Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 408

 

 

 

 

 

 

 

2019             5                2                                            2019/ДШМ/408          

 

Э.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор П.Нямцэцэг,

            хохирогч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,

шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Ц.Оргил,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Гын гаргасан давж заалдах гомдлоор Э.От холбогдох 1811000000578 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Эгийн О, 1988 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ...... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:......./,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

Э.О нь 2018 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Доргио” баарны гадаа Ц.Гын нүдэн тус газар цохиж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний алимны нэвт гэмтэл /нүдний алимны агууламжийн гоожилт, нүдний алим авах мэс заслын дараах байдал/ бүрэн хараагүйдэл, зүүн талын ухархайн дотор болон доод ханын далд хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Эгийн Оыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.Оыг 15.000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.От оногдуулсан торгох ялыг 30 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оын цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хорих ялын нэг хоногийг торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгтэй тэнцэх хэмжээгээр тооцон, эдлэх ялаас 450.000 төгрөгийг хасаж, төлбөл зохих ялыг 14.550.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтас хэрэгт үлдээж, шүүгдэгч Э.От холбогдох хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч Ц.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.От урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ц.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхойлж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт "хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг хор уршигт" тооцсон. Хавтас хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7684 тоот дүгнэлтэд бүрэн хараагүйдэл, хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги 65 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт гэм хорыг арилгасан гэх дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзсан гэжээ. Энэ нь хууль болон хэргийн бодит байдалд нийцээгүй бөгөөд шүүгдэгч урьд нь 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гэмт хэрэг үйлдэж шүүхээр гэм буруутайд тооцогдож байсан нь хэрэгт авагдсан баримтаар харагддаг. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тооцогдохгүй. Мөн дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан, биеийн эд эрхтнээсээ хагацсан зэрэг нөхцөл байдалд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөн оногдуулсан. Мөн шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй. Би анхан шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт нийт 42.000.000 /дөчин хоёр сая/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнд цалин хөлс, эмчилгээний зардал зэрэг холбогдох баримтыг бүрдүүлж өгсөн боловч шүүх бодит гараагүй зардал гэх үндэслэлээр иргэний нэхэмжлэлийг хангахгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүгдэгч Э.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэж үйлдсэн байх үндэслэл байгаа. Энэ нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс харагдаж байхад дээрх асуудлыг шалгаж тодруулаагүй, хэргийн бодит байдал тогтоогдоогүй гэж үзэх үндэслэл байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг буцааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Ц.Гын өмгөөлөгч Б.Баярмагнай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр материаллаг хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хавтас хэргийн 17-20, 25-30 дугаар хуудаст авагдсан шүүгдэгч болон хохирогч талын гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй. Хохирогч мэдүүлэг өгөхдөө “намайг Э.О, Э.Отгонбаатар, Алтаншагай нар өшиглөсөн” гэж мэдүүлсэн байхад зөвхөн Э.От уг хэргийг хамааруулж оруулж ирсэн нь эргэлзээтэй. Хохирогчийн биед тодорхой тооны гэмтлүүд учирсан талаар шинжээч эмч 2-3 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Шинжээч эмч анхны мэдүүлэгтээ “нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэж мэдүүлсэн боловч мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгтээ “нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Шинжээчийн зөрүүтэй мэдүүлгийг нотлох эх сурвалж нь камерийн бичлэг. Анхан шатны шүүхээс хохирогчид учирсан хор уршгийг арилсан гэж дүгнэсэн нь буруу. Хохирогчид учирсан хор уршиг насан туршид нь арилахгүй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учирсан хор уршиг, нөхцөл байдал зэргийг бүрэн дүүрэн нотолсны үндсэн дээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой байтал тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн доод хэмжээгээр буюу торгох ял оногдуулсанд хохирогч гомдолтой байгаа. Э.О, Э.Отгонбаатар, Алтаншагай нар нь бүлэглэн хохирогч Ц.Гыг зодсон байхад анхан шатны шүүх үүнийг анхаараагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Оын өмгөөлөгч Ц.Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.О нь 2015 оны 3 дугаар сард 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан ч энэ хэрэг нь 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан. Тэгэхээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Хохирогчийн зүгээс иргэний нэхэмжлэхтэй холбоотой баримтуудыг гаргаж өгөөгүй. Иргэний нэхэмжлэлийг төсөөллөөр шийдэж болохгүй. Хэрэг дээрх эргэлзээг хоёр талын гаргасан хүсэлт, гомдлын дагуу хэргийг 2-3 удаа буцаасны эцэст хохирогчид учирсан гэмтлийг Э.О үйлдсэн болох нь тогтоогдсон. Мөн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж хохирогчийн өмгөөлөгч тайлбар гаргаж байгаа боловч яаж хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээ тайлбарлахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. ...” гэв.

 

Прокурор П.Нямцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Э.От холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Э.О нь хохирогч Ц.Гын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон. Хохирогч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдагдсанаар хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн эсэх, өөр хэн нэгний үйлдлээс болж гэмтэл учирсныг тухайн үед бүрэн дүүрэн шалгаж тогтоосон. Хохирогч Э.О өшиглүүлж байхдаа хэн өшиглөж байснаа таньсан талаараа мэдүүлдэг. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан шууд зардлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд төлж барагдуулсан. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

          Прокуророос Э.Оыг 2018 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Доргио” баарны гадаа Ц.Гын нүдэн тус газар цохиж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний алимны нэвт гэмтэл /нүдний алимны агууламжийн гоожилт, нүдний алим авах мэс заслын дараах байдал/ бүрэн хараагүйдэл, зүүн талын ухархайн дотор болон доод ханын далд хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Э.Оыг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

          Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,  түүний гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт бодитой хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр торгуулийн ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, уг гэмт хэргийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирч, тэрээр Солонгос Улсад хиймэл нүд /имплант/ хийлгэхэд гарах эмчилгээний зардал 30.000.000 төгрөг нэхэмжилнэ гэх тайлбар гаргаж байхад анхан шатны шүүх учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан гэж дүгнэн шүүгдэгчид торгуулийн ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Шүүгдэгч Э.О нь 10.220.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн хэдий ч үүнийг уг гэмт хэргийн хохирол бүрэн төлөгдсөн, гэм хор арилсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлыг төлөх санхүүгийн боломжгүй буюу төлбөрийн чадваргүй этгээдэд торгуулийн ял оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлөх, хор уршгийг тодорхой хэмжээгээр арилгах, санхүүгийн боломжгүй этгээдэд торгуулийн ял оногдуулснаар тэрээр хохирол, хор уршгийг арилгах арга хэмжээ авах бус зөвхөн торгуулийн ялын төлбөрийг төлөх байдлаар хандаж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгах боломжийг орхигдуулсан байдалд хүргэж байгаа нь хохирогчийн эрх ашгийг нэн тэргүүнд авч үзэх Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, зорилтод нийцэхгүй байна.

 

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.От холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Э.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН