Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/177

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0160/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Г- даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг,

Шүүгдэгч Б.У-, Ж.Д- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар М- овогт Б-ын У-, М- машан овогт Ж-гийн Д- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000187 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн сургуульд англи хэлний багш ажилтай, ам бүл 3, эх, зээ охины хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, М- овогт Б-ын У- /РД:/,

Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, газар зүйн багш мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн сургуульд газар зүйн багш ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, М- машан овогт Ж-гийн Д- /РД: /,

Б.У-, Ж.Д- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.У-, Ж.Д- нар нь бүлэглэн, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн ... тоотод оршин суух К.С-ыг “ХХ яамны ерөнхий нягтлан байна, худалдаж авсан тракторынхаа мөнгийг яаралтай төл” гэж хуурч, 2,500,000 төгрөгийг Х-банкин дахь Б.Г-ын эзэмшлийн ХХХтоот дансаар шилжүүлэн авсан,

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, хөдөө оршин суух К.С- “ ХХ яамны ерөнхий нягтлан байна, худалдаж авсан тракторынхаа мөнгийг яаралтай төл” гэж хуурч, 2,500,000 төгрөгийг Х-банкин дахь Б.Г-ын эзэмшлийн ХХХтоот дансаар шилжүүлэн авсан,

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, хөдөө оршин суух М.Д-ийг “ХХ яамны ерөнхий нягтлан байна, худалдаж авсан тракторынхаа мөнгийг яаралтай төл” гэж хуурч, 1,500,000 төгрөгийг Х-банкин дахь Б.Г-ын эзэмшлийн ХХХтоот дансаар шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч К.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2012 онд анх ХХ яамнаас гэрээгээр ногоон пад трактор авсан юм. Анх авахдаа 2,500,000 төгрөгийг бэлэн өгөөд үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 5 жилд хувааж төлөхөөр болсон. Тэгээд би трактороо аваад байж байтал 2019 оны 09 дүгээр сарын сүүлээс эхлээд Х- дугаарын утаснаас над руу залгаад ХХ яамны ерөнхий нягтлан байна гэж залгаад, та худалдаж авсан тракторынхоо үлдэгдэл мөнгийг яаралтай төл гэж хэлсэн. Тэгээд би банкнаас зээл аваад 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр над руу мессежээр явуулсан ХХХдугаарын данс руу 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгсэн 2022 оны 01 дүгээр сард ХХ яамнаас намайг тракторын үлдэгдэл 2,500,000 төгрөг төлөөгүй байна гэх нэхэмжлэл ирсэн. Тэгээд би учрыг олохоор цагдаагийн байгууллагад хандаж байна. Эхлээд надтай эмэгтэй хүн яриад байсан. Сүүлдээ эрэгтэй хүн ярьсан. Намайг шүүхэд өгнө гээд байсан. Тэгэхээр нь би авсан нь үнэн юм чинь шүүхээр яваад төвөг болох байх гэж бодоод 2,500,000 төгрөгөө шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14-15-р хуудас/,

Хохирогч К.Сайтдолтагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2012 онд анх ХХ яамнаас гэрээгээр ногоон пад трактор авсан юм. Анх авахдаа 2,500,000 төгрөгийг бэлэн өгөөд үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 5 жилд хувааж төлөхөөр болсон. Тэгээд би трактороо аваад байж байтал 2019 оны 10 дугаар сарын дундуур үл таних эмэгтэй над руу залгаад та худалдаж авсан тракторынхаа үлдэгдэл мөнгийг яаралтай төл, хэрэв төлөхгүй бол шүүх дээр дуудна гэж хэлэхээр нь би өөрийн үхэр малыг зараад над руу мессежээр явуулсан ХХХдугаарын данс руу 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгсэн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сангаас намайг тракторын үлдэгдэл 2,500,000 төгрөгийг төлөөгүй гэж нэхэмжпэл ирсэн. Тэгээд би учрыг олохоор цагдаагийн байгууллагад хандаж байна. Би ямар хүн утсаар ярьсанг бол хэлж мэдэхгүй байна ямар байсан эмэгтэй хүн байсан. Би тухайн дугаарыг нь санахгүй байгаа ба манай дүү К.С- дугаарыг нь мэдэж байгаа байх тэгээд цагдаагийн байгууллагад хандахаар нь дагаад цагдаад өргөдлөө өгч байгаа юм” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 141/,

Хохирогч М.Д-ийгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2012 оны 07 дугаар сард ХХ яамнаас гэрээгээр ногоон пад трактор авсан юм. Тухайн трактор 5,000,000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд анх авахдаа 2,500,000 төгрөгөөр бэлнээр өгөөд үлдэгдэл мөнгийг жил болгон 500,000 төгрөг өгч нийт 5 жилийн хугацаанд 2,500,000 төгрөгийг төлөхөөр болсон. Би 2013 онд 500,000 төгрөг төлсөн юм. Түүнээс хойш төлөөгүй байж байтал 2019 оны 11 дүгээр сарын эхээр над руу Юнителийн нэг дугаараас ХХ яамны ерөнхий нягтлан байна гэж залгаад та худалдаж авсан тракторынхоо үлдэгдэл мөнгийг яаралтай төл гэж хэлсэн. Тэгээд над руу байн байн залгаад мөнгөө төл гээд байхаар нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ХХХдугаарын данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн 2022 оны 02 дугаар сард ХХ яамнаас намайг тракторынхоо үлдэгдэл 2,000,000 төгрөгийг төлөөгүй байна гэх нэхэмжлэл ирсэн. Тэгээд би учрыг нь олохоор цагдаагийн байгууллагад хандаж байна. Надтай эмэгтэй хүн яриад байсан. Намайг шүүхэд өгнө гээд байсан. Улаанбаатар хотын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүрээд ир гэж хэлж байсан. Тэгэхээр нь би авсан нь үнэн юм чинь шүүхээр яваад төвөг болох байх гэж бодоод 1,500,000 төгрөгөө шилжүүлсэн. Манай гэрийн ойр орчмын хүмүүс мэдэж байгаа. Би харин гэрээг хайгаад олохгүй байна. Надтай юнителийн дугаараас залгаж ярьсан. Одоо би сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 204-205/,

Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Х-банкны ХХХдугаартай данс ашигладаг. 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай ээж Б.Ундармаа над руу залгаад У- эгч чинь залга гэж байна гэсний дагуу Б.У- эгч рүүгээ залгахад манай ажлын газрын хүн дансаа түр ашиглуулаач гэнээ, миний дүү дансаа өгчих гэсэн. Тэгээд би өөрийн ХХХгэх дансаа өгөхөд 2.500.000 төгрөг орж ирсэн. Тэгээд ээж рүү залгаад миний данс руу 2,500,000 төгрөг ороод ирлээ, миний утасны цэнэг дуусаж байна, энэ мөнгийг авна гэвэл та шилжүүлчхээрэй гэж хэлээд ээжийнхээ Х- гэх данс руу 2,490,000 төгрөгийг шилжүүлэн 10,000 төгрөгийг өөрөө аваад үлдсэн. ...дараа нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2,500,000 төгрөг орж ирсэн. Тэр мөнгөнүүд орж ирэхээр нь ээж Ундармаагийн Х-банкны Х- дугаарын данс руу хийсэн. ...Сүүлд миний данс руу орсон 1,500,000 төгрөгийг би 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ээж Ундармаагийн Х-банкны Х- дугаартай данс руу 1,490,000 төгрөгийг шилжүүлж би 10,000 төгрөгийг авч үлдсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 19-20, 146, 213-214/,

Гэрч Б.Ундармаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...У- над руу залгаад Г-ын утасны дугаарыг өгөөч гэхээр нь өгсөн. Одоо он, сарыг нь санахгүй байна. Дансны хуулга авч үзэхэд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрүүдэд манай хүү над руу залгаад миний утасны цэнэг дуусах гээд байна, У- эгч сая миний данс руу 2,500,000 төгрөг хийсэн. Би таны данс руу шилжүүлчих үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд гадаад улс руу явахад дансаар мөнгө орж гарсан байвал сайн байдаг гэж хүнээс сонсож байсан болохоор данс руугаа 2,490,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би У- руу залгаад мөнгө орж ирсэн байна гэж хэлсэн чинь тань руу нэг данс явуулна, тэр данс руу 1,250,000 төгрөгийг хийчих, харин миний данс руу 1,200,000 төгрөгийг хийчих, та 40,000 төгрөгийг ав гэж хэлсэн. Тэгээд би У-гийн хэлсэн ёсоор мөнгийг хуваагаад өгсөн данснууд руу хийсэн. ...манай хүү Г-ын дансаар өмнө 2 удаа мөнгө шилжүүлж авсан болохоор нь энэ удаад дахин мөнгө шилжүүлсэн байна. Тэгээд миний данс руу 1,490,000 төгрөг манай хүүгийн данснаас орж ирсэн. Тухайн үед У- надад 100,000 төгрөгийн өртэй байсан болохоор би орж ирсэн мөнгөнөөс нь 100,000 төгрөгийг аваад 1,390,000 төгрөгийг буцаагаад шилжүүлсэн” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 26, 153, 209/,

Х-банкин дахь К.С-ын эзэмшлийн Х- тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 29/,

Х-банкин дахь К.С-ийн эзэмшлийн Х тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтаст хэргийн 144/,

Х-банкин дахь М.Д-ийгийн эзэмшлийн Х тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтаст хэргийн 217/,

Х-банкин дахь Б.Г-ын эзэмшлийн ХХХтоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтаст хэргийн 62-69, 148-151, 249-250/,

Х-банкин дахь Б.Ундармаагийн эзэмшлийн Х- тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтаст хэргийн 228-232/,

Х-банкин дахь Б.У-гийн эзэмшлийн Х тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 35, 211/,

Х-банкин дахь Ж.Д-гийн эзэмшлийн Х тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 46, 237/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Шүүгдэгч Б.У-, Ж.Д- нар нь урьдчилан үгсэн тохиролцож, хохирогч нарыг урьд хөнгөлөлттэй нөхцлөөр трактор худалдан аваад үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байдлыг мэдэж, харилцааны холбооны хэрэгсэл ашиглаж “ХХ яамны ерөнхий нягтлан байна” гэж утсаар худал хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, нэр бүхий хохирогч нарыг залилан мэхэлж нийт 6,500,000 төгрөг авсан үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Иймд шүүгдэгч Б.У-, Ж.Д- нарыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Б.У-, Ж.Д- нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан прокурорын санал болгосон ялаас доогуур, тус бүр 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг сарын орлогын хэмжээг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч К.С-, К.Сайдолта, М.Д-ий нарт учрулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нараас  гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-, Ж.Д- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. М- овогт Б-ын У-, М- машан овогт Ж-гийн Д- нарыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.У-, Ж.Д- нарт тус тус 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-, Ж.Д- нарт оногдуулсан 750,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 125,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-, Ж.Д- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.Г-