Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/410

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч С.Бичинхүү /томилолтоор/,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2105015901197 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр, Увс аймгийн Улаангом суманд төрсөн, ...настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн механикч мэргэжилтэй, О ХХК-д чанар шалгагч ажилтай, ам бүл 1, ганцаараа Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, /РД:/ урьд ял шийтгэлгүй, *******.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүргийн нэгдсэн эрүүл мэндийн төвийн гаднаас насанд хүрээгүй *******-н 1 ширхэг /Kinesis брэндийн рамтай/ унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 580.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч *******-г “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд: 

1. Эрэн сурвалжлалт зарласан тухай тэмдэглэл /хх-ийн 17-20 тал/,

2. Насанд хүрээгүй хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 8 дугаар сарын 05-ны өглөө 07 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоноос унадаг дугуйгаа унаад 07 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн эрүүл мэндийн 7-р төвийн гадаа ирсэн. Тэгээд би дотогшоо ороод жижүүр ахаас унаж явсан дугуйгаа хаана байрлуулах вэ гэж асуухад нэг цонхны доор тавьчих гэсэн. Би дугуйгаа жижүүр ахын зааж өгсөн цонхны доор тавиад 3 давхарт байдаг физик эмчилгээний тасгийн гадна эмчийг нь хүлээж байгаад эмч нь ирэхээр орж үзүүлээд доошоо буугаад боолт хийдэг газар нь хүлээж байгаад өлсөөд байхаар нь эмийн санд ороод кофе печень аваад гадаа гараад ирэхэд миний дугуй байсан. Би буцаад дотогшоо ороод байж байгаад дугуйгаа шалгамаар санагдаад байхаар нь доошоо буугаад дугуйгаа тавьсан газраа очиж үзэхэд миний дугуй алга болсон байсан. Миний дугуй ямар нэгэн брэндийнх биш би өөрөө угсарсан дугуй байгаа. Миний дугуй байсан газарт хяналтын камер байсан. Хяналтын камерт бичигдсэн байсан хүнийг л сэжиглэж байна. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн хүнээс дугуйг өөр өнгөөр будсан байсан учраас дугуйны будаг гэж 100.000 төгрөг авсан. Одоо ямар нэгэн хохирол гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31, 34-35 тал/, 

3. Гэрч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн үед дүүгээ дагуулаад камер шүүхэд туранхай жижигхэн биетэй эрэгтэй хүн байсан. тэгээд тухайн үед хараад авчихсан байсан болохоор дараа нь манай дүүгийн дугуйг унаад явж байхад нь очиж уулзаад, дүүгийнхээ дугуйг аваад цагдаа дээр авч ирж тэр залууг мэдүүлэг өгүүлсэн. Тухайн залууг Б  гэдэг нэртэй залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39, 65-66 тал/,

4. “Кости Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн  “...Унадаг дугуй том хүний Kinesis брэнд элэгдэл тооцов 580.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 46-48 тал/,

5. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохиролд тооцож бэлэн 100.000 төгрөг өгсөн талаарх тэмдэглэл /хх-ийн 54, 88 тал/,

6. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн хүсэлт, баталгаа /хх-ийн 92, 93 тал/,

7. Шүүгдэгч ******* ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч ******* бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан болох нь тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 68-69 тал/, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 70 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 тал/, регистрийн дугаарын лавлагаа /хх-ийн 72 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 74 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 76 тал/, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /хх-ийн 77, 78 тал/, эрүүл мэндийн даатгалын төлөлтийн шалгах лавлагаа /хх-ийн 79-80 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 81 тал/, Голомт банкны дансны хуулга /хх-ийн 82-87 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                              

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 42-43 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг. 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч *******-н  “...Би 2021 оны 8 дугаар сарын 05-ны өглөө 07 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоноос унадаг дугуйгаа унаад 07 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн эрүүл мэндийн 7-р төвийн гадаа ирсэн. Тэгээд би дотогшоо ороод жижүүр ахаас унаж явсан дугуйгаа хаана байрлуулах вэ гэж асуухад нэг цонхны доор тавьчих гэсэн. ...Би дугуйгаа шалгамаар санагдаад доошоо буухад унадаг дугуй байсан газраа байхгүй алга болсон байсан. Миний дугуй байсан газарт хяналтын камер байсан. Хяналтын камерт бичигдсэн байсан хүнийг л сэжиглэж байна...” гэх, гэрч *******-н “...Би тухайн үед дүүгээ дагуулаад камер шүүхэд туранхай жижигхэн биетэй эрэгтэй хүн байсан. тэгээд тухайн үед хараад авчихсан байсан болохоор дараа нь манай дүүгийн дугуйг унаад явж байхад нь очиж уулзаад, дүүгийнхээ дугуйг аваад цагдаа дээр авч ирж тэр залууг мэдүүлэг өгүүлсэн. Тухайн залууг Б  гэдэг нэртэй залуу байсан...”  гэх мэдүүлгүүд, “Кости Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, эрэн сурвалжлалт зарласан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохиролд тооцож бэлэн 100.000 төгрөг өгсөн талаарх тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүргийн нэгдсэн эрүүл мэндийн төвийн гадна байсан насанд хүрээгүй хохирогч *******-н унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид  580.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш эд хөрөнгийн хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 Шүүгдэгч ******* ы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус бөгөөд бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлтэй байна.

Мөн насанд хүрээгүй хохирогч *******-д нийт 580.000 төгрөгийн учирсан болох нь “Кости Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдсон.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.  

Шүүгдэгч ******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Д ******* ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.   

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. /хх-ийн 93 тал/

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 94-95 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар буюу “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” ял оногдуулах саналыг шүүгдэгч ******* д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ******* ы хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар буюу “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч ******* нь оногдуулсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг түүнд мэдэгдэж байна. 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, бусад асуудлын талаар:

“Кости Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар насанд хүрээгүй хохирогч *******-д нийт 580.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирол тооцож 100.000 төгрөг бэлнээр өгсөн тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн хүнээс дугуйг өөр өнгөөр будсан байсан учраас дугуйны будагны мөнгө гэж 100.000 төгрөг авсан. Одоо ямар нэгэн хохирол гомдол байхгүй...” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч ******* нь гэмт хэргийн хохирол болох унадаг дугуйг буцаан өгсөн,  хор уршигт тооцож 100.000 төгрөг өгсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй гэж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ******* ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зорчих эрх хязгаарлах ял оногдуулсантай холбоотойгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.  

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА