Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2014/0427

 

Ч.Б-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Т.О, хариуцагч Х.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Б-ын нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.Б нь 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан

О.С-гийн Б06 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26.1.1-д заасан үндэслэлээр сануулах арга хэмжээ авагдсан. Дээрх шийтгэлийн хүчинтэй хугацаа дуусаагүй байхад буюу 2013 оны 10 дугаар сарын 25-нд Мэргэжлийн хяналтын газрын даргын Б19 тоот тушаалаар ажлын байран дээр архи уусан зөрчилдөө Төрийн албаны тухай хуулийн 26.1.2-т заасан үндэслэлээр 3 сарын цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл авагдсан. Гэтэл Ч.Б нь удаа дараа авагдсан хууль ёсны арга хэмжээнүүдэд дүгнэлт хийж өөрийгөө засаж залруулаагүйгээр үл барам ноцтой зөрчлүүдийг удаа дараа гаргаж байсан учир төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О давж заалдах гомдолдоо: 1. Аймгийн мэргэжлийн хяналтын  газрын дэргэдэх ёс зүйн  хороо нь ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг зөрчиж Ч.Б-оос тайлбар авсан. Мөн ёс зүйн хорооны хуралд оролцуулаагүй хуралдсан.

2. Мэргэжлийн хяналтын газрын дарга нь ёс зүйн хороонд хамааралгүй хүн байж ёс зүйн хорооныхоо хараат бус байдалд шууд нөлөөлж хуралдуулдаг, шийдвэрт нөлөөлж өөрийн байр сууриа илэрхийлж нотлогдсон гээд арга хэмжээгээ авчихвал надад халахад асуудалгүй болно гэсэн байр суурьтай байгаа нь СО-ний бичлэгт тодорхой байхад шүүх үнэлээгүй.

3. Материалд гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүтэй байхад нарийвчлан шалгаагүй шийдсэн, ёс зүйн хорооны гишүүд болох Т, Э, Ц нар согтуу гэдгийг нь мэдээгүй гэж мэдүүлсэн байхад Д-ийн мэдүүлэгчийг үнэлсэн нь буруу.

4. 1 сарын дотор гурван зөрчил гаргалаа гэж хүнийг халах асуудал бол даргын өөрийн байр сууринаас хандсан асуудал, ямар ч нотлох баримтгүй, согтуурал шалгасан хэн нэгэн хүний цагдаагийн тодорхойлолт байхгүй байхад өөрийнх нь үнэлэх үнэлэмжээр хандсан.

5. 2013 оны 12 сарын 27-нд урьд өдрийн уусан архины үнэр нь бүх л хүнээс бие организмаас шалтгаалж үнэртэж байхад ганцхан Ч.Б гэдэг хүнийг архи ууж ёс зүйн зөрчил гаргасан байна гэж үзэх нь үндэслэлгүй тул дахин гомдлоо гаргаж байна.

Иймд захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 27 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, гэрч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Ч.Б нь Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гаргасан байна.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаар “Ч.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Мэргэжлийн хяналтын газрын даргын 2011 оны А/07 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 9.1, 9.1.1, 9.5 дахь заалт, байгууллагын ёс зүйн хорооны 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар болон 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар дүгнэлтүүдийг үндэслэн тус газрын хэмжил зүй, мэдээлэл холбооны хяналтын улсын байцаагч Ч.Б-ыг “2013 оны 12 дугаар сарын 06, 20, 27-ны өдрүүдэд ажлын цагаар архи ууж удаа дараа ёс зүйн зөрчил гаргасан” гэх үндэслэлээр 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс төрийн албанд нэг жилийн хугацаатай эргэж орох эрхгүйгээр халсан байна. Ёс зүйн хорооны 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар дүгнэлтийн тухайд: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн Ч.Бод ногдуулсан сахилгын шийтгэлийн үндэслэл болж буй Ёс зүйн хорооны 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар дүгнэлтийг “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”- ын 2.5.4-т заасан "...нотлох баримтад үндэслэсэн байна” гэдэгт нийцээгүй гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчид уг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах нь үндэслэлгүй байна.

Ёс зүйн хорооны 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийн тухайд: 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ёс зүйн хороо нэхэмжлэгч Ч.Б-ын 2 удаагийн ёс зүйн зөрчилд буюу 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болон 12 дугаар сарын 27-ны өдөр ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил нь “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”[1]-ийн 5.4.5-д “албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг цээрлэнэ...” гэж заасныг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэлт гаргажээ.

2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ёс зүйн хорооны хуралдаанаар нэхэмжлэгч Ч.Б-ыг ажлын цагаар согтууруулах ундааны зүйл дахин хэрэглэсэн зөрчил гаргасныг хэлэлцэх үед нэхэмжлэгч өөрийн биеийн байдлаас шалтгаалан уг хуралд оролцохоос татгалзсан болох нь хариуцагч нэхэмжлэгч нарын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх бөгөөд “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 2.5.2-т “гомдол мэдээлэлд холбогдох төрийн захиргааны албан хаагч болон түүний харьяалах төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гомдол мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо, материал, баримт бичгийг шаардан авах”, 2.5.4-т “...дүгнэлт нь ...нотлох баримтад үндэслэгдсэн байх” гэж заасан үүргээ ёс зүйн хороо хэрэгжүүлээгүй байна.

Зүй нь Ёс зүйн хороо 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийг ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг Ч.Б-оос тайлбар авч, нотлох баримтад тулгуурлан дүгнэлтээ гаргах байжээ. Гэвч нэхэмжлэгч Ч.Б нь уг хуралдаанд оролцохоос татгалзаж, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийгээгүй тул түүнийг 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн гэх ёс зүйн зөрчил нь тогтоогдохгүй байна.

Харин нэхэмжлэгч Ч.Б 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тус өдрийн ёс зүйн хорооны хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн "...Тэгэхээр нь би архи уухгүй гээд нэг пиво уусан”[3] гэх тайлбараар нотлогдож байх бөгөөд Ёс зүйн хороо Ч.Б-ыг Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.5-д заасан ёс зүйн зөрчил гаргасан байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ёс зүйн хорооны 06 дугаар дүгнэлт нь нэхэмжлэгчийн 2 удаагийн ёс зүйн зөрчлийг дүгнэсэн байх бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан ёс зүйн зөрчил нь тус өдөр Ёс зүйн хорооны хуралдаанд гаргасан түүний тайлбараар нотлогдож байх тул уг ёс зүйн зөрчилд нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болжээ.

Нэхэмжлэгч Ч.Б нь Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/06 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах”[4] тухай тушаалаар сануулах, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/19 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах”[5] тухай тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлүүдийг тус тус хүлээсэн байна.

Түүнээс хойш Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан сахилгын шийтгэлгүйд тооцох 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дахин ёс зүйн зөрчил гаргасан нь нотлогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дэх хэсэг, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2011 оны А/07 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 9.1, 9.1.12, 9.5 дахь заалт, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн хорооны 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн нэхэмжлэгчид төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Иймд маргаан бүхий захиргааны акт болох Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Ч.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсгийг үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧИД

Ц.ЦОГТ

Д.БААТАРХҮҮ

 

Б.ТУНГАЛАГСАЙХАН