Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/176

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0159/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч М.Э- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б- овогт М-ын Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2218000000193 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 07-ны өдөр, Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, зүтгүүрийн туслах машинист мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсэгт гэрээт ажилтан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б- овогт М-ын Э- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

                                                                                                         

М.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Э- нь 2022 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н-” зочид буудлын 305 тоот өрөөнд амарч байсан иргэн С.Б-ын эзэмшлийн “Самсунг А72” маркийн гар утас, иргэн Г.М-ын эзэмшлийн “Самсунг ноте 10” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дарханд болсон автомашины уралдаан үзэхээр жолооч Э-, ажилтан М- нарын хамт Дархан хотод орой 22:30 цагийн үед орж ирсэн. Орж ирээд байрлах буудал хайгаад Э- гэх буудалд ороход өрөө дүүрсэн гэсэн тул хажуугийн “Н-” нэртэй буудалд 3 давхарт 305 тоот өрөөнд орсон. Бид 3 ороод 00 цагийн үед унтсан. Дарханд ирэх замдаа М- бид 2 пиво ууж байгаад үлдсэнээ буудалд авч ороод уучхаад унтсан юм. Өглөө 07 цагийн үед би сэрэхэд миний гар утас ширээн дээр байж байх шиг харагдсан. Тэгээд авсан чинь гар утасны кейс нь байсан, гар утас нь байхгүй байсан. Тэгээд буудлын ажилтанд хэлээд камер шүүж үзэхэд гаднаас үүрээр хар алаг куртиктэй шар царайтай залуу орж ирээд давхруудаар хэсээд хаалганууд татаж үзэж байгаад манай өрөөнд ороод 10 гаруй минут болоод гарсан. Манай өрөөний хаалга онгорхой байсан юм. Миний гар утас цэнхэр өнгөтэй 2 сим картын оролттой, шилэн наалттай, 128 гб багтаамжтай, “Самсунг А72” маркийн гар утас байсан. Би тухайн гар утсаа 2021 оны 11 дүгээр сард 1,350,000 төгрөгөөр худалдаж авч байсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 25/,

 

Хохирогч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дарханд болох автомашины уралдаан үзэхээр дэд захирал Б-, ажилтан Э- нарын хамт Дархан хотод орой 22:30 цагийн үед орж ирсэн. ...Н- нэртэй буудалд 305 тоот өрөөнд орсон. Бид 3 ороод 00 цагийн үед унтсан. Дарханд ирэх замдаа Б- бид 2 пиво уусан. ...өглөө 07 цагийн үед дэд захирал Б- миний гар утас байхгүй байна гэж хэлэхээр нь би босоод өөрийн эзэмшлийн “Самсунг Нөт 10” маркийн гар утас хайгаад олоогүй. ...би 2020 оны 06 дугаарсарын 06-ны өдөр 1,700,000 төгрөгөөр худалдаж авч байсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 28/,

 

Гэрч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...өглөө 07 цагийн үед дэд захирал Б- сэрээд гар утаснууд ширээн дээр байсан, байхгүй болсон байна гэсэн. Тэгээд бид 3 өрөөндөө утсыг нь хайсан боловч холбогдохгүй байсан. Буудлын ажилтанд хэлээд камер шүүж үзэхэд гаднаас үүрээр нэг хар алаг куртиктэй шар царайтай халамцуу залуу орж ирээд давхруудаар хэсээд хаалганууд татаж үзэж байгаад манай өрөөнд ороод 10 гаруй минут болоод гарсан. Манай өрөөний хаалга онгорхой байсан юм. Би гар утсаа дэрэн доороо хийгээд унтсан байсан. Миний утас “Самсунг Ж-7” маркийн утас байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30/,

 

Гэрч Б.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...гар утас авсан залуу шөнийн 03 цагийн орчим гаднаас хаалга тогшоод өрөөндөө ормоор байна гээд орж ирсэн ба ундаа аваад өрөөндөө орлоо, өглөө мөнгийг нь өгье гэхээр нь би тооцоогоо хийгээд авбал ав гээд ундаа өгөөгүй. Тэгээд дээшээ 3 давхар руу гараад явсан. Тэр өдөр манай буудлын 12 өрөө бүгд дүүрчихсэн залуучууд их байсан. Батхүлэг уралдаан болох гээд үйлчилгээний төвийн баарнууд шөнийн 03 цаг хүртэл ажилласан болохоор буудаллаж байсан хүмүүс их орж гарсан, их хөдөлөөнтэй байсан болохоор би буудал авсан хүн байх гэж бодоод оруулчихсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “...иргэн С.Б-ын эзэмшлийн 2021 оны 10 дугаар сард худалдаж авсан  “Самсунг А72” маркийн гар утас /хэрэглэж байсан/ 1 ширхэг, иргэн Г.М-ын эзэмшлийн 2020 оны 06 дугаар сард худалдаж авсан “Самсунг Ноте-10” маркийн гар утас /хуучин/ 1 ширхэг зэрэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 1,500,000 төгрөгийн үнэлгээтэй байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 42-43/,

 

2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Н- зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Дархан сумын 8 дугаар баг, Н- зочид буудлын 1 давхарт үүдний хэсгийг харуулсан хяналтын камер байсан ба тус камерыг шүүн 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 04:42 минут дээр эхлүүлэхэд гаднаас дээгүүрээ хар доогуураа цайвар өнгөтэй юүдэнтэй куртка өмссөн залуу гаднаас орж ирж байх ба үүдний тек хэсэгт зогсон гараараа ам хамраа дарж хэсэг зогсож байгаад дээшээ гарч буй бичлэг байлаа, уг бичлэг 04:41 минутад эхэлж 04:43 минутад дуусав, ...Дараагийн бичлэгийг нээхэд тус буудлын 3 давхарт байрлах №1 дугаарын хяналтын камер байх ба тус хяналтын камерын бичлэг 04:45 минутад эхэлж байх ба хар алаг курткатай залуу шатаар дээшээ гарч ирэн чигээрээ явж 305 дугаарын өрөөний хаалгыг онгойлгон орж буй байдал харагдах ба 04:46 минутад тус бичлэг дуусав” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 11/,

 

Гар утас хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 17-20/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусар буюу өмчлөгчид мэдэгдэлгүйгээр авахыг ойлгох бөгөөд М.Э-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч нарт 1,500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан байна.

 

Иймд шүүгдэгч М.Э-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал болгосон ял, эрүүгийн хариуцлагын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч С.Б-, Г.М- нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б- овогт М-ын Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан М.Э-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,  шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД