Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 00159

 

2018 оны 02 сарын 08 өдөр

     Дугаар 142/ШШ2018/00159

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Бямбасүрэн даргалан хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-22-74 тоотод байрлах, “Вишн фанд” ББСБ ХХК-ний /Регистрийн дугаар: 2823624/ нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу Шанд багийн 13б-5б тоотод оршин суух, Боржигон овогт Доржсүрэнгийн Батсайханд /Регистрийн дугаар: НМ71072919/-д холбогдох

            Зээлийн гэрээний үүрэг 2,074,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шүрэнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Чин-Оюунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Вишн фанд” ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Бнь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Вишн Фанд” ББСБ-ын Эрдэнэт салбараас 10310670 тоот зээлийн гэрээ байгуулан 2,500,000 төгрөгний зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 18 сарын хугацаатай сарын 3,2 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлийн үндсэн төлбөр болон хүүг хэсэгчлэн төлөх байсан боловч сар бүр байнга хоцроодог бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш зээлийн төлбөр хийгээгүй, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт 2,074,000 төгрөгний төлбөртэй байна. Иймд иргэн Б-с зээл, зээлийн хүүгийн төлбөр болох 2,074,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Бнь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Вишн фанд” ББСБ-аас 2,500,000 төгрөгний зээл авсан. Үүнээс 1,922,000 төгрөгийг төлж барагдуулсан. 2016 оны 10 дугаар сард ажлаасаа халагдсан. 2016 оны 12 дугаар сард эхнэрийн нүдний хараа муудаж юм харахаа больсон тул удаан хугацаагаар Улаанбаатарт эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан учраас ажил эрхлэх боломжгүй байсны улмаас төлбөрөө төлж чадаагүй болно. “Вишн фанд” ББСБ-ын нэхэмжилсэн 2,074,000 төгрөгийг хүлээн зөвшөөрхгүй байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Вишн фанд” ББСБ нь хариуцагч Б-с зээл, зээлийн хүүгийн төлбөр 2,074,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөр, хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Зээлийн гэрээний дагуу 1,922,000 төгрөгийг төлж барагдуулсан. 2016 оны 10 дугаар сард ажлаасаа халагдсан. 2016 оны 12 дугаар сард эхнэрийн нүдний хараа муудаж юм харахаа больсон тул удаан хугацаагаар Улаанбаатарт эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан учраас ажил эрхлэх боломжгүй байсны улмаас төлбөрөө төлж чадаагүй болно гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн гаргаж хэрэгт хавсаргасан нотлох баримтуудаар, “Вишн фанд” ББСБ, Бнарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөгний зээлийн гэрээ байгуулагдаж, Б 2,500,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3,2 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээнд гарын үсэг зуржээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д ”Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь /зээлдүүлэгч/ мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдээгчид шилжүүлэх,зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө,гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тул нэхэмжлэлийг Ббүхэлд нь хариуцаж гэрээний хугацаанд төлөөгүй зээл болон түүний хүүг төлөх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Вишн фанд” ББСБ нь зээлийн гэрээгээр 2,500,000 төгрөгийг тодорхой хугацаатайгаар зээлдэгч Д.Батсайханд шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дууссан байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй байна.

Хариуцагч Бнь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд ажил, орлогогүй байх нь зээлийн хүүгээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Хариуцагч нь зээлийн гэрээнд хүү, үндсэн зээлд нийт 1,922,000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн гаргаж хэрэгт хавсаргасан зээлийн дансны хуулгаар нотлогдож байна.

Хариуцагч нь 2,500,000 төгрөгийг 18 сарын хугацайтай, сарын 3,2 хувийн хүүтэй зээлж авсан байх бөгөөд сарын хүү 57,500 төгрөг, нийт зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл 2,500,000 төгрөг, 18 сарын хүү 1,035,000 төгрөг нийт 3,535,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна. Үүнээс хариуцагчийн төлсөн 1,922,000 төгрөгийг хасаж тооцон нийт 1,613,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 461,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                           

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан Б-с 1,613,000 төгрөг гаргуулан “Вишн фанд” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 461,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 48,134 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Б-с 40,758 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

                            

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БЯМБАСҮРЭН