Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/406

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.*******туяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч С.Энхтуул,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ж овогт *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000000720 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт .... тоотод оршин суух /РД: /

Урьд 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 66 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял,

2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянгол Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 555 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 8 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1293 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 08 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн, ******* .

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2022 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” нэртэй дэн буудлаас 1 ширхэг Ай фоне 5, 1 ширхэг Самсунг Жи загварын гар утаснууд болон бэлэн 145.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол буюу 375.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ж.О-н тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ авч явж байхдаа түүний эзэмшлийн 200.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг эс-7” загварын гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд: 

1. Самсунг жи-7 маркийн гар утас 1 ширхэг, бэлэн 140.000 төгрөгийг  хохирогч Г.О-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9 тал/,

2. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...2022 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хяналтын камерын бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд тухайн этгээд нь ширээн дээр байсан, ширээний шургуулга хэсэгт байсан нэг ширхэг гар утас бэлэн мөнгө аваад гарч байгааг харуулав...” гэх тэмдэглэл /хх-ийн 16-18 тал/,

3. Хохирогч Г.О-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй зочид буудалд ресепшинээр ажлаад гурван сар болж байгаа бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө би ажил дээрээ байж байтал шөнийн 02 цагийн орчимд үл таних 25-30 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн үйлчлүүлэхээр орж ирэн 114 номерийн нэг ортой өрөө авсан бөгөөд эрэгтэй нь одоогоор мөнгө байхгүй учир маргааш өглөө буудлын тооцоо хийе гэж хэлэн уг өрөөнд орсон. Өрөөнд орсныхоо дараа өлсөөд байна гэхээр нь маргааш өглөө өрөөнийхөө тооцоон дээр нэмж өгөөрэй гээд бэлнээр мөнгө өгсөн. Тэгээд цаг нилээн орой болоод би хэсэг зуур амрах гээд ресепшиний өрөөндөө ороод унтаж байгаад 06 цаг өнгөрч байхад сэрээд хартал манай өрөөний ширээн дээр байсан өрөөний тооцооны барьцаанд тавьсан байсан Самсунг Жи 7, Ай фоне 5 маркийн гар утас болон тухайн өдрийн орлогын мөнгө болох 145.000 төгрөг байхгүй байхаар нь буудлынхаа хяналтын камерийг шүүж үзэхэд тухайн шөнө орж ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн 06 цагийн үед орсон өрөөнөөс гаран эмэгтэй нь түрүүлээд буудлаас гараад эрэгтэй нь миний унтаж байсан ресепшиний өрөө рүү орж ирээд ширээн дээр байсан Самсунг Жи 7, Ай фоне 5 маркийн гар утас болон шүүгээний шургуулганд байсан орлогын мөнгө болох 145.000 төгрөгийг авч явж байгаа дүрс бичлэг хадгалагдаж үлдсэн байхыг хараад цагдаад хандсан. Би хоёр ширхэг гар утас болон бэлэн мөнгөө хулгайлсан эрэгтэйгээс Жи-7 маркийн гар утас болон бэлэн 140.000 төгрөгөө хүлээж авсан. Харин Ай фоне-5 гар утсаа эргүүлэн аваагүй тул үлдсэн эд зүйлээ төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/, 

4. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “...I Phone 5 гар утас 80.000 төгрөг, гар утас Samsung J7 гар утас 150.000 төгрөг. ...нийт 230.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31-34 тал/,

5. Хохирогч Г.О-ы хавтас хэргийн материал танилцуулсан тухай “...уншиж танилцлаа, санал гомдолгүй...” гэх тэмдэглэл /хх-ийн 64 тал/,

6. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 70 тал/,

7. Хохирогч Ж.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр өөрийн автомашинаараа такси үйлчилгээнд явж байтал 32-ын тойргийн орчимд нэг үл таних эрэгтэй хүн гар өргөхөөр нь автал суугаад 28 дугаар сургуулийн хойд талд байрлах байр луу очно гэхээр нь хэлсэн газар нь хүргэж өгтөл намайг гар утсаараа яриулчих гэхээр нь би өөрийнхөө Самсунг эс-7 загварын гар утсаа өгтөл хүмүүстэй ярьж байгаад тэр чигээрээ миний гар утсыг аваад зугтаачихсан. Би араас нь гүйсэн боловч гүйцэлгүй алдсан. Би өөрийнхөө утсыг ямар нэг эвдрэл гэмтэлгүй хүлээж авсан тул гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 81 тал/,

8. Гэрч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн орой Д-тай уулзсан ба нэг хар өнгийн гар утас байсан. Надад хэлэхдээ манай найзын утас гэж хэлсэн. Урьд өмнө харьж байгаагүй гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 тал/,

9. “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “...Samsung A7, 32 GB хуучин, элэгдэл тооцов. 200.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 90-92 тал/,

10. Эд зүйл хураан авсан “...Самсунг А-7 маркийн гар утас-1 ширхгийг хураан авав...” гэх тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 101-102, 103 тал/,

11. Шүүгдэгч *******н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр миний бие найз эмэгтэй болох Ц-н хамтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “*******” нэртэй зочид буудалд хонохоор бага зэргийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай  шөнийн 1-2 цагийн орчимд орсон. Бид хоёр буудалд хонохоор орохдоо төлбөр төлөх мөнгө байхгүй байсан учир уг буудлын ресепшин эмэгтэйгээс буудлаас гарахдаа мөнгийг өгье гэж хэлэн гуйж ороод, орсон хойноо буудлын хамгаалагч эрэгтэйд өөрт байсан 10.000 хэдэн мянган төгрөгөө өгөөд гарахдаа мөнгийг нь өгье архи аваад өгөөч гэж хэлээд хамгаалагч эрэгтэйгээр нэг шил 500 граммын савалгаатай Хараа нэртэй архи авхуулаад уг архийг Ц  бид хоёр өрөөндөө хувааж уугаад шөнө 03-04 цагийн үед Ц  бид хоёр буудлаас гарахаар болоод өрөөнөөс гараад доошоо буугаад Ц  буудлаас түрүүлж гарсан. ...Би ресепшиний өрөөний ширээн дээр байсан Ай фоне-5, самсунг жи-7 маркийн гар утаснууд болон ширээний шургуулганд байсан 100.000 гаруй төгрөгийг аваад буудлаас гарч явсан. Намайг ресепшиний өрөөнөөс эд зүйл, мөнгө хулгай хийсэн гэдгийг Ц  мэдээгүй бөгөөд Ц  бид хоёр буудлаас гараад алхаж байгаад зам дээрээс такси бариад манай гэрт очиж хоносон. ...2022 оны 2 дугаар сарын 24-ний орой 19-20 цагийн орчимд 32-н тойргийн ойролцоо явж байгаад такси барьтал суудлын автомашин зогсохоор нь суутал жолооч нь эмэгтэй хүн байсан. Тухайн машинд суугаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар сургуулийн ард байдаг есөн давхар байрны ойролцоо очоод буухаасаа өмнө найз охин Ц той ярих гээд жолооч эмэгтэйг гар утсаа өгч байгаач гэтэл жолооч эмэгтэй өөрийнхөө Самсунг-7 загварын гар утсыг надад өгөхөөр нь би гар утсыг нь аваад найз охин Ц ы ******* дугаарын утас руу залгаад ярьж байгаад машины хаалгыг онгойлгоод гар утсыг нь авч зугтаасан. Би тухайн гар утсыг өөртөө байлгаж байгаад цагдаад баригдаад хохирогч буюу таксины жолооч эмэгтэйд буцаагаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45, 110 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан болох нь тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эхнэр хүүхэд байхгүй. Одоо надтай хамт амьдардаг. Зан байдлын хувьд төлөв даруу, бусадтай нийтэч зан ааштай хүүхэд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 52 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 54 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 59-62, 111-115 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63, 116 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 121-125, 126-128 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******с гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 27-29, 84-85 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг. 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.О-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...өрөөндөө ороод унтаж байгаад 06 цаг өнгөрч байхад сэрээд хартал манай өрөөний ширээн дээр байсан өрөөний тооцооны барьцаанд тавьсан байсан Самсунг Жи 7, Ай фоне 5 маркийн гар утас болон тухайн өдрийн орлогын мөнгө болох 145.000 төгрөг байхгүй байхаар нь буудлынхаа хяналтын камерийг шүүж үзэхэд тухайн шөнө орж ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн 06 цагийн үед орсон өрөөнөөс гаран эмэгтэй нь түрүүлээд буудлаас гараад эрэгтэй нь миний унтаж байсан ресепшиний өрөө рүү орж ирээд ширээн дээр байсан Самсунг Жи 7, Ай фоне 5 маркийн гар утас болон шүүгээний шургуулганд байсан орлогын мөнгө болох 145.000 төгрөгийг авч явж байгаа дүрс бичлэг хадгалагдаж үлдсэн байхыг хараад цагдаад хандсан...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч А.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би ресепшиний өрөөний ширээн дээр байсан Ай фоне-5, самсунг жи-7 маркийн гар утаснууд болон ширээний шургуулганд байсан 100.000 гаруй төгрөгийг аваад буудлаас гарч явсан...” гэх мэдүүлэг,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...2022 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хяналтын камерын бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд тухайн этгээд нь ширээн дээр байсан, ширээний шургуулга хэсэгт байсан нэг ширхэг гар утас бэлэн мөнгө аваад гарч байгааг харуулав...” гэх тэмдэглэл, Самсунг жи-7 маркийн гар утас 1 ширхэг, бэлэн 140.000 төгрөгийг хохирогч Г.О-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч 2022 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй дэн буудлаас 1 ширхэг Ай фоне 5, 1 ширхэг Самсунг Жи 7 загварын гар утаснууд болон бэлэн 145.000 төгрөгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол буюу нийт 375.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогджээ.

 Шүүгдэгч А.Д гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус бөгөөд бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлтэй байна.

Мөн хохирогч Г.О-д нийт 375.000 төгрөгийн учирсан болох нь “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “...I Phone 5 гар утас 80.000 төгрөг, гар утас Samsung J7 гар утас 150.000 төгрөг. ...нийт 230.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдсон.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.  

Шүүгдэгч ******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч А.Д г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч ******* нь 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ж.О ийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ авч явж байхдаа түүний эзэмшлийн 200.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг эс-7” загварын гар утсыг “утсаар чинь ярьчхаад өгье” гэж хэлээд авч зугтаасан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан

 Хохирогч Ж.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...намайг гар утсаараа яриулчих гэхээр нь би өөрийнхөө Самсунг эс-7 загварын гар утсаа өгтөл хүмүүстэй ярьж байгаад тэр чигээрээ миний гар утсыг аваад зугтаачихсан. Би араас нь гүйсэн боловч гүйцэлгүй алдсан...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч А.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...найз охин Ц той ярих гээд жолооч эмэгтэйг гар утсаа өгч байгаач гэтэл жолооч эмэгтэй өөрийнхөө Самсунг-7 загварын гар утсыг надад өгөхөөр нь би гар утсыг нь аваад найз охин Ц ы ******* дугаарын утас руу залгаад ярьж байгаад машины хаалгыг онгойлгоод гар утсыг нь авч зугтаасан...” гэх мэдүүлэг,

Гэрч ******* гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн орой Д тай уулзсан ба нэг хар өнгийн гар утас байсан. Надад хэлэхдээ манай найзын утас гэж хэлсэн. Урьд өмнө харьж байгаагүй гар утас байсан...” гэх мэдүүлэг,

“Кости-Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “...Samsung A7, 32 GB хуучин, элэгдэл тооцов. 200.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 70 тал/, нд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр хангалттай нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус бөгөөд бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд заасан “дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгодог тул шүүгдэгч А.Д гийн хохирогч Ж.О ийн эзэмшлийн Самсунг эс-7 загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч зугтаасан дээрх үйлдэл нь “дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч А.Д г “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Хулгайн гэмт хэрэг, дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь “Хулгайлах”, болон “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.   

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэж заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, хуулинд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулах нь түүний үйлдэлд тохирно гэж дүгнэж, шүүгдэгч А.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хэд хэдэн гэмт хэрэгт үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ...хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж зааснаар шүүгдэгч А.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч А.Д гийн биечлэн эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар оногдуулж шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч ******* нь урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож нийт 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, одоо 1 жил 10 сар 17 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 555 дугаартай шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1293 дугаартай захирамж, энэ захирамжаар 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс хуралдаан болох өдөр хүртэл хорих ялыг эдэлсэн зэргээр тогтоогджээ.

Иймд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар шүүгдэгч А.Д гийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 555 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч А.Д гийн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 10 сар 17 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д д оногдуулсан 2 жил 10 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялыг түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, бусад асуудлын талаар:

Дээрх гэмт хэргүүдийн улмаас хохирогч Г.О-д 375.000 төгрөгийн, хохирогч Ж.О т 200.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн, “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тайлангууд, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ж.О ийн Самсунг А-7 маркийн гар утас, хохирогч Г.О-ы Самсунг жи-7 маркийн гар утас 1 ширхэг, бэлэн 140.000 төгрөгийг тус тус эзэмшигч, өмчлөгчид буцаан өгсөн байх тул шүүгдэгч А.Д гаас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди нь хэргийн үйл баримтыг нотолсон нотлох баримт байх тул хэргийн хамт хадгалахаар тогтов.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Д д хорих ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол авахаар тогтов. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх буюу Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Шүүгдэгч А.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч А.Д гийн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 555 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 10 /арав/ сар 17 /арван долоо/ хоногийн хорих ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч А.Д гийн биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д д оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Д д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА