Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/120

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга С.Сүхжаргал,

            Улсын яллагч Ш.Хосбаяр,

            Шүүгдэгч Ч.П нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ч.П-ид холбогдох 1811001380065 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хийн, цахилгаан гагнуурчин мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн ТҮК-д зам, талбайн үйлчлэгч ажилтай, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн нарангийн 7 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, төрөөс авсан гавъяа шагналгүй,

Төв аймгийн шүүхийн 1996 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн таслан  шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 1999 оны 18 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 4 жил хорих, Сэлэнгэ аймгийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.1.4, 211.2, 131.2 зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Ч.П  (РД:хх00000000),

нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” караокед 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө 00 цагийн орчимд иргэн Б.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Ч.П нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.П мэдүүлэхдээ: “…Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Ч.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай гудамжны дүү нар болох Амарбаяр, Мийгаа, Амарбаярын хамаатан Амарсанаа нар Мийгаагийн төрсөн өдөр болж байгаа гээд ирэхээр нь бид хэд “Скай” нэртэй караокед орсон. Тэнд ороод 750 граммын вива архи хүний нэг нэг 500 граммын нийслэл пиво аваад уусан. Тэгтэл 00 цагийн орчим Амарбаяр нь тэнд байсан хэдэн танихгүй охидууд руу гичий янхан зэргээр хараагаад агсам тавиад байсан. …Амарсанааг миний хажуугаар гарахаар нь би коридорт хавирсан чинь үсрээд дээшээгээ хараад дагзаараа унасан, унахад нь би шанаан дээр нь 1 удаа дэвссэн ба тэгээд боль боль гээд тал талаас салгасан өөр цохиж зодсон зүйл байхгүй.” гэжээ.

Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Мягмардоржийн төрсөн өдөр болсон ба найз Амарбаяр нь бид хоёрыг машинтайгаа Дарь эхээс ирж авсан. Бид гурав хамт өдөржингөө цуг явсан ба оройхон тийшээ Мягмардорж бид хоёр Амарбаярын машинд нь 3 сав 2.5 литрийн Нийслэл пиво уусан. Тэгээд Пүрэвдорж ахын гэрт нь очиж аваад Амарбаяр машинаа бариулаад бид хоёртой цуг пиво ууж эхэлсэн юм. Тэгээд шууд талбай ороод Амарбаярын эхнэр нь гээд нэг эмэгтэй, түүний ах нь гээд Бат-Ирээдүй гэдэг залууг аваад 21 дүгээр хороололд хүргэж өгөөд гэрт нь орж хоол унд идчихээд эмэгтэйгээ үлдээгээд Амарбаяр, Пүрэвдорж, Бат-Ирээдүй, Мягмардорж бид тавуулаа гарсан. Тэгээд Пүрэвдорж ах хүнээс 50,000 төгрөг зээлээд бид тавуулаа Зурагт руу өгсөөд байдаг Скай нэртэй караоке орсон. Тэнд орсон байхад араас Амарбаяр, Пүрэвдорж нарын найзууд гээд 3 эмэгтэй ирсэн. Ингээд наймуулаа болоод 1 шил 750 граммын Соёрхол, хүний хүний 1, 1 шил 500 граммын пиво ууцгаасан. Тэгээд хэсэг дуулаад ууцгаагаад сууж байтал 00 цагийн үед би ресепшин дээр халуун ус уучихаад ороод ирсэн. Тэгээд яг юунаас болсоноо санахгүй байна, би Бат-Ирээдүйтэй жаахан маргалдаад муудалцсан чинь хажуунаас Пүрэвдорж гээд ах орж ирээд боль гээд салгасан ба салгахаар нь би өөдөөс нь жаахан муудалцчихаад куртикээ аваад гарах гэсэн чинь Пүрэвдорж босч ирээд миний зүүн талын шанаа руу гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Тэгээд ресепшин гээд нэг эмэгтэй нь орж ирээд салгаад Пүрэвдоржийг аваад гарсан юм. Би тэнд хувцасаа хайж олж өмсөөд гэртээ харих гээд гарсан чинь Пүрэвдорж, Мягмардоржтой хамт караокены коридорт зогсож байсан ба би хажуугаар нь зөрөөд гарах гэтэл намайг барьж авч унагаагаад нүүрэн тус газар 1-2 удаа цохиод, толгой руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэнд байсан ресепшин эмэгтэй нь намайг салгаад аваад гадагш гарсан. Гадаа гарсан чинь араас гарч ирээд скай караокены ханыг мөргүүлээд бас газарт унагаагаад дээрээс 1-2 удаа дэвссэн. Тэгээд миний толгой манараад замын цаанаас такси бариад харьсан. ... Намайг ганцхан Пүрэвдорж л цохиж зодсон. Энэ гэмтлүүдийг бүгдийг нь Пүрэвдорж учруулсан. Тэр үед зодуулж байсан болохоор яг хажууд хэн хэн байсныг бол огт анзаараагүй. Ямар ч байсан нэлээн хэдэн хүн байх шиг байсан. ... Пүрэвдорж ах урьд нь архи уухаас өмнө бид нарт за дүү нараа найз нөхөд хоорондоо муудалцаад зодолдох цохилцох асуудал байхгүй шүү гэж сануулж байсан ба Бат-Ирээдүй бид хоёрыг муудалцангуут салгахад нь би өөдөөс нь жаахан хэдэрлэчихсэн чинь уурлаад намайг зодсон. ... Би Пүрэвдоржоос хохирлоо барагдуулж авсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Шүүх хуралд суухгүй".” гэжээ.

Гэрч Н.Бат-Ирээдүй мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Тэгээд ууж идээд Пүүжээ ах, Амарбаяр бид гурав ариун цэврийн өрөө орж бие засаад тэндээ жаахан юм ярьж байгаад караокеныхаа өрөөнд ороод ирсэн чинь Мягмардоржийн дагуулж ирсэн Амарсанаа гэдэг залуу сүүлд ирсэн 3 охиныг гичий, янхан, биеэ үнэлэгч гэчихсэн хараачихсан аймаар салаавч гаргаад хэл амаар доромжилчихсон бөөн хэрүүл болчихсон байсан. Тэгээд би чи эмэгтэй хүнийг болиоч дээ гэсэн чинь тэр Амарсанаа нь хөөе шалдан банди минь дуугай бай чи бол дут хамаагүй гээд над руу дайраад байсан. Тэгээд би түүнтэй муудалцаад чи одоо яаж харьцаад байгаа юм бэ? гэсэн чинь намайг цохичих зодчих амжихгүй шүү гээд дайраад байсан ба бид хоёр хальт барьцалдаж авсан чинь Пүүжээ ах дундуур орж ирээд би та нарыг хоорондоо муудалцаарай гэсэн үү? гээд хоёуланг хоёр тийшээ түлхсэн чинь Амарсанаа нь Пүүжээ ахыг чи муу халтар лалар минь зайлаарай чамаар заалгахгүй шүү гээд өөдөөс нь салаавч өгөөд байсан. Тэгсэн чинь Пүүжээ ах чи муу ер нь яах гээд байгаа юм бэ? гараад ир чи гээд Амарсанааг дагуулаад гарсан. Тэгээд бид нар бүгд өрөөнд үлдсэн жаахан байж байгаад гарсан чинь Амарсанаа караокенээс гараад гадаа үүдний урд хажуу хараад уначихсан Пүүжээ ахад зодуулсан байдалтай байсан. Тэгээд би Амарааг нь очиж босгосон ба Пүүжээ ах тэр хоёр юм яриад замын цаана гарсан. Тэгээд л бид нар тарцгаасан. ... Ер нь бүгдээрээ нэлээд их согтсон байсан. Пүүжээ ахаас өөр Амарсанааг хэн ч цохиж зодоогүй. ... Амарсанаа ер жаахан согтчихоод хүн хүнтэй хэрүүл хийгээд байсан ба Пүрэвдорж ахын өөдөөс бас нүүр рүү нь салаавч гаргаад байсан. Тэгээд л Пүрэвдорж Амарсанааг зодсон байх…” гэжээ.

Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.01.03-ны өдрийн ¹1019 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.Б.А-гийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, дагзны хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт, зүүн өвдөгний үеийн зөөлөн эдийн нярцал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хэрэгт хамаарна.

            4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Ч.П нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Скай” караокед 2018 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө 00 цагийн үед бусадтай архи ууж согтуурсан үедээ Б.А-г бусдад агсам тавьж, хэл амаар доромжилсон шалтгаанаар зодсоноос хохирогчийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, дагзны хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт, зүүн өвдөгний үеийн зөөлөн эдийн нярцал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн “…Пүрэвдорж босч ирээд миний зүүн талын шанаа руу гараа атгаж байгаад 2 удаа цохисон. … би хажуугаар нь зөрөөд гарах гэтэл намайг барьж авж унагаагаад нүүрэн тус газар 1-2 цохиод, толгой руу нэг удаа өшиглөсөн... гадаа гарсан чинь араас гарч ирээд скай караокены ханыг мөргүүлээд бас газарт унагаагаад дээрээс 1-2 удаа дэвссэн” гэх мэдүүлэг, гэрч Н.Бат-Ирээдүйн “Тэгээд ууж идээд Пүүжээ ах, Амарбаяр бид гурав ариун цэврийн өрөө орж бие засаад тэндээ жаахан юм ярьж байгаад караокеныхаа өрөөнд ороод ирсэн чинь Мягмардоржийн дагуулж ирсэн Амарсанаа гэдэг залуу сүүлд ирсэн 3 охиныг гичий, янхан, биеэ үнэлэгч гэчихсэн хараачихсан аймаар салаавч гаргаад хэл амаар доромжилчихсон бөөн хэрүүл болчихсон байсан. Тэгээд би чи эмэгтэй хүнийг болиоч дээ гэсэн чинь тэр Амарсанаа нь хөөе шалдан банди минь дуугай бай чи бол дут хамаагүй гээд над руу дайраад байсан. ... Амарсанаа нь Пүүжээ ахыг чи муу халтар лалар минь зайлаарай чамаар заалгахгүй шүү гээд өөдөөс нь салаавч өгөөд байсан. Тэгсэн чинь Пүүжээ ах чи муу ер нь яах гээд байгаа юм бэ? гараад ир чи гээд Амарсанааг дагуулаад гарсан. ... Амарсанаа караокенээс гараад гадаа үүдний урд хажуу хараад уначихсан Пүүжээ ахад зодуулсан байдалтай байсан. Пүүжээ ахаас өөр Амарсанааг хэн ч цохиж зодоогүй” гэх мэдүүлэг, гэрч А.Амарбаяр, Д.Мягмардорж, П.Анударь, Г.Ариунгэрэл нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.01.3-ны өдрийн ¹1019 тоот шинжээчийн дүгнэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Ч.П-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан 400.000 төгрөгийн хохирол төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2018 оны 8 дугаар сарын 02-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ч.П-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.П-ийг 450 нэгж буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.П-ийн торгох ялыг 2018 оны 8 дугаар сарын 02-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар Ч.П нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Хэрэгт хавсаргаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.П-ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.БУЯННЭМЭХ