Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/391

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Б.Билгүүн,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2205000001258 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ....  дугаар сарын ...-ны өдөр Булган аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “м” ХХК-д борлуулагч ажилтай одоо --- ангид байлдагч, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамтаар Нийслэлийн ... дүүргийн ... дугаар хороо, ...дүгээр гудамж ... тоотод оршин суух /РД:/, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Д-н Б.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2022 оны 3 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ******* зочид буудлын *** давхрын ******* тоот өрөөнөөс хохирогч *******-н эзэмшлийн Ай фоне 12 про макс загварын гар утас, савхин куртик зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.817.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч *******-г “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд: 

1. Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

2. Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр би арван жилийн хоёр найз болох Б , А  нартай уулзахаар болоод ******* гээд зочид буудалд 22 цагийн үед уулзсан. Тэгээд бид хэд тухайн буудалд ууж байгаад А  гэр рүүгээ харилаа гээд яваад өгсөн ба Б  бид хоёр өрөөндөө үлдсэн. Тэгээд унтаад өглөө сэрсэн чинь машины түлхүүр, утасны цэнэглэгч хоёр дэрний хажууд байхаар нь утсаар ярих гэтэл утас маань байхгүй байсан. Тэгээд *******ийг сэрээгээд А  руу утсаар залгаад утас куртик асуухад “аваагүй, намайг гарахад утас куртик хоёр чинь байсан шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би шууд цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд цагдаа нар ирээд бид нарыг хэлтэс дээр авчирч мэдүүлэг авчхаад харих гээд явж байтал цагдаагаас буцаж дуудаад дахиад мэдүүлэг өгч байсан чинь миний алдсан куртик ороод ирсэн. Тэгээд араас нь утас хулгай хийсэн нөхрийг дагуулаад ороод ирсэн. Тэгээд би цагдаагийн байгууллага дээр байхдаа алдсан савхин куртик болон Ай фоне 12 про макс загварын гар утсаа хүлээж авсан. Би алдсан зүйлээ бүрэн хүлээж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/, 

3. Гэрч А.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 22 цаг өнгөрч байхад хоёр найз намайг ажлыг тарахыг дөхүүлж байгаад хүрч ирээд аваад явсан. ...******* зочид буудлын 5 давхарт ******* тоот руу орсон. ...Тэгээд би 01 цагийн өнгөрч байхад өглөө ажилтай болохоор түрүүлээд гараад явсан. Намайг гараад явахад манай хоёр найз гар утсаараа хүмүүстэй дүрс бичлэгээ хараад яриад сууж байхад нь би гарч явсан. Над руу өглөө 09 цаг 02 минутад Ц залгаад чи миний гар утас куртикийг аваад явсан юм уу гэж асуусан. Би авч яваагүй юу яриад байгаа юм бэ та хоёр гар утсаараа яриад үлдсэн шүү дээ гэж хэлээд би тэр хоёр дээр яваад очсон. ...Ер нь бол нилээн согтолттой байсан, гэхдээ тасарч унах хэмжээний байгаагүй байсан. ...Ямар ч байсан ганц хоёр өрөө л хүнгүй байсан. Бусад өрөө бол хүмүүстэй байсан. Яг манай өрөөний эсрэг талын өрөөнд 2 залуу байсан гэж ресепшин эгч хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

4. Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 22 цаг өнгөрч байхад 34-р гүүрний тэнд хуурай дүү болох Б-тэй уулзсан. Бид хоёр уулзаад шөнө тэр хавиараа буудал хайж олоогүй нилээн явсан. Бид хоёр 5 давхарт 507 тоот өрөөнд 23 цаг өнгөрч байхад буудлын өрөө рүү орсон. ...Доошоо буугаад ресепшин эгчид гар утсаа өгөөд цэнэглүүлсэн намайг яг гар утсаа цэнэглүүлж байхад надаас ресепшин эгч танай өөдөөс харсан өрөөний хүмүүс гар утас хувцсаа алдсан байна. Та хоёр аваагүй биз дээ гэж надаас асуусан. Би ч тухайн үед тийм юм байхгүй гэж хэлсэн. Би дээшээ буцаж гараад Б-с чи хүний юм аваагүй биз дээ авсан байвал чи эртхэн гаргаад ирээрэй гэж хэлэхэд Б би аваагүй тийм юм байхгүй гэж хэлэхээр нь итгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

5. “Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №БГ2-22-797 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.817.000 /гар утас 2.625.000, куртик 192000/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-27 тал/,

6. Эд зүйл хүлээн авсан “...Цэнхэр өнгийн 12 про макс гар утас, хар өнгийн савхин куртик...” зэргийг хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 31, 32 тал/,

7. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн хүсэлт, баталгаа /хх-ийн 52, 53, 54 тал/,

8. Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би уг зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. ...2022 оны 3 дугаар сарын 19-ний  өдөр өөрийн ажил болох ******* ХХК-иас 18 цагийн орчим тарж орой 22 цагийн орчим танил ах М гэх залуутай уулзаж Бид хоёр Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* гэх зочид буудлын *** давхарт *** тоот өрөөнд авч орсон. ...Би дотогш ороход үүдний өлгүүр хэсэгт савхин куртик өлгөөтэй байхаар нь би тухайн куртикийг аваад өөрийн өрөөнд орсон. Хармаанд нь гар утас байсан байна лээ. Маргааш буюу 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өглөө М ах гоймонд гарч ирчхээд манай хажуу өрөөнд хулгай орсон байна гэж хэлсэн. ...Ямар нэгэн санаа зорилго гэхээр зүйл байхгүй. Би тухайн үед нэлээн согтсон байсан. Би тухайн куртикийг өмсөж үзэхэд аятайхан харагдахаар нь авсан. Харин утас халаасанд нь байсан. ...Би учирсан хохирлоо төлж барагдуулсан. Уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43, 62 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  хэргийн үйл баримт, зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч ******* бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан болох нь тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 50 тал/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 51 тал/зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******-с гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 24-25 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг. 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******, гэрч А.А , Б.М, шүүгдэгч ******* нарын агуулгын хувьд харилцан зөрүүгүй мэдүүлэг, гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, “Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №БГ2-22-797 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 3 дугаар сарын 20-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ******* зочид буудлын *** давхрын ******* тоот өрөөнөөс хохирогч *******-н эзэмшлийн Ай фоне 12 про макс загварын гар утас, савхин куртик зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид нийт 2.817.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогджээ.

 Шүүгдэгч *******-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус бөгөөд бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлтэй байна.

Мөн хохирогч *******-д нийт 2.817.000 төгрөгийн учирсан болох нь Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №БГ2-22-797 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдсон.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.  

Шүүгдэгч ******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч *******-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. /хх-ийн 54 тал/

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 63 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүгдэгч *******атсүхэд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч *******-н хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөл, Хилийн цэргийн 0164 дүгээр ангид цэргийн алба хаадаг, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 40 дүгээр гудамж 2030 тоотод оршин суудаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч ******* нь оногдуулсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг түүнд мэдэгдэж байна. 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

“Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №БГ2-22-797 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.817.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч *******энд-Аюушид нийт 2.817.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулсан талаар хавтас хэргийн 8 дахь талд хохирогч ******* “...Би алдсан зүйлээ бүрэн хүлээж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, 32 дахь талд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл байх тул шүүгдэгч *******атсүхээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зорчих эрх хязгаарлах ял оногдуулсантай холбоотойгоор түүнд урьд авсан “Цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.    

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 6 /зургаа/ сарын хугацаагаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.  

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д авсан “Цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА