Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2020/0807

 

\\ 

 

 

 

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2020/0807

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Нэхэмжлэгч: Р ХХК ,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ... дүгээр захирамжаар Р ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Н шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө батлах тухай болон Авто замыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газар Япон Улсын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээнд Япон Улсын 37 сая иен буюу 50 орчим тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар барьж хэрэгжүүлэх Үндсэн хуулийн гудамжийг Энгельсийн гудамжтай холбох гүүрэн гарц-ын трасс Нарны гүүр хэмээн нэрлэгдсэн/-т Ш ХХК-ийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай газраас 853 м.кв газар орсон тул уг газрыг чөлөөлөх Мэдэгдэл-ийг Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/ 2009 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 2/1920 тоот албан бичгээр мэдэгдсэн. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна гэж заасан. Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журам-ын 14 дүгээр зүйлд: "Иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эзэмшиж байгаа газрыг дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэний дараа Улсын тусгай хэрэгцээнд авна:

1. Эзэмшиж байгаа газрыг нь өөр газраар сольж байгаа тохиолдолд эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн түүний эзэмшиж байгаа газрынх нь төлөв байдал, чанараас дордохооргүй газрыг түүнд эзэмшүүлэх,

Мөн журмын 18 дугаар зүйлд: Иргэн, аж ахуй нэгж, байгууллага эзэмшиж байгаа газраа өөр газраар солих тохиолдолд тухайн шатны Засаг дарга урьдчилан тохирсон газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргана гэж тус тус заасан. Улс , нийгмийн зайлшгүй шаардлага , нийтийн эрх ашгийн үүднээс Нийслэлийн Газрын алба, Ш" ХХК-ийн хооронд 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Газрыг нөхөх олговортойгоор нийтийн эдэлбэрт шилжүүлэх гэрээ-г байгуулж, гэрээний дагуу Ш" ХХК нь ямар нэгэн мөнгөн хэлбэрийн нөхөн олговор авахгүйгээр уг газар дээр байсан өөрийн компанийн хэд хэдэн барилга объект , үл хөдлөх эд хөрөнгүүдийг сайн дураараа буулгаж газрыг чөлөөлж Нийслэлийн Газрын албанд хүлээлгэн өгсөн юм.

Нийслэлийн Газрын алба нөхөн олговорт урьд нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2000 оны 99 тоот, 2007 оны 374 тоот захирамжаар Ш" ХХК-д А-3" /УҮГ/ компанийн зүүн талд эзэмшүүлсэн 840 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 671 дүгээр захирамжаар газрын хэмжээг 984 м.кв болгон 15 жилийн хугацаатай эзэмшүүлэн, уг газар дээр хоёр тусдаа, үйлчилгээтэй орон сууцны барилга барих барилгын Ерөнхий төлөвлөлтийн даалгавар"-ыг баталж, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Барилгын Ерөнхий төлөвлөгөө, эх загвар /эскиз/-ыг баталгаажуулж өгсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 1 жилийн хугацаа ч өнгөрөөгүй байна.

Иймд Ш" ХХК-д нөхөн олговороор Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, А-3" /УҮГ/-ын зүүн талд олгосон 984 м.кв эзэмшүүлсэн газар нь Газрын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг үндэслэн хуулийн дагуу олгогдсон тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Р ХХК-ийн захирал Г.Н миний бие Ш ХХК-д ажиллаж байхад Ш ХХК-ийн Үүсгэн байгуулагчид, Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2009 оны 671 дугаар захирамжаар Ш ХХК-д Сүхбаатар дүүргийн 03 дугаар хороо, А-3 ОНӨААТҮГ-ын зүүн талд эзэмшүүлэхээр олгосон 984 м.кв газрыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус үндэслэн, хуульд заасан нөхцөл журмын дагуу Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/99 дугаар захирамжаар хуульд заасан үндэслэлээр Р ХХК-ийн нэр дээр хуулийн дагуу шилжүүлсэн.

Ийнхүү Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/99 дүгээр захирамжаар дээрх газрыг тус компанид 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, гэрээ байгуулан гэрчилгээ олгосон бөгөөд 2018 оны 3 дугаар сард уг газар дээр Барилгын зураг төслийн Э ХХК, Э ХХК, И ХХК -тай хамтран зориулалтын дагуу ашиглах, төсөл хэрэгжүүлэх зорилгоор барилгын эх загвар /эскиз/, зураг төслүүдийг хийсэн.

Улмаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.4-т заасныг үндэслэн Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт-ийг тогтоосон журмын дагуу эрх бүхий мэргэжлийн байгууллага болох А ХХК-иар 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр шинэчлэн хийлгэж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга бөгөөд байнгын шинжээч Д.Н-аар батлуулан баталгаажуулан ажиллаж байна.

Нөгөө талаар Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл ( бүс ), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор тус компани аж ахуйн нэгж байгууллага Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г шинэчлэн байгуулж, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмших эрхийн Улсын бүртгэлийн .... дугаарт шинээр бүртгэгдэж Газар эзэмших эрхийн шинэчилсэн гэрчилгээг хүлээж авсан

Мөн уг газар дээр батлагдсан Архитектур төлөвлөлтийн даалгавар-ын дагуу Барилгын зураг төслийн "Б" ХХК-тай үйлчилгээтэй орон сууцны барилгын эскиз, эх загварыг боловсруулж, барилгын доторх иж бүрэн зураг төсөл, барилгын гадна талын инженерийн шугам сүлжээний зураг, барилга угсралтын ажлын явцад зохиогчийн хяналтыг гүйцэтгэх зэрэг захиалагч, гүйцэтгэгчийн хооронд 4 төрлийн 200.000.000 /Хоёр зуу/ шахам сая төгрөгийн үнэлгээтэй гэрээ байгуулж 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Б.У-аар барилгын эх загварыг батлуулж одоо ажлын зургийг хийж эхлээд байна.

Манай компаниас 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн батлагдсан зураг төөл эх загварыг үндэслэн инженер-геологийн судалгааны дүгнэлт У ТӨХК, У ТӨХК, М" ХХК, Ус сувгийн удирдах газарт хандаж шаардлагатай " Техникийн нөхцөл-үүдийг авч эхлээд байна.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.А-ны нэр дээр Хүсэлт хүргүүлэх тухай Нийслэлийн Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-аас 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 01/197 дугаартай албан бичгээр тус байгууллагын эргэн тойронд Нийслэлийн Засаг даргын захирамжаар хуулийн дагуу газар эзэмшиж байгаа Г ХХК, "Р" ХХК, Г ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах хүсэлт гаргахад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Э-гаас 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01-06/1816 дугаартай албан бичгийг хүргүүлсэн байна. Уг албан бичигт: "Тус албанд хандан танай газарт олгосон газраас нэр бүхий 3 хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгуулах тухай хүсэлт ирүүлснийг судлан үзээд дараах хариуг хүргүүлж байна.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болгодог бөгөөд танай албан бичигт дурдсан нэр бүхий 3 хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгоход дээрх нөхцөл байдал үүсээгүй байна гэж хариу өгсөн байна.

Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хурлын шийдвэрээр Нийслэлийн өмч хувьчлал-2020 дуудлага худалдаа зохион байгуулагдаж Нийслэлийн Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын 25.000 м.кв газрыг 20.02 тэрбум төгрөгөөр К ХХК энэхүү дуудлага худалдаагаар худалдан авч зарагдсан. Иймд Нийслэлийн Засаг даргын 2009 оны 671 дугаар захирамж /нөхөн олговор/-аар олгосон газарт хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа Р ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл байдал үүсээгүй байгаа тул Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ... дүгээр захирамжаар Р ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Н-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р ХХК-ийн нэхэмжлэл бол хууль ёсны, үндэслэл бүхий нэхэмжлэл юм. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ... тоот захирамж бол хууль зөрчиж гарсан. Өөрөөр хэлбэл ... тоот захирамжийн нэг хэсэгт Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшигч Р ХХК-ийн хувьд бол тухайн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай хэмээн захирамжийн 2 дах хэсэгт заасан байсан. Цуцлах үндэслэл нь 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй гэх хууль зүйн агуулгатай, тэгэхээр 2 жил дараалан ашигласан эсэх дээр дүгнэлт хийвэл хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд байгаачлан газар эзэмших эрхийн гэрчилгээг Р ХХК хуулиар 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн А/99 тоот захирамжийг үндэслэн 15 жилийн хугацаатайгаар 2019 оны 8 дугаар сарын 19-нд олгосон. Хавтаст хэрэгт 2019 оны 8 дугаар сарын 19-нд газар эзэмших эрхийн гэрээ байгаа.

Мэдээж газар эзэмших эрхийн гэрчилгээ аваад гэрээ байгуулснаар тухайн газраа ашиглах эрх нээгдэнэ. Энэ гэрээнд заагдсанаар бол гэрээг байгуулснаар тухайн газар эзэмшигчийн эрх, үүрэг үүсдэг. Гэрээний үндэслэх хэсгийн нийтлэг үндэслэх хэсэгт 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 21948 тоот гэрээг байгуулсан ба гэрчилгээ мөн энэ үед олгогдож байгаа. Гэрээний 5 дугаар зүйлийн 5е дээр байгаачлан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг 2 жилийн хугацаагаар ашиглаагүй тохиолдолд гэрээг хүчингүй болгож мөн хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу арга хэмжээ авна гэсэн. Мөн гэрээний 6 дугаар зүйлд зааснаар зориулалтын дагуу газраа 2 жил ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газраа гэрээнд заагдсаны дагуу ашиглаагүй байхыг ойлгохоор буюу гэрээг байгуулагдсанаас хойш 2 жилийн хугацаанд харна гэдгийг энэ гэрээгээр тохирсон. Үндсэндээ энэ гэрээ буюу газрын гэрчилгээ нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан. Гэрээ мөн нэг ижил өдөр байгуулагдсан. Гэрээний 6.4-т газар эзэмшүүлэх гэрээг хийгдсэнээс хойш хуанлийн тооллоор 2 жилийн дотор зориулалтын дагуу ашиглаагүй байхыг ойлгоно.

Өөрөөр хэлбэл энэ хуулийн хугацаа дуусаагүй байна гэх ийм хууль зүйн үндэслэл гарч ирээд байгаа юм. Бусад үндэслэлүүдийг сая нэхэмжлэгч тодорхой тайлбарлалаа. Ямар шалтгаан нөхцөлүүд байсныг бүгдийг хэллээ. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүчингүй болгосон шийдвэр нь хуульд нийцэхгүй. Ямар ч зөрчилгүй байсан гэдгийг хавтаст хэрэгт авагдсан 12 талд байгаа Газар Зохион байгуулалтын алба нь өөрөө энэ газраа хууль ёсны дагуу ашиглаж байгаа эсэхийг, зөрчилтэй байгаа эсэхийг шалгаагүй. Нийслэлийн Газар Зохион байгуулалтын албанаас нь энэ газрыг цуцлах, хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна гэх албан мэдэгдлийг Зорчигч тээвэр 3 ОНӨААТҮГ-т мөн албан мэдэгдэл өгч байсан. Гэтэл 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өгөхөд 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ийнхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй юм гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Р ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар 02-ны өдрийн А/99 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 984 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг Ш" ХХК-иас шилжүүлж авсан.

Р ХХК нь тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ... дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь Р ХХК нь тус маргаан бүхий захиргааны акттай холбоотойгоор гомдол гаргаагүй тул урьдчилсан журмаар хэргийг шийдвэрлүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьснаар газар эзэмшүүлэх захирамж гараад гэрээ байгуулагдсанаас хойш 2 жилийн хугацаа харна гэж байна. Тэгэхээр энэ сүүлд яриад байгаа гэрээ нь газрын төлбөр нэмэгдсэнтэй холбогдуулж өөрчилсөн гэрээ байгаа юм. Анх байгуулсан гэрээ нь Р ХХК-ийн Шинэ барилга компаниас шилжүүлэн авсан 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/99 дугаар захирамжийн дагуу шилжүүлэх ажиллагаа явагдсан. Тэгэхээр 02 дугаар сарын 02-ны өдрийн захирамж гарсны дараа 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Р ХХК-ийг төлөөлж Г.Н гэх захирал нь өөрөө Иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх эрхийн гэрээ-г байгуулсан байгаа. 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулагдсан гэж үзээд энэ өдрөөс хойш 2 жилийн хугацааг тооцсон. 2019 онд байгуулсан гэрээ бол газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулж өөрчилж байгуулсан гэрээ юм. Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн турш тухайн газраа зориулалтын дагуу тодорхой үйл хөдлөлтэй явуулаагүй гэдгээр тайлбарласан. 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс гэрээ байгуулагдсанаас хойш Р ХХК бүтэн 2 жилийн хугацаанд ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй байна.

Мөн энэ 2016 оны Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын зөвлөмж дээр 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг талбайдаа зориулалтын дагуу барилга бариагүй, нүдэнд харагдах байгууламж бий болгоогүй гэснийг харгалзаж үзэх хэрэгтэй гэж бодож байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлж байгаагаар бол Р ХХК нь өмнө нь газраа Ш ХХК-иас авсан гэх ба энэхүү газар нь нөхөн олговрын үндсэн дээр олгогдож байгааг бодож үзэх хэрэгтэй.

Ш ХХК-тай холбоотой юм ярихгүй, гэхдээ энэ компаниас газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэн авснаас хойш ямар нэгэн нүдэнд харагдах байгууламж бариагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч талын гаргаж өгсөн газрын зураг дээр ч тодорхой харагдана. Зорчигч тээвэр 3 ОНӨААТҮГ-ын хашаан дотор нэхэмжлэгчийн эзэмшлийн газар нь байрлаж байгаа. Ямар нэгэн газар эзэмших үйл ажиллагаа явуулаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй байгаа юм.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар урьдчилсан журмаар гомдлыг шийдвэрлүүлээгүй, маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6 дэх зүйлд заасны дагуу үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р ХХК-иас тус шүүхэд хандан Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ... дүгээр захирамжаар Р ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай ... дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Р ХХК-ийн /Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшигч/ газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бий болоогүй, эл асуудлыг бүрэн шалгаж тодруулаагүй, газрыг зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай ажиллагааг хийж байхад цуцалсан нь хууль зөрчсөн хэмээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч компани тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй хэмээн тус тус тайлбарлан маргаж байна.

2. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно хэмээн,

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 34 дүгээр зүйлийн 34.8-д Газар эзэмших ... гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно хэмээн,

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д заасан барилгын үйл ажиллагаа гэж барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичиг боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, үе шатны ажилд хяналт тавих, чанар аюулгүй байдлын шинжилгээ хийх, ашиглалтад оруулж, гэрчилгээжүүлэхийг ойлгоно хэмээн тус тус тодорхойлжээ.

3. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.4-д заасанчлан тухайн газар эзэмших эрх бүхий этгээд Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдлыг шалгаж, тогтоосон байх шаардлагатай.

4. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Р ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/99 дугаар захирамжийн үндсэн дээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, нэгж талбарын 148005/0128 дугаар бүхий 984 м.кв талбай бүхий газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн газрын албатай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулан, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ... дугаар Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан.

Монгол Улсын Их Хурлаас 2018 онд Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан, газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх болсонтой холбогдуулан Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэгдсэн Р ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн, газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан.

Улмаар тухайн газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах зорилгоор, Барилгын тухай хуульд заасан журмын дагуу 2019 онд Б ХХК-тай Р ХХК-ийн үйлчилгээтэй, орон сууцны барилгын ажлын зураг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан, гүйцэтгүүлж, загвар зургыг Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар, Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны дүгнэлт-ийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаар батлуулах зэрэг ажиллагааг гүйцэтгэж байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/99 дугаар захирамж, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн огноо бүхий Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн огноо бүхий ... дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн огноо бүхий газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

Үүнтэй холбогдуулан шүүх, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлж, маргаан бүхий актад хамаарах нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр Р ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны ... дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчсөн хэмээн үзэж, хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Р ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай ... дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА