Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/195

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0179/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Шүүгдэгч Н.Т- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б- овогт Н- Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000188 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт Н- Т- /РД:/,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Н.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Т- нь 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Дархан захын урд талын автомашины зогсоол дээр иргэн Ц.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдан түлхэж унагаан эрүүл мэндэд нь зүүн гарын шуу ясны хугарал, зүүн гарын шуунд язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн орчим би Дархан сум ... тоотод байрлах гэрээсээ гарсан юм. ...Г- бид хоёр Боргио нэртэй 0.5 литрийн лаазтай пиво уугаад дуусгаад тэндээс гараад гудамжнаас унаанд суугаад хуучин авто вокзалын хажууд буугаад зам хөндлөн гараад Монгол банкны урдаас таксинд суусан юм. Би тэр таксинд суугаад 15 дугаар сургууль орно гэж хэлсэн. Тэгээд тэр машины жолооч хуучин Дархан явсан. Хуучин Дарханы алтны уулзвар өнгөрөөд машины ард сууж явсан хүмүүс буугаад явсан. ...Дархан зах руу ордог туннелийн хажууд миний сууж явсан машин хурдтай эвгүй яваад байхаар нь би тэр жолоочид ямар аймар явдаг юм бэ гэсэн чинь тэр машины жолооч намайг сүртэй пизда вэ энд буу гэсэн. Би Дархан захын харалдаа тэр машинаас буугаад тэр жолоочийг чи муу ямар сүртэй пизда вэ, хүний унадаггүй юм унаа юу гэж хэлсэн чинь тэр машины жолооч намайг юу гээд байгаа пизда вэ хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би буцаж очоод тэр жолоочийг түлхсэн чинь тэр жолооч залуу миний хоёр чихнээс бариад намайг доош нь дарж газар хүчтэй хоёр удаа унагаасан юм. Би босож ирээд тэр залууд чи миний гарыг хугалчих шиг боллоо гэж хэлсэн чинь тэр залуу миний үгийг тоохгүй харин намайг машины толь эвдчихлээ гээд байсан. Тэгээд бид хоёр цагдаа дээр ирээд эмнэлэг явж гараа үзүүлсэн чинь миний гарын шууны яс хугарсан байна, мөн шууны үе мултарсан байна хагалгаанд орох хэрэгтэй гэсэн. Би Н.Т- гэдэг жолоочийг эвгүй яваад гэж хэлснээс болж зодоон болсон байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7/

 

Яллагдагч Н.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...сүүлд нь суусан залуу болох Ц.Э над дээр буцаж ирээд пизда минь зөөлөн явахад яадаг юм гэж хэлээд миний машин дээр хүрээд ирсэн. Тэр залуу намайг заамдаад нэг цохиод авсан. Тэгэхээр би тэр залууд би зөөлөн явсан, чи согтуу байх шиг байна, чамаас мөнгө авахгүй, чи одоо ингээд явж үз гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу намайг чи буугаад ир зодолдох уу гээд байсан. Тэгэхээр би машиндаа сууж байхад тэр залуу бас намайг өшиглөөд авсан. Тэгээд бид хоёр барилцаж аваад хоорондоо зодолдсон. Би тэр залуугийн чихнээс хоёр гараараа бариад доош нь дарж байгаад түлхээд газар унагаасан чинь тэр залуу дахиад босоод ирэхээр нь дахиад газар түлхээд унагаасан юм. Тэгээд би тэр залууг машиндаа суулгаад цагдаа орж учраа олно гээд цагдаа дээр ирсэн юм. Тэгсэн тэр Ц.Э гэх залуугийн гар нь хугарсан байсан...Би Эыг намайг заамдах гээд ирэхээр нь газар хоёр удаа унагаасан юм. Тэгэх явцад Ц.Эын гар нь хугарсан байх гэж бодож байна" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 346 дугаартай “...Ц.Эын биед зүүн гарын шуу ясны хугарал, зүүн гарын шуунд язарсан шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Ц.Эын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 19-20/,

 

Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 21-22/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Иймд Н.Т-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Ц.Эт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “... Би хөдөө ажлаар 2 сарын хугацаанд явах шаардлагатай болсон тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй, ...3, 4 сарын үндсэн цалин 2,024,000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн боловч хохирогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх лавлагаа, дундаж цалин хөлсний хэмжээ, хэдийгээс хэдий хүртэл хугацаанд ажилгүй байсан талаарх нотлох баримтуудыг ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Т- нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдуулан хохирол төлбөрт 269,700 төгрөг төлсөн байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч согтуурсан үедээ шүүгдэгчтэй зүй бус харьцсан байдал тогтоогдож байх тул гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Эт дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б- овогт Н- Т-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан; 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Шүүгдэгч Н.Т-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-д оногдуулсан 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Хохирогч Ц.Э нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

 

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД