Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/202

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0188/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа,

Шүүгдэгч Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Т- овогт Б-ын Г-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218001880205 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр, эрэгтэй, 45 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, “Н У Э” ХХК-д жолооч, түгээгч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймаг, ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Т- овогт Б-ын Г-, /РД: /,

Б.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г- нь 2022 оны 3 дугаар сарын 28-ны орой 22 цаг 30 минутын үед Дархан-Уул аймаг, Дархан сумын Малчин баг, “Буурал” хангайн постын урд зам дээр ХХ-ХХ УАН улсын дугаартай, “Т” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.8 дугаар зүйлийн б/ “зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс мөн зүүн гар тийш буюу буцаж эргэх тээврийн хэрэгслийг баруун гар талаараа өнгөрөөж байхаар үйлдлийг гүйцэтгэнэ”, 12 дугаар бүлгийн 12.3 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Д.Бы жолоодож явсан ХХ-ХХ ДАА улсын дугаартай, “Nissan.X Trail-ТЗО” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж уг автомашинд зорчиж явсан Б.Нийн эрүүл мэндэд “хүзүүний 4-6-р нугалмын жийргэвчийн цүлхийлд, дискний няцрал, тархи доргилт, баруун гарын 2 хуруунд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 28-ны орой Дархан- Уул аймгаас Хонгор сум руу гэртээ харих гээд нөхрийн хамт жолоочийн хажуу талд суугаад явж байсан. Орхон аймаг руу постын “Сод монгол” колонкийн харалдаа бид 2 чигээрээ явж байхад бид хоёрын урдуур мөнгөлөг саарал өнгийн машин миний талаас ирээд мөргөсөн. Тухайн үед нуруу нугас дарж өвдөөд байсан, мөн миний баруун гарын долоовор хуруу нэгдүгээр үеэрээ хойшоо эргээд мултарчихсан байсан, би өөрөө буцаагаад дарчихсан чинь буцаад орчихсон. Баруун зүүн хөлийн өвдөг зөөлөн эдийн хөхрөлт, няцралттай, хүзүүний зөөлөн эд наашаа шахагдаад цүлхэн үүссэн байна гэсэн. Машины үнэлгээний 5.718.000 төгрөг, эмчилгээний зардалд 900.000 төгрөг болон намайг эмнэлэгт хэвтэх үед эм тариа зэргийг бүгдийг нь нөгөө машины жолооч төлсөн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 28/,

Иргэний нэхэмжпэгч Д.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр эхнэр Б.Н бид хоёр өөрийнхөө ХХ-ХХ ДАА улсын дугаартай X.Trail маркийн машинтай Дарханаас Хонгор сум руу гараад явж байсан. Урд постны уулзвар дээр чигээрээ явж байтал эсрэг урсгалд 2 машин Орхон аймаг руу явдаг зам руу эргэх гээд зогсож байх шиг байсан. Эхний машинтай бараг зэрэгцээд ирж байтал арын машин шууд миний өмнүүр эргээд миний машины жолоочийн эсрэг талаар мөргөсөн. Надад гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй. Машины хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 5,718,000 төгрөгийг төлсөн. Машин миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31/,

Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай аав Д.Б, ээж Б.Н нар өөрийнхөө Nissan.X Trail маркийн ХХ-ХХ ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Тоуота Нiасе маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байна гэж утсаар хэлэхээр нь би тэр газар нь очоод ээжийг аваад эмнэлэгт үзүүлээд хэвтүүлсэн. Тэр машин нь чигээрээ явж байгаа машин болох манай аавын машинд зам тавьж өгөөгүй манай аавын машиныг мөргөсөн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 378 дугаартай “...Б.Нийн биед хүзүүний 4-6-р нугалмын жийргэвчийн цүлхийлт, дискний няцрал, тархи доргилт, баруун гарын 2-р хуруунд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Б.Нийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 52-53/,

Техникийн шинжээч Ш.Бямбажавын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 37 дугаартай “...Тоуота Нiасе маркийн цагаан шаргал өнгийн ХХ-ХХ УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормозны ММЗ-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормозны системийн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 76- 77/,

Мөрдөгч Б.Гэрэлцогтын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ”... Тоуота Нiace маркийн ХХ-ХХ УАН улсын дугаартай, тээврийн хэрэгслийн жолооч Б-ын Г- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.8 дугаар зүйлийн б/ “зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс мөн зүүн гар тийш буюу буцаж эргэх тээврийн хэрэгслийг баруун гар талаараа өнгөрөөж байхаар үйлдлийг гүйцэтгэнэ”, 12 дугаар бүлгийн 12.3 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Nissan X Т-маркийн ХХ-ХХ ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д-гийн Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна” гэх магадалгаа / хавтаст хэргийн 96-97/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-17/,

”Ашид билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний “нийт дүн 5,718,000 төгрөг “ гэх тайлан /хавтаст хэргийн 60, 69-р хуудас/,

Яллагдагч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би ажлынхаа ХХ-ХХ УАН улсын дугаартай машиныг жолоодоод Улаанбаатар хотоос Орхон аймаг руу тээвэр хийгээд явж байтал Дархан-Уул аймгийн урд постны орчим Nissan.X Trail маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн, энэ осол миний буруугаас болсон, би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тийм учраас би хохирогч нарт учирсан бүх хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 110/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Г- нь зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийхдээ өөдөөс тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг нягтлаагүйн улмаас чигээрээ явж байсан автомашиныг мөргөж хохирогч Б.Нийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх; гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх; прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх; хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх; гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх; гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх”-ийг хянах ба шүүх дээрх нөхцөл байдлууд хангагдсан гэж үзвэл шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар хуульчилсан.

 

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх ба гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргаж, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдал хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Б.Г-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,.прокурорын санал болгосон хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг өрхийн орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг шүүгдэгчийн оршин суугаа газар болох Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.Нт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Б.Г- нь хохирогч Б.Нт эмчилгээний зардалд 900,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Б-д авто машины техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон 5,718,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Т- овогт Б-ын Г-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Б.Г-ад 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Г-ад оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, Б.Г- нь хохирогч Б.Нт эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 900,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Б-д авто машины техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон 5,718,000 төгрөгийг тус тус төлсөн, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ГЭРЭЛТ-ОД