Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 00173

 

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2018/00173

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, М.М-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Засаг даргад холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 4,263,104 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Чин-Оюунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1991 оноос хойш Цагдаагийн байгууллагад эргүүлийн цагдаагаас Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга хүртэл албан тушаалд ажиллаж байсан бөгөөд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/41 дугаартай тушаалаар тус тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргын үүрэгт ажилд томилогдон 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/41 тоот тушаал гарах хүртэл хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ чанартай цаг хугацаанд нь гүйцэтгэж ирсэн. Гэтэл Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/41 дугаартай "Албан тушаал бууруулах тухай" тушаалаар үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан. Энэхүү "Албан тушаал бууруулах тухай" тушаалыг хууль зүйн үндэслэлгүй бөгөөд миний эрхийг зөрчсөн болохыг Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаартай шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 396 дугаартай тогтоолоор тус тус тогтоосон. Би 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд 4 263 104 төгрөгний цалинг дутуу авсан байна.

Иймд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас цалингийн зөрүү 4 263 104 төгрөгийг гаргуулж надад олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М.М нь албан тушаалын цалингийн зөрүү болох 4,263,104 төгрөгийг нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч М.М нь аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаанд Засгийн газрын 2014 оны 332-р тогтоолын нэгдүгээр хавсралтанд зааснаар ТЗ-9 зэрэглэлийн 5-р шатлал буюу 864,221 төгрөгийн үндсэн цалин авдаг байсан. Харин 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ТЗ-7 зэрэглэлийн 5-р шатлал буюу 733,863 төгрөгийн үндсэн цалин авч байна. Дээрх албан тушаалын зэрэглэлийн цалингийн зөрүү нэг сард 130,358 төгрөг байх бөгөөд 2 дугаар сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл тооцвол 1,042,864 төгрөгийг олгох боломжтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага 4,263,104 төгрөгнөөс үндэслэлгүй нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.М нь Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 4,263,104 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.  

Нэхэмжлэгч М.М нь Орхон аймгийн Засаг даргаас 2015 оны 06 дугаар сарын 25-нд Цагдаагийн Ерөнхий газарт албан ажлын зайлшгүй шалтгаанаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг баримтлан шилжүүлэн ажиллуулах 1/1279 тоот албан бичгээр хүргүүлсэн хүсэлтийн дагуу 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/41 тоот албан тушаалаар тус Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргын үүрэгт ажилд томилогдон ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ЗДТГ-ын даргын Б/41 тоот тушаалаар албан тушаал бууран ажиллах болсон байна.

Нэхэмжлэгч М.М нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаартай шүүхийн шийдвэрээр Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/41 тоот “албан тушаал бууруулах тухай” тушаалыг хүчингүй болгож, М.Мыг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хүртэлх цалинтай тэнцэх олговор, зөрүү урьд нь авч байсан цалин 1,636,590 төгрөг одоо авч байгаа цалин 1,103,702 төгрөг ба зөрүү 532,888 төгрөгийг 3 сар 16 хоногоор тооцон олгох, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж нөхөн төлсөн тухай бичилт хийхийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

             Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 396 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн  шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Гэвч хариуцагч Орхон аймгийн Засаг дарга нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй, нэхэмжлэгчийг ажилд авахгүй, цалин хөлс олгохгүй байгаа нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх нөхөх олговорыг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас шаардах эрхтэй гэж үзнэ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ баримтаар нотлож чадахгүй байна.

             Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн  цалингийн зөрүүг 532,888 төгрөгөөр тооцсон байх бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон, цалин хөлсний хэмжээг дахин тооцох, нотлох шаардлагагүй нэгэнт тогтоогдсон үйл баримт байх тул шүүх  шийдвэрийнхээ үндэслэл болголоо.

             Иймд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгч М.Мын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 4,263,104 төгрөг гаргуулахаар нь шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 4,263,104 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Мт олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Төрийн сангаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч М.Мт олгож, хариуцагч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас 83,160 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Б.БЯМБАСҮРЭН