Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/660

 

 

 

 

 

 

 

 

 

 

    

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: У.Анхжаргал,

шүүгдэгч: Г.С /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.С-т холбогдох эрүүгийн 00000000000 тоот хэргийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                            

              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Уовогт Г-гийн С /РЛ:000000000/,

Монгол Улсын иргэн, ****оны **дугаар сарын **-ний өдөр ***аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, Алтай хотхон 0 дугаар байр 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Г.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Нарийн гол задгай тоотод хохирогч Х.Г-тэй “хоноцын шээс” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж биед зүүн нүдний алимны салстад цус харвалт, нүд орчим болон хамар, зүүн хацар, уруулын зүүн дээд хэсэг, баруун шанаанд нүдний харалдаа цус хуралт, зулгаралт гэмтлийг мөн хохирогч Г.Б ыг шалтаг шалтгаангүйгээр амны завж хэсгийг нь гарын хуруугаараа татах зэргээр зодож, биед баруун завжинд шарх, духны зүүн хэсэг, цох, зүүн шанаа, дээд уруулын баруун тал, доод уруулд зулгаралт, баруун бугалганы дотор хэсэгт цус хуралт гэмтлийг тус тус үүсгэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Г.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Нарийн гол задгай тоотод хохирогч Х.Г-тэй “хоноцын шээс” гэж хэллээ гэж шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж биед зүүн нүдний алимны салстад цус харвалт, нүд орчим болон хамар, зүүн хацар, уруулын зүүн дээд хэсэг, баруун шанаанд нүдний харалдаа цус хуралт, зулгаралт гэмтлийг, мөн хохирогч Г.Б ыг шалтаг шалтгаангүйгээр амны завж хэсгийг нь гарын хуруугаараа татах зэргээр зодож, биед баруун завжинд шарх, духны зүүн хэсэг, цох, зүүн шанаа, дээд уруулын баруун тал, доод уруулд зулгаралт, баруун бугалганы дотор хэсэгт цус хуралт гэмтлийг тус тус үүсгэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

-Хохирогч Х.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хадам ах Б-ын гэрт ...Б ах Г.С эгч бид гурав ...архи хувааж уусан. ...Г.С эгч нилээн согтоод Б  ах бид хоёрлуу уурлаад агсам тавиад байсан. Тэгж байснаа Г.С эгч миний нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь Б  ах Г.С эгчийг болиулах гэтэл Г.С эгч Б  ахын амны завжруу нь хоёр хуруугаа хийгээд хоёр тийш нь татаад нүүрийг нь маажсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-28-р хуудас/,

-Хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хүргэн бид хоёр архи уух гээд задлаад байж байтал гаднаас миний төрсөн эгч Г.С согтуу орж ирсэн. Тэгээд Г, Г.С эгч бид гурав нөгөө архиа хувааж уусан. Тэгээд архиа уугаад дуусч байтал Г.С эгч нилээн согтоод Г-тай маргалдаад уурлаад агсам тавиад байсан. Тэгж байснаа Г.С эгч Г-гийн нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би Г.С эгчийг болиулах гэтэл Г.С эгч миний амны завжруу нь хоёр хуруугаа хийгээд хоёр тийш нь татаад миний нүүрийг маажсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-36-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Э-ын 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000  дугаартай:

1.“...Х.Г-ийн бие зүүн нүдний алимны талстад цус харвалт, нүд орчим болон хамар зүүн хацар, уруулын зүүн дээд хэсэг, баруун шанаанд нүдний харалдаа цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Үүссэн дарааллыг тогтоох боломжгүй.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Э-ын 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000  дугаартай:

1.“...Г.Б-ын биед баруун завжинд шарх, духны зүүн хэсэг, цох, зүүн шанаа, дээд уруулын баруун тал, доод уруулд зулгаралт, баруун бугалганы дотор хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

2 Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Үүссэн дарааллыг тогтоох боломжгүй.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүдээс баруун завжны шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтэл нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46-47-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл хохирогч нарын мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

 Шүүгдэгч Г.С-ын яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 20-ны оройн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 337 дугаар тоочиг Нарийн голын задгай тоотод амьдардаг төрсөн дүү Г.Б-ын гэрт нь очсон юм. Намайг очиход манай хүргэн Г  эхнэр М-ын  хамт Г.Б-ын гэрт зочилж ирсэн гээд тэр хоёр архи уугаад халамцуу сууж байсан. Тэгээд тэр хоёртой мэндлээд ууж байсан архинаас нь уугаад сууж байхад над руу Г  чи хоноцын шээс манай эхнэрийг авч яваад хотод олигтой байлгаагүй гэх мэтээр үгээр идээд байсан ба манай дүү М чи дуугүй бай битгий эгчийг янз бүрээр хэлээд бай гэж хэлсэн. Тухайн үед Г  нэлээн согтуу байсан. Тэгээд миний уур хүрээд Г ийн нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохисон ба Г  завилж сууж байгаад хойшоо унасан. Тэгтэл Г  Б т хандан Г.С эгчийг аваач ээ гэхэд Б  миний үснээс татаад хойшоо болгоод шилэн хүзүү рүү гараараа цохиход нь зөрүүлээд Г.Б-ын завжнаас нь татаж бид хоёр зууралцаж байгаад салсан. Тэрнээс хойш өөр маргаан болоогүй би Г.Б-ын гэрээс гараад машиндаа хоноод өглөө Г.Б-ын гэрт ороход бүгд унтаж байсан. Тэгээд шууд гэр лүүгээ явсан. Тэрнээс хойш хоёр хоногийн дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай С /00000000/ рүү Б  залгаад надад гомдол гаргасан талаар манай охинд хэлсэн гэсэн. Тэгээд манай охин надаас асуухаар нь болсон асуудлын талаар хэлсэн юм...” гэж /хавтаст хэргийн 58-59-р хуудас/  мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хавтаст хэргийн 60-р хуудас/ гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 62-р хуудас/,  иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 63-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 67-р хуудас/, Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн тодорхойлолт /хавтаст хэргийн 69-р хуудас/, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт /хавтаст хэргийн 71-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.С нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Э-ын 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000  дугаартай дүгнэлтээр хохирогч Х.Г-ийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Э-ын 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000  дугаартай дүгнэлтээр хохирогч Г.Б  нарын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон, шүүгдэгч Г.С нь “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Х.Г-ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, хохирогч Г.Б-ын амны завж хэсгийг гарын хуруугаараа татах зэргээр тус тус зодож байгаа нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Г.С-ын дээрх 2 хүний биед хохирол учруулсан буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр хүний” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй бөгөөд прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирч байх тул уг зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Х.Гг, Г.Б  нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.С-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Г.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлттэй шүүгдэгч Г.С нь мэтгэлцээгүй буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.  

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Г.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 6.5 дугаар зүйлийн 1.4 “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүл /нөхөрийн хамт амьдардаг/-ийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

 Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.С нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч У овогт Г-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Г.С-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

 

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.УРАНГУА