Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 133

 

Э.Ууганбаярын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Э.Ууганбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, гуравдагч этгээд Ж.Ганбаа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Батцэцэг нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 08-ний өдрийн 221/МА2017/0122 дугаар магадлалыг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Э.Ууганбаярын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэрийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1038 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Ууганбаярын “Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 14-р байрны зүүн талд 40 мкв талбай бүхий газрыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн А/119 тоот захирамжаар Ж.Ганбаад олгосон 390 мкв газраас миний өв залгамжлан авах 40 мкв газар болон гарааш орон сууцны хооронд байрлах галын гарцыг давхардуулан олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.8, 12.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Ууганбаярын “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02-р сарын 21-ний өдрийн А/119 тоот захирамжаар олгосон 390 мкв газраас гарааш орон сууцны хооронд байрлах галын гарцыг давхардуулан олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 2 дугаар сарын 08-ний өдрийн 221/МА2017/0122 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэрийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1038 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Ж.Ганбаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороолол, 14-р байрны зүүн талд 40 мкв талбай бүхий газрыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын А\119 дугаар захирамжаар олгосон 390 мкв газраас миний өв залгамжлан авах 40 мкв газар болон гарааш, орон сууцны хооронд байрлах галын гарцыг давхардуулан олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах, тус тус нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан.

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн 1 дүгээр шаардлагын хүрээнд юуны түрүүнд нэхэмжлэгч нь өөрийн өв залгамжлах гэрчилгээний дагуу дүүргийн газрын алба газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийнх нь нэр дээр яагаад шилжүүлж өгөхгүй байгаа талаар дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд хуулийн дагуу гомдол гаргасан эсэх, түүнийг нотолсон баримт хэрэгт авагдсан эсэх талаар дүгнэлт өгөөгүй, 2 дугаар шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх үүсээгүй буюу шаардах эрх бий болоогүй байхад гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд мөн энэ талаар хуулийн дагуу дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд хуулийн дагуу гомдол гаргасан эсэх талаар дүгнэлт өгөөгүй.

Энэ нь нэхэмжлэгч хуулийн дагуу урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй, энэ журмыг хэрэглэх боломжтой, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан талаар дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 1996 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 3\863 тоот албан бичиг нь “Хан-Өндөр” хуваариа эрхлэх аж ахуй нэгжид 30 машины гарааш барих зөвшөөрөл олгосон бичгийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эцэг асан Н.Энхбаярт зөвшөөрөл олгож гарааш барьж эзэмшсэн мэтээр тайлбарлаж байгаад гомдолтой байна

2. Баянзүрх дүүргийн засаг даргын 2006 оны 125 дугаар захирамж иргэн Н.Энхбаярт 5 жилийн хугацаатай 20 мкв газар эзэмшүүлсэн байдаг. Иргэн Н.Энхбаярын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Баянзүрх дүүргийн засаг даргын 2006 оны 125 дугаар захирамжийг үндэслэн 2008.03.11-ны өдөр 5 жилийн хугацаатай гарсан байдаг. Иргэн Н.Энхбаяртай 2008.03.11-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 125 дугаар захирамжийг үндэслэн байгуулсан байдаг. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 125 дугаар захирамж, шийдвэрээр Н.Энхбаярын газар эзэмших эрх 2011.04.19-ны өдөр дуусгавар болохоор байна. Харин 2006 оны 125 дугаар захирамж, шийдвэрийг үндэслэсэн газрын гэрчилгээ гэрээ нь 2013.03.11-ны өдөр дуусгавар болохоор байна.

Гэтэл шүүх газар эзэмших эрхийн 5 жилийн хугацаатай шийдвэр гарснаас хойш даруй 7 жилийн дараа Н.Энхбаярын газар эзэмших эрхийн хугацааг дуусгавар болно гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийн талаар дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын А\119 дугаар захирамжаар олгосон 390 мкв газраас миний өв залгамжлан авах 40 мкв газар болон гарааш, орон сууцны хооронд байрлах галын гарцыг давхардуулан олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас бус А\119 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй, нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ, 20 мкв газрыг би өв залгамжлалаар авах ёстой, үлдсэн 20 мкв газрыг анхнаас нь манай аав ашиглаж байсан, мөн 14-р байранд би өөрөө амьдардаг учраас гарааш байр хоёрын дундах зай нь галын гарц гэж тайлбарлан маргадаг.

Гэтэл шүүх гуравдагч этгээд миний газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагатай мэтээр тайлбарлаж дүгнэсэнд гомдолтой байна.

Иймд шаардах эрхгүй этгээдийн хуулийн дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсан тул хэвээр үлдээж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс нотлох баримт нэмж цуглуулах шаардлагатай хэмээн хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлтэй байх тул гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Э.Ууганбаяр нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14-р байрны зүүн талд, 40 мкв газрыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн А/119 тоот захирамжийн Ж.Ганбаад олгосон 390 мкв газраас 40 мкв газар болон галын гарц давхардуулан олгосон хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 3/863 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны зүүн талд гарааж барихыг “Хан-Өндөр” ХЭАА-д зөвшөөрсөн байх бөгөөд нэхэмжлэгчээс “миний эцэг Н.Энхбаяр нь 1998 оноос хойш эзэмшиж байсан газрыг Ж.Ганбаад хууль бусаар эзэмшүүлсэн” гэх үндэслэлээр маргасан байна.

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт зааснаар газар эзэмшигч иргэн нас барсан бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болохоор байна. Нэхэмжлэгчийн эцэг Н.Энхбаяр нь маргаан бүхий газрыг эзэмшиж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба тэрээр 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан байна. Гэтэл захиргааны байгууллагаас хууль ёсны өв залгамжлагч байгаа эсэхийг хэрхэн шалгаж тогтоосон болох нь тодорхойгүй, анхан шатны шүүх энэхүү үйл баримтад холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 125 дугаар захирамжаар Н.Энхбаярт 20 мкв газар үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байх бөгөөд түүнээс гадна уг газартай зэрэгцээ орших 20 мкв газрыг “Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны зөвшөөрснөөр гарааж барьж, эзэмшиж байсан” гэж нэхэмжлэгчээс тайлбарлаж байна. Энэ хүрээнд нэхэмжлэгчээс “Хан-өндөр” ХЭАА-тай ямар хамааралтай болох шалгаж тодруулах шаардлагатай юм.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмшигч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах үүрэгтэй. Нэхэмжлэгчээс “хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж маргаж байх тул энэ талаарх баримтыг цуглуулсны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хуульд нийцэх ба эдгээр болон бусад асуудлаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Түүнээс гадна захиргааны байгууллага ямар учраас бусдын эзэмшил үүссэн газарт 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн А/119 тоот захирамжаар Ж.Ганбаад 390 мкв эзэмшүүлж шийдвэрлэсэн болох, газрын зориулалт, шийдвэр гаргасан журмыг шалган тогтоох нь шаардлагатай. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эцэг маргаан бүхий газрыг бодит байдалд эзэмшиж, хөрөнгө барьж, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан байхад захиргааны байгууллагаас гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг олгохдоо эрх, ашиг нь хөндөгдөх этгээдэд мэдэгдсэн эсэх, холбогдох бичиг баримтыг судалсан эсэх, газар дээр нь очиж, шалган тогтоосон эсэх,  улмаар газар эзэмших, ашиглахад тэгш байдлыг хангах зарчимд нийцэх эсэхийг тодруулах нь зүйтэй байна.

Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 08-ний өдрийн 221/МА2017/0122 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ