| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2018/00105/И |
| Дугаар | 393 |
| Огноо | 2018-02-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 393
| 2018 оны 02 сарын 12 өдөр | Дугаар 184/ШШ2018/00393 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.Б-ийн,
Хариуцагч: Г.М-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Г.Мд 10.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Гэрээг нотариатаар баталгаажуулсан. Г.Мд мөнгийг бэлнээр өгсөн. Г.Мтай удаа дараа ярьж мөнгийг буцаан өгөх шаардлага тавьж байсан ч хайхарч хандаагүй учир шүүхэд хандсан. Иймд Г.Маас зээлийн үндсэн төлбөр 10.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны 6 сарын хүүнд нийт 2.400.000 төгрөг, нийт 12.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээнд Г.М гарын үсэг зурсан нь үнэн. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээнд заасан мөнгийг бэлнээр болон дансаар шилжүүлж өгөөгүй. Нэхэмжлэгч мөнгийг шилжүүлээгүй учраас гэрээ байгуулагдаагүй гэж бодон өдийг хүрсэн. Нэхэмжлэгчийг мөнгөө шилжүүлэхийг удаа дараа шаардсан. Тэгээд шилжүүлэхгүй байсан болохоор гэрээ байгуулагдаагүй гэж ойлгосон. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Г.Мы өмчлөлд 10.000.000 төгрөг шилжсэн бол Г.М захиран зарцуулах байсан. Ийм харилцаа үүсээгүй. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” , Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан нөхцөл байдал зээлийн гэрээ байгуулахаас өмнө бий болсон бөгөөд зээлдэгч энэ тухай гэрээ байгуулсны дараа мэдсэн бол зээлийг нэн даруй буцаан шаардах эрх үүснэ гэж тус тус зааснаар тухайн мөнгийг бэлнээр өгсөн гэж байгаа боловч тухайн гэрээнд мөнгө өгсөн авсан гэсэн талаар баримт байдаггүй. Г.Мы нөхрийн хажууд өгсөн гэж байдаг гэрч өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлгээ өгсөн. Нэхэмжлэгч хариуцагч нарт мөнгийг өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч хэзээ, хаана мөнгөө өгсөн талаараа хэлэхгүй байна. Мөнгийг өгөхдөө баримт үйлддэг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Хэрвээ мөнгө өгсөн гэж байгаа бол тэр баримтыг шүүхэд өгөх ёстой. Нэхэмжлэгч хариуцагч нар нь танихгүй хүмүүс биш найзууд. Ийм байж 10.000.000 төгрөгийг авсан байж аваагүй гэх хүмүүс биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Г.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд 12.400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
Зохигчид 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээг байгуулан, зээлдүүлэгч Т.Б нь 10.000.000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, 1 сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч Г.М нь заасан хугацааны дотор мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хүлээхээр харилцан тохиролцон, зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрээний үнэн зөвийг баталгаажуулсан байна.
Зохигчийн хооронд Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ бичгийн хэлбэртэйгээр байгуулагдсан байх ба тус зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болохоор тохиролцжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч нь үндсэн зээл болох 10.000.000 төгрөгийг нотариатчийн өрөөнд бус автомашин дотор бэлнээр Г.Мд шилжүүлэн өгсөн гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Т.Б 10.000.000 төгрөгийг хариуцагч Г.Мд дансаар болон бэлнээр шилжүүлэн өгөөгүй, нэхэмжлэгчийг мөнгөө өгөхийг удаа дараа шаардсан, мөнгөө шилжүүлж өгөхгүй байсан болохоор гэрээ байгуулагдаагүй гэж ойлгосон, Г.М 10.000.000 төгрөгийг авч захиран зарцуулаагүй, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, талууд мөнгө өгсөн авсан талаар баримтгүй, мөнгийг хэзээ, хаана мөнгөө өгсөн талаараа нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, хэрэв мөнгө өгсөн гэж байгаа бол тэр баримтыг шүүхэд өгөх ёстой, зохигчид найз нөхдийн харилцаатай тул 10.000.000 төгрөгийг авсан байтлаа аваагүй гэх хүмүүс биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар 10.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар сарын 4 хувийн хүүтэй зээлдэж, зээлдүүлэхээр харилцан тохиролцсон зээлийн гэрээ байгуулагдсан боловч зээлдэгч Т.Б нь бэлнээр болон дансаар 10.000.000 төгрөгийг зээлдүүлэгч Г.Мы өмчлөлд шилжүүлэн өгсөн гэх үйл баримт тогтоогддоггүй.
Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн байдаг.
Зохигчид Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дах хэсэгт зааснаар зээлийн гэрээний хүүг бичгээр тохиролцсон тогтоосон байх тул хүүг буцаан шаардах эрхтэй байна.
Гэвч нэхэмжлэгч нь 10.000.000 төгрөгийг хариуцагч Г.Мы өмчлөлд шилжүүлэн өгсөн гэх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчид хариуцагч Г.М уг мөнгийг болон тохиролцсон хугацааны хүүгийн хамт буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.
Иймд зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч бодитоор хариуцагч Г.М зээлийн гэрээний үүрэгт 10.000.000 төгрөг нэхэмжлэгч Т.Бэс аваагүй гэх татгалзал үндэслэлтэй, энэ талаар гэрч М.Мөнхтөр нотлон мэдүүлэг өгсөн байх тул буцаан төлөх үүрэг үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч Т.Б 10.000.000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдохгүй, зээлдүүлэгч Т.Б нь зээлдэгч Г.Мы өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Т.Бат-Эрдэний хариуцагч Г.Мд холбогдох зээлийн гэрээний үндсэн үүрэгт 12.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б хариуцагч Г.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б. БАЯРМАА