Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/190

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0175/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганхуяг,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч О.З- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б- овогт О-ы З-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000190 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, үйлчлэгч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Чулуутын 01-48 тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 382 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт О-ы З-, /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас О.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.З- нь 2022 оны 03 дугаар сарын 15- ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийннутаг дэвсгэр, “Олон Улсын худалдааны төв” дотор С.Э-ын гээгдүүлсэн Самсунг М12 маркийн гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 340.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... Би 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр охин болон эхнэрийн хамт Олон улсын худалдааны төвөөр үйлчлүүлж байсан ба тухайн үед охин Халиунд өөрийн самсунг М12 маркийн гар утсаа бариулсан байсан ба 17 цаг 40 минутын орчимд охин бид хоёр хамтдаа юнителийн дугаар худалдаж байсан 2 охин дээр очиж дугаар авах гэтэл бичиг баримттай байх шаардлагатай гэж хэлсэн. Тухайн үед би бичиг баримтгүй байсан болохоор дараа ирж дугаар авъя гэж бодоод гэртээ хариад охиноосоо аавынхаа утсыг аваад ир гэж хэлэхэд би аваагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрийн ХХХ гэсэн дугаар руу залгатал дуудаж байсан боловч авахгүй байсан. Тэгээд Олон улсын худалдааны төвөөс гарч явахдаа, эсхүл машинд бууж суухдаа хаяж гээсэн юм болов уу гэж бодоод буцаж гараад худалдааны төв дээр ирээд өөрийн бууж суусан газруудаараа хайж үзсэн боловч олдохгүй байсан тул камерын бичлэг шүүгээд өгөөч гэж хамгаалагчийг гуйгаад орох гарах хэсгийг харуулсан дотор талын камерын бичлэгийг үзэхэд миний охин надтай хамт дугаар авах гэж явж байх үедээ юнителийн дугаар борлуулж байсан ажилчдын ширээний наад талын буланд миний утсыг тавьж орхисон байсан ба удалгүй туранхай биетэй, шар хөх өнгийн ажпын куртка өмссөн, 25-30 орчим насны эмэгтэй миний дараа үйлчлүүлсэн ба үйлчлүүлж дуусаад миний орхисон гэх гар утсыг аваад гарч байгаа дүрс бичлэг камерт бичигдсэн байсан, ...Би тухайн гар утсыг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Дарханы мобикомоос лизингээр буюу 499,000 төгрөгөөр худалдан авч байсан ба Самсунг М12 загварын цэнхэр өнгөтэй, нүүр хэсэгтээ шилэн наалттай ба шилэн наалт нь хагарсан байсан, ард талдаа 4 камертай, гадуураа бор хүрэн өнгөтэй, резинэн хамгаалалтын гэртэй, 32 gb багтаамжтай ХХХ гэсэн имей кодтой гар утас байсан” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 6/,

 

Гэрч А.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... Орой 18 цагийн үед буюу ажил тарахаас өмнө төмөр замын ажилчдын хувцас гэж хэлмээр 2 ханцуй нь улбар шар өнгөтэй, цээж хэсэг нь хар хөх өнгийн куртка өмссөн 30-35 орчим насны эмэгтэй гэрээ хийж шинэ дугаар авсан. Гэрээ хийхэд бичиг баримтыг нь тулгаж харахад О- овогтой З- гэх эмэгтэй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэрийн 8/,

 

Гэрч С.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Нөхөр Э-ын М12 маркийн гар утасны охин Халиунд өгчхөөд би гар утсаараа яриад байж байсан юм. Тэр хооронд манай охин Халиун аавынхаа гар утсыг Юнителийн дугаар зарж байсан ширээн дээр тавьчихсан байсан юм байна лээ...Тэгээд нөхрийнхөө ХХХ гэх дугаар луу би өөрийнхөө 99852230 дугаараас залгахад 4-5 удаа дуудаж байгаад тэгээд холбогдох боломжгүй болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12/,

 

“Капитал  зууч” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “... иргэн С.Э-ын эзэмшлийн “Самсунг А12” маркийн 32GB багтаамжтай гар утас /хэрэглэж байсан/ 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 03 дугаар сарын байдлаар 340,000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 15-16/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Хяналтын камерын цагаар 17 цаг 46 минут 26 секундэд дээрх эрэгтэй хүн хажуудаа байх охины хамт мөн хар өнгийн урт куртка өмссөн эмэгтэйн хамт үүдний хэсгээс гарах хаалга чигтэй явав. Удалгүй 17 цаг 50 минут 07 секундэд улбар шар болон хөх өнгө орсон оруулгатай ажлын курткатай, хар өнгийн гуталтай, үсээ ардаа нэг боосон, 170 см орчим өндөр нуруутай эмэгтэй ногоон өнгийн ширээ тавьж үйл ажиллагаа явуулж буй 2 эмэгтэй дээр очих ба тухайн ширээн дээр ямар нэгэн зүйл бичиж байгаа үйл хөдлөл өрнөх ба 17 цаг 55 минут 55 секундэд дуусан гарах хаалга чиглэн явав. Дээрх ажлын куртка өмссөн эмэгтэй 17 цаг 58 минут 04 секундэд дахин ногоон ширээ тавин үйл ажиллагаа явуулж байсан 2 эмэгтэй хүн дээр очих ба 17 цаг 58 минут 20 секундэд ногоон өнгөтэй ширээний гарах хаалга талын буюу хяналтын камерын талд байсан хар бор  өнгөтэй эд зүйлийг ширээн дээрээс авах ба гартаа барьсан цаасны доор бариад  худалааны төвийн гарах хаалга зүг рүү алхаж явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байв” гэх тэмдэглэл / хавтаст хэргийн 23/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 24/,

 

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 40, 42/,

 

Яллагдагч О.З-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийн зүйлс гэдгийг мэдсээр атлаа уг эд хөрөнгийн эзнийг олох талаар идэвхтэй үйлдэл хийхгүй байх, уг эд хөрөнгийг олсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд авсан нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангах ба хууль тогтоогч 300,000 төгрөгөөс дээш үнэтэй эд зүйлийг завшсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Иймд шүүгдэгч О.З-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг өрхийн орлогын хэмжээг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч С.Э-ад шүүх хуралдааны тов мэдэгдэхэд  “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б- овогт О-ы З-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар Б- овогт О-ы З-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд, уг хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ГЭРЭЛТ-ОД