Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/714

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1522 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын судлаач мэргэжилтэй, одоогоор хүүхэд асрах чөлөөтэй байгаа, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 91 дүгээр байрны 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б-ын М /РД:хх000000/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 50 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 93 дугаар байранд байрлах “Ашу” гэх нэртэй хүнсний дэлгүүрт үл ялих зүйлээс болж иргэн Б-н Л-тэй маргалдан улмаар, нүүр лүү нь удаа дараа гараараа цохиж, биед нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шанаанд цус хуралт, дээд уруулд салстын өнгөц язрал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 1522 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд

 

Шүүгдэгч Б.М нь хохирогч Б-н Л-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

Хохирогч Б-н Л-гийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 93 дугаар байрны 1 давхарт байрлах “Ашу” гэх нэртэй хүнсний дэлгүүр, үсчин гоо сайхны салонд нэг эмэгтэй орж ирээд хүнсний дэлгүүрээс хэрчсэн гурил аваад тэр гурил нь хугацаа нь дууссан байна гэж байсан. Тухайн үед би үсчингийн салондоо байж байгаад дэлгүүрийн касс нь дээр ажиллаж байгаа эгчтэй нэлээн маргаад байхаар нь би очоод тэр эгч рүү “энэ эгч гурилыг савлаж байгаа биш, яаж мэдэх юм бэ? Наад үйлдвэрлэсэн газар руу нь ярьчих” гэсэн чинь нөгөө эмэгтэй гурилаа миний нүүр лүү цацаад, гараараа нүүр рүү 4 удаа цохисон. Тэгснээ дэлгүүрээс гараад зугтах гэхээр нь би араас нь гүйгээд байж бай, цагдаа дуудчихсан гэж хэлээд бариад авсан чинь эргэж хараад 2 удаа гараараа цохисон. Би гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх 6/,

 

Гэрч С.Туяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...Тухайн үед манай дэлгүүртэй залгаа байдаг үсчин Б-н Л- дэлгүүр лүү орж ирээд тухайн эмэгтэйд хандаж “энэ эгч ямар наад гурилыг чинь савладаг биш, үйлдвэрлэсэн газар руу нь яриач” гэж хэлэхэд нөгөө надтай маргалдаж байсан эмэгтэй Б-н Л- лүү хандаж чамд ямар хамаатай юм, чи өөрийнхөө ажлыг хий гээд барьж байсан гурилаа шидээд Б-н Л- рүү тулж очсон. Тэгэхэд Б-н Л- тухайн эмэгтэйг холдуулахад нөгөө эмэгтэй Б-н Л-гийн толгой болон нүүр хэсэг лүү цохисон Тэр үед манай дэлгүүрт үйлчлүүлж байсан эрэгтэй хүн тэр хоёрыг салгахад Б-н Л- цагдаа дуудлаа гээд утсаар ярихад нөгөө эмэгтэй дэлгүүрээс гарсан. Тэгэхээр нь Б-н Л- араас нь очоод явуулахгүй гээд куртикнээс нь татахад нөгөө эмэгтэй цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх 7-8/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5702 дугаартай:

“Б-н Л-гийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шанаанд цус хуралт, дээд уруулд салстын өнгөц язрал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтэл учирсан дарааллыг тогтоож боломжгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх 19-20/,

 

Шүүгдэгч Б.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...Намайг ямар хэрэгт яллагдагчаар татаж байгааг ойлгож байна. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх 33-34/,

 

- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-13/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 39/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 40/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт лавлагаа /хх 41/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 62-63/ зэрэг нотлох баримтыг судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.М-ийн хохирогч Б-н Л-гийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шанаанд цус хуралт, дээд уруулд салстын өнгөц язрал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Б-н Л- нь зүгээс эмчилгээний зардалтай холбоотой 130.000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн ба шүүгдэгч Б.М нь хохирол төлбөрт 1.500.000 төгрөг төлсөн байна. Хохирогч Б-н Л- нь надад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирлын маргаангүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 62, 64/ гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.М нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч Б.М-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн байдал, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б-ын М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ