Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0671

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын

Ардчилсан намын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батбаатар, хариуцагч Б.Амарзаяа нарыг оролцуулан, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Сонгуулийн хороонд холбогдох  захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ардчилсан намын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 01 дүгээр тогтоолын хавсралтаас иргэн Б.Урансайханд холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Б.Урансайхан давж заалдах гомдолдоо: “Бадарч овогтой Урансайхан миний бие Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д зааснаар “Тухайн аймаг нийслэл, суманд санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй байнгын оршин суугчаар бүртгүүлэх үүргээ 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хорооноос хасалтаа хийлгэж 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 6 дугаар баг Дөрвөлж 12-2 тоотод шилжин ирж багийн Засаг дарга Н.Аззаяад бүртгүүлсэнээр биелүүлсэн гэж үзэж байна.

Учир нь тухайн үед бүртгүүлж дуусаад багийн дарга Н.Аззаяагаас “Өөр очих газар байгаа юу” гэж асуудах “Байхгүй ээ, одоо ингээд болсон” гэж хариулсан. Иймд миний хувьд иргэний бүртгэлд оршин суугаа газрынхаа хаягыг бүртгүүлж шилжиж ирсэн гэж ойлгосон.

Мөн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Сонгуулийн хороо хуралдаж 57.1%-аар олонхийн саналаар өөрт олгогдсон эрхийн дагуу нэр дэвшигчээр бүртгэж авсан.

Гэтэл багийн Засаг даргын буруутай үйл ажиллагаанаас болж иргэн миний сонгох, сонгогдох эрх ноцтойгоор зөрчигдөж нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасахаар шүүх шийдвэрлэсэн нь гэм буруутай этгээд хариуцлага хүлээнэ, хариуцлага гарцаагүй байх гэсэн зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчээс Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралт дахь Монгол Ардын намаас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч Б.Урансайханд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д “Хорин таван нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй” гэж заажээ.

Гуравдагч этгээд Б.Урансайхан нь Нийслэлийн Баянзүрх дүүргээс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр шилжиж[1], улмаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шилжин ирснээр бүртгэгдсэн нь тус сумын Засаг даргын Тамгын газрын 3/413 тоот албан бичгээр, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар шилжүүлгээ бүртгүүлээгүй болох нь Сүхбаатар аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 588, 610 дугаар албан бичгүүдээр тогтоогдсон байна.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Иргэнийг аймгаас аймагт, аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт шилжин суурьших хөдөлгөөнийг зохицуулж бүртгэх, мэдээлэх ажлыг аймаг, нийслэлийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан алба эрхэлнэ” гэж,

26.4-д “Иргэн аливаа засаг захиргааны нэгжид 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухдаа 10 хоногийн дотор холбогдох сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд оршин суугаа газрынхаа хаягийн бүртгэлийг иргэний үнэмлэхэд тэмдэглүүлнэ” гэж,

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17-д “улсын бүртгэлд бүртгэсэн гэдгийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний бүртгэлийн мэдээллийн улсын санд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэлд бүртгэсэн, иргэний бүртгэлийн дугаар олгосон байхыг” гэж тус тус зааснаас үзэхэд Б.Урансайханы улсын бүртгэлд оршин суугчаар бүртгүүлсэн бүртгэлийг үндэслэн “суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн” байх шаардлага хангагдсан эсэх нь тодорхойлогдохоор байна.

Гэтэл Б.Урансайхан Иргэний бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан үүргээ биелүүлж, хуульд заасан хугацаанаас өмнө шилжин суурьших хөдөлгөөнөө бүртгүүлээгүй байхад түүнийг хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэж, нэр дэвшигчээр бүртгэснээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 158 дугаар зүйлийн 158.1.2 /нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй/-д заасныг зөрчжээ.

Иймд гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                             Э.ЛХАГВАСҮРЭН

 ШҮҮГЧ                                                                             О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                               Г.БИЛГҮҮН