Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2020/0758

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2020/0758

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Нэхэмжлэгч: Ж ХХК

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, *** тоот.

Хариуцагч: Ашигт малтмал тосны газар

Нэхэмжлэлийн шаардлага: Ж ХХК-ийн эзэмшиж байгаа XV-0***тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон ******* ******* нэртэй талбайг Монгол Улсын Их Хурлын 2012 оны Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай 57 дугаар тогтоолоор баталсан Их Газрын ч байгалийн цогцолборт газартай бүхэлдээ давхцалтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон эрх зүйн харилцаа байсныг тогтоолгох, Монгол Улсын Их Хурлын 2012 оны Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах тухай 57 дугаар тогтоолын 4 дэх заалт буюу Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа Ашигт малтмал тосны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Я, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж" ХХК-д ******* ******* нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах XV-0*** тоот тусгай зөвшөөрлийг 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Ашигт малтмалын газраас олгосон болно.

Тусгай зөвшөөрлийг олгосноос хойш хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр хуульд заасан хугацаанд нь төлж, хайгуулын ажилд зарцуулагдах зардлуудыг гаргаж ажилласан.

Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардал 375,237,147 ( гурван зуун далан таван сая хоёр зуун гучин долоон мянга нэг зуун дөчин долоон) төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрт 158,420,331 ( нэг зуун тавин найман сая дөрвөн зуун хорин мянга гурван зуун гучин нэгэн ) төгрөгийг тус тус зарцуулан ажилласан байна. Манай компанийн эзэмшиж буй ашигт малтмалын ХV-01*** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг Улсын Их Хурлын 2012 оны Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" 57 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан.

Улсын Их Хурлын 2012 оны 57 дугаар тогтоолын 4 дахь заалтад Энэхүү тогтоолоор газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авснаар тухайн газар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн хуулийн этгээдэд холбогдох хууль, журмын дагуу нөхөх олговрыг тооцож олгохыг Засгийн газарт даалгасугай заасан ба Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно" гэж зохицуулсан байна. Манай компанийн зүгээс 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 08 тоот албан бичгээр Байгаль орчин ногоон, хөгжлийн яаманд, 09 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайдад, 10 тоот албан бичгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандан Нөхөн олговрын асуудлыг шийдэж өгөх, эсхүл үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангаж өгөх тухай" хүсэлтүүдийг хүргүүлж байсан. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 8/3871 тоот албан бичгээр Ж" ХХК-д нөхөн олговор олгоогүй, нөхөн олговрын хөрөнгө энэ оны төсөвт тусгагдаагүй. Ж " ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа үйл ажиллагаа явуулах бол Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтын дагуу зохицуулах нь зүйтэй гэсэн хариу ирүүлсэн. Манай компанийн зүгээс удаа дараа төрийн эрх бүхий байгууллагад өргөдөл, гомдол гаргаж байсан ба энэ бүх өргөдөл, гомдлыг хариуг шийдвэрлэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу санал, дүгнэлт боловсруулж уламжлах этгээд нь Ашигт малтмал, тосны газар болох нь тогтоогдсон. Тиймээс сүүлийн хүсэлтийг Ашигт малтмал, тосны газарт 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан боловч өнөө хэр хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна .

Бидний зүгээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрх, үүргээ бүрэн эдэлж чадахгүй, олон жил тухайн талбайд зарцуулсан хөрөнгө оруулалтаа нөхөн авч чадахгүй байгаад гомдолтой байна. Манай компани нөхөн олговрыг мөнгөн хэлбэрээр авна гэж зүтгээгүй харин Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т зааснаар дүйцүүлж асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* ******* нэртэй 11629.87 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-01*** дугаартай тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллага анх 2008 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 802 дугаартай шийдвэрээр Ж" ХХК-д олгожээ. Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг энэ зүйлд заасан журмын дагуу өөрийн хүсэлтээр буцаан өгч болно гэж заасны дагуу "Ж ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас 8703.84 гектар талбайг буцаан өгөх өргөдлийг гаргасан.

Төрийн захиргааны байгууллагын кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн SU-003101 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Ж" ХХК-ийн XV-01*** ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон ******* ******* " нэртэй 11629.75 гектар талбайгаас 8703.84 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа 1493.60 гектар талбайг XV-01*** дугаартай тусгай зөвшөөрлийн хавсралтад бичиж тэмдэглэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно", 14.6-т Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж хуульчилсан. Нэхэмжлэгч Ж ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-01*** дугаартай тусгай зөвшөөрлийн нөхөн олговрын асуудлаар 2012 оноос хойш хугацаанд төрийн захиргааны байгууллагад хандаж байгаагүй нь уг тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Ж ХХК нь тус байгууллагын даргын А/49 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт хандан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/22 дугаартай албан бичиг ирүүлсэн. Уг албан бичигт тус хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Б 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч компанийн захирал Н.Я амаар 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/138 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно гэж заасны дагуу танай компаниас өөрөөр хэлбэл Ж ХХК-иас дүйцүүлэх талбай хүссэн баримт бичгийг төрийн захиргааны байгууллага хүлээн авах болсон тухай мэдэгдсэн байна. Иймд "Ж ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж ХХК-иас тус шүүхэд хандан: Ж ХХК-ийн эзэмшиж байгаа XV-0******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон ******* ******* нэртэй талбайг Монгол Улсын Их Хурлын 2012 оны Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай 57 дугаар тогтоолоор баталсан Их Газрын ч байгалийн цогцолборт газартай бүхэлдээ давхцалтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон эрх зүйн харилцаа байсныг тогтоолгох,

Монгол Улсын Их Хурлын 2012 оны Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай 57 дугаар тогтоолын 4 дэх заалт буюу Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа Ашигт малтмал тосны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Ж ХХК-ийн ...эрх зүйн харилцаа байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно, 14 дүгээр зүйлийн 14.4-д хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө, 14.6-д нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй хэмээн тус тус заасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг шүүх тогтооно хэмээн заажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагчийн архив, бичиг хэрэгт хийсэн шүүхийн үзлэгээр,

******* ******* нэртэй газарт 11643 гектар талбайд ашигт малтмал хайх *******Х дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмал, тосны хэрэг эрхлэх Геологи, уул уурхайн кадастрын даргын 2008 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 802 дугаар шийдвэрээр Ж ХХК-нд олгосон.

Улмаар Ж ХХК-иас 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр тусгай зөвшөөрлийн талбайгаас 8703.84 гектар талбайг хэсэгчлэн буцааж өгөх хүсэлт гаргасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 412 дугаар шийдвэрээр Ж ХХК-ийн эзэмшлийн XV-014*** дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 11629.75 гектар хайгуулын талбайгаас 8703.84 гектар талбай буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа 2925.91 гектар талбайг хоёр хувааж, 1493.60 гектар талбайг XV-01*** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн, 1432.31 гектар талбайг шинээр үүсгэсэн XV-02*** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад тус тус тэмдэглэсэн.

Шинээр үүссэн 1432.31 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-02*** дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон бөгөөд тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээлэлд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4-11-нд заасан үндэслэлээр цуцалсан хэмээн тэмдэглэгдсэн.

Монгол Улсын Их Хурлын 2012 оны Зарим газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авах тухай 57 дугаар тогтоолоор *******, ******* Их ч байгалийн нөөц талбайн хэмжээг өргөтгөж, ангилал дээшлүүлэн, Их ч байгалийн цогцолборт газар болгон өөрчилж, улсын тусгай хамгаалалтад авсан, уг тогтоолын 4-т энэ тогтоолоор газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авснаар тухайн газар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн хуулийн этгээдэд холбогдох хууль, журмын дагуу нөхөх олговрыг тооцож олгохыг Засгийн газарт даалгаж шийдвэрлэсэн, тогтоолын хавсралтаар заасан хил заагт Ж ХХК-эзэмшлийн, XV-01*** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг талбай бүхэлдээ багтсан бөгөөд талууд уг үйл баримтуудтай маргаагүй.

Нэхэмжлэгч Ж ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-01*** дугаар тусгай зөвшөөрлийн талбай / ******* ******* нутаг нэртэй 1493.60 гектар / Улсын Их Хурлын 2012 оны 57 дугаар тогтоолоор баталсан Их Газрын ч байгалийн цогцолборт газартай бүхэлдээ давхацсантай холбогдуулан Ашигт малтмалын газар (тухайн үеийн нэрээр)-ын Кадастрын хэлтсийн 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 6-2604 дүгээр албан бичгээр Ж ХХК-нд хандаж, ... танай тусгай зөвшөөрлийн талбай нь ... Их ч байгалийн цогцолборт газартай ...давхцаж байна, ... Ашигт малтмалын тухай хуулийн 14.4, 14.6-д заасныг үндэслэн холбогдох байгууллагуудад хандан асуудлаа шийдвэрлүүлэх-ийг мэдэгдсэн дагуу нэхэмжлэгчээс 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 8 дугаартай албан бичгээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд, 9 дугаартай албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайдад, 10 дугаартай албан бичгээр иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тус тус хандаж, ...Ашигт малтмалын тухай хуулийн 14.4, 14.5, 14.6...-д заасны дагуу нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэж өгөх эсхүл хайгуулын үйл ажиллагааг хэвийн явуулах тогтоол шийдвэр гаргаж өгнө үү гэх хүсэлтүүдийг тус тус гаргаж байсан.

Улмаар, Засгийн хэрэг эрхлэх 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ХЭГ/810 дугаар албан бичгээр Байгаль орчин ногоон хөгжлийн сайд, Уул уурхайн сайд нарт хандаж Ж ХХК-ийн ... хүсэлтийг судалж, холбогдох арга хэмжээг /авна уу/ хэмээн шилжүүлсэн дагуу Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 8/3871 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газарт хандаж, ... Улсын Их Хурлын 2012 оны 57 дугаар тогтоолын 4-т заасны дагуу Ж ХХК-нд нөхөн олговор олгоогүй, нөхөн олговрын хөрөнгө энэ оны төсөвт тусгагдаагүй ... /тул/ Ж ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа цаашид үйл ажиллагаа явуулах бол Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтын дагуу зохицуулах нь зүйтэй гэж мэдэгдсэн.

Энэ дагуу Ж ХХК-ийн XV-01*** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 321 дүгээр шийдвэрээр 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл, 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 479 дүгээр шийдвэрээр 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаагаар тус тус сунгасан гэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

Үүнтэй холбогдуулан шүүх, Ж ХХК-ийн эзэмшиж буй ******* ******* нэртэй газарт 1493.60 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь Улсын Их Хурлын 2012 оны Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай 57 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан талбайтай бүхэлдээ давхацсаны улмаас нэхэмжлэгч ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоох үндэслэлтэй хэмээн үзлээ.

2. Нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Монгол Улсын Их Хурлын 2012 оны Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай 57 дугаар тогтоолын 4 дэх заалт буюу Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа Ашигт малтмал тосны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлагын тухайд:

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, хариуцагч Ашигт малтмал, тосны газраас 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10/7720 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр нэхэмжлэгч Ж ХХК-нд хандаж ...Төрөөс Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3... 9.1.13... заасан үндэслэлээр хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болж төрийн мэдэлд шилжүүлэн авсан ашигт малтмалын хайгуулын... тусгай зөвшөөрлийн талбай... олгох нөхөх олговрын асуудлыг ... шийдвэрлүүлэхээр Засгийн газарт уламжлах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Иймд энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор...хүсэлтээ бэлтгэж ирүүлэхийг мэдэгджээ.

Энэ дагуу Ж ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/22 дугаар болон 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/23 дугаар албан бичгүүдээр Ашигт малтмал, тосны даргын А/49 тушаалын ажлын хэсэгт хүсэлт, холбогдох баримтыг хүргүүлснийг Ашигт малтмал, тосны даргын 2019 оны А/138, 200 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дөрөв дэх удаагийн хуралдаанаар хэлэлцэн Ж ХХК 2019.11.28-ны өдрийн 01/22 тоот албан бичгээр гаргасан хүсэлтийг судлан үзэж, УИХ-ын 2012 оны 57 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан газартай давхцалтай 8493.14 гектар талбайд харилцан тохиролцох зарчмаар хүсэлтийг хүлээн авч УУХҮЯанд уламжлах (үндсэн хайгуулын 11629.75 гектар талбайд хүсэлтийг хүлээн авах боломжгүй) хэмээн шийдвэрлэсэн байх боловч өнөөг хүртэл хугацаанд энэ талаар ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, эс үйлдэхүй гаргасан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Ашигт малтмал, тосны 2019 оны 10/7720 дугаар албан бичиг, Ж ХХК-ийн 2019 оны 01/22, 01/23 дугаар албан бичгүүд, ажлын хэсгийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дөрөв дэх удаагийн хуралдааны тэмдэглэл болон шүүхээс хариуцагч Ашигт малтмал, тосны архив, бичиг хэрэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүх, нэхэмжлэгч Ж ХХК-ийн эзэмшиж буй ******* ******* нэртэй газарт 1493.60 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-01*** дугаар тусгай зөвшөөрлийн асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 болон Улсын Их Хурлын 2012 оны Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай 57 дугаар тогтоолын 4-т заасан журмын дагуу шийдвэрлүүлэх ажиллагааг хийгээгүй хариуцагч Ашигт малтмал тосны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ж ХХК-ийн хүсэлтийг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, тосны газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Үүнтэй холбогдуулан, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс тус шүүхэд ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/14 дугаар албан бичигт Манай XV-14*** тоот 1493,6 га хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай нь Улсын тусгай хамгаалалттай газартай бүхэлдээ давхцаж байгаа юм.

XV-14*** тоот хайгуулын талбайд Монгол Улсын Их Хурлын 2012 оны Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах тухай 57 дугаар тогтоолын 4 дэх заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа Ашигт малтмал, тосны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох хүсэлтэй байна гэх хүсэлтийг гаргасан хийгээд,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0143 дугаар шийдвэр болон Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 291 дүгээр тогтоолоор ...эрх бүхий этгээд хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон тусгай хэрэгцээнд авахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олголгүйгээр, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх-ийг тусгай зөвшөөрөл эзэмшигч Ж ХХК -д олгосон гэж дүгнэх үндэслэлтэй хэмээн дүгнэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.16-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-01*** дугаар тусгай зөвшөөрөл бүхий ******* ******* нэртэй газарт 1493.60 гектар талбай Монгол Улсын Их Хурлын 2012 оны Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах тухай 57 дугаар тогтоолоор баталсан Их Газрын ч байгалийн цогцолборт газартай бүхэлдээ давхцалтайн улмаас ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, Улсын Их Хурлын 2012 оны Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай 57 дугаар тогтоолын 4 дэх заалтын дагуу Ж ХХК-иас гаргасан өргөдлийг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, тосны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал тосны газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, тосны газраас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА