Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2014/0429

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 362 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Б.Б-гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ'. ". Нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох иргэний сонгон шалгаруулалтын урилга"-ын 1.2.2-т Хан-Уул дүүргийн 66 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох" гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "...Төрийн албаны зөвлөлд

даалгасан. Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 60 дугаар тогтоолоор "Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ыг шинэчлэн баталсан. Энэ нь нэхэмжлэгчийн зүгээс Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоол батлагдахаас өмнө томилогдсон тул сонгон шалгаруулалтад хамрагдах хууль эрх зүйн үндэслэлгүй гэсэн нь Боловсролын тухай хууль, 2003 оноос хойш хэрэгжсэн журмыг тус тус үгүйсгэж өөрсдөө хууль, тогтоомжийг зөрчин томилогдсоноо нотолж байна. Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012 оны А/261 дүгээр захирамжийн хууль эрх зүйн үндэслэлд Боловсролын тухай хуулийн 31.1.5 дахь заалтыг үндэслээгүй байгаа нь тухайн албан тушаалд сонгон шалгаруулалтгүй томилогдсон, мөн Нийслэлийн Боловсролын газраас 2012 онд зохион байгуулсан цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байранд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэсэн хариуг Б.Б-д өгсөн албан бичгээр цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад тэнцээгүй болох нь тус тус нотлогдож байна. Үүний дагуу ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтгүй томилогдсон иргэн Б.Б-гийн ажиллаж буй ажлын байр нь сул орон тоо тул сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.

Иймд Б.Б-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү." гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 362 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7-д заасныг баримтлан иргэн Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газраас зарласан "Зарим ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох иргэний сонгон шалгаруулалтын урилга”-ын 1.2.2-ын Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Б.Б нь төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүйгээр сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан "Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга (захирал, эрхлэгч)-ыг сонгон шалгаруулах журам"-ын 8.26-д "Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг төсвийн байгууллагын дарга (захирал, эрхлэгч)-ын албан тушаалд томилохгүй" гэж заасныг тус тус зөрчсөн.

Монгол Улсын Дээд шүүхийн "Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 2010 оны 08 дугаар тогтоолын 4-т "Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг "...сул орон тоо гарсан гэдэгт хамааруулж үзнэ." гэж тайлбарласан байна. Энэ нь бусад хуульд байгаа тохиолдолд ч мөн нэгэн адил авч үзэх тайлбар юм. Мөн Төрийн албаны зөвлөлөөс дээрх хуулийн тайлбарыг төрийн албан хаагчийнх нь хувьд хамааруулж авч үзэж болно гэсэн албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтгүй томилогдсон иргэн Б.Б-гийн ажиллаж буй ажлын байр нь сул орон тоо тул сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Энэ нь хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг арилгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажилласан байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна

Мөн Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад хамгийн өндөр үнэлгээ авсан иргэн Л.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрсөн гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие энэ талаарх хүсэлтээ анхан шатны шүүх хурал дээр тавьсан боловч шүүх анхаарч үзээгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 176.2.5-т зааснаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 362 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын “Ажилд томилох тухай” 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/261 дүгээр захирамжаар Б.Б нь Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байна.

Гэтэл Нийслэлийн боловсролын газраас “Нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох иргэний сонгон шалгаруулалтын урилга”-аар Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрыг сул орон тоо хэмээн зарласан.

Харин нэхэмжлэгч Б.Б нь “Нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулийн захирал. цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох иргэний сонгон шалгаруулалтын урилга”-ын 1.2.2-т Хан-Уул дүүргийн 65. дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргынхэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газарт холбогдуулан гаргажээ. 

Хариуцагчаас “Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр Б.Б-г томилсон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012 оны А/261 дүгээр захирамжийг гаргахдаа Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтыг үндэслээгүй байгаа нь тухайн албан тушаалд сонгон шалгаруулалтгүй томилогдсон, мөн Нийслэлийн Боловсролын газрын даргын 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1/340 дүгээр албан бичгээр Б.Б нь цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад тэнцээгүй нь нотлогдож байгаа ” хэмээн маргаж байгаа.

Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5-д зааснаар дүүргийн Засаг дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилохоор зохицуулжээ. 

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдөр нэмэлт өөрчлөлт орж, уг хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлснээс хойш Нийслэлийн Засаг дарга сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, чөлөөлөх эрхтэй болсон. Гэвч хуулийн энэ өөрчлөлт нь шинээр томилогдох албан тушаалтанд хамааралтай болохоос төрийн албаны чиг үүргээ хэвийн хэрэгжүүлж байгаа өмнө томилогдсон төрийн албан хаагч нарт хамааралгүй юм. 

Мөн 2013 оны 60 дугаар тогтоолоор Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 1.1-д удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө, 1.3-д төрийн албаны зорилт чиг үүргийг мэргэжил. мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх чадвартай удирдах ажилтныг сонгон шалгаруулах зорилготой гэж уг журмыг хэрэглэх эрх зүйн үндэслэлийг тогтоожээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар төрийн албан хаагч зөрчил гаргасан, албан үүргээ хангалтгүй биелүүлснээс бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх эрхтэй байна. Хэдийгээр энэхүү зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа болж, хуульд тусгагдсан боловч төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаагийн хувьд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтанд ч мөн адил хамаарахаар байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг 2.1-д зааснаар тухайн байгууллагад сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт зарлах ёстой.

Өөрөө хэлбэл, дүүргийн Засаг дарга нь Боловсролын тухай хуульд зааснаар Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрыг “сул орон тоо” гэж сонгон шалгаруулалт явуулаагүй нь нэхэмжлэгчээс үл хамаарах байдлаар, хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө төрийн албанд сонгон шалгаруулалтгүй томилогдсон байдал нь Б.Б-г төрийн албанд тавигдах “ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй” гэж үзэх үндэслэл болохгүй.

Тодруулбал: Б.Б-г боловсрол. мэргэжил, ажлын дадлага туршлага. ур чадвар, ажил байдлын хувьд Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны хангаж байгаа, мөн Б.Б-г цэцэрлэгийн эрхлэгчийн ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн, халсан, шилжүүлсэн шийдвэр байхгүй байхад түүний ажлын байрыг сул орон тоо гэж үзэн сонгон шалгаруулалтыг явуулж байгаа нь хууль бус болох талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 362 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                     ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

 

                        ШҮҮГЧИД:                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                                                   Э.ХАЛИУНБАЯР