Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/198

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0183/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Шүүгдэгч Ж.У- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас У- овогт Ж-ийн У-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218001980203 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, эхнэр, 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум... тоотод түр оршин суух хаягтай, урьд

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 8 сарын хугацаагаар хорих ял,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, У- овогт Ж-ийн У-, /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.У- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ж.У- нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 18 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Э.С-г толгой дагз хэсэг болон зүүн талын мөр хэсэг рүү цохин зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Э.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цагийн үед нөхөр Ж.У- болон түүний төрсөн ах Ж.М- нарын хамт Дархан зах дээрээс Хьюндай Портер маркийн автомашин хөлсөлж аваад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Баяндаваа гэх газраас өөрийн гэрээ очиж аваад буцан 15 цагийн орчимд ирээд Дархан сумын ... тоот хашаандаа буулгасан юм. Ирж байхдаа нөхөр Ж.У- болон түүний төрсөн ах Ж.М- нарын хамт 0.75 литрийн савлагаатай Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгээд гэрээ буулгаж дуусгаад дахин нэг шил 0.75 литрийн савлагаатай Хараа нэртэй архи хувааж ууж байтал намайг манай нөхөр Ж.У- нь гичий минь гэх зэргийн үгээр харааж эхэлсэн юм. Тэгээд миний толгой руу гараараа цохих гээд байхаар нь хамгаалахад дагз руу цохисон. Дараа нь зүүн талын мөр рүү нэг удаа цохисон. ... манай нөхөр бид хоёр гэрлэлтийн бүртгэл байгаа. 2012 оноос хойш хамтран амьдарч байгаа. Дундаасаа 4 хүүхэдтэй. ...уучлалт гуйсан учраас ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх  мэдүүлэг, /хавтаст хэргийн 19-20/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 406 дугаартай “... Э.С-гийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 11-12/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 7 оноо буюу “дунд” түвшин байна гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 6/,

 

Яллагдагч Ж.У-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би архи уусан согтуу байсан учраас л энэ гэмт хэргийг үйлдчихлээ” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Ж.У-, хохирогч Э.С- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, 000 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.

 

Ж.У- нь согтуурсан үедээ, ямар нэгэн шалтгаангүйгээр эхнэрээ зодсон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

 

Иймд Ж.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг сарын орлогын хэмжээг харгалзан 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Э.С-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “ миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй, тул намайг байхгүйд шүүх хуралдааныг явуулж өгнө үү. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. У- овогт Ж-ийн У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.У-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У-д оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД