Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 00136

 

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2018/00136

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Бямбасүрэн даргалан хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, “Их гифт финанс” ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Э-д холбогдох

            Зээлийн гэрээний үүрэг 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Чин-Оюунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Их гифт финанс” ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр манай байгууллага нь №167 тоот зээлийн гэрээг Т.Этай байгуулж, зээлдэгчид 2,000,000 сая төгрөгийг хүүгүйгээр, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч Т.Э 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зээлийг эргүүлэн төлөх ёстой байсан боловч ямар ч төлөлт хийгээгүй бөгөөд, гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үр дүнд хүрээгүй гэжээ.

Хариуцагч Т.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т.Э нь энэхүү мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. Мөнгийг нь сар сард 150,000 төгрөг төлөх боломжтой. 2018 оны 02 дугаар сарын 20-ноос эхэлж төлж эхэлнэ. Мөнгийг төлөхдөө хүүгүй төлнө. 2019 оны 02 дугаар сарын 20-нд төлж дуусгана гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Их гифт Финанс” ББСБ ХХК нь хариуцагч Т.Эт холбогдуулан

зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл буюу зээлийн үндсэн төлбөрт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

            Хариуцагч Т.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, үнийн дүнд маргахгүй байна. Харин төлбөрийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр тодорхой хэмжээгээр, тогтмол төлж барагдуулах хариуцагчийн саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байна.

            2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Т.Э нь “Их гифт Финанс” ББСБ ХХК-аас 2,000,000 төгрөгийг хүүгүй, 3 сарын хугацаатай, хувийн хэрэглээнд зориулан авсан байх бөгөөд зээлийн гэрээ байгуулагдсан, мөнгө авсан талаар талууд маргаагүй. /хх 8-9/

Хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, төлбөрөө төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Т.Эаас 2,000,000 гаргуулан “Их гифт Финанс” ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

            Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Их гифт Финанс” ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Эаас 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Их гифт Финанс” ББСБ ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Т.Эаас 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Их гифт Финанс” ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БЯМБАСҮРЭН