Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2014/0428

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 356 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, ”Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

“Б” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баянгол дүүргийн Татварын хэлтсээс манай байгууллагад хийсэн иж бүрэн шалгалтын дүнд цагдаагийн байгууллагаас нэр дурдагдсан хоёр байгууллагын олгосон НӨАТ- ын гурван падаанд акт торгууль тавьсныг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдлоо гаргахад хэрэгсэхгүй болгосон тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Манай байгууллага 2012 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Д” ХХК-аас 90 000 000 төгрөгийн үнийн дүнд 409м2 металл /гууль/ материалыг Гурвалжин захаас менежер Найдандорж нягтлан бодогч Саранцэцэг нар бэлэн мөнгөөр худалдан авалт хийж Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017 дугаар ангид гэрээний дагуу нийлүүлсэн болно. “Х” ХХК-аас 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 47 084 370 төгрөгийн үнийн дүнд 285 тн цемент материалыг Гурвалжин захаас менежер Н, нягтлан бодогч С нар, 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Х” ХХК-аас 35 600 429 төгрөгийн үнийн дүнд 29.6 тн арматурматериалыг Гурвалжин дахь Дөрөөт захаас захирал Д, нягтлан бодогч С нар бэлэн мөнгөөр тус тус худалдан авалт хийж Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017 дугаар ангид гэрээний дагуу нийлүүлсэн болно. Уг худалдан авалтыг захиалагч болох Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017 дугаар ангиас гэрээний урьдчилгаа болгон шилжүүлсэн мөнгөөр тус тус бэлнээр тооцоо хийсэн байсан.

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч З.Ц, Г.Х, магадлагч-Татварын улсын байцаагч Ж.Э нар дээрх худалдан авалт хийсэн анхан шатны баримтууд /зарлагын баримт, бэлэн мөнгөний кассын орлогын ордер/ болон НӨАТ-ын падаануудыг тамга тэмдэгтэй үнэн зөв, НӨАТ-ын худалдан авалтын тайланд хоёр талдаа шивэлттэй бүрэн тусгагдсан болохыг хүлээн зөвшөөрч байгаа мөртөө цагдаагийн байгууллагаас хоёр байгууллагын нэр ирсэн болон манай байгууллагыг бэлэн мөнгөөр тооцоо хийж нөгөө талд татвараас зугтах боломж олгосон гэсэн үндэслэлээр 15698.6 мянган төгрөгийн нөхөн төлбөр, 4709.6 мянган төгрөгийн торгууль, 1202.7 мянган төгрөгийн алданги нийт 21610.9 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан юм. Татварын Ерөнхий хуулийн 15.1.2-д зааснаар Албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардлыг хасаж тооцно гэсэн заалт байгаа болохоос бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхийг хориглосон болон бэлнээр тооцоо хийхэд үнийн дээд, доод хязгаарыг тогтоосон заалт байхгүй байгаа тул Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 263876 тоот актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Баянгол дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг, гадаад худалдаа, барилгын засал чимэглэл, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, 1000.0 мянган төгрөгийн дүрмийн сантай, нэг гишүүнтэй, 5330017 тоот регистртэй, улсын бүртгэлийн 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 9011205066, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 19776 тоот гэрчилгээтэй, “К” ХХК-д төгрөгийн 3000009427 тоот харилцах данстай, Баянгол дүүргийн 09 дүгээр хороо, СОТ-2-ын 20 тоотод байрлах ”Б” ХХК-ийн 2009-2012 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Улсын мөрдөн байцаах газраас ирүүлсэн мэдээлэл, Татварын Ерөнхий газрын 2013 оны 04 дүгээр сарын 15-ны 26/898 тоот албан бичиг, санхүүгийн тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, эрсдэлийн судалгаа, гааль болон хөндлөнгийн мэдээллийг үндэслэн Г.Х, З.Ц нар иж бүрэн шалгалт хийсэн. Тус компани нь “Д” ХХК-иас 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 011435813 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын 81,818.2 мянган төгрөгийн падаан, 2012 оны 6- р сарын 28-ны өдөр “Х” ХХК-иас 01 1785535 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын 42,804.0 мянган төгрөгийн падаан, 2012 оны 7 дугаар сарын 31 -ний өдөр “Х” ХХК-иас 011979239 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын 32,364.0 мянган төгрөгийн падаан тус тус хуурамчаар бичүүлэн авч, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн «Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа» хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасаж, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь нотлогдсон тул илэрсэн зөрчилд 15,698.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 4,709.6 мянган төгрөгийн торгууль, 1.202.7 мянган төгрөгийн алданги ногдуулан хариуцлага тооцсон. Хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д заасны дагуу “Д” ХХК, “Х” ХХК-ийн захирлыг шүүх хуралд гэрчээр оролцуулж өгнө үү” гэсэн байна.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 356 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 263876 тоот актын тогтоох хэсгийн 1.а заалтыг хүчингүй болгуулах тухай “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.Д давж заалдах гомдолдоо: “...Манай байгууллага нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 356 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 263876 тоот актыг хүчингүй болгуулах тухай Захиргааны хэргийн анхан шатны хорьдугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Шүүхийн шийдвэрт Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017 дугаар ангид гэрээний дагуу нийлүүлсэн гэх боловч ямар бараа, материал хэдий хэмжээгээр, ямар үнээр худалдан авсан, энэ үнэнд нь нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн, өөрөөр хэлбэл нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн эсэхээ тайлбарлаж чадахгүй, үүнийгээ нотлох баримт байхгүй байна гэсэн нь шүүгч Д.Х шийдвэрийг гаргахдаа манай нэхэмжлэлтэй бүрэн уншиж танилцаагүй болон зориуд хараагүй юм уу гэсэн хардлага бидэнд төрж байна. Мөн нотлох баримтыг гаргаж өгөх боломжоор хангаагүйд гомдолтой байна. /Жич: Байгууллага хоорондын тооцоо нийлсэн акт, Капитрон банкны харилцагчийн дансны хуулга/ Дээрх нэхэмжлэлд: Манай байгууллага 2012 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Д” ХХК-аас 90 000 000 төгрөгийн үнийн дүнд 409м2 металл /гууль/ материалыг Гурвалжин захаас менежер Н, нягтлан бодогч С нар бэлэн мөнгөөр худалдан авалт хийж Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 017 дугаар ангид гэрээний дагуу нийлүүлсэн болно. “Х” ХХК-аас 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 47 084 370 төгрөгийн үнийн дүнд 285 тн цемент материалыг Гурвалжин захаас менежер Н, нягтлан бодогч С нар бэлэн мөнгөөр худалдан авалт хийж Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017 дугаар ангид гэрээний дагуу нийлүүлсэн болно. 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Х” ХХК-аас 35 600 429 төгрөгийн үнийн дүнд 29.6 тн арматур материалыг Гурвалжин дахь Дөрөөт захаас захирал Д, нягтлан бодогч С нар бэлэн мөнгөөр худалдан авалт хийж Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017 дугаар ангид гэрээний дагуу нийлүүлсэн болно. Уг худалдан авалтыг захиалагч болох барилгын цэргийн 017 дугаар ангиас гэрээний урьдчилгаа болгон шилжүүлсэн мөнгөөр тус тус бэлнээр тооцоо хийсэн байсан” гэсэн байгаа нь 2012 оны 2 болон 3 дугаар улирлын тайланд хавсаргасан Капитрон банкны харилцагчийн дансны хуулга дахь 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017 дугаар ангиас урьдчилгаа төлбөр 80 000 000 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017 дугаар ангиас барилгын ажлын урьдчилгаа 70 000 000 төгрөг, 2012 оны 07-р сарын 18- ны өдрийн Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017 дугаар ангиас Зэвсэгт хүчний 353 дугаар анги засварт 50 000 000 төгрөгийн орлогуудаас харагдаж байгаа болон байгууллага хооронд хийсэн гэрээг нотариатаар баталгаажуулж өгсөн болно. Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 356 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан захиргааны хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтуудыг дутуу цуглуулж хэргийг шийдвэрлэсэн байна.

Татварын улсын байцаагчийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 263876 дугаар актаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр, “Д” ХХК, “Х” ХХК- уудаас нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг тус тус хуурамчаар бичүүлэн авч, нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн мэтээр баримт бүрдүүлж, төсөвт төлөх албан татварыг бууруулсан гэж акт тогтоожээ.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч ”Б” ХХК нь “Х” ХХК-аас худалдан авсан барааны үнийн урьдчилгаанд төлбөр төлсөн кассын орлогын ордерууд[1], “Д” ХХК-д барааны үнэ төлсөн кассын орлогын ордер[2], 90.000.000 төгрөгийн үнэ бүхий металл худалдах, худалдан авах гэрээ[3], 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч”Б” ХХК болон Зэвсэгт хүчний 017 дугаар ангитай байгуулсан “Барилгын иж бүрэн засварын ажлыг хийж гүйцэтгүүлэх” агуулга бүхий гэрээ[4] зэрэг баримтууд авагдсанаас гадна анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаануудад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас "... Зэвсэгт хүчний 017 дугаар ангид гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөнөөс бид бараа, материалыг авч нийлүүлсэн. Энэ нь манай байгууллага болон тус байгууллагын санхүүгийн тооцоо нийлсэн “Тооцооны үлдэгдлийн баталгаа” болон манай байгууллагын “Харилцах дансны хуулга” зэрэг баримтуудаар нотлогдоно..., анхан шатны баримтууд Зэвсэгт хүчний 017 дугаар цэргийн ангид байгаа, цэргийн ангиас баримтыг гаргуулж өгөх боломжтой...” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгчийн дээрх тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд “...татварын байцаагч нар нь нэхэмжлэгч байгууллагын санхүүгийн баримтыг л зөвхөн шалгадаг...” гэж тайлбарласнаас үзвэл нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн эсэхийг тогтооход нэхэмжлэгчийн зааж байгаа баримтыг цуглуулж, үнэлэлт дүгнэлт өгөх нь хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй үнэн зөв тогтоож, шийдвэрлэхэд ач холбогдолтойгоос гадна хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийн дагуу захиргааны хэргийн шүүх шаардлагатай нотлох баримтыг цуглуулан, үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэдийгээр “Х” ХХК-ийн захирал Ж[5] болон нягтлан бодогч Х нарын "...”Б” ХХК-д өгсөн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь хий бичилттэй, манайхаас бараа материал худалдаж аваагүй” гэх тайлбар хавтаст хэрэгт авагдсан байх боловч “Х” ХХК, “Д” ХХК-тай холбоотой хэргүүд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй талаар хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байгаа, түүнчлэн дээрх хуулийн этгээдүүд нь нэг талаас нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болох магадлалтай байх тул гэрчийн мэдүүлэг, тайлбарууд нь дангаараа нотлох баримт болохгүйг дурдах нь зүйтэй.

Иймд, анхан шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 356 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ШҮҮГЧИД                          Э.ЗОРИГТБААТАР

                                           П.СОЕЛ-ЭРДЭНЭ

                                      Н.ХОНИНХҮҮ  
             
             
 
 
 

 

 

 

 

 

[1] Хэргийн 31, 41, 42 дэх хуудас

[2] Хэргийн 39 дэх хуудас

[3] Хэргийн 106 дахь тал

[4] Хэргийн 103 дахь тал

[5] Хэргийн 118 дахь тал