртэл нийт 21 удаагийн үйлдлээр бага насны хүүхдүүдийг хуурч, гэрт нь хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлан авч, 31.194.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Эд зүйлсээ алдсан талаарх хохирогч Д.Баярсайхан /1хх 12-13/, /1хх 21-24/, Г.Отгон /1хх 121-123/, Б.Отгонжаргал /1хх 142-145/, Ж.Энхжаргал /1хх 175-178/, Б.Алтанцэцэг /1хх 230-237/, Д.Цэрэндэжид /2хх 30-37/, П.Алтанцэцэг /2хх 80-81/, Х.Чулуунбат /2хх 116-118/, Б.Нямдаваа /2хх 156-159/, С.Ууганбаяр /2хх 179-180/, Н.Найдан /2хх 195-197/, Н.Сармандах /2хх 221-224/, Д.Ууганцэцэг /3хх 6-8/, С.Алтансүх /3хх 57-60/, Г.Алтаннар /3хх 137-139/, С.Батгэрэл /3хх 215-218/, М.Мөнхбат /4хх 76-77/, Д.Ганцэцэг /4хх 149-152/, Э.Уянга /4хх 196-200/, Х.Азжаргал /4хх 248-250, 5хх 1/, Б.Нямбаяр /5хх 30-32/, Б.Баяраа /5хх 59-60/ нарын мэдүүлэг,

гэрч Л.Батмөнх /1хх 25-27/, Б.Ананд /1хх 147-148/, Б.Даваажаргал /1хх 184-185/, Б.Нандин-Эрдэнэ /2хх 84-85/, П.Энхцэцэг /2хх 120-121/, Ч.Нандин-Эрдэнэ /2хх 122-123/, Д.Жавхланбаяр /2хх 225-226/, Д.Халиун /3хх 10-11/, А.Ханжигүүр /3хх 65/, Б.Мишээл /3хх 143-144/, Б.Дэлгэрбуян /3хх 219-220/, У.Чимгээ /4хх 203-204/ нарын мэдүүлэг,

            хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ /1хх 32-33/, /1хх 127-129/, /1хх 153-154/, /1хх 186/, /1хх 243-246/, /1хх 42-43/, /2хх 95-96/, /2хх 125-126/, /2хх 164-165/, /2хх 204-205/, /2хх 231-231/, /3хх 77/, /3хх 169-170/, /3хх 226/, /4хх 80/, /4хх 159-160/, /4хх 207-209/, /5хх 7-8/, /5хх 37-38/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 174/, /2хх 193/, /3хх 131-135/, /3хх 135-136/, /3хх 118-123/,

            хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 166-168/, /2хх 21-26/, /2хх 68-70/, /2хх 247-250, 3хх 1/, /3хх 42-44/,

хэргийн газраас бэхжүүлж авсан хурууны хээ, шүүгдэгчийн хурууны хээтэй тохирч байгаа эсэх талаар гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /1хх 192-199/, /2хх 47-54/,

            Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 54/, /4хх 74-75/, /4хх 140-141/,

шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд “бага насны хүүхдийг хуурч, орон байранд нь нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан” үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Уыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Харин түүний 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их монгол хотхоны 904 дүгээр байрны орчим иргэн С.Ууганбаярын “Хаан банк”-ны картыг 7 настай У.Баярбаясгалан, 4 настай н.Ирмүүн нараас “...танай ээжийг таньдаг учраас гэрт чинь хүргэж өгье, картаа хаячих байх надад өгчих...” гэж хэлж аван, уг картыг бэлэн мөнгөний машинаар уншуулан 500.000 төгрөг авсан үйлдлийг дээрэмдэх гэмт хэргээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, бага насны буюу болж байгаа үйл явдлыг ойлгож мэдэхгүй /эрх зүйн чадамжгүй/ байдлыг далимдуулан тэдний дэргэд эд хөрөнгийг нь авсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг нууцаар авсантай адилтгаж үзэх бөгөөд нууцаар авч байх үед дэргэд нь байсан хүн тухайн үйлдлийн шинж чанарыг ойлгож мэдээгүй тул тэдний зүгээс хориглох, эсэргүүцэх явдал гаргахгүй гэж тухайн этгээд тооцон бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэг гэж үзнэ.

 

Иймээс Ц.Уын 7 настай У.Баярбаясгалан, 4 настай н.Ирмүүн нараас “...танай ээжийг таньдаг учраас гэрт чинь хүргэж өгье, картаа хаячих байх надад өгчих...” гэж хэлээд тэдний барьж явсан С.Ууганбаярын “Хаан банк”-ны картыг хууль бусаар авч, бэлэн мөнгөний машинаас 500.000 төгрөг уншуулж авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулсныг хүчингүй болгож, уг үйлдлийг Ц.Уын 21 удаагийн хулгайн үйлдэлд багтаан зүйлчилж, түүнийг 22 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж 31.694.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.У нь “...Д.Батцэнгэлийг энэ хэрэгт холбогдуулан шалгуулах, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлд зааснаар 8 жилийн хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

 

Харин түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосныг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрх бүхий байгууллагаас тогтоосон эд зүйлийн үнэлгээг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоон, шүүгдэгч Ц.Уаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцэж байгаа хэдий ч зарим үйлдлийн хувьд хохирлын тооцоо болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг буруу тооцжээ.

 

Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Алтаннар /3хх 131-135/, Г.Уянга /4хх 211-212/, Н.Найдан /2хх 193/ нар нь гэмт хэргийн улмаас хулгайд алдсан эд зүйлсээ барьцаалан зээлдүүлэх газраас төлбөрийг нь өөрсдөө төлж буцаан авсан, хохирогч Ж.Энхжаргал 800.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн ээмэг, бөгжөө /1хх 174/ шүүгдэгч Ц.Уаас хүлээн авсан байхад дээрх хохирогч нарын хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн, хохирогч Б.Баяраагийн хулгайд алдсан эд зүйлсийг 464.400 төгрөгөөр, хохирогч Х.Азжаргалын эд зүйлсийг 1.050.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байхад Б.Баяраагийн эд хөрөнгийг хулгайлан авч 2.200.000 төгрөгийн, Х.Азжаргалын эд хөрөнгийг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын буруу тооцсон байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Уаас нийт 28.998.800 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Энхжаргалд 800.000 төгрөг, Г.Алтаннарт 151.200 төгрөг /буцааж аваагүй нэг ээмэгний үнэ/, Э.Уянгад 940.000 төгрөг /барьцаалдан зээлдүүлэх газар төлсөн мөнгө/, Б.Баяраад 464.400 төгрөг тус тус олгохоор өөрчлөлт оруулж, хохирогч Н.Найдан нь барьцаалан зээлдүүлэх газар хэдэн төгрөг төлж эд зүйлээ буцааж авсан нь тодорхойгүй байх тул энэ талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Шүүгдэгч Ц.Уын “...Д.Батцэнгэлийг энэ хэрэгт холбогдуулан шалгуулах...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд, Д.Батцэнгэл нь Ц.Уаар хулгайлах гэмт хэрэг үйлдүүлж, түүний гэмт хэргийн замаар олсон мөнгийг авч байсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна. 

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ц.Уын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Ц.У нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд “...Би дөрвөн хүүхэд төрүүлж, нэг хүүхдээ хүнд үрчлүүлж, 5-8 насны гурван хүүхэд маань төрсөн эцэг дээрээ байгаа. Тэднийг Жамсрандоржийн Эгшиглэн, Номинжин, Гоомарал гэдэг...” гэсэн тайлбар гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулах ажиллагаа хийгдээгүй, шүүгдэгчийн бага насны хүүхдүүд хэний асрамж, хяналтад, хаана оршин суугаа эсэх нь тодорхойгүй байна.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “хүүхэд онцгой халамж, туслалцаа авах эрхтэй” гэж, түүнчлэн хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатайг Хүүхдийн эрхийн тунхаглалд заасан тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг мөрдөгч, прокурор хангах ёстой. Гэтэл энэ талаар зохих ажиллагааг хийгээгүй байх тул шүүгдэгч Ц.Уын бага насны хүүхдүүдийн асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д зааснаар харьяалах дүүргийн Засаг даргаар, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар харьяалах дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст уламжилж шийдвэрлүүлэхийг тухайн хэрэгт хяналт тавьж ажилласан Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаярт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

 

2. Прокуророос Ц.Уад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан хэргийн үйлдэлд хамааруулан зүйлчлэхээр тогтоосугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Боржигон овогт Цэрэндоржийн Уыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...”  гэснийг “...Боржигон овгийн Цэрэндоржийн Уыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Уыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...шүүгдэгч Ц.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Уад оногдуулсан 8 /найм/ жил 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Ц.Уад оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж,

7 дахь заалтад “...шүүгдэгч Ц.Уаас нийт 33.429.500 төгрөг гаргуулж,..., хохирогч Ж.Энхжаргалд 1.600.000 төгрөг,... хохирогч Г.Алтаннарт 1.877.400 төгрөг,... хохирогч Э.Уянгад 1.649.000 төгрөг,... хохирогч Б.Баяраад 2.200.000 төгрөг,... тус тус олгосугай. ...” гэснийг “...шүүгдэгч Ц.Уаас нийт 28.998.800 төгрөг гаргуулж,... ...хохирогч Ж.Энхжаргалд 800.000 төгрөг,... ...хохирогч Г.Алтаннарт 151.200 төгрөг,... ...хохирогч Э.Уянгад 940.000 төгрөг,... ...хохирогч Б.Баяраад 464.400 төгрөг,... тус тус олгосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

4. Хохирогч нар нь барьцаалан зээлдүүлэх газар хэдэн төгрөг төлж эд зүйлээ буцааж авсан нь тодорхойгүй байх тул энэ талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад ,...Н.Найданд 610.000 төгрөг,... гэснийг хүчингүй болгосугай.

 

6. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Ц.Уын бага насны хүүхдүүдийн асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д зааснаар харьяалах дүүргийн Засаг даргаар, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст уламжилж шийдвэрлүүлэхийг тухайн хэрэгт хяналт тавьж ажилласан Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаярт даалгасугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

7. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Уын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН